| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2310000002173 |
| Дугаар | 2025/ДШМ/1162 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1162
2025 09 30 2025/ДШМ/1162
О.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
яллагдагч О.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/5050 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлоор, О.А-д холбогдох 2310000002173 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овгийн О-ын А ................ тоот хаягт оршин суух хаягтай,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;
Яллагдагч О.А- нь 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны хугацаанд нэр бүхий 19 иргэний хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 150,664,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдсон байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/5050 дугаар шүүгчийн захирамжаар: “...Прокуророос яллах дүгнэлтэд яллагдагчийг 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 150.664.200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон тул хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэх дүгнэлт хийсэн ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг ямар учраас хангахгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Яллагдагч нь хохирогч нараас удаа дараагийн давтамжтай хохирогч нарын эд зүйлийг авсан, мөн яллах дүгнэлтэд эрхэлсэн тодорхой ажилгүй гэж дурдсан, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх ба ямар орлогоор амьдралын эх үүсвэрээ хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд яллагдагч О.А-ийн үйлдэлд залилан мэхэлсэн гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлогоо хэрхэн зарцуулсан, амьдралын эх үүсвэртээ хэрэглэсэн эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зарим хохирогчийн үйлдлийг бичихдээ “...цахим хэрэгсэл ашигласан...” гэмт хэргийн шинжийг орхигдуулж бичсэн гэж дүгнээд яллагдагч О.А-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. ...” гэж шийдвэрлэжээ.
Яллагдагч О.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “...шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг ямар учраас хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй, ...яллах дүгнэлтэд эрхэлсэн тодорхой ажилгүй, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх ба ямар орлогоор амьдралын эх үүсвэрээ хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, ...гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлогоо хэрхэн зарцуулсан , амьдралын эх үүсвэртээ хэрэглэсэн талаар тогтоох...” талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж хуульчилжээ. Дээрх хуулийн үзэл санаа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлах бөгөөд шүүхэд өөрт нь хэлэлцүүлэг зарлах эрхийг хуулиар олгожээ. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаагүй атлаа оролцогчийн гаргасан хүсэлтийн агуулга болон яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Харин анхан шатны шүүхээс хийсэн “цахим хэрэгсэл ашигласан” гэх гэмт хэргийн шинжийг орхигдуулсан талаарх хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Миний зүгээс яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдээс гадна өөр бусад иргэдийг залилсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгуулах агуулга бүхий хүсэлтийг гаргасан ба энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/5050 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Нансалмаа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүх яллагдагч О.А-ийн өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх тус хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй атлаа өөрийн санаачилгаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх агуулга бүхий дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэснийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол хэргийн прокурорт буцаах зохицуулалт байхгүй байхад прокурорт буцаасан.
2. Яллагдагч О.А-ийн хэргийн тухайд 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 150,664,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэргийн замаар олсон мөнгийг өөрийн хэрэгцээнд бус цахим мөрийтэй тоглоом тоглосон болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон 517ххххх тоот дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд, нөгөө талаас яллагдагч нь О.А нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасагт хуулийн офицероор ажиллаж байсан талаарх тушаалууд 1-р хавтаст хэргийн 79-88 дугаар талд тус тус авагдсан болно.
Шүүхээс дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар энэ талаар тодруулаагүй атлаа яллагдагч нь хохирогч нараас удаа дараагийн давтамжтайгаар эд зүйлийг авсан, мөн яллах дүгнэлтэд эрхэлсэн тодорхой ажилгүй гэж дурдсан, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх ба ямар орлогоор амьдралын эх үүсвэрээ хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч О.А-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул шүүгчийн 2025/ШЗ/5050 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдол зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан “...Яллагдагч О.А-ийг 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 150,664,200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх...” үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт, яллагдагч О.А-ийн сэжигтэн, яллагдагчаар “цахим мөрийтэй тоглоом тоглосон, Бонд покер нэртэй платпормоор орж ...... нэртэйгээр тоглож зарцуулсан” талаар /1-р хх-ийн 235-236, 2-р хх-ийн 188-189, 2-р хх-ийн 219-220, 3-р хх-ийн 147, 152-153, 6-р хх-ийн 15-18/ мэдүүлсэн мэдүүлгүүд, тус мэдүүлгийг нотолсон “......” гэх гүйлгээний утгатайгаар гүйлгээ хийсэн яллагдагч О.А-ийн Хаан банкны 5170010960 дугаар дансны хуулга /3-р хх-ийн 93, 94-95, 4-р хх-ийн 18-23, 5-р хх-ийн 121-127, 192-195, 6-р хх-ийн 24-47, 49-161, 7-р хх-ийн 55-59/, О.А-ийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний хугацаанд ажил эрхэлж байсан /1-р хх-ийн 80-81/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Иймд яллагдагч О.А-ийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй талаарх прокурорын эсэргүүцэл, яллагдагч О.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах гомдлыг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2. Яллагдагч О.А-ийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгийг цахим мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгууд, түүний өгсөн мэдүүлгээр тодорхой харагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд хийсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар О.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн 2310000002173 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны тойргийн шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
3. Яллагдагч О.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо “...яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдээс гадна өөр бусад иргэдийг залилсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгуулах агуулга бүхий хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх орхигдуулан дүгнэлт хийгээгүй...” гэжээ.
Яллагдагч О.А-д холбогдох 2310000002173 дугаартай эрүүгийн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар яллагдагч О.А нь өөр үйлдэлд шалгагдаж байна гэж үзэх нотлох баримт байхгүй байх тул энэ талаарх яллагдагчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
4. Яллагдагч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/5050 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ