Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/1163

 

 

 

 

 

    2025            09           30                                          2025/ДШМ/1163

 

Б.Т, Л.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Удвал,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1854 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Л.О-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т, Л.О нарт холбогдох 2502 00155 0113 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Т ......... тоотод оршин суух, урьд:

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн;

2. Л.О .............  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ....... дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, 0,9363 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 650,000 төгрөгөөр Л.О-аас олж авсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны орчимд Л.О-ын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай “Лексус Эйч Эс-250” (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд байх үедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, 0,2425 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 1,500,000 төгрөгөөр Л.О-аас олж авсан,

тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны орчимд Л.О-ын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” загварын тээврийн хэрэгсэлд байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, дээрх нийт 1,1788 грамм жагсаалтад багтсан метамфетамин цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн хэтэвчинд хадгалсан,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн оршин суух ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “Шавар” гэх нэршилтэй, 0,1024 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй, цаасан хэлбэртэй, 0,0531 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод байхдаа өөрийн биед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, 0,0280 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн оршин суух ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод Т.Ш, О.Г, Н.М нарын хамтаар дээрх төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэн мансуурч, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар бусдыг хангасан;

Шүүгдэгч Л.О нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ....... дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, 0,9363 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар 650,000 төгрөгөөр Б.Т-д худалдсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах Barmon building барилгын зүүн талд байх үедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, нийт 0,3657 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.А-эс 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан,

улмаар 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны орчимд өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай, Лексус Эйч Эс-250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд байх үедээ дээрх олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” II дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0,2425 грамм цэвэр жин бүхий хэмжээтэйг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.Тд өгсөн,   

мөн тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны орчимд өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай, Лексус Эйч Эс-250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд байхдаа үлдсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, 0,1232 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биед хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-г холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Л.О-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өгсөн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд оруулан тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлс, шилэн хэрэглүүр, хуванцар сав, соруулууд, шавар мэт зүйл (цэвэр жин 0.1024 грамм), шилэн гаанс, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цайвар ягаан өнгийн шил мэт зүйл, хуванцар зүйлс, зиплок уутнууд, жорын цаас, хар өнгийн хуванцар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.О-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Л.О нь Б.Т-д мөс гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт (0.9363 гр, 0,3657 гр, 0,2425 гр) бодисыг худалдаж, ашиг олоогүй гэх боловч заавал ашиг олохыг шаардахгүй бөгөөд хэргийг нь тусгаарласан яллагдагч Б.А-тэй санаа зорилго болон үйлдлээр нэгдэж, Б.Тд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан байна гэж дүгнэжээ. Ингэхдээ хх-109 дүгээр талд авагдсан сэжигтэн Л.О-ын мэдүүлэг болон сэжигтэн Б.А-ийн мэдүүлэг болон яллагдагч нарын худал зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн хэрэгт авагдсан хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэлгүй ялласанд гомдолтой байна.

Учир нь, Б.Т-гийн шилжүүлсэн гэх 650,000 төгрөгөөс Л.О 400,000 төгрөгийг А-ийн данс руу шилжүүлж ашиг олсон мэтээр андуурч дүгнэсэн. Гэтэл 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Л.О-ын Хаан банкны дансанд Б.Т-гийн Хаан банкны тоот данснаас “ус” гэдэг утгаар 400,000 төгрөг шилжүүлснийг Л.О яг тухайн үед А-ийн данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. Мөн Б.Т-гийн Л.О руу 2025 оны 2 дугаар сарын шилжүүлсэн хуулгууд, Л.О нь өөрийн Хаан банкны данснаас А-ийн данс руу шилжүүлсэн байдлаас үзвэл нэг ч төгрөгийн ашиг олоогүй нь шилжүүлсэн баримтаар тогтоогдоно. /3-р хх-ийн 135/

Хавтаст хэргийн 83-84 дүгээр талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгуудаар эхний 4,6,9,10,11 гэж дугаарласан гүйлгээний нийт 2,649,800 төгрөгийг Л.О өөрийн хэрэглэх мөс олж авахаар А рүү шилжүүлсэн баримт авагдсан. Дараагийн 5,7,8,12,13 гэж дугаарласан буюу Б.Т-гийн хэрэглэхээр олж авсан мөсний нийт үнийн дүн болох 2,649,700 төгрөгийг А-ийн данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Үүнээс дүгнэхэд Л.О, Б.Т нар нь хэрэглэгч бөгөөд уг хэргийн жинхэнэ борлуулагч буюу мөс гэх бодисыг бусдад худалдан борлуулсан этгээд болох А-ийн хэргийг буруу тусгаарлаж түүнд ял завших боломжийг олгосон. Мөн анх уг хэргийн гомдол мэдээлэл нь 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 00 цаг 30 минутад цагдаагийн байгууллагад ирсэн атал хяналтын прокурор А цагдаагийн байгууллагаас 2025 оны  2 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутад мэдэгдэн зөвшөөрөл авсан гэж тогтоолдоо дурджээ. Мөн гомдол мэдээллийг аваагүй байхдаа хүний биед үзлэг хийсэн баримт (2025.02.13-ны өдөр 00:24 цагт) хавтаст хэргийн 50 дугаар талд авагджээ. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн мөрдөн шалгах ажиллагаа болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.О-ын үйлдэл холбогдол буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, А-ийн хэргийг нэмж нэгтгэн хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин тус хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “орон байраар хангасан” гэх үйлдлийг эс зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр миний оршин сууж байсан байранд О.Г нь муур үрчлүүлэхээр ирсэн бөгөөд тухайн орон байранд ирээд нэг цаг орчим л болсон. Гэрчийн мэдүүлэгтээ тэр талаар дурдсан. Мөн гэрч Н.М анх удаа тэр орон байранд ирсэн. Миний зүгээс тухайн орон байранд сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж, өөрөө хэрэглэсэн болно. Тухайн хүмүүсийг орон гэртээ байлгаж,  сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглүүлж, байр, орон сууцаар хангаагүй болно. ...” гэв. 

Прокурор П.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-н хувьд тухайн хүмүүсийг орон байраар хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Б.Т нь мөрдөгчийн дуудсан цаг хугацаанд ирээгүй учраас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр түүний амьдарч байсан Шүрт өргөө хотхоны 59 дүгээр байрын 174 тоот гэрт нь хайж очиход н.Ш, н.Г, Н.М нар байсан бөгөөд үзлэг нэгжлэг хийхэд “Шавар”, “LSD” , “Мөс” гэх нэршилтэй бодисууд болон хэрэглүүрүүд илэрсэн. Улмаар н.Ш, н.Г, Н.М нар сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас орон байраар хангасан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.О-ын өмгөөлөгчийн зүгээс н.А-с худалдаж авсан, түүний хэргийг буруу тусгаарласан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж зааснаар прокуророос хэргийг тусгаарласан. н.А-с Л.О нь 1.500.000 төгрөгөөр 0,3657 грамм бодисыг худалдаж аваад тухайн бодисоос Б.Т-д 0,2425 грамм бодисыг 1.500.000 төгрөгөөр худалдсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан дансны хуулга, бусад нотлох баримтуудаар нотлогддог. Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт “би Л.О-аас худалдаж авч байсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Л.О тухайн цаг хугацаанд н.А-эс худалдан авч, мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө цагдаагийн байгууллагаас Л.О, Б.Т нарын гэмт хэрэг үйлдэж байгааг таслан зогсоох зорилгоор хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.Т-н биеэс 2 тусдаа бодис илэрсэн бөгөөд “нэгийг нь Л.О бид 2 хувааж авсан, нэгийг нь өмнөх өдөр буюу 02 дугаар сарын 11-ний өдөр Л.О-аас 650.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар 300.000 төгрөгөөр, 350.000 төгрөгөөр 2 удаа мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учраас Л.О-аас Б.Т худалдаж авсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс яллах дүгнэлтийн хүрээд хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан гомдолд цаг хугацааны хувьд зөрүүтэй байна, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ороогүй байхад прокуророос зөвшөөрөл олгосон, 10 минутын зөрүү байна” гэж дурдагдсан. Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд таслан зогсоох, эд мөрийн баримтыг устгахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулсан. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 00 цаг 20 минутад хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа буюу Л.О-ын тээврийн хэрэгсэлд нэгжлэг, Б.Т, Л.О нарын биед нэгжлэг хийх гэж байгаа талаараа прокурорт мэдэгдсэн бөгөөд тээврийн хэрэгслээс мансууруулах төрлийн бодис, хэрэглүүрүүд, жин зэрэг зүйл илэрсэн нөхцөл байдал байгаа. Тухайн үед гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр шалгасан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна. н.А-д холбогдох хэргийг прокуророос 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 23-ны өдөр товлосон боловч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт зарласан нөхцөл байдалтай байгаа. Тиймээс хэргийг буруу тусгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Б.Т, Л.О нарт холбогдох 2502001550113 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.Т, Л.О нарт холбогдох гэмт хэргүүдийг эцэслэн хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

1. Шүүгдэгч Б.Т нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Л.О-аас 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгөөр олж авсан, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 0,2425 грамм цэвэр жинтэйг 1,500,000 төгрөгөөр олж авсан болон нийт 1,1788 грамм бодисыг өөрийн хэтэвчиндээ хадгалсан,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн оршин суудаг ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод байрлах гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “Шавар” гэх нэршилтэй, 0,1024 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг болон мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг  цаасан хэлбэртэй, 0,0531 грамм цэвэр жинтэйгээр, өөрийн биедээ 0,0280 грамм цэвэр жинтэйг тус тус хадгалж байсан,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн оршин суух ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод байрлах гэртээ Т.Ш, О.Г, Н.М нарын хамтаар дээрх төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэн мансуурч, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар бусдыг хангасан болох нь:

2025 оны  2 дугаар сарын 13 өдөр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан: “...Б.Т-гээс 2 дугаар багана буюу МЕТ /метамфетамин/ илэрсэн, 4 дүгээр багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн..., Тестний 1,3,5,6 дугаар багана хоёр улаан зураас, 2,4 дүгээр багана нэг улаан зураас гарч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж тогтоогдсон. ...” болохыг тэмдэглэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 58-59/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Л.О ......, 2025.2.13” гэсэн шээс, “Б.Т ... 2025.02.13” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжилгээний объект болон шинжилгээ хийх явцын гэрэл зургууд /1-р хх-ийн 145-147/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 193 дугаартай “Б.Т нь сэтгэцийн хувьд метамфетамины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Б.Т-гийн дээрх сэтгэцийн байдал нь хар тамхи сэтгэц нөлөөт бодисыг байнга урт хугацаагаар хэрэглэсэн үед үүсдэг болно. Б.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т нь мансууруулах бодисын донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг тогтоогдохгүй байна. Харин мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байна. ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-133/,

2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Б.Тгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Б.Т нь “О-аас мөс авсан” гэх газар нь энэ байрны Б1 давхрын зогсоол бөгөөд би энэ байрны хойд талын хоёрдугаар орцоор Б1 давхрын граж руу ороод энэ хэсэгт О-ын машинд суусан гэж тухайн гражны зүүн хойд талын хэсгийг зааж байв. Тухайн байр нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны уулзварын 82 дугаар байрны дэргэд /47.924257, 106.963717/ байв. Б.Тгээс “Таныг О-тай уулзах үед О- нь хэнтэй байсан талаар ярина уу” гэж асуухад Б.Т нь “Тэр үед Л.О нь ганцаараа грашдаа машиндаа сууж байсан. Өөр хүн байгаагүй. О- машиныхаа баруун урд талын жолоочийн хэсэгт сууж байсан. Харин би зүүн урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр суусан” гэв. ...” гэсэн тэмдэглэл, тус ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд /2-р хх-ийн 142-144/,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “...бүртгэлийн 94 дугаартай мэдээлэлд сэжигтэн Б.Т-гийн биед үзлэг хийж хураан авсан 0,1 грамм орчим жинтэй цагаан өнгийн талстлаг зүйлийг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тандагч “ТruNars” багажаар шалгаж үзэхэд метамфетамин /methamphetamine/ илэрсэн тул мөрдөгчийн тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /2-р хх-ийн 233-235/,

хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГ0325/2950 дугаартай “...гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. ...Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,1575г, цэвэр жин 0,0280г байна...” /3-р хх-ийн 18-20/, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2959, 2960, 2961 дугаартай “...зиплок уутанд хийж ирүүлсэн өнгөгүй шилэн хэрэглүүр, цэнхэр өнгийн хуванцар хэрэглүүр, өнгөгүй резинэн соруул мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл, ногоон өнгийн соруул мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Тугалган цаас, зиплок ууттай шавар мэт зүйл, Монгол Улсын AU151611 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/ илэрсэн. Улбар шар өнгийн соруул мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/ илэрсэн. Зиплок ууттай дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйлээс LSD илэрсэн. Бараан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн соруул мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/ α-Р\/Р илэрсэн. Илэрсэн метамфетамин /methamphetamine/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/, α-Р\/Р гэх бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Илэрсэн LSD гэх бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтдаг болно. ...Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,1024 грамм, цэнхэр өнгийн таглаатай хуванцар савтай өнгөгүй шингэн зүйл нь 50 мл орчим, зиплок ууттай дөрвөлжин хэлбэртэй 2 ширхэг цаас мэт зүйлийн цэвэр жин нь 0,0531 грамм байна. ...” /3-р хх-ийн 23-29/, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2951 дугаартай “...хөх өнгийн мушгиа хэлбэртэй шил мэт зүйл доторх өнгөгүй шингэн зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн шил мэт зүйл, цагаан өнгийн хуванцар зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гол хэсэгт хөх өнгийн мушгиа хэлбэртэй шил мэт зүйл доторх өнгөгүй шингэн зүйл нь 10 мл орчим хэмжээтэй, шилтэй үеийн жин 51,6г байна. ...” /3-р хх-ийн 43-45/, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/2954, 2955, 2956, 2957 дугаартай: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цэнхэр өнгийн хуванцар зүйл, өнгөгүй хуванцар зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, шар өнгийн зиплок уут, 1-3 гэж дугаарласан зиплок уут зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” /3-р хх-ийн 48-51/, 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ЕГ0325/2952, 2953 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн хар өнгийн хуванцар соруул, өнгөгүй хуванцар гуурс 4 ширхэг, дээд хэсэгтээ хуванцар соруул мэт зүйлтэй, бор өнгийн хуванцар тагтай, хоосон хуванцар сав, саарал өнгийн жин мэт зүйл, 2x3 см хэмжээтэй өнгөгүй зиплок уут 6 ширхэг, 2x2 см хэмжээтэй өнгөгүй зиплок уут 5 ширхэг, 2x2 см хэмжээтэй цэнхэр өнгийн зиплок уут тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. ...” /3-р хх-ийн 73-75/, 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн ЕГ0325/2962, 2963, 2964, 2965, 2966 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “Натрийн хлорид 0.9% 500 мл дуслын шингэн” гэсэн бичиглэлтэй хоосон гялгар уут, цус мэт зүйлээр бохирлогдсон 10 граммын зүүтэй тариур, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 10 граммын тариур, цус мэт зүйлээр бохирлогдсон 1 граммын тариур, “AQ7927557” гэсэн серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цус мэт зүйлээр бохирлогдсон тариурын зүү 3 ширхэг, бор, шаргал өнгийн дотроо хоосон эмийн капсул мэт зүйл 8 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон өнгөгүй хуванцар сав тус бүрээс /Gabapentin Lactan/, /Shigmabitan combination B25/ гэсэн бичиглэлтэй хүрэн, шар өнгийн капсултай эм мэт зүйл 10 ширхэг, цэнхэр өнгийн шахмал эм мэт зүйл тус бүрээс /Naргохеn/ илэрч байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Бор өнгийн шилэн гуурс мэт зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Илэрсэн /Gabapentin Lactan/, /Naproxen/ нь НҮБ-н конвенцын жагсаалтад багтдаггүй болно. Цэнхэр өнгийн шахмал эм мэт зүйлийн цэвэр жин нь 0,7897 грамм, /Shigmabitan combination B25/ гэсэн бичиглэлтэй хүрэн, шар өнгийн капсултай эм мэт зүйлийн капсултай жин нь 0,2410 грамм байна.” /3-р хх-ийн 78-83/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, шинжилгээний обьект болон шинжилгээний явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод байрлах Б.Т-гийн гэрт цуг байсан иргэн Т.Ш /2-р хх-ийн 223-226/, О.Г /2-р хх-ийн 212-214/, Н.М /2-р хх-ийн 206-208/ нарын мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад мансууруулах бодис илэрсэн талаарх тэмдэглэл, тестийн үр дүнг харуулж буй гэрэл зургууд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0325/2958 дугаартай “Б.Т .... 2025.04.09” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /Tertahydrocannabinol/ илэрч байна. ...” /3-р хх-ийн 38-40/ гэх дүгнэлт, 2025.4.23-ны өдрийн ЕГО235/2949 дүгээр /3-р хх-ийн 33-35/, 2025.4.22-ны өдрийн ЕГО235/2948 дугаар /3-р хх-ийн 38-40/ шинжээчийн дүгнэлтүүд,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод байрлах Б.Т-гийн гэрт цуг байсан Т.Ш-ийн сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Т-н түрээсэлдэг гэрт байсан. Бид хоёр хамт амьдраад 4-5 cap болсон. ...Орой 22 цагийн үед Г- муур болон эдлэл, хэрэгслүүдийг нь аваад манайд ирсэн. Г-ы эмэгтэй дүү нь ирнэ гэсэн тул Г- манай гэрт үлдээд, Т- бид хоёр муурын хоол авахаар гэрээс гарсан. Бид хоёрыг буцаад гэртээ ирэхэд М гээд Т-н ах нь Г-аас мөнгө авахаар ирсэн байсан. ...Би тэр өдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Г-, М, Т- гурвыг хэрэглэж байх үед нь хамт хэрэглэсэн...” /3-р хх-ийн 7/, О.Г-ы сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Налайхаас муур аваад шөнийн 00 цагийн үед гэрт нь ирсэн. Намайг ирэхэд Т- найз охины хамт байсан ба надтай зөрөөд дэлгүүр орно гээд тэр хоёр гарсан. Ганцаараа үлдээд байж байтал шөнийн 03 цагийн үед М ах хаалга тогшоод ...гэрт нь орж ирээд Т-г хүлээж суусан. ...Удалгүй Э ирээд бид гурав байж байтал гаднаас Т-, Ш хоёр орж ирээд бид нар юм ярьж байгаад Э бид хоёр гарах гээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Т-, Ш хоёрыг дэлгүүр орно гээд гарсны дараа би ганцаараа гэрт нь үлдээд байж байхад том өрөөнийх нь ширээн дээр тугалган цаасан дээр наасан цэг буюу шавар байхаар нь тэрийг шатаагаад, утааг нь сорж хэрэглэсэн.  ...” /3-р хх-ийн 14-15/, Н.М-ын сэжигтнээр мэдүүлсэн “....2025 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 03 цагийн үед би Т-тэй уулзахаар гэрт нь ороход Г- гэх зүс таних залуу, нэг эмэгтэй байсан. Удалгүй Т гаднаас найз охинтойгоо орж ирээд, уулзаад буцаж гарах гээд хаалга нээтэл урдаас цагдаа нар орж ирээд баривчилсан. Би Т-гээс 300,000 төгрөг авах ёстой байсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад тэр мөнгеө авах гээд гэрт нь ирсэн юм.  ...” /3-р хх-ийн 10-11/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

1.2. Шүүгдэгч Л.О нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ дугаар жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ....... дугаар байрны Б1 давхарт байхдаа Б.Тд 0,9363 грамм цэвэр жинтэйг 650,000 төгрөгөөр Б.Тд худалдсан, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах Barmon building барилгын зүүн талд байх үедээ нийт 0,3657 грамм цэвэр жинтэйг Б.А-эс 1,500,000 төгрөгөөр худалдаж авч тухайн өдрөө Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны орчимд өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай, Лексус Эйч Эс-250 загварын тээврийн хэрэгсэл дотроо 0,2425 грамм цэвэр жинтэйг Б.Т-д өгч 0,1232 грамм цэвэр жинтэйг өөрийн биедээ хадгалсан болох нь:

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Л.О-ын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн: “...Л.О, Б.Т нарын жолоодож явсан болон зорчиж явсан тээврийн хэрэгсэлд хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис эм бэлдмэл, хэрэглүүр эд зүйл байгаа юу байгаа бол та сайн дураараа гаргаж өгч болохыг тайлбарлахад оролцогч Л.О нь хууль бус мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл, хэрэглүүр эд зүйл байхгүй, оролцогч Б.Т нь байгаа гэснээр уг тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгон суудлын доод талын шалавчин дээр байх хар өнгийн хэтэвчийг зааж түүн дотор “мөс” гэх зүйл байгаа гэснийг үзэхэд, хэтэвчний дотор талын цахилгааныг онгойлгоход дотор талаас нь хоёр хэсэг зиплок гялгар ууттай мөс гэх зүйл, улаан цагаан өнгийн капсултай эм мэт зүйл гарч ирснийг №1,2,3 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж хураан авав. ...цааш үргэлжлүүлэхэд урд талын хайрцгаас хар өнгийн дөрвөлжин цахилгаан жин, голын хайрцгаас хар өнгийн шилний савхин гэрнээс цагаан өнгийн хуванцар гуурс, жолооч талын хаалганы хавтасны карма хэсгээс цистон гэсэн бичиглэлтэй цагаан хуванцар савтай шилэн бонго, соруул зэрэг гарч ирснийг №4 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж хураан авч...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /1-р хх-ийн 47-49/,

Л.О-ын биед үзлэг хийсэн: “...Л.О нь биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэснээр үзлэг хийх ажиллагаа эхлүүлэхэд саster5 гэсэн бичиглэлтэй янжуур тамхины хайрцаг дотроос энийг би сайн дураараа гаргаж өгч байгаа юм гэснээр цагаан өнгийн зиплок ууттай “мөс” мэт нунтаг цагаан өнгийн зүйл гаргаж өгснийг хүлээн авч №5 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж хураан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 55-57/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан: “...Л.О-аас 2 дугаар багана буюу метамфетамин илэрсэн. Тестний 1,3,5,6 дугаар багана хоёр улаан зураас, 2, 4 дуугаар багана нэг улаан зураас гарч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож тэмдэглэлд тусгав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 53-54/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай: “...Л.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.О нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.О нь хэрэг хариуцах чадвартай байна. Л.О нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 127-128/,

үзлэгээр хураан авсан эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай: “...Л.О-ын гаргаж өгсөн “Мөс” гэх зүйл, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 0000 ААА т/х-ээс  хураан авсан  ялгар уутанд хийсэн улаан болон цагаан капсултай цагаан өнгийн зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Dextromethorphen илэрсэн. 0000 ААА т/х-ээс хураан авсан мөс гэх гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,9г, цэвэр жин нь 0,9363г, ... гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,3г, цэвэр жин нь 0,2425г, ...гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон цагаан капсултай цагаан өнгийн зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,8г, цэвэр жин нь 0,1946г гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,3г, цэвэр жин нь 0,1232г байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжилгээний объект болон явцыг харуулж буй гэрэл зургууд /1-р хх-ийн 136-142/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Л.О- .......... 2025.2.13” гэсэн шээс, “Б.Т ........... 2025.02.13” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 145-147/,

шүүгдэгч Л.О-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...400,000 төгрөг нь болохоор надтай уулзахдаа мөнгө зээлсэн. 1,500,000 төгрөг мөн адил А зээлсэн мөнгө. Би Б.Т-д огт мансууруулах төрлийн бодис өгч байгаагүй. Би А-эс сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис авч байгаагүй. Би А-ийн машинаас тамхи гэж бодож авч буусан, тамхины хайрцаг нь дотроо тамхигүй харин оронд нь мөс байсан. ... Би Т-д мөс гэх нэртэй мансууруулах бодисыг өгч байсан. Харин худалдаж байгаагүй бөгөөд Т-д хэзээ мөс өгснөө санахгүй байна. Хэрэг болохоос өмнө Т-д өгч байсан... Би Т-гээс орж ирсэн мөнгийг шууд Ад шилжүүлж байсан. Надад худалдан борлуулах зорилго байгаагүй. Би ямар ч ашиг харж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25, 3-р хх-ийн 126-127/,

шүүгдэгч Б.Т-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тухайн 2 ширхэг зиплок ууттай мөсийг найз Л.О-аас авч байсан. Би тухайн 2 ширхэг зиплок ууттай мөсний нэгийг нь цагдаа нарт баригддаг өдөр О-ын машинд суухдаа О-аас авч байсан. Харин нөгөө нэг ууттай мөсийг нь болохоор цагдаад баригддаг өдрийн өмнөх өдөр нь мөн адил Л.О-аас авч хэрэглэсэн мөсний үлдэгдэл байсан. Би Л.О-аас мөсийг 2 удаа авч байсан. Нэгийг нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу цагдаад баригдсан өдөр авч байсан. Харин нөгөө нэг үйлдэл нь өмнөх өдөр нь бас Л.О-тай уулзаад мөс авч байсан. Би Л.О-аас мөсийг 2 удаа авахдаа худалдаж авч байсан. Би эхний удаа худалдаж авахдаа 600 мянга байсан байхаа 1 грамм мөсийг авч байсан. Харин цагдаад баригддаг өдөр болохоор мөс гэж 1,200,000 төгрөг өгсөн байхаа, 2 грамм мөс авч байсан. Би мөснүүдийг авахдаа жинлэж үзээгүй шууд авдаг байсан. Би эхэлж авсан мөсийг хэрэглээд бараг дуусч байсан. Дараагийн мөсийг хэрэглэж амжаагүй байсан. Надад хэнээс авдаг байсан талаараа хэлдэггүй, ах л гэж хэлдэг байсан. Харин цагдаад баригддаг  өдөр би тэр ах гээд байгаа хүнийг нь “А” гэдэг хүн байсан талаар мэдсэн. ...Би анх О-аас мөс авахдаа байрных гражинд машинд нь сууж байгаад мөсийг авч байсан. Тухайн үед мөнгө хүрээгүй болохоор мөнгөө 2 хувааж өгч байсан. Тэрний дараагийн мөсийг яг хаана байхдаа авсан талаар нь санахгүй байна. О-тай уулзаж байхдаа л авч байсан. Би мансууруулах бодис хэрэглэхээр бусдыг орон байраар хангаагүй. Зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор гэртээ хадгалсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37, 41, 3-р хх-ийн 135-136/,

шүүгдэгч Б.Т-гийн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Л.Оад мөнгө төлж, худалдаж авсан гэсэн агуулга бүхий мэдүүлгийг нотолж буй Л.О-ын эзэмшлийн Төрийн банкны 34060хххххххх тоот дансны хуулга /1-р хх-ийн 73-80/, Хаан банкны 54хххххххх тоот дансны хуулга /1-р хх-ийн 81-86/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

2. Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Т, Л.О нарын үйлдсэн хэргийн үйл баримтын дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцүүлэн хийж,  

шүүгдэгч Б.Т-гийн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Л.О-аас 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгөөр олж авсан, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 0,2425 грамм цэвэр жинтэйг 1,500,000 төгрөгөөр олж авсан болон  нийт 1,1788 грамм өөрийн хэтэвчиндээ хадгалсан, 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн гэртээ “Шавар” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис 0,1024 грамм цэвэр жинтэйг болон мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг  цаасан хэлбэртэй, 0,0531 грамм цэвэр жинтэйгээр, өөрийн биедээ 0,0280 грамм цэвэр жинтэйг тус тус хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан...” шинжийг хангасан гэж,

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн оршин суух ...... дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод байрлах гэртээ Т.Ш, О.Г, Н.М нарын хамтаар дээрх төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэн мансуурч, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан...” шинжийг хангасан гэж тус тус зүйлчилж,

шүүгдэгч Л.О-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан...” шинжийг хангасан гэж зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Т, Л.О, Б.А- нарт холбогдох 2502001550113 дугаартай хэргээс яллагдагч Б.А-д холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай прокурорын тогтоолоор “...Яллагдагч Б.Т, Л.О, Б.А- нарт холбогдох эрүүгийн 2502001550113 дугаартай хэргээс эрүүгийн 2502001540112 дугаартай хэргийг тусгаарласугай. ...” гэж /3-р хх-ийн 114-116/ тусгаарласан болохоос яллагдагч Б.А-д холбогдуулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байна.

3. Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэхэд, анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Т-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, 20.8 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” гэмт хэргүүдэд,

шүүгдэгч Л.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт  тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын төрлийг сонгон оногдуулсан нь тэдний үйлдсэн тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангасан байна.

4. Шүүгдэгч Л.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэрэгт тохирсон, 

шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 6 сарын хугацаагаар, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Б.Тгийн сэтгэцэт нөлөөлөх бодис хэрэглэдэг, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-гийн гаргасан “гэмт хэрэг үйлдэхэд орон байраар хангаагүй” гэсэн, шүүгдэгч Л.О-ын өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Л.О үйлдээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Т, Л.О нарын шийтгэх тогтоолоос хойш цагдан хоригдсон 62 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1854 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Л.О-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Л.О нарын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                         Н.БАЯРМАА

ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ