| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 013/2016/00386/и |
| Дугаар | 001/ХТ2017/00386 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2017/00386
Д.Бямбын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалтай,
Д.Бямбын нэхэмжлэлтэй,
П.Шарамхүүд холбогдох
Гэм хорын хохиролд 506.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д.Бямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Иргэн П.Шарамхүү нь миний өвөлжөө, бууц шатаасан нь Увс аймгийн Прокурорын газрын тогтоолоор батлагдсан болно. Иймд П.Шарамхүүгээс 42 ширхэг модны 117.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг, үүнд зарцуулагдсан 125 литер шатахууны үнэ 207.500 төгрөг, бүгд 524.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага анх гаргасан. Хэргийг хянан шалгах явцад үнэлгээ тогтоолгосон бөгөөд уг үнэлгээгээр миний өвөлжөөнд учирсан хохирлыг 506.000 төгрөг байна гэж тогтоосон. Тэгэхээр 42 ширхэг модны үнэ 117.000 төгрөг гэснийг өөрчлөн 506.000 төгрөг гээд бусад хэсгийг нь хэвээр нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие Д.Бямбын өвөлжөөний 10 ширхэг шургаа модыг санамсаргүй байдлаасаа үүдэн шатаасныгаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ хийгээд өгчихсөн. Энэ хүн үндэслэлгүй их мөнгө шаардаад байх юм. Бидний санамсаргүй байдлаас шатаасан зүйлийн зургийг цагдаагийн мөрдөн байцаагч н.Мөнхнаран зургаар баталгаажуулан, хэрэгт хавсаргаад энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг нутаг уснаас хөөх бодлого баримталж ийм зүйл гаргаж ирээд байгаа. 10 ширхэг шургаа мод шатаасныгаа солиод шинэ болгоод өгчихсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П.Шарамхүүгээс гэм хорын хохирол 524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын 389.000 төгрөг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалаар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Бямбын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Баримтгүй гэж байгаа 506.000 төгрөг, 42 модны үнэлгээ тогтоосон нь худлаа биш, газар дээр нь очиж үзээд тухайн үнэлгээг тогтоосон юм. Энэ нь үнэн болно. Хариуцагч П.Шарамхүү ойролцоо айлын өвөлжөө шатаасан удаа ч бий. ...Миний бие өвөлжөө шатаасан П.Шарамхүү болон хоёр удаагийн шүүх хуралдаан хариуцагчийн талд гарсанд гомдолтой байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зөрчлөөс үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буруу тооцсон байх тул шийдвэр, магадлалд техникийн шинжтэй өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгч Д.Бямба нь хариуцагч П.Шарамхүүд холбогдуулан гэм хорын хохиролд 42 ширхэг модны үнэ 117.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг, үүнд зарцуулагдсан 125 литр шатахууны үнэ 207.500 төгрөг, нийт 524 500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгчийн өвөлжөөнд учирсан хохирлыг 506.000 төгрөг гэж тогтоосон тул 42 ширхэг модны үнийг багасгаж өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагаа нийт 506.000 төгрөг болгож тодорхойлсон байна. Хариуцагч П.Шарамхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 10 ширхэг шургаа мод шатаасныгаа солиод шинэ болгоод өгчихсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Увс аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаар тогтоолд нэхэмжлэгч Д.Бямбын өвөлжөөний хонины хашааны урд хэсэг нь шатсан болох нь гэрч М.Пүрэвжав, Ц.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг болон шинжээчийн 351 дүгээр дүгнэлтээр 4 метрийн урттай 15 сантиметрийн диаметртэй нэг ширхэг шинэс модны үнэлгээ 2.800 төгрөг гэж тооцон 10 ширхэг модны үнэ 28.000 төгрөгөөр нийт хохирлыг тогтоож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Хариуцагч П.Шарамхүү гал алдсанаас болж нэхэмжлэгчийн өвөлжөөний хашааны 42 ширхэг мод болон энэ хашаанд байсан өтөг бууц шатсанаас 200 000 төгрөгөөр дахин өтөг бууц авах болсон, бууцтай болоход зориулж 125 литр шатахуун зарцуулсан гэсэн шаардлагаа нотолсон баримтуудыг нэхэмжлэгч Д.Бямба нь шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан “Хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан”-гаас үзэхэд энэ үнэлгээгээр өвөлжөөний шатсан хашаанд учирсан гэм хор, хохирлын хэмжээг биш харин хашааны нийт өртгийг гаргасан байна. Түүнчлэн өвөлжөөний хашааны 42 ширхэг мод болон өтөг бууц шатсан нь нотлогдоогүй, харин хонины хашааны урьд хэсэг нь шатаж 28.000 төгрөгийн хохирол учруулсан тухай Прокурорын тогтоолд заасан шинжээчийн дүгнэлтэд заажээ.
Нэхэмжлэгч нь өвөлжөөний хашаа шатсанаас хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй, жишиг үнэлгээ баримтлан хашааг нийтэд нь үнэлсэн үнэлгээгээр гэм хорын хохирлыг тооцон гаргуулах боломжгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 506.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хоёр шатны шүүх анхны шаардлагын хэмжээгээр шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэр, магадлалд техникийн шинжтэй өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “…баримтгүй гэх 506.000 төгрөг, 42 ширхэг модны үнэлгээ тогтоосон нь үнэн, газар дээр нь очиж тухайн үнэлгээг тогтоосон” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...524.500...” гэснийг “...506.000...” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Д.Бямбын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.830 /арван таван мянга найман зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН