Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 305

 

Б.Г, С.Э, Ц.Т нарт

Холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн  07 дугаар магадлалтай, Б.Г, С.Э, Ц.Т нарт холбогдох 1940000710082 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-ын Г нь

Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сумын багийн Засаг дарга С.Э тэй бүлэглэн Ө.Б-ийг 2016, 2017 онд А дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг, мөн малчин Л.Э-ийг А дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан болохыг мал тооллогын программаас хараад мэдсээр байж, С.Э гийн худал тоо, мэдээлэл, тодорхойлолтыг баталгаажуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Мөн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Н-ийг 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг программаас харж мэдсэн байж, Ц.Т ын малтай гэсэн хуурамч тодорхойлолтыг баталгаажуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, З овогт С-ын Э нь

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нь 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 “малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна”, 2.2.2 “арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.000.000 төгрөг, 150-200 толгой малтай бол 4.000.000 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс зохион байгуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ө.Б-ийг 2016, 2017 онд “А” дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 126 толгой малтай гэж, Л.Э-ийг “А” дансандаа 2017 онд 305 толгой мал тоолуулсан байхад 117 толгой малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Б.Г гаар баталгаажуулан Ө.Б, Л.Э нарт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс тус бүр 100 толгой мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Т нь

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2 дахь заалтуудыг зөрчиж, Б.Н-ийг малын “А” дансгүй, мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 143 толгой малтай гэж хуурамч тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Б.Г гаар баталгаажуулан Б.Н-т “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 100 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх “... Шүүгдэгч С.Э, Б.Г, Ц.Т нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э, Б.Г, Ц.Т нарын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Э, Б.Г, Ц.Т нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэж” шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г, С.Э, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахьь сум дундын прокурорын газарт буцааж” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газар хяналтын прокурор Н.Амаржаргал бичсэн эсэргүүцэлдээ   “... шүүгдэгч С.Э нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2 дахь заалтыг зөрчиж, шаардлага хангаагүй байхад Ө.Б-ийг 2016, 2017 онд “А” дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 126 малтай гэж, мөн малчин Л.Э-ийг “А” дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан байхад 117 малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гаргаж, баталгаажуулан Ө.Б, Л.Э нарт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс тус бүр 100 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2 дахь заалтыг зөрчиж, шаардлага хангаагүй иргэн Б.Н-ийг “малын А” дансгүй мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 143 малтай гэж хуурамч тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Б.Ггаар баталгаажуулан Б.Нямтөгөлдөрт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 100 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Г нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Н-ийг 2017 онд “А” дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг мал тооллогын программаас харж мэдсэн байж, багийн Засаг дарга Ц.Т ын малтай гэсэн хуурамч тодорхойлолтыг баталгаажуулсан, мөн Ө.Б-ийг 2016, 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг, мөн малчин Л.Э-ийг “А” дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан болохыг мал тооллогын программаас хараад мэдсээр байж, С.Э гийн худал тоо, мэдээлэл, тодорхойлолтыг баталгаажуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт тус прокурорын газраас С.Э, Б.Г, Ц.Т нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 67 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч С.Э, Ц.Т, Б.Г нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу өөрөөр хэлбэл малчин Ө.Б, Л.Э, Б.Н нарт давуу байдал бий болгосон, мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзээд шүүгдэгч С.Э, Б.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Г гийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн давж заалдах гомдлоор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдахь шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “...мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, ...хэрэгт Гэрэлтуяа, С.Э, Ц.Т нар нь ямар хууль тогтоомжийн дагуу олгогдсон ямар албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тодорхойгүй, төсөл хөтөлбөрт хамрагдсан малчдын ам бүлийн тодорхойлолт, ам бүлийн хэнийх нь нэр дээр хичнээн тоон мал тоологддог, эдгээр малчдаас гадна хөтөлбөрт хамрагдах боломжтой малчид байсан эсэх, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т малчин өрхийг хамруулах шийдвэрийг хэн гаргаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй тогтоох шаардлагатай...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г, С.Э, Ц.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч байна. Учир нь магадлалд хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй гэжээ.

Шүүгдэгч Б.Г, С.Э, Ц.Т нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон. Үүнд гэрч Э.Р-ын “... 2018 оны эхний хагас жилийн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Б.Н, Ө.Б, Л.Э гэх нэр бүхий 3 хүн зөрчилтэй гэж хэлж байсан ба уг зөрчилд 2017 оны малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт заагдсан шалгуур үзүүлэлтүүдээс малын А дансанд 200 бог малаас дээш мал тоолуулсан малчин өрх болон мал тоолуулаагүй малгүй иргэдэд олгохгүй байхаар заасан заалтыг зөрчиж тус хөтөлбөрт хамруулсан байсан. Тус хөтөлбөрийн журамд тэнцсэн иргэдийг сонгон шалгаруулж тус багийн иргэдийн малын “А” дансыг болон багийн Засаг даргын тодорхойлолт малдчаас шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэнд өгдөг. Тус хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн албаны дарга сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн малын “А” дансыг баталгаажуулдаг ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг дарга С.Э-гийн Ө.Б-г 2017 онд малын “А” дансандаа малгүй байхад нь малын тоог 126 малтай гэж хуурамчаар тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, Бор-Өндөр сумын 06 дугаар багийн иргэдийн 2017 оны малын тоон баримт /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/, Бор-Өндөр сумын 06 дугаар багийн иргэдийн 2018 оны малын тоон баримт /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/, яллагдагч С.Э, Б.Г нарын ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтууд. /1 дүгээр хавтаст хэргийн 37-43 дугаар хуудас/, гэрч А.П-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /Хэнтий аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төсөл хариуцсан мэргэжилтэн/ “...Малжуулах хөтөлбөрийн анхан шатны баримтыг тухайн сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал эрхэлсэн ажилтанд багийн Засаг дарга бүрдүүлж өгдөг. Тухайн төсөлд хамрагдах иргэн маань заавал өөрийн нэр дээр малаа тоолуулсан байх ёстой. Эцэг эхийн нэр дээр мал тоологдсон тохиолдолд болохгүй. Тэгэхээр төсөлд хамрагдах иргэний нэр дээр байгаа малын “А” дансны тоог л барьж төсөлд хамруулан зээл олгоно гэсэн үг. ... Төсөлд хамрагдах иргэн маань 200 хүртэлх толгой малтай бол хамрагдах эрх нь нээгдэнэ. Харин түүнээс их толгой малтай тохиолдолд хамрагдах боломжгүй. Хэдийн өөрөө малтай ч гэсэн өөрийн нэр дээр малаа тоолуулаагүй буюу “А” дансандаа малгүй бол болохгүй. ... Багийн Засаг даргын тодорхойлолт нь дээрх иргэнийг малчин, малтай гэдгийг тодорхойлно. “А” дансыг төрийн санхүү албаны даргаар ажиллаж байсан Б.Г нь “А” дансыг баталгаажуулсан нь зөв. Бид баталгаажуулсан баримтыг үндэслээд хөтөлбөрт хамруулдаг бидэнд бүрдүүлсэн баримтыг хянах эрх байхгүй. ... Малчдын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих хөтөлбөрийн зорилго нь бага малтай өрхийг малжуулах зорилготой ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/, гэрч О.Б-ын /Сумын хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ “... Бор-Өндөр сумын 06 дугаар багийн Засаг дарга С.Э гийн бүрдүүлж өгсөн материалыг үндэслэж амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн. Уг материалд Засаг дарга С.Э нь иргэн Ө.Б-ийг 2017 онд 126 толгой мал тоолуулсан гэдэг талаар тодорхойлоод сумын санхүүгийн албаны дарга Б.Г нь Ө.Б-ийн “А” дансыг малтай гэдгийг баталгаажуулсан тамга дарсан байсан. Дээрх хоёр дарга хоёулаа гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байсан учир би итгээд материалыг хөтөлбөрт хамруулахаар шилжүүлсэн ... Тухайн хөтөлбөрт хамрагдах иргэн нь заавал өөрийн нэр дээр малаа тоолуулсан байх ёстой. Эцэг эхийн нэр дээр малаа тоолуулсан тохиолдолд болохгүй. Мөн А дансгүй тохиолдолд хамрагдахгүй. Тэгэхээр төсөлд хамрагдах иргэний нэр дээр байгаа малын А дансны тоог л барьж төсөлд хамруулж зээл олгоно гэсэн үг. Мөн тус хөтөлбөрийн 2.2.1-д заасан насны хязгаар, ам бүлийн тоог харгалзан хамруулна. Төсөл хөтөлбөрт хамрагдах иргэн маань 200 хүртэл толгой малтай бол хамрагдах эрх нээгдэнэ, харин түүнээс их толгой малтай бол хамрагдах боломжгүй. Огт малгүй бол бас хамрагдах боломжгүй. Хэдийн өөрөө малтай ч гэсэн өөрийн нэр дээр малаа тоолуулаагүй буюу А дансандаа малгүй бол болохгүй гэж ойлгоно ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/, гэрч Ө.Б-ийн “... Би 2016 он болон 2017 онд миний нэр дээр нэг ч мал тоолуулаагүй. Миний хэдэн мал дандаа аавын нэр дээр тоолуулж байсан. Би 2018 оны 05 дугаар сард малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, малжуулах төсөлд багийн Засаг дарга С.Эд өргөдөл бичсэнээр хамрагдаж нийт 5.000.000 төгрөгийн 50 хонь, 50 хургатай нь нийт 100 хонь авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Яллагдагч С.Э гийн “... 2018 оны малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт малчин өрхийг малжуулах гэрээнд өөрийн багийн иргэн Ө.Б-г өөрийн нэр дээр А дансаар мал тоолуулаагүй байхад нь 126 малтай гэж тодорхойлон Санхүүгийн албаны дарга Б.Гд манай багийн иргэн Ө.Б аав Ө-хаа нэр дээр малаа тоолуулсан байгаа малжуулах хөтөлбөрт залуу гэр бүл гэдгээр нь дэмжээд баталгаажуулаад өгөөч гэж хэлсэн. санхүүгийн албаны даргад өөрийн багийн малчдын А дансыг 2018 оны 05 дугаар сард баталгаажуулахаар албаны өрөөнд нь оруулж өгсөн. Манай багийн малчин Ө.Б 2017 оны жилийн эцсийн А дансаар мал тоолуулаагүй малгүй гэдгийг мэдэж байсан. ... Би өөрийн гарын үсгийг зурж, тамга тэмдэг дарснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар хуудас/, яллагдагч Б.Ггийн “... Миний ажлын чиг үүрэг нь тус багийн иргэдийн “А” дансыг статистикийн программ дахь малын тоотой тулган үзэж баталгаажуулах үүрэгтэй ажиллаж байсан. 6 дугаар багийн малчин Ө.Б нь 2017 оны жилийн эцсийн “А” данс зөрүүтэй малгүй байсан тул баталгаажуулахаас татгалзсан. ... Багийн Засаг дарга С.Э хэлэхдээ Ө.Б аавынхаа нэр дээр малаа тоолуулсан учраас А дансгүй байгаа юм. Амьжиргааг нь дэмжиж малжуулах хөтөлбөрт хамруулах шаардлагатай иргэн юм гэж хэлж байсан. Тэгээд би тэр “А” дансыг нь баталгаажуулан явуулсан нь үнэн. ... Би 6 дугаар багийн иргэн Ө.Б-ийг 2017 онд А дансаар огт мал тоолуулаагүй гэдгийг программаас хараад мэдсэн. 2017 оны жилийн эцсийн малын тооллогоор 126 толгой малтай гэж тодорхойлолт гаргасан багийн Засаг даргын тодорхойлолтыг баталгаажуулж өгсөн нь үнэн. Ц.Т нь Б.Н-ийг 2017 онд “А” дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй гэдгийг програмаас хараад мэдсэн. Багийн засаг даргын 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 143 толгой мал гэж тодорхойлолтыг баталгаажуулсан нь үнэн. Статистикийн мал тооллогын программд Б.Н 2016, 2017 оны мал тооллогоор мал байхгүй, “А” дансгүй, Ө.Б нь 2016, 2017 онд мал тоолуулаагүй малын дансгүй, Л.Э нь 2017 оны мал тооллогоор адуу 29, үхэр 6, хонь 130, ямаа 140 гэж мал тоолуулсан байсан. Би өөрийн гарын үсгийг зурж, тамга, тэмдэг дарснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-148 дугаар хуудас/, багийн Засаг дарга С.Эгийн Л.Э-ийг малын “А” дансандаа 305 мал тоолуулсан байхад, 117 малтай гэж худал мэдээлэл гаргаж, гарын үсэг зурж тамга тэмдгээ дарсан тодорхойлолт, /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/, яллагдагч Ц.Т ын “... Би өөрийн 5 дугаар багийн иргэн Б.Н-ийг 2016, 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 143 толгой мал тоолуулсан гэж тодорхойлолт хийж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н-ийн “Би 2016, 2017 онд өөрийн нэр дээр мал тоолуулаагүй, Багийн засаг даргыг хамруулаад өгөөч гэж гуйсан. Багийн дарга надад ямар нэг тоолуулах мал байхгүй учраас тоолж үзээгүй ...” гэсэн мэдүүлэг  /2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас/, Авлигатай тэмцэх газрын “... Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар багийн засаг дарга С.Э,Ц.Т нар нь улс төрийн, засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Г нь захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалтан тул нийтийн албан тушаалтанд хамаарч байна гэх албан бичиг  /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. Шүүгдэгч Б.Г, С.Э, Ц.Т нар нь ямар хууль тогтоомжийн дагуу олгогдсон ямар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тодорхойгүй, төсөл хөтөлбөрт хамрагдсан малчдын ам бүлийн тодорхойлолт, ам бүлийн хэнийх нь нэр дээр хичнээн тооны мал тоологддог, эдгээр малчдаас гадна хөтөлбөрт хамрагдаж боломжтой малчид байсан эсэх, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т малчин өрхийг хамруулах шийдвэрийг хэн гаргаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэсэн байх ба дээрх нөхцөл байдлыг хэрэгт тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.Г нар нь Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа багийн Засаг дарга нараас гаргаж өгсөн худал тоо, мэдээлэл бүхий тодорхойлолтыг баталгаажуулсан, багийн Засаг дарга С.Э, Ц.Т нар “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт” тавигдсан шаардлагыг хангасан малчдын малын тоо, ам бүлийн тодорхойлолтын талаар үнэн зөв мэдээлэл, судалгааг өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Багийн засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь хэсэгт зааснаар статистикийн мэдээллийг зохих журмын дагуу гаргах, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар багийнхаа хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх, хүн амны амьжиргааны түвшингийн судалгаа хийх, мал, тэжээвэр, амьтад, эд хөрөнгийн тооллого бүртгэл явуулах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу малчдын малтай, малгүй, ам бүлийн талаар судалгаа, тодорхойлолтыг үнэн зөв гаргаж өгөх байтал энэ үүргээ биелүүлэлгүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, 6 дугаар багийн Засаг дарга С.Э нь уг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтыг зөрчиж, Ө.Б-ийг 2016, 2017 онд мал тоолуулаагүй, “А” дансандаа малгүй гэдгийг мэдсээр байж 126 малтай гэж, мөн Л.Э-ийг 2017 онд өөрийн нэр дээр 305 малыг тоолуулж “А” дансандаа малтай болохыг мэдсээр байж 117 малтай гэж гараар худал тоо мэдээлэл гаргаж өгсөн.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т малчин өрхийг хамруулах шийдвэрийг хэн гаргаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх тул дээрх нөхцөл байдлыг шалгуулахаар заасан байх ба Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.2-д “... арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.000.000 төгрөг, 150-200 толгой малтай бол 4.000.000 төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс, зохион байгуулна ...” гэсэн заалтын дагуу тухайн арга хэмжээнд хамрагдах малчин өрхийн мал худалдан авах арга хэмжээг зохион байгуулах албан тушаалтанг заасан.

Тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Ц.Т нь “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1. Б.Н-ийг малын “А” дансандаа малгүй, мал тоолуулаагүй гэдгийг мэдсээр байж 143 малтай гэж хуурамч тоо, мэдээлэл гаргаж өгснийг тус сумын тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г нь статистикийн мал тооллогын программаас тулгалт хийж зөрчилтэй гэдгийг, мөн багийн засаг дарга нарын хуурамч тоон мэдээлэл тодорхойлолтыг мэдсээр байж гарын үсэг зурж баталгаажуулан хүргүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм.

Шүүгдэгч Б.Г, С.Э, Ц.Т нар нь Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчиж албан тушаалын давуу байдлыг ашиглаж, бусад давуу байдал бий болгосон үйлдлээ ухамсарлахгүй, бусдын төлөө хийсэн, өөртөө ямар ашиг хонжоо олоогүй, хээл хахууль аваагүй гэж мэдүүлж байгаагаас дүгнэлт хийхэд сум, орон нутагт ажиллаж байгаа нийтийн албан тушаалтан нар нь гэмт үйлдлээ ердийн үзэгдэл мэт ойлгож, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчим болон иргэдийг төрд итгэх итгэлийг алдагдуулж, шударгаар өрсөлдөх боломж, хууль, тогтоомж түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлж ажиллаагүй. Шүүгдэгчийн нарын гэмт буруугийн асуудлыг шийдвэрлэхэд төсөл хөтөлбөрт хамрагдсан малчдын ам бүлийн тодорхойлолт, ам бүлийн хэнийх нь нэр дээр хичнээн тооны мал тоологддог, эдгээр малчдаас гадна хөтөлбөрт хамрагдах боломжтой малчид байсан эсэх нөхцөл байдлыг шалгах ажиллагааг хийснээр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр ямар нөхцөл байдлыг тогтоох, шүүгдэгч нарын холбогдсон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангийн дотор                               2 тусдаа гэмт хэргийн шинжийг хуульчилж өгсөн. Үүнд “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж заасныг дурдах нь зүйтэй байна.

Нөгөө талаар давж заалдах шатны шүүх нь гомдол, эсэргүүцэл гаргасны үндсэн дээр анхан шатны шийдвэр болон хэргийг бүхэлд хянах үндэслэл болох бөгөөд магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн давж заалдахь гомдолд дурдагдсан зүйлийг шалгах шаардлагатай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гомдлыг хүлээн авсан, эсхүл хэрэгсэхгүй болгосон, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн тухай зааж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, С.Э, Б.Г, Ц.Т нарт холбогдох Хэнтий аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Г, С.Э, Ц.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж үндэслэл бүхий гарсан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд эсэргүүцлийг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газар хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Г, С.Э, Ц.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сумын багийн Засаг дарга С.Этэй бүлэглэн Ө.Б-ийг 2016, 2017 онд А дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг, мөн малчин Л.Э-ийг А дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан болохыг мал тооллогын программаас хараад мэдсээр байж, С.Эгийн худал тоо, мэдээлэл, тодорхойлолтыг баталгаажуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Н-ийг 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг программаас харж мэдсэн байж, Ц.Тын малтай гэсэн хуурамч тодорхойлолтыг баталгаажуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

С.Э нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нь 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 “малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна”, 2.2.2 “арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.000.000 төгрөг, 150-200 толгой малтай бол 4.000.000 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс зохион байгуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ө.Б-ийг 2016, 2017 онд “А” дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 126 толгой малтай гэж, Л.Э-ийг “А” дансандаа 2017 онд 305 толгой мал тоолуулсан байхад 117 толгой малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Б.Г гаар баталгаажуулан Ө.Б, Л.Э нарт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс тус бүр 100 толгой мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2 дахь заалтуудыг зөрчиж, Б.Н-ийг малын “А” дансгүй, мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 143 толгой малтай гэж хуурамч тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Б.Г гаар баталгаажуулан Б.Н-т “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 100 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.Г, С.Э, Ц.Т нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, С.Э, Ц.Т нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх “хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Хэргийн тухайд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт малчдыг хамруулах үйл ажиллагааны мал тооллогын А дансыг үнэн зөвөөр бүрдүүлэх эрх хэмжээ нь багийн Засаг даргад, түүнийг хянаж баталгаажуулах эрх хэмжээ нь сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргад байсан бөгөөд Б.Г, С.Э, Ц.Т нар нь “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтыг зөрчиж, болзол шаардлага хангаагүй нэр бүхий хүмүүст тус бүр 100 толгой мал олгуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож буй үйлдэл нь төрийн үйл ажиллаганы хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаал”-ын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Түүнчлэн шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн нөхцөлд хэргийг хянан хэлэлцэж эхлэх бөгөөд нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял шийтгэл оногдуулдаг. Шүүх нотлогдсон байдлын эдгээр хэмжээ хязгаараас давуулан баримт шаардах эрхгүй юм.

Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд тогтоох, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэн хэрэгт авагдсан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй бөгөөд “төсөл хөтөлбөрт хамрагдсан малчдын ам бүлийн тодорхойлолт, ам бүлийн хэнийх нь нэр дээр хичнээн тооны мал тоологддог, эдгээр малчдаас гадна тус хөтөлбөрт хамрагдах боломжтой малчид байсан эсэх” зэрэг нөхцөл байдлыг тогтоох нь шүүгдэгч нарын холбогдсон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтны шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН