Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0420

 
     

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.М-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0353 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-с гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дайчлан хурааж авсан 12,918,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралд уншиж байсан ...хохирлоо шүүхээр шийдвэрлүүл гэдэг үгээ хасчихсан байна.

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг хамгаалах гэж 2017 оны 12 сарын 25-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг гэж зарлаад хариуцагч ирээгүй байхад н.М төлөөлж байснаас шүүгчийг татгалзаж байсан. Шийдвэртээ 7 сарын эцэст 9 хуудас утгагүй юм хамж бичиж шударга бус загнажээ.

Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн 2 заалт, Шүүхийн тухай хуулийн 2 заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1 заалт зөрчин өргөсөн тангаргаасаа няцаж, хариуцагчийн талд урван Монгол Улсын Үндсэн хууль бусад хуультай зөрвөл Үндсэн хуулийг баримтлах тангаргаасаа ичгүүргүй буцаж, Үндсэн хуулийн цэцэд ханд гэжээ.

Миний гарааш байрлаж байсан талбай бол 2003 оноос Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-ээр, 2008 оноос Л.С хүн 437, 2015 оны А/372 захирамжуудаар 2020 он хүртэл эзэмшиж буй газар учраас нийтийн эзэмшил газар биш байхад шүүгч, хариуцагчийн төлөөлөгч н.Солонго нар нотлох баримтыг хуйвалдан нууж худал шийдвэрээ гаргасан байх тул давж заалдах шатаар хэлэлцэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

   Нэхэмжлэгч Ц.М нь “Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дайчлан хурааж авсан 12,918,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтуудыг үндэслэн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор тус дүүргийн 4 хороо, орон сууцны 2А, 3А дугаар байрнуудын орчимд нийтийн эзэмшлийн газар, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 103 ширхэг төмөр гарааш, чингэлгүүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлсүгэй, уг газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газрын алба, 4 дүгээр хорооны Засаг дарга нарт даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

   Тодруулбал, маргаан бүхий дээрх Засаг даргын захирамжийн агуулга нь “газар чөлөөлөх, уг ажлыг гүйцэтгэх”-тэй холбоотой захиргааны шийдвэрийг гүйцэтгэхийг өөрийн харьяа Газрын албанд болон хорооны Засаг даргад даалгасан захиргааны шийдвэр байна.

   Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ” гэж заасанд хамаарах захиргааны акт юм.

   Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн “...Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан бөгөөд хариуцагчаас дээрх хуулийн дагуу зохих зөвшөөрөлгүйгээр байршуулсан төмөр чингэлгийг албадан нүүлгэж, газар чөлөөлсөн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

   Зүй нь шүүх, маргаан бүхий акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамж, захиргааны шийдвэр гүйцэтгэх актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болох, мөн энэхүү захиргааны шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг биелүүлсэн, хэрэгжүүлсэн дүүргийн Газрын алба, 4 дүгээр хорооны Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхийг тодруулах замаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.

   Учир нь нэхэмжлэгч нь “уг захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дайчлан хурааж авсан 12,918,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах” гэж нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлон гаргаснаас үзвэл, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

   Иймд анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулан, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

   1. Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн үү, эсхүл захиргааны шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учирсан уу гэдгийн аль нь болохыг тодруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, хариуцагчийг зөв тодорхойлох,

   2. Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамжаар “дүүргийн 4 хороо, орон сууцны 2А, 3А дугаар байрнуудын орчимд нийтийн эзэмшлийн газар, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 103 ширхэг төмөр гарааш, чингэлгүүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх” гэж чөлөөлөх газар нутгийн талбайг тодорхойлсон байгаагаас үзвэл захиргааны шийдвэр гүйцэтгэх нутаг дэвсгэрийн хамрах хүрээг тодорхойлох нь зүйтэй.

   Дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэлийн нутаг дэвсгэрийн хамрах хүрээг зөв тодорхойлсноор нэхэмжлэгчийн чөлөөлөгдсөн гарааш нь захиргааны шийдвэрийн гүйцэтгэх нутагт дэвсгэрт хамаарч байсан эсэх нь тодорхой болох бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаар байна.

   3. Захиргааны шийдвэрийг гүйцэтгэхдээ ямар хууль, журам нийцүүлэн явуулж, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй байрлуулсан гараашийг дүүргийн Газрын алба, 4 дүгээр хорооны Засаг дарга нар чөлөөлсөн эсэх,

   Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамж буюу захиргааны шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 82-91 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн Газрын алба, 4 дүгээр хорооны Засаг дарга нар явуулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Учир нь зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн тохиолдолд Засаг дарга, Газрын алба уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч, улмаар мэдэгдэлд заасан хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөөгүй бол уг газрыг албадан чөлөөлөх юм. Мэдэгдэл заасан зөрчлийг арилгах хугацааг тодорхой зааж, шаардах хуудсыг хүргүүлэх бөгөөд уг хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх дараалалтай.

   Тиймээс Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэх хугацааг захиргааны байгууллага хэрхэн баримталсан болохыг тодруулах нь ач холбогдол бүхий байж болохоор байна.

   Мөн нэхэмжлэгчийн захиргааны үйл ажиллагаанаас учирсан хохирол гаргуулахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн гараашид байсан гэх эд хөрөнгөнөөс ямар ямар эд хөрөнгөө хүлээж авсан, одоо уг гараашид байсан эд хөрөнгөнөөс ямар эд хөрөнгө дутуу гэж хохирол шаардаж байгаа болон хохирлын үнийн дүнгийн хэмжээ хэд болохыг шүүх нэг мөр тодруулах нь зүйтэй.

   Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, хариуцагчийг зөв тодорхойлолгүй, маргаж буй үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

   Дээр дурдсан ажиллагааг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0353 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР