Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0547/З |
Дугаар | 225 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 225
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-012991 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0620 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Быг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0620 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-012991 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардан авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн мөн чанарыг ойлгохгүйгээр буруу нөхцөлийг үнэлж, буруу хуулийн заалтад дүгнэлт өгч, баримтлах ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэг талыг баримтлан, хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Үүнд,
5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэр нь /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар хуудасны дээрээс 5 дахь догол мөр/ тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа үйлдэл биш юм. Энэ бол дуусгавар болгох үйл ажиллагаа буюу харилцаа юм. Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар "Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа" зөвлөмжид заасны дагуу тухайн маргааны харилцааг тодорхойлох нь нэн тэргүүний асуудал юм.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар хуудасны 5 дахь догол мөрнөөс 4 дүгээр хуудасны 2 дахь догол мөр хүртэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн талаар, түүнийг төлөх цаг хугацаа, алдангийн талаар дүгнэлт хийсэн байна. Маргаан бүхий захиргааны актаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох харилцаа буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндсэн харилцааг үндэслэн акт гаргасан байна. Харин акт гаргах цаг хугацаанд тухайн тусгай зөвшөөрлийг эрхийг хадгалах нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоох ёстой /буюу Ашигт малтмалын тухай хуулийн 7, 31-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг дүгнэх ёстой/ атал мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан харилцааг хамруулан, хамтатгаж дүгнэж байгаа нь буруу юм. Энэхүү маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 7 ба 31 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрэн хэмжээгээр хангагдсан байсан юм.
7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэр нь /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр хуудасны дээрээс 7 дахь догол мөрд/Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1- т "53.1.1 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" тохиолдолд тусгай зөвшөөрлийг дуусгавар болохоор ... цуцлах үндэслэл бүрдэхээр заажээ” гэжээ.
8. Маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр юм. Тэгвэл нэхэмжлэгч маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлэн өгсөн байна. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2 өөр аргаар дуусгавар болдог юм. Хэрэв хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгуулах өргөдлөө гаргаагүй бол тухай тусгай зөвшөөрөл нь анх олгогдсон огнооноос эхлэн 3 жилийн хугацаа өнгөрснөөр Төрийн захиргааны байгууллагаас ямарваа нэгэн шийдвэр гаргахгүйгээр тухайн хугацаа өнгөрснөөр дуусгавар болж бүртгэлд тэмдэглэгээ хийх замаар. Нөгөөх нь хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгуулах өргөдөл гаргаж төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянаж үзсэний дараа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 7, 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан эсэхийг хянасны үндсэн дээр сунгуулахаас татгалзана.
9. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө 1 сарын өмнө өгсөн, эсхүл 1 хоногийн өмнө өгсөнөөс сунгуулах өргөдлийг татгалзах хуулийн санкц /үр дагаварын асуудлыг/ зохицуулагдаагүй юм. Гол шаардлага нөхцөл нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдлөө гаргах юм. Тэгвэл нэхэмжлэгч хуульд заасан үндсэн шаардлагаа биелүүлсэн буюу хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдлөө гаргасан, харин Төрийн захиргааны байгууллага тухайн үед сунгуулах өргөдлийг хугацаа өнгөрсөн тул авахгүй байх ёстой байсан юм. Энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
10. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг заасан болно. Сунгуулах өргөдлийг нэгэнт захиргааны байгууллага авсан тохиолдолд 2 төрлийн шийдвэрийг гаргахаар хуульчилсан байна. 1-т, тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийх. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт. 2-т, Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйл, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд сунгахаас татгалзах.
11. Тэгвэл хариуцагч энэхүү маргаан бүхий захиргааны актыг 207 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан байсан. 31 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хоцорсон эсэхээс үл хамааран төлсөн эсэхийг тогтоох. Тэгвэл уг тусгай зөвшөөрлийн төлбөр нь маргаан бүхий асуудлаас болж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрийн захиргааны байгууллагын дансанд орж ирсэн байна.
12. Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлалаар сунгуулахад хугацаандаа төлсөн эсэх асуудлыг сунгалт хийх үйл явцтай холбож үздэггүй гол шалтгаан нь сунгуулах материал гаргах нь дан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай хамааралгүй байдагтай холбоотой юм. Харин ээлжит жилийн төлбөрийг төлөх, түүнээс үүсэх үр дагаварын асуудлыг тусгайлсан зохицуулсан хуулийн зохицуулалтыг хуульд оруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан юм.
13. Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлд хариуцлага тооцож хугацаа хэтэрсэн хоног тутам алданги /буюу иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох/ тооцож нэгдсэн дүнг бодож нэхэмжлэгчээс төлүүлсэн байна. Хэрэв хугацаа хэтэрсэн бол ийнхүү хуульд заасан хариуцлага тооцох /нэг зөрчилд шийтгэлийг давхардуулахгүй гэсэн үндсэн зарчмыг/ баримтлан тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн алданги төлүүлэхгүйгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүлээн авахгүй байх, ямар үнийн дүнтэй тэнцэх хэмжээний алданги төлөхийг бодож өгөхгүй байх үүргийг төрийн захиргааны байгууллага зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй зөрчилд алданги тооцож төлүүлчихээд дараа нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийг сунгуулах өргөдөлтэй холбож татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна.
14. Иймд Төрийн захиргааны байгууллага уг асуудлыг хольж сунгуулах өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийн буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан харилцааг хамааруулан барьсан нь хууль зүйн үндэслэлгүй байгааг шүүх харгалзан үзээгүй, буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг алдаатай гаргахад хүргэсэн байна. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалд мөн түүнчлэн Өмгөөлөгч Б.Баттулын гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ “Захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсон ажиллагаа хийгээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар ...байна” гэсэн юм. Үүнийг давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох, мэдэгдэх ажиллагаа” явуулаагүй гэх боловч сонсох ажиллагаа явуулсаны үр дүнд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон бодит нөхцөл байдлыг үгүйсгэх ач холбогдол бүхий үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
15. Хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрөө төлчихсөн байсныг нотлох боломж байсан” гэх боловч хэрэгт авагдсан Хаан банкны 2018 оны 29/11108 дугаар албан бичгээр” 5003687662 тоот данснаас 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сан руу гүйлгээ хийгдээгүй” гэх” тайлбарыг үндэслэсэн байна. Шүүхээс Хаан банк дээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тушаасан баримт хавтас хэрэгт нотлох баримтын хэмжээнд авагдсан байхад уг баримт нь нэхэмжлэгч тушаасан өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлээд банк дээр хуульд заасан хугацаанд нь шилжүүлэг хийх үйлдлээ үйлдсэн байж болох бөгөөд маргаан бүхий дансны зөрүүнээс болж данснаас нь мөнгө татан авалт хийгээгүй байж болох боломжтой. Дансны зөрүүг арилгасны үндсэн дээр шилжүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гүйлгээ хийгдсэн байж болох боломжтой юм. Учир нь банкнаас “... төрийн сангийн дансыг 12 оронтой болгосон боловч ...” гэсэн тайлбар хийгдэж байгаа нь банк дахь дансны өөрчлөлт орсон байгааг нотолж байна. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгчийн үйлдлээс бус банкны үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөр саатсан байх магадлал их байна. Үүний Захиргааны хэргийн шүүх банк дээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн баримтанд үзлэг хийх замаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг тогтоох боломжтой байсан юм. Ийнхүү хуулиар олгосон эрх, нотлох баримтын үнэн зөвийг тогтоох үүргээ шүүхээс зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж дахин нэхэмжлэгчийг буруутгах нь хуульд нийцэхгүй болно.
16. Хэрэгт авагдсан нотлох баримт Ашигт малтмал, газрын тосны газар нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэр гаргахад манай байгууллагын зүгээс /өөрийн зүгээс/ шаардлагатай хуульд заасан бүх нөхцөлийг бүрдүүлсэн байхад Захиргааны байгууллагаас илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулиар зохицуулаагүй эрх хэмжээ эдэлж сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй байхад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэдэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцөлийг оруулж ирж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь илт хууль бус байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0620 дугаар шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын ХҮ-012991 тоот тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
17. Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
18. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-т заасныг баримтлан, “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй, мөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ХҮ-012991 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
19. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг, холбогдох баримт бичиг /22.1.1-22.1.4-т заасан/-ийг хавсарган төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан бол, 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заасан.
20. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Т” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2320 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Баянцогт” нэртэй газарт орших 2743 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-012991 дүгээр тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд тус хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар сунгажээ.
21. Гэвч нэхэмжлэгч нь хуульд зааснаар, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг, хуульд заасан хавсаргах баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байтал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, хугацаа дуусгавар болсны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үндэслэл болохгүй тул хариуцагчаас “Т” ХХК-ийн ХҮ-012991 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
22. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий актын өөр нэг үндэслэлийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн тухайд, тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан боловч энэ хугацаанд төлөөгүй, түүнчлэн хуульд зааснаар алдангийн хамт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлөх боломжтой байсан боловч мөн төлөөгүй, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасантай нийцээгүй, мөн зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасныг маргаан бүхий акт зөрчөөгүй байна.
23. Нэхэмжлэгчээс “...хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хаан банканд гүйлгээ хийсэн. ...банкны үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөр саатсан байх магадлалтай...” гэж маргах боловч хэрэгт авагдсан Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 29/11108 тоот, Сангийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12-2/7298 тоот албан бичгүүд, дансны хуулга зэрэг баримтуудаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй болох нь мөн тогтоогджээ.
24. Түүнчлэн, хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч буруу хаягаар явуулсанаас шалтгаалж нэхэмжлэгчид захиргааны актын талаар мэдэгдээгүй болох нь тогтоогдсон, гэвч энэ шалтгаанаар маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
25. Иймд маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-012991 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хуульд нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0620 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА