| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0067/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 28.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 472
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дүгээр зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт М-н Т-д холбогдох 201726010814 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Т нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний харъяа барилгын цэргийн 017 дугаар ангид 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө харуулын үүрэг гүйцэтгэх үедээ тус ангид хугацаат цэргийн алба хаагч Х.Э-г ээлжийн харуулд гаргахаар сэрээхдээ сэрсэнгүй гэх шалтгаанаар түүний баруун нүд тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Т нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний харъяа барилгын цэргийн 017 дугаар ангид 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө харуулын үүрэг гүйцэтгэх үедээ тус ангид хугацаат цэргийн алба хаагч Х.Э-г ээлжийн харуулд гаргахаар сэрээхдээ сэрсэнгүй гэх шалтгаанаар түүний баруун нүд тус газар цохьж хүч хэрэглэсэн, мөн түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /1х, хх-3-4/,
- хохирогч Х.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим харуулын ээлжийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд байлдагч Т нь суугаа ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд би энэ үед нөгөө харуулын өрөөнд 2 давхарын оронд унтаж байхад Т намайг харуулын цэг рүү гаргахаар сэрээсэн. Эхлээд сэрээхэд нь би “за бослоо” гэж хэлсэн. Дахин Т намайг сэрээсэн бөгөөд би энэ үед нойроо харамлаад ямар нэгэн хариу үйлдэл хийсэн юм шиг байна лээ. Гэтэл Т миний баруун нүд рүү гараараа гал бутартал цохисон. Тухайн үед би юм харахгүй, өвдөөд сэрсэн. Тэгээд харуулын цэг рүү үүрэг гүйцэтгэхээр гарсан...Нүдний эмч миний нүдийг үзээд “баруун нүд чинь -7,25-тай, 80 хувийн харах чадвараа алдсан байна, яаралтай арга хэмжээ ав” гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-19-20/,
- гэрч Э. Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа 07 цаг 55 минутад ирээд харуулын байранд орсон. Харуулын дарга ахлах ахлагч М надад урд шөнө болсон үйл явцын талаар илтгэсэн. Тэр үедээ “шөнө манай 2 байлдагч хоорондоо муудалцаад нэгнийхээ нүдийг цохичихсон” гэсэн. Тэгэхээр нь “юу болсон юм бэ” гэхэд “суугаа ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан байлдагч харуулын амраа ээлжийг сэрээх комманд өгсөн, амраа ээлжийн 3 байлдагчаас 2-нь сэрээд коммандаар боссон, энэ үед амраа ээлжийн харуулын байлдагч Э коммандыг биелүүлэхгүй нөмөрч унтаж байсан скачераа толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байсан” гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-20-21/
- гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс “Зэвсэгт Хүчний” 017-р ангийн батальоны захирагчаар ажиллаж байна. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өглөө анги дээр ирэхэд харуулын дарга ахлах ахлагч М “урд шөнө 02 цагийн үед байлдагч Т байлдагч Э-н нүд рүү нь цохисон” байна гэж хэлээд тэр хоёрыг дагуулж ирсэн ба тухайн үед харахад Э-н баруун нүд нь улайсан, нүдний доод тал нь буюу зовхины хэсэг нь хөхөрсөн байсан. Би Т-гээс яагаад ингэсэн юм гэхэд харуулын дарга амраа ээлжийг босго цаг нь болсон байна гэж байлдагч Т-д хэлсний дагуу амраа ээлжийн харуулын байлдагчдаас Э-г сэрээх болоод бос комманд өгсөн боловч босохгүй байсан, дахиж сэрээх гэхэд нь сэрэхгүй байхаар нь скачерийг нь татаад босооч ээ гэхэд нь ямар ядаргаатай юм бэ гээд өөдөөс нь гараараа Тгийн нүд рүү чичсэн юм шиг байна лээ, тэгэхэд нь Т яаж байна аа гээд цохитол нүдэн тус газар нь оносон юм шиг байна лээ, гэж тэр 2 байлдагч надад хэлсэн...Т үүргийн дагуу сэрээх комманд өгсөн байсан...гэх мэдүүлэг /1х, хх-22/,
- гэрч Б. М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс Зэвсэгт хүчний 017-р ангид Ротын техникчийн ахлагч гэсэн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 2017 оны 03 дугаар сарын 28-ны хооронд ангийн харуулын даргаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон. Тухайн өдөр байлдагч Э надтай нэг ээлжинд таарсан ба үүрэг гүйцэтгэж байхад 01 цаг 50 минут хүртэл асуудал зөрчилгүй байсан. Харуулын дарга нь өдөр 2 цаг шөнө 2 цаг амардаг ба амрах хугацаандаа харуулын манаа халагч цэрэг буюу түрүүч цолтой хугацаат цэргийн албан хаагч нь миний ажлыг орлон гүйцэтгэдэг. Би шөнө 01 цаг өнгөрөөгөөд амрах гээд хэвтсэн ба байлдагч Э-н доод талын орон дээр амрахаар хэвтээд утсаараа дуу сонсоод байж байсан ба тухайн үед суугаа ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийг амарч байгаа цэргээ сэрээгээрэй гэж Т-д хэлсэн...Т очоод Э-г сэрээх гээд байх шиг байсан ба би доод орон дээр нь байсан болохоор чагнаад байхад Т амраа ээлжийн цэргийг сэрээд сэрээд босоорой гээд сэрээж байсан би амрах ёстой байсан болохоор амардаг юм уу гээд байж байтал байлдагч Т амраа ээлжийн харуул Э-г сэрээх гэсэн чинь сэрэхгүй за за байж бай жоохон байж бай гээд байсан. Тэгээд тэрнээс хойш 5 минут орчим болсон байх Т дахин Э дээр очоод Э босооч ээ гээд орны бүтээлгийг нь сөхөх шиг болсон би зүүрмэглээд байж байтал Т яая харуулын дарга аа энэ чинь намайг цохичихлоо ш дээ гээд доошоо суух шиг болсон. Тэгэхэд нь би юу болоод байгаа юм босоцгоо...гэхэд Э энэ намайг цохисон гэхэд Т өөдөөс нь чи эхэлж намайг цохио биз дээ гэж хэлсэн...Харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг буюу цагийн манаач нь хэзээ ч өөрөө очиж дараагийн ээлжээ сэрээхгүй харин харуулын байранд үүрэг гүйцэтгэж байгаа амраа ээлжийн харуулыг харуулд гаргахын тулд харуулын дарга эсвэл манаа халагч, эсүл суугаа ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүн /2-3 албан хаагч/ -с аль нэг нь сэрээдэг...гэх мэдүүлэг /1х, хх-23/’
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4925 дугаартай шинжээчийн:... Х.Э-н биед баруун нүдний хүүхэн харааны томрол, салстын цус харвалт, шар толбоны хаван, шилэнцэрийн бүдэгшил, баруун нүдний хараа бууралт 0.1 гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 25% алдагдуулна. Дээрхи гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1х, хх-37/
- шинжээч эмч Н.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Х.Э-н биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаг хугацааны хувьд уг гэмтлийг хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хэрвээ тухайн цаг хугацаанд буюу хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдвэл уг гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Энэ гэмтэл нь цаг хугацаа өнгөрч удахад ямар гэмтэл учрахыг урьдчилан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг нүдний нарийн мэргэжлийн эмч онош тогтоох ёстой болохоос цэргийн ангийн эмч нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөгөө өгөх ёстой...гэх мэдүүлэг /1х, хх-157-158/,
- иргэний хариуцагч У.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би энэ асуудлыг хэрэг гарсан өдрөөс хойш хэд хоногийн дараа мэдсэн. Манай ангийн штабын дарга дэд хурандаа М.Б надад мэдэгдсэн. Тухайн зодуулсан байлдагч эмнэлэгт үзүүлсэн гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-30-31/
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-6-9/
- яллагдагчаар М.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хотод байх барилгын цэргийн 017 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуваарийн дагуу харуул хоногийн манаанд үүрэг гүйцэтгэхээр болсон. Тухайн үед харуулын дарга ахлах ахлагч М, мөн манай салааны байлдагч Х.Э нарын хамтаар харуулд гарч байсан. 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд байлдагч Э амраа ээлжинд байсан би суугаа ээлжинд байж байгаад амраа ээлжийг сэрээхээр нөгөө өрөөнд ороод байлдагч Э-г нэг удаа сэрээхээр хажууд нь очиж “сэрээд сэрээд“ команд өгсөн. Гэвч Э энэ командаар босоогүй, хэсэг хугацааны дараа Э-г дахин сэрээхээр очиж “сэрээд сэрээд, дуусгаад бос” гэсэн Э уурлаад ямар ядаргаатай юм бэ гэсэн ба хэсэг хугацааны дараа дахин очиж “сэрээд сэрээд дуусгаад бос” гэж дахин комманд өгсөн боловч Э босоогүй. Тэгэхээр нь нөмөрч байсан скачерийг нь сөхөж цэг рүү гарах цаг болчихлоо гэж хэлсэн. Гэтэл Э ядаргаатай юм бэ гэж уурлан баруун гараараа миний зүүн нүдэн тус газар цохисон ба би буцааж хариу үйлдэл хийж Э-н баруун нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Э энэ үед уурлан босож чамайг ална даа гэж заналхийлсэн. Э-н доор хэвтэж байсан харуулын дарга ахлах ахлагч М юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Би даргад Э намайг цохичихлоо гэж хэлсэн ба дарга босч ирэн Э-г чи цэг рүүгээ гарахгүй юм уу гэж хэлсэн. Э уурлан цэг рүүгээ гарсан...Тухайн үед манаа халагч дэд түрүүч Эгийн үүрэг болгосны дагуу би амраа харуулыг сэрээх ёстой байсан...гэх мэдүүлэг /1х, хх-46-48/,
- “Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн” Барилга угсралт засварын батальоны захирагчийн ажлын байрны тодорхойлолт /1х, хх-66-67/
- “Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн” 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/99 дугаартай “Цэрэг хүлээн авах ажлыг зохион байгуулах, данс бүртгэлд авах тухай” захирагчийн тушаал /1х, хх-77-78/
- Цэргийн хүрээний харуулын албаны дүрэм, журам /1х, хх-80-84/
- “Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн” 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/66 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирагчийн тушаал /1х, хх-169/
- Цэргийн дотоод албаны дүрэм /1х, хх-216-223/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч М.Т-г бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн нийлмэл гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
2002 оны Эрүүгийн хуулийн “цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-т хэлбэрийн үйлдлээс гадна тухайн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон нэг дор хуульчилсан, харин 2015 оны Эрүүгийн хуулиар салгаж буюу нийлмэл гэмт хэрэгт тооцсон, харин гэмт үйдлийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг огт гэмт хэрэгт тооцохгүйгээр Эрүүгийн хуулийн үйлчлэлийн гадна орхигдуулах ёсгүй тул шүүгдэгч М.Т-г нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Т-гийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө үйлдсэн тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар хүндэвтэр ангиллын гэмт хэргээс гадна тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан, харин 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэргээс гадна хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч нь бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид хүч хэрэглэсэн нь “цэргийн албаны дүрмүүд”-ийг хэрхэн зөрчсөнтэй холбогдох болон уг хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид заасан зарим асуудлыг иж бүрэн нягтлаагүй, дүгнээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5 сая төгрөг нэхэмжилсэн /1х, х-18/ байх боловч хууль ёсны нотлох баримтын шаардлага хангасан /1х, хх-139-141, 170-172, 195-197/, /2х, хх25-26/ нийт хохирол 3.418.400 төгрөг, үүнээс шүүгдэгч 1.500.000 төгрөг /хх-198/ төлсөн, 1.918.400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Хохирлыг эхний ээлжинд иргэний хариуцагчаас гаргуулах тухай хохирогчийн өмгөөлөгчийн саналыг сонгож шийдвэрлэв. Учир нь: Шүүгдэгч нь цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байх үедээ буюу Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.5-д зааснаар “цэргийн жинхэнэ албан хаагч” байхдаа бусдад гэм хор учруулсан байх тул хохирлын 1.918.400 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний харъяа Барилгын цэргийн 017 дугаар ангиас 3 сарын хугацаанд гаргуулан хохирогч Х.Эд олгохоор шийдвэрлэж, харин иргэний хариуцагч нь шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хохирогч Х.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Т-гийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил байх ба уг 1 жилийн хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар тоолоход дууссан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг тус бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т-г бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, түүнд холбогдох тухайн гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний харъяа Барилгын цэргийн 017 дугаар ангиас 1.918.400 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулан хохирогч Х.Э-д олгосугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хариуцагч Зэвсэгт хүчний харъяа Барилгын цэргийн 017 дугаар анги нь хохирогчид төлсөн төлбөрийг шүүгдэгчээс, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.