Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

Ж.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.А-т холбогдох эрүүгийн 2513000000093 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, Ж.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ** хүнтэй, ***** хамт ************ оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.А-, Регистрийн /РД:*************/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч Ж.А- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд өөрийн эзэмшлийн **** БӨН улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл жолоодон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар /Партизан/ багт байрлах гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.1 дэх хэсгийг тус тус зөрчин, эсрэг урсгал руу орж, улмаар өөдөөс ирж яваа мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас тухайн мотоциклийн жолооч Б.Ү-ий амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар яллах дүгнэлтээр Ж.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх  заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.      

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны   6 дугаар сарын 09-ний  өдрийн  2025/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сар  зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар  зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүгдэгч Ж.А- нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн эзэмшлийн ****БӨН улсын дугаартай "Тоёота Ист" загварын тээврийн хэрэгслийг жолоодон өөдөөс ирж яваа мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн мотоциклийн жолооч Б.Ү-ий амь насыг хохироосон, зам тээврийн осол гаргасны дараа осол болсон газрыг орхиж зугтсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс удаа дараа уучлалт хүсэж, 15,000,000 төгрөгийг хохиролд тооцуулахаар өгсөн бөгөөд үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулахыг илэрхийлж, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн юм.

5.2 Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийг 10 жилээр хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасанд нийцээгүй гэж үзэж байна.

5.3. Ж.А- нь анх удаа Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт хүссэн, хохирол хор уршгийг арилгахын тулд бусдаас зээл авч оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд тооцож 15 сая төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад нь туслалцаа дэмжлэг яллагдагчаар татсан тогтоолыг шууд хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

5.4. Шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг гэм буруугийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгдэх гэмт хэрэг юм. Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэртэй байна. Ж.А- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бөгөөд хөнгөмсгөөр найдсан хэлбэртэй байсан.Гэтэл анхан шатны шүүхээс болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулсан нь хуульд нийцээгүй.

5.5. Шүүгдэгч Ж.А- нь тээврийн хэрэгсэл жолоодон, гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуу байсны улмаас  зүйчлэл нь өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчлэгдэх болсон. Анхан шатны шүүхээс Ж.А-ийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг түүний хувийн байдалд хамааруулан авч үзээд түүнд хүнд ял шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж  үзэж байна. Ж.А- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдал нь түүний хувьд холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн авч үзэх үндэслэл болсон байхад дахин тухайн үндэслэлийг дурдан хүндрүүлэн хүнд ял оногдуулж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2.-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасанд шүүхийн дүгнэлт нийцээгүй.

5.6. Жолоочийн цусны найрлагад байгаа спиртийн хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг ба жолоочийн согтуурлын хэмжээг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үндэслэл болгох байсан бол шүүгдэгчийн хэр хэмжээтэй согтуу байсанд дүгнэлт хийх байсан. Ж.А-ийн цуснаас авсан шинжилгээгээр 0.6 промиль (%) спиртийн агууламж илэрсэн нь ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно" гэж заасны дагуу хөнгөн зэргийн согтолттой байсан.

5.7. 5,647,000 төгрөгийг талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэж, Ж.А-ээс гаргуулан шийдвэрлэсэн байх ба нотлох баримтгүй, хийсвэрээр хохирол гаргуулан шийдвэрлэсэн. Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-аас амь хохирогч Б.Ү-ий амьд ахуйдаа нэр бүхий иргэдээс зээлж авсан мөнгө, хүнсний бүтээгдэхүүний үнэ, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийг төлүүлэхээр нэхэмжилснийг гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгч Ж.А-ээс 6,517,900 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль ёсны зарчимд нийцээгүй тул зөвшөөрөхгүй байна.

            5.8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ХОВ0825/0561 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Б.Ү-ий хууль ёсны төлөөлөгч Х.Н-д сэтгэцэд учирсан хор уршгийг "Дөрөвдүгээр" зэрэглэлд хамааруулан тогтоосон. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан "Дөрөвдүгээр" зэрэглэлд хамаарах хохирлыг тооцож гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу 15-30%-аар бодож олгохоор тогтоосон. Шүүх сэтгэл санааны хохирлыг тогтоохдоо шүүгдэгчийн хөрөнгийн байдал, түүний ар гэр, бага насны 3 хүүхэд, орон байргүй, ажилгүй эхнэрийн байдал, орлого зэргийг огт харгалзахгүйгээр дээд хэмжээгээр буюу 45 дахин нэмэгдүүлж тогтоож байгаа нь шударга бус байна.

5.9. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны дараа өөрийн гэсэн хөрөнгөө худалдан борлуулж тодорхой хэмжээний хохиролд зориулж мөнгө цуглуулсан ба шүүхээс гаргуулах бодит хохирол болон сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгөх болно.

5.10. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.А-т оногдуулсан хорих ялын хэмжээг 2 жил болгон багасгаж, сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлыг багасгаж өгнө үү.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шийдвэрийг зөвшөөрч байгаа боловч  шүүгдэгч Ж.А-т хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна.

6.3. Учир нь шүүгдэгч Ж.А- нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхад тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж явсан, талийгаач Б.Ү-д цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болгосон, талийгаачийн ар гэрээс уучлалт гуйгаагүй, талийгаачийн эхнэр нь сэтгэл санааны гүн хямралд автсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл сайн дураар төлөөгүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байна.

6.4. Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоос үлдсэн 26,838,400 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.А-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ж.А-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч талд 39,841,300 төгрөг учирсан нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

6.5. Иймээс анхан шатны шүүх уг 39,842,300 төгрөгийн хохирлоос  шүүгдэгч сайн дураар төлсөн 15,000,000 төгрөгийг хасаад үлдсэн 24,842,300 төгрөгийг шүүгдэгч Ж.А-ээс гаргуулаагүй явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

6.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 2025/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд: 

7.1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирлын хэмжээг багасгах тухай асуудлыг ярьж байна.  Миний хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрийн байдлыг бас харах ёстой гэж үзэж байна. Одоо бид нар энэ хүний ямар байдалтай байгааг харж байгаа, бага насны 5 хүүхэдтэй, өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Эдгээр нөхцөл байдлыг анхан  шатны шүүх харгалзан үзсэн. Хэрвээ шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж байвал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ч гэсэн ар гэрийн байдлыг харгалзах үзэх нь зүйтэй байна.

7.2. Гэмт хэрэг гарах болсон шалтгааны хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд амь хохирогчийг хамгаалалтын малгай өмсөөгүй, улсын дугааргүй, тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан гэж байгаа боловч зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж гарсан. Энэ гол нөхцөл байдал гэдгийг хэлье. Магадгүй, тухайн зам тээврийн осол гарсны дараа тэр даруй шүүгдэгчийн зүгээс анхан шатны тусламж үзүүлсэн байсан бол  хохирогчийн амь нас аврагдах байсныг үгүйсгэхгүй.

7.3. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ч гэсэн хамаарч байна. Зам тээврийн осол гарсны дараа хэргийн газраас зугтсан.  Улмаар мөрдөн шалгах ажиллагаа түргэн, шуурхай явуулсны үндсэн дээр шүүгдэгчийг байгаа газраас олж авч,  мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн.

7.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч холимог буюу санаатай гэмт хэргийн шинжийн талаар яриад байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг шүүгдэгчийн хувьд мэдэж байсан. Энэ үйлдэл нь санаатай үйлдэл юм.  Мөн хэргийн газраас үзлэг болон бусад нотлох баримтуудаар зам тээврийн осол гарангуут хэргийн газраас зугтсан үйлдэл нь санаатай үйлдэл юм. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж, үйлдсэн гэмт хэрэг хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд ялын төрөл хэмжээ нь тохирсон. 

7.5. Хохирол, хор уршигтай холбоотой зээл, мөн ажил явдалд зориулж нэг тооны мал гаргасан асуудал нь үндэслэлгүй гэдэг асуудлыг ярьж байна. Казак ард түмний оршуулгын зардал нэг адуу гаргадаг, гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн амь хохирогч өнөөдөр эрүүл саруул байсан бол түүнтэй холбоотой өр зээлийг төлж, барагдуулах байсан. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн оролцогч нарын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып болон хохирогч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Шүүгдэгч Ж.А- нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн эзэмшлийн ****БӨН улсын дугаартай “Тоёота ист” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар /Партизан/ багт байрлах гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалаар зорчиж, улмаар өөдөөс ирж яваа мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн мотоциклийн жолооч Б.Ү-ий амь насыг хохироож, мөн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.  

 

11. Шүүгдэгч Ж.А-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч уг үйлдлийн улмаас нэг хүний амь насыг хохироосон болгоомжгүй үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар, мөн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан санаатай үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь арван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, мөн түүнд оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, тэдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцсэн, хууль ёсны хийгээд шударга ёсны зарчмыг хангасан, ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хуульд зааснаар тал бүрээс нь харгалзаж үзсэн байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..” гэх, хохирогч түүний өмгөөлөгчийн “..хөнгөн ял оногдуулсан нь буруу” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлаар шийдвэр гаргахдаа хууль хэрэглээний дараах алдааг гаргасан байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

12.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-аас мөрдөн байцаалтын шатанд нийт 39.003.300  төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, үнэлж дүгнээд 5.647.000 төгрөгийг талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэж Ж.А-ээс гаргуулахаар, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ХОВ0825/0561 дугаартай дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарах хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 дахин нэмэгдүүлж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

12.2. Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-аас амь хохирогч Б.Ү-ий амьд ахуйдаа нэр бүхий иргэдээс зээлж авсан мөнгө, хүнсний бүтээгдэхүүний үнэ, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүд болох амь хохирогч Б.Ү- нь нэр бүхий 15 иргэн, хуулийн этгээд буюу иргэн Б.Ж-ээс хэрэглээний зээлд төлсөн 1.706.500 төгрөг, хэрэглээний лизингийн төлбөр 2.074.200 төгрөг,  иргэн С.Х-гийн “Ай султан” хүнсний дэлгүүрийн төлбөрт төлсөн 265.000 төгрөг, иргэн Б.М-ны “А” хүнсний дэлгүүрт төлсөн 511.000 төгрөг,  иргэн Х.А-ийн “Б” хүнсний дэлгүүрт төлсөн 280.000 төгрөг, иргэн К.С-ны “Д” хүнсний дэлгүүрт төлсөн 67.200 төгрөг, иргэн К.Б-ийн “А” хүнсний дэлгүүрт төлсөн 65.000 төгрөг, иргэн С.Ж-ийн “М” хүнсний дэлгүүрт төлсөн 42.500 төгрөг, иргэн Б.Б-ийн “Б” хүнсний дэлгүүрт төлсөн 51.000 төгрөг, иргэн М.Н-ийн “И” хүнсний дэлгүүрт төлсөн 86.000 төгрөг, иргэн А.К-ны “З” хүнсний дэлгүүрт төлсөн 68.500 төгрөг,  иргэн Ж.К-ийн “А” хүнсний дэлгүүрт төлсөн 63.000 төгрөг, иргэн Б.М-ны “А” хүнсний дэлгүүрт төлсөн 13.000 төгрөг, иргэн Л.Ж-ийн “Т” дэлгүүрт төлсөн 65.000 төгрөг, иргэн Ж.Ц-ээс идшинд хэрэглэхээр зээлээр худалдан авсан  4 хонь, 2 сэрхний  үнэ 1.160.000 төгрөг, нийт 6.517.900 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт төлүүлэхээр шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, амь хохирогч Б.Ү-ий амьд сэрүүн байхдаа бусадтай дээрх байдлаар хийсэн гэрээ, хэлцэл нь түүнийг нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-ийн дагуу түүнтэй байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул амь хохирогч Б.Ү-ий амьд ахуйдаа нэр бүхий иргэдээс зээлж авсан мөнгө, хүнсний бүтээгдэхүүний үнэ, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүд болон 6,517,900 төгрөгийг шүүгдэгч Ж.А-ээс гаргуулсан нь иргэний хуульд нийцэхгүй. Нөгөө талаар амь хохирогчийн урьд өмнө бусдаас авсан зээл, худалдах-худалдан авах гэрээний үнэ зэрэг нь шүүгдэгчийн хууль бус үйлдэл холбогдолтой шууд хамааралгүй, Ж.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол бус, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт ч тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тодорхой хуульчилжээ.

 

12.3. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд шаардсан нийт 39,003,300 төгрөгөөс 5,647,000 төгрөгийг хангаж, амь хохирогчийн бусдад төлөх өр төлбөр гэх 6,517,900 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 20,347,000 /29,700,000-(15,000,000-5,647,000)/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-д олгож шийдвэрлэсэн тул үлдсэн 26,883,400 /39,003,300-5,647,000-6,517,900/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдлын үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Ж.А- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-д 15,000,000 төгрөг төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд шаардсан нийт 39,003,300 төгрөгөөс 5,647,000 төгрөгийг хангаж, амь хохирогчийн бусдад төлөх өр төлбөр гэх 6,517,900 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 20,347,000 /29,700,000-(15,000,000-5,647,000)/ (хорин сая гурван зуун дөчин долоон мянган) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-д олгож, шүүгдэгчээс 649,256 төгрөг гаргуулж Баян-Өлгий аймаг дахь эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 дансанд төлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр нэхэмжилсэн 838,000 төгрөг, түүний гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд шаардсан нийт 39,003,300 төгрөгөөс 5,647,000 төгрөгийг хангаж,  6,517,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул үлдсэн 26,883,400 /39,003,300-5,647,000-6,517,900/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Ж.А- болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Я.Сьездийн хамтран гаргасан завж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                ж.отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК