| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2026/01532/И |
| Дугаар | 191/ШШ2026/02457 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02457
| 2026 о 02 с 12 ө | Дугаар 191/ШШ2026/02457 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 29-р хороо, Сэлбэ 1-1 тоотод байрлах,******* ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч*******,*******,*******,******* тоотод оршин суух, /рд: /-д холбогдох,
112,535,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай******* ХХК-тай иргэн Э. нь 2024 оны 10 сарын 05-ны өдөр Барилгын туслах материал пум, сапуд түрээслэх гэрээг байгуулсан. Э. манайхаас олгосон барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг 2024 оны 10 сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд удаахгүй төлнө, мөнгө орж ирэхээр өгнө, хөөцөлдөж явна гэх зэргээр удаа дараа худал хэлж, 2024 онд 1517 ширхэг материалын түрээсийн төлбөр 24,546,720 төгрөг, 19 ширхэг материалын засварын акт 340,000 төгрөг, нийт 24,886,720 төгрөг, 2025 онд 1203 материалын түрээсийн төлбөр 48,030,444 төгрөг, 82 ширхэг материалын засварын акт 740,000 төгрөг, 88 ширхэг материал үрэгдүүлж дутаасан акт 6,690,000 төгрөг, тээврийн зардал 900,000 төгрөг, нийт 56,360,444 төгрөг, 2024-2025 онд бүгд 81,247,164 төгрөг, үүнээс байршуулсан барьцаа 5,000,000 төгрөгийг хасч тооцоод түрээсийн тооцоо нийт 76,247,164 төгрөгийг одоо болтол барагдуулахгүй манай компанийг хохироосоор ирлээ. Э. манайхаас олгосон барилгын туслах материалыг ХХК-ий хотхоны барилгын төсөлд туслан гүйцэтгэгчээр ашиглаж байсныг тухайн компанид албан бичгээр мэдэгдэж, 2025 оны 07 сарын 05-ны өдөр манай компани өөрсдийн хүн хүчээр буулган авч, тээвэрлэж, Э.тэй тооцоо нийлсэн акт үйлдэж, 2 талаас гарын үсэг зурсан. Иймд 2024-2025 оны түрээсийн нийт төлбөр 72,577,164 төгрөги, алдангийг гэрээний 4.1 дэх хэсэг, Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь буюу 36,288,582 төгрөг, бүгд 112,535,746 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Э. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд хэлэлцэн тохиролцоод нэхэмжлэгч тал 16,288,582 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 96,247,164 төгрөгийг 2026 оны 03 сарын 01-нээс 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК Э.эд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 76,247,164 төрөг, алдангид 36,288,582 төгрөг, нийт 112,535,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 16,288,582 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2026 оны 03 сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 96,247,164 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Э. нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э. 2026 оны 03 сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 96,247,164 /ерэн зургаан сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч******* ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720,628 төгрөгөөс 360,314 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д буцаан олгож, үлдэх 360,314 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 319,593 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ