Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/0029

 

2025          09           26                                      2025/ДШМ/0029                 

                                                                                                                        

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,

                      шүүгдэгч *******,

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2530001630107 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Баруун-Урт сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* (РД:*******),

 

2.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт урьд дотно харилцаатай байсан ******* уулзах, гар утсаар байнга холбогдон харилцаж байхыг шаардаж, 2025 оны 03 дугаар сарын 02-оос 09-ний өдрүүдийн хооронд “Gerlee Gerlee” гэх фейсбүүк цахим хаягаас ******* “*******” rэх фейсбүүк цахим хаяг руу “нөхөрт чинь бүх үнэнийг чинь хэлнэ, хадмууд руу чинь хэлнэ, чи намайг ингээд болино гэж бодож байна уу, чамайг дуусгана, би дууссан юм чинь чи ч бас дуусна” гэх агуулга бүхий чат бичиж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу ******* нүүр царай гарсан нүцгэн гэрэл зураг зэргийг тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” гэмт хэрэгт холбогджээ.       

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хор, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн ба хохирогч нь хор уршиг нэхэмжлээгүй ба бусдад төлөх төлбөргүй болно. Манайх ам бүл 4, эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Би Улаанбаатар хот, Сүхбаатар аймгийн хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг бөгөөд энэ ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалд орвол гэр бүлээ тэжээх боломжгүй байдалд орох юм. Миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж арилсан, учруулсан хор, уршиг байхгүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж торгох ялын доод хэмжээнд хүртэлх ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          6.Шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

8.Шүүгдэгч ******* урьд дотно харилцаатай байсан ******* уулзах, гар утсаар байнга холбогдон харилцаж байхыг шаардаж, 2025 оны 03 дугаар сарын 02-оос 09-ний өдрүүдэд “Gerlee Gerlee” гэх фейсбүүк цахим хаягаас ******* “*******” rэх фейсбүүк цахим хаяг руу “нөхөрт чинь бүх үнэнийг чинь хэлнэ, хадмууд руу чинь хэлнэ, чи намайг ингээд болино гэж бодож байна уу, чамайг дуусгана, би дууссан юм чинь чи ч бас дуусна” гэх агуулга бүхий чат бичиж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу ******* нүүр царай гарсан нүцгэн гэрэл зураг зэргийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

 

8.1.Яллагдагч *******ын “Би ******* олон жил дотно харилцаатай байсан. манай эхнэрт миний талаар хэлсэн байсан. Тэрнээс нь болоод манай эхнэр гэрээсээ явчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гэртээ байхдаа рүү “Чи манай эхнэрт бүх зүйлийг хэлсэн болохоор би нөхрийн чинь болон хадмуудын чинь мэдээгүй бүгдийг хэлнэ гээд, мөн нотолгоо байхгүй гэвэл зургууд чинь байна” гээд тухайн үед ******* надтай холбоотой бүх зургуудыг нь ******* чат руу явуулсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 76-77 дугаар хуудас),

 

8.2.Хохирогч ******* “Миний бие 2018, 2019 оноос ******* гэх хүнтэй фейсбүүк чатаар анх танилцаж харилцаж эхэлсэн. 2020 оны үед би *******ай уулздаг болсон. Дотно харилцаанд орсон. Би ер нь болохгүй юм байна гэж бодоод харьцаагаа таслах гээд *******ын дуудлагыг авахаа больсон. Тэгтэл ******* над руу “янхан, гичий минь чамайг нөхөрт чинь хэлнэ шүү, харьцаж байсан чатыг чинь явуулна, аймагт байхгүй болгоно, хадмууд руу чинь чатыг чинь явуулчихна шүү” гэх зэргээр дарамталж сүрдүүлдэг байсан. Тэрнээс нь айгаад би ******* гэх хүнтэй харьцаж, эргэж холбоо тогтоож эхэлсэн, буцаад уулздаг болсон. Нэг муудах үедээ миний нүцгэн зураг, ******* өөрийнхөө нууцаар дарсан миний зургуудыг над руу явуулж “нөхөр, хадмууд руу чинь явуулна шүү” гэх зэргээр дарамталдаг болсон. Энэ сүрдүүлгээс нь болж би байнга айдастай байх болсон. *******ын эхнэр Энхцэцэг намайг нөхөртэй нь харьцдаг байсныг 2024 оны 11 сарын сүүлээр мэдсэн. Тэр үед эхнэртэй нь уулзсан, намайг миний нөхрийг тайван орхи гэж хэлж байсан. Би эхнэрт нь “танай нөхөр чинь намайг салъя” гэж хэлэхээр намайг дарамталж надаас салдаггүй гэдгийг нь хэлсэн. Ер нь намайг гэр орондоо байхад хүртэл өдөржингөө фейсбүүкт байгаа байж чат бичсэнгүй, ярьсангүй гэх зэргээр дарамталдаг. *******ын эхнэр нь нөхрийнхөө утаснаас надтай холбогдолтой зураг, чатуудыг хэвлээд авчихсан манай гэрийн гадаа ирээд манай нөхөр Б.Цолмон руу залгаад “эхнэртэй чинь холбоотой зураг чатуудыг үзүүлье” гээд манай гэр лүү орж ирсэн. Манай нөхөр Б.Цолмон нь ******* бид хоёрыг харьцдаг талаар анх мэдсэн. Тэр үедээ нөхөртэйгөө ойлголцоод ярилцаад учраа олсон юм. Тэгтэл ******* өөрийнхөө нээсэн “Gerlee Gerlee” гэх хаягаасаа миний “*******” гэх фейсбүүк чат руу миний нүцгэн авхуулсан зураг, өөрийнхөө нууцаар дарсан зургаа над руу явуулж “нөхөрт чинь бүх үнэн чинь хэлнэ, пизда минь, хадмууд руу чинь хэлнэ, би эхнэрээсээ салсан ямар ч амьдралгүй болсон, чиний миний нэртэй фейсбүүк нээгдсэн одоо энд зургийг чинь тавих л үлдсэн, чи намайг ингээд болино гэж бодож байна уу? Чамайг дуусгана. Би дууссан юм чинь чи ч бас дуусна. Тэр үед би нэг амьсгаа авна” гэх зэргээр  над руу чат бичиж дарамталж байсан. ******* намайг дарамталж, өөрийнхөө эрхшээлд байлгахыг хүсдэг...” гэх мэдүүлэг (Хэргийн 40-41, 44-46 дүгээр хуудас),

 

8.3.Гэрч “Миний бие эхнэр ийг ******* гэх хүнтэй харьцдаг байсныг 2025 оны 03 дугаар сард мэдсэн. *******ын эхнэр нь гэх эмэгтэй над руу утсаар “Та эхнэр, хүүхдээ хаана юу хийж явааг мэдэж байгаа юу?” гэж асуусан. Надад өөрийнхөө утсан дээрээсээ нөхрийнхөө манай эхнэртэй харьцсан чатыг нь надад харуулсан. Тухайн үед би чатыг нь уншаад миний бие маш их балмагдаж, уур хүрсэн. Би эхнэр ээс “Энэ үнэн юм уу?” гэж асуухад “Энэ үнэн. Тэгэхдээ би энэ явдлыг хүсээгүй, намайг дарамталдаг, намайг сүрдүүлэг байсан болохоор би өдий хүрсэн. Тийм учраас би энэ хүний эрхшээлд орж ийм харилцаатай байсан.” гэж хэлсэн. Манай эхнэр надаас уучлалт гуйгаад ахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж би эхнэртэйгээ ойлголцсон байсан. Тэгтэл ******* гэх залуугаас 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш “Gerlee Gerlee” фейсбүүк хаягаас манай эхнэрийн “*******” гэх фейсбүүк хаягийн чат руу нь дарамталж, сүрдүүлсэн чатууд ирэх болсон. Манай бага хүүхдийг хүртэл өөрийнхөө хүүхэд гэж надад хэлж миний сэтгэл санааг үймүүлж байгаа...” гэх мэдүүлэг (Хэргийн 49-50 дугаар хуудас),

 

8.4.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 4-9 дүгээр хуудас),

 

8.5. гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 12-34 дүгээр хуудас) зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

9. *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 80, 83-85, 100-107 дугаар хуудас)

10. Шүүгдэгч *******ын дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэргийн “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь түүний, ойр дотнын хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар  сүрдүүлсэн” гэх шинжийг хангасан байна.

 

“Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах”  гэж бусдаар өөрт ашигтай тодорхой үйлдэл хийлгэх, хийлгэхгүй байх зорилгоор хохирогчийн хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, сүрдүүлэг хэрэглэхийг хэлдэг. Мөн “эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэж заналхийлэгч этгээд өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд хохирогч, эсхүл ойр дотнын хүнд эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг олон нийтэд, эсхүл ач холбогдол бүхий бусад хүмүүст шилжүүлэх, танилцуулах, тараахаар дарамталсныг ойлгох бөгөөд эдгээр баримт, мэдээллийг олж авсан арга нь хэргийн бүрэлдэхүүнд нөлөөлөхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

11. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэж, шүүгдэгчийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

        

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                                    ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН

                                        ШҮҮГЧ                                  Ц.ЭРДЭНЭЗУУ