Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 257

 

   2018       09           10                                                    2018/ШЦТ/257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Э даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алтанзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д-Эт холбогдох эрүүгийн 1821003220239 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1960 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, /РД /, овогт Д-Э.

            Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын баруун талд байрлах “Ши Фэн” ХХК-ийн хашааны гадна Киа Памакс маркийн 12-43 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас С.Мөнх-Энэрэлийн эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алтанзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүүхдээ замын хөдөлгөөнд оруулаагүй, бид нар өөрсдөө тэндээ амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг дэлгүүртэй, манай хадмууд олон жил амьдарч байгаа. Миний охин хашааныхаа гадна зогсож байсан. Би зам дээр ганцааранг нь орхиогүй. Охин маань хашааныхаа гадна машины араар гарах гэж байхад энэ хүн машинтай ухраад миний охины толгойг хашаатай хавчсаны улмаас гавлын ясны хугарал гэмтэл учирч хагалгаанд орсон. Одоо эмчилгээний зардалд 5 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч Э.Сүхбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим ажил дээрээ байж байхад мотоцикл худалдаж авахаар Маяти маркийн машинтай эрэгтэй хүн ирээд машины ачааны хэсгийг хашаа руу харуулж зогссон юм. Ингээд мотоциклоо худалдаж аваад ачаан дээр ачаад хөдөлсөн чинь хашаа мөргөж байгаа чимээ гарсан чинь хүмүүс хашгирахаар  нь юу болчихов гэж бодоод очоод харсан чинь манай охин С.Мөнх-Энэрэл хашаа болон машины арын ачааны дунд цээжин хэсэг болон толгойгоороо хавчуулагдчихсан байсан ба духны гол хэсгээс нь цус гарч өөх нь гарчихсан байсан. Улмаар жолоочийг машинаа урагшаа хөдөлгө гэж хэлээд холдуулаад охиноо аваад шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 475 тоот дүгнэлтийн хэсэгт: "1. С.Мөнх-Энэрэлийн биед духны шарх, баруун зулайн-чамархай хэсгийн хуйхан доорхи цус хуралт, баруун зулай, чамархай ясны хугарал, баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Дээрх гэмтлийн баруун зулай, чамархай ясны хугарал, баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа нь  Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 37/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд: 1. “Явган зорчигч С.Мөнх-Энэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийг зөрчөөгүй байна. Жолооч Д.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Д.Э нь Маяти маркийн 12-43 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ бусдын хөдөлгөөнд, аюул саад учруулахааргүй, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийсэн нь осол гарахад гол шалтгаан болсон гэж үзлээ. 3.  Жолооч Д.Эын жолоодон явсан Маяти маркийн 12-43 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ....” гэх дүгнэлт /хх-ийн 33/

            - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

- Схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13/

- Насанд хүрээгүй хохирогч С.Мөнх-Энэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

   Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын баруун талд байрлах “Ши Фэн” ХХК-ийн хашааны гадна “KIA PAMAX” маркийн 12-43 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар насанд хүрээгүй хохирогч С.Мөнх-Энэрэлийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим “Шүр” захын баруун талд байрлах мотоцикл зардаг газраас өөрийнхөө Маяти Памакс маркийн 12-43 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мотоцикл авахаар очсон юм. Уг газрын зүүн талд байрлах хашаа буюу зогсоол руу ухарч машинаа байрлуулаад... хөдлөх гэсэн чинь... машин арагш ухарч хашаанд тулаад түс хийх чимээ гарч улмаар зогссон юм. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс хүүхэд дайрчихлаа гэж хашгирсан учраас толиндоо харсан чинь нэг залуу хүүхдээ аваад машины хажуугаар шууд зам руу гүйсэн. Тухайн үед би сандарсан байсан учраас машинаа араандаа хийгээд урагш хөдлөх гэсэн чинь ухрах араандаа хийгээд дахин хойш ухарч хашаа мөргөж зогссон. ...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Хүүхдийн эмчилгээний зардалд гарсан хохирлыг өөрийн боломж, бололцоогоор барагдуулж дуусгах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, түүнийг давхар нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алтанзулийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хүүхдээ замын хөдөлгөөнд оруулаагүй, бид нар өөрсдөө тэндээ амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг дэлгүүртэй, манай хадмууд олон жил амьдарч байгаа. Миний охин хашааныхаа гадна зогсож байсан. Би зам дээр ганцааранг нь орхиогүй. Охин маань хашааныхаа гадна машины араар гарах гэж байхад энэ хүн машинтай ухраад миний охины толгойг хашаатай хавчсан ... “ гэх мэдүүлэг, гэрч Э.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим ажил дээрээ байж байхад мотоцикл худалдаж авахаар Маяти маркийн машинтай эрэгтэй хүн ирээд машины ачааны хэсгийг хашаа руу харуулж зогссон юм. Ингээд мотоциклио худалдаж аваад ачаан дээр ачаад хөдөлсөн чинь хашаа мөргөж байгаа чимээ гарсан чинь хүмүүс хашиграхаар  нь юу болчихов гэж бодоод очоод харсан чинь манай охин С.Мөнх-Энэрэл хашаа болон машины арын ачааны дунд цээжин хэсэг болон толгойгоороо хавчуулагдчихсан байсан ба духны гол хэсгээс нь цус гарч өөх нь гарчихсан байсан. Улмаар жолоочийг машины урагшаа хөдөлгө гэж хэлээд холдуулаад охиноо аваад шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 475, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Насанд хүрээгүй хохирогч С.Мөнх-Энэрэлийн биед учирсан хүнд хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч Д.Э-н замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Э-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардалд нийт 5 сая төгрөгийг нэхэмжилж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нийт 2391045 төгрөгийн эмчилгээний зардлын баримт байх ба эдгээр нь нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алтанзулд олгох нь зүйтэй байна. Харин нотлох баримтгүй хагалгааны өрөмний үнэ 300,000 төгрөг болон бусад зардлын баримтаа бүрдүүлсэний дараа иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.

Шүүгдэгч Д.Э нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн эмчилгээний зардлын 2391045 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд нөхөн төлөхийг шүүгдэгчид даалгах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн  дугаартай үнэмлэх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь хохирогчид одоогоор төлбөртэй /гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн/ байх тул түүний эзэмшлээс улсын бүртгэлийн Г-04000406 дугаартай Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16-08 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Б овогт Д-Э-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч Д.Э-ыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Эт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар шүүгдэгч Д.Э-аас гэм хорын хохиролд 2391045 /хоёр сая гурван зуун ерөн нэгэн мянга зөчин тав/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алтанзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хагалгааны өрөмний үнэ 300,000 төгрөг болон бусад зардлын баримтаа бүрдүүлсэний дараа иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас эмчилгээний зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн 2391045 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд нөхөн төлөхийг шүүгдэгчид даалгасугай.  

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс улсын бүртгэлийн Г-06140006 дугаартай Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16-08 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн  дугаартай үнэмлэх  зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР