| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2430001630189 |
| Дугаар | 2025/ДШМ/0032 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/0032
2025 09 26 2025/ДШМ/0032
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Х.Ууганбат,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2430001630189 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.1.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан ахлах арга зүйч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр багийн ******* байранд оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******)
1.2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын монтер мэргэжилтэй, хувиараа авто угаалгын газар ажиллуулдаг, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод түр оршин суух хаягтай, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ******* овогт ******* (РД:),
2.Шүүгдэгч ******* 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч ******* 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний паалан эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар, шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч 600,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, шүүгдэгч *******гээс 1,505,653 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийн зөрүү болох 3,580,000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулан хохирогч *******д олгож, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан согтууруулах ундааны шил 1 ширхэг, 22 см урттай, хар өнгийн бариултай, 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ гэмт хэргийн хохирогч учраас хуульд заасан эрхийнхээ дагуу гомдол, хүсэлт тайлбарыг хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүргүүлж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргажээ гэсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, зөвхөн өөртөө учирсан олон удаагийн гэмтэл шарх хэргийн бодит үнэний талаар мэдүүлсэн хохирогч миний мэдүүлгийг яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй мэдүүлэг гэж үзэж байгаа нь хуулиар тусгайлан олгогдсон хохирогч, шүүгдэгч нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд харшилсан дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Миний бие урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мэргэжлээрээ төрийн байгууллагад ажил хөдөлмөр тасралтгүй эрхэлж байгаа зэрэг хувийн байдал, мөн өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ зүйлчлэлээ хүлээн зөвшөөрсөн, *******н биед учруулсан хөнгөн гэмтлийн улмаас эмчилгээний зардал нэхэмжлэгдээгүй учир төлбөр тооцогдоогүй, хөнгөн гэмтлийн хор уршиг үр дагавар нь хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж, хөдөлмөрлөх чадварт нь нөлөөлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдалд яригдах болохоос бусдад зодуулж хохирогчоор өгсөн мэдүүлгээр эрүүгийн хуулийн хэм хэмжээг адилтган жишиж, гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэж, заавал ял хариуцлага хүлээлгэх талыг баримталж анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд ял хариуцлагыг оногдуулахдаа яллагдагчид ашигтай эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүй байгаад гомдолтой байна...гэжээ.
6.Шүүгдэгч өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон хувийн байдал, эрүүл мэндэд учирсан хор хохирлын хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх өр төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авалгүй, шүүгдэгч “хэрэгт нотлогдоогүй үндэслэлээр гэм буруугийн талаар маргасан ..., хуулиар олгогдсон эрхийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэхүү эрхийн хүрээнд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах, байцаалтын ажиллагаанд саад учруулж төөрөгдүүлэх, хэргийн бодит үнэнийг бүдгэрүүлэх эрхгүй хийгээд мөн хохирогчийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж, “түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулж уг ялаас чөлөөлөх боломжгүй...” гэж дүгнээд эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* нь Эсүхэйд зодуулж эрүүл мэндээр хохирсон учраас түүнд холбогдох хэргийн бодит байдлыг тогтоолгохын тулд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх, прокурорын шатанд шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, удаа дараа зохих журмын дагуу гомдол хүсэлт гаргаж байсан. Ийнхүү хуулиар олгогдсон эрхээ эдэлснийг шүүх “мөрдөн шалгах, байцаалтын ажиллагаанд саад учруулж төөрөгдүүлэх, хэргийн бодит үнэнийг бүдгэрүүлэх” зорилго бүхий үйлдэл мэтээр дүгнэн, хохирогчийн хуулиар олгогдсон эрхээ эдэлснийг буруутган эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг адил харгалзан үзэх үүрэгтэй байтал хэт яллах талыг барин хохирогчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдэлсний төлөө хуулийн боломжоос хязгаарлаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Түүнчлэн “энэ хэргийн шүүгдэгч, хохирогч *******гээс, *******д илүү хохирол учруулсан үндэслэлээр өөрт учирсан болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй нь хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй хийгээд *******д учирсан хохирол, нөхөн төлбөртэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар гаргаагүй байна” гэсэн нь ойлгомжгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах шаардлагыг хангаагүй бөгөөд Эсүхэй өөрт учирсан болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй нь буруутгах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Дээр дурдсан нөхцөлүүдийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд хуульд харшлах, бусдын эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, хохирох нөхцөл байдал үүсэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолын *******д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасан гэжээ.
7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: Хэлэх зүйлгүй гэв.
8.Шүүгдэгч *******н өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцсан. Гомдлын гол үндэслэл нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх агуулгатай гомдол байсан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад тухайн нөхцөлүүд тогтоогдож байгаа талаар хангалттай баримтууд байгаа учраас шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс ямар нэгэн санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг ******* нэхэмжлээгүй учраас хохирол төлөгдөөгүй гэж шүүхээс дүгнэсэн. *******н хувьд сэтгэцэд учирсан хохирлыг цаашид нэхэмжлэхгүй гэсэн байр суурьтай байна, өөр хэлэх зүйлгүй гэв.
9.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэрэг нь 2024 онд үйлдэгдсэн. Үйлдэгдсэн цагаасаа буюу анхан шат, давж заалдах шатны шүүх хуралдаанаар орсон. Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлсэн. Энэхүү шийдвэр дээр ******* болон түүний өмгөөлөгч гомдол гаргасан. Гомдол гаргахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байсныг шүүх хэрэглэсэнгүй гэж тайлбарлаж байна. Мөн ******* гэмт хэрэг үйлдсэн талаараа маргаж, мэтгэлцэж ирсэн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүх заавал хэрэгжүүлэхээр заасан императив хэм хэмжээ биш. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн бодит байдлыг харгалзаад шүүхэд хэрэглэж болох заалт гэсэн байгаа. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын яриад байгаа шиг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэдгийг асуудлыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ярьж болохгүй. Яагаад гэвэл энэ нь заавал хэрэглэхээр заагаагүй заалт юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрчхөөд байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэнгүй гээд байдаг. Эрүүгийн эрх зүйг онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгт “Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэрт учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар бүхий л байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл дээр огт маргахгүй, энэ нь бодит байхуйц сэтгэл зүйн субьектив илэрхийлэл юм…” гэж тайлбарладаг. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь өмгөөллийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ шүүгдэгч зөвшөөрөл, түүний хүсэл зоригийн дагуу хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргасан байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнийг анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнэсэн байдаг. Мөн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг болоод гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд хувьд хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
10.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
12.Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны 06 цагийн орчим “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч ******* нь *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч ******* нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ:
12.1.Шүүгдэгч, хохирогч *******н “******* бид хоёр архи хувааж уугаад маргалдаж, би уурласандаа эхлээд Од-Эрдэнийг алгадахад зөрүүлээд намайг алгадсан. Намайг нүүр рүү нь цохиход зөрүүлээд миний нүүр рүү цохиход миний баруун духнаас цус гарахаар нь тухайн хүний нүүр рүү цохиж, бие рүү өшиглөхөд намайг барьж байгаад газар унагаасан. Заяатхүү бид хоёрыг салгах гээд чадаагүй. Саруултөгс орж ирээд бид хоёрыг нэг нэгээр нь салгасан. Хонгор өрөөнд орж ирээд миний духнаас цус гарсныг хараад “Юу болсон юм бэ” гэхээр нь “ намайг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан юмаар юм уу, өөрөө цохиж ийм болгочихлоо” гэхэд Э.Хонгор цагдаа дуудчих гэхэд “Цагдаа дуудаад хэрэггүй, хоорондоо учраа ольё, маргааш өглөө гэхэд манай аав чамд 3 сая төгрөг өгөөд эмчилгээний зардлыг нэмээд гаргаад өгнө” гэхээр нь уур хүрээд “Яасан их хүн зодож, мөнгө өгдөг юм бэ” гээд уурлаж, Од-Эрдэнийн нүүр рүү 2-3 удаа цохиж, газар унагааж байгаад цээж, нуруу, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Э.Хонгор, Н.Заяатхүү нар намайг салгаад нойлд дагуулж орохоор нь цус угааж, буудлын өрөөнөөс гарч 303 тоотод орсон...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 25-28, 30-31, 125-12******* хуудас),
12.2.Шүүгдэгч, хохирогч "Тус өрөөнд Заяатхүү шууд унтсан. Харин ******* бид хоёр авсан архиа ууж байгаад жижиг, сажиг асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудсан. Эхлээд Эсүхэй намайг алгадсанаас болоод бид хоёр хоорондоо зодолдож, бие биедээ гэмтэл учруулаад байна. ******* миний биед илүү гэмтэл учруулсан болохоор надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 35-38, 146-14******* хуудас),
12.3.Гэрч “У.Халиун бид хоёр тухайн орой зочид буудлын ресейпшнээр ажиллаж байсан. 06 цаг болж байхад 302 тоотоос хүнд зодуулчихлаа гээд танихгүй залуу шатаар орилж хашхираад бууж ирсэн. Тухайн залуугаас “та хэнд зодуулсан юм бэ” гэхэд тухайн залуу “Намайг гэдэг. Намайг бааранд танилцсан Дорнодын залуу зодчихлоо” гэж хэлсэн. Халиун тухайн залуугийн хамт 3 давхар руу гараад буцаж ирээд: “302 тоотод зодоон болсон юм шиг байна, өрөөний энд тэнд цус болчихсон байна, сая зодуулсан гээд бууж ирсэн залуу, 302 тоотод байрлаж байсан Дорнодын залууд зодуулсан” гэж байна гэсэн” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 40-42 дугаар хуудас),
12.4.Гэрч “Буудлын 302 тоот өрөөнд ороход танихгүй 2 эрэгтэй хүн байсан. Нэг залуугийн баруун хөмсөгний дээд талд нь зүсэгдэж цус гарсан байсан, харин нөгөөдөх залуугийн хоёр нүд хөхөрч хавдсан, хамар, амнаас нь цус гарсан байсан. Хоёр нүд нь хөхөрч хавдсан залуугаас юу болсон талаар асуухад “Дорнодын залуучуудад зодуулчихлаа” гэхэд тухайн хүнтэй хамт байсан хүн нь “чи бид хоёр л хоорондоо зодолдсон шүү, бусад хүмүүс нь ямар ч хамаарал байхгүй, чи өөрөөсөө болж надад зодуулсан” гэхэд “намайг чи арай л дэндүү зодсон шүү” гэж байсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 44-46 дугаар хуудас),
12.5.Гэрч “Өчигдөр залуучуудын чуулга уулзалт зохион байгуулагдаж дууссан. Баар хаахаас өмнө , хоёр: “Цааш үргэлжлүүлэн сууя, ганц юм авъя” гээд 0.75 литрийн архи аваад таксигаар хүргүүлээд өрөөндөө ороход шөнийн 04 цаг 30 минут өнгөрч байсан. Миний нойр хүрээд байсан учраас шууд унтсан. Хүн хашхирч байгаа чимээ гарахаар нь сэрэхэд , нар хоёулаа газар уначихсан, бие биеийнхээ нүүр рүү гараараа цохилцож байхаар нь босоод салгаж дийлэхгүй байхаар нь урд талын өрөөнд байсан Хонгор, Саруултөгс нарын өрөөний хаалгыг тогшиж, тусламж дуудсан. Од-Эрдэнийг Саруултөгс, харин би ахыг татаж, салган дахин зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 48-50 дугаар хуудас),
12.6. Гэрч “Баарнаас шөнийн 01 цаг өнгөрч байхад гарцгаахдаа гэх залуутай танилцсан. бааранд үргэлжлүүлэн сууя гэхээр нь Саруултөгс бид хоёр унтаж амарлаа гээд буудал руу яваад амарсан. Өглөө унтаж байхад Саруултөгс, Заяатхүү өрөөнд орж ирээд “ хүнтэй зодолдож бие биеийнхээ биед гэмтэл учруулсан байна, бид хоёр хориглоод дийлэхгүй байна” гэхээр нь н өрөөнд ороход н баруун хөмсөгний дээд талд нь зүсэгдэж, нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон байсан, харин шөнө бааранд танилцсан залуугийн 2 нүд нь хавдчихсан, эрүүний доод талд шалбарчихсан гэмтлүүд байсан. Тэр хоёр орны цаад талд газар шалан дээр бие биеийгээ заамдчихсан, зууралдаж байхаар нь бид гурав салгасан...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 52-57 дугаар хуудас),
12.7.Гэрч “Өглөөний 06 цагийн үед хүн хаалга тогшоод байхаар нь нээж өгөхөд Заяатхүү байсан. Тэр: “ ах өчигдрийн бааранд танилцсан залуутайгаа зодолдоод салахгүй байна” гэхээр нь сандраад тухайн хүмүүсийн өрөө рүү ороод харахад г өрөөнийх нь цонхны урд талд буланд газар унагаачихсан, дээрээс нь дараад байж байхаар нь тухайн залууг татаад хойш нь болгож салгахад босож ирээд тухайн залууд “Чи яасан их намайг зоддог юм бэ” гээд дайрахаар нь г хориглосон боловч дийлэхгүй байхаар нь өрөөндөө буцаж ороод Хонгорыг дуудаад буцаад тус өрөөнд орсон. Хонгор г салгасан, харин тэй зодолдсон залууг би цааш нь болгож салгасан...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 59-61 дүгээр хуудас),
12.8.Шинжээч Ш.Оюунтунгалагийн “Эсүхэйн дух, уруул язарсан нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 80-81 дугаар хуудас),
12.9.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн “*******н биед дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас),
12.10. Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн “ биед тархи доргилт, зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. биед зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 69-71 дүгээр хуудас),
12.11.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт (Хэргийн 2 дугаар хавтасны 58-61дүгээр хуудас)
12.12.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 6-11 дүгээр хуудас),
12.13.Дарьганга зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийн тайлбар (Хэргийн 1 дүгээр хавтасны 15-16, 202-203 дугаар хуудас),
12.14.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Ганзоригийн Од-Эрдэнийн сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 100-102 дугаар хуудас)
12.15.Шүүгдэгч өвчний түүхүүд, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр төлсөн баримт (Хэргийн 1 дугаар хавтасны 211-220, 2 дугаар хавтасны 13-52 дугаар хуудас) зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
13.Хэрэгт авагдсан гэрч О.Түвшингийн мэдүүлэг, шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, согтолтын зэрэг шалгасан баримт зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 1 дүгээр хавтасны 63-65, 150-184 дүгээр хуудас)
14.Шүүгдэгч *******, ******* нар нь үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч ******* нь *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар, шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
15. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч *******д оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэж, шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
16. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр хоорондоо зодолдож, бие биеийнхээ биед гэмтэл учруулсан. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзахгүй...” гэж мэдүүлсэн. (Хэргийн 1 дүгээр хавтасны 146-14******* хуудас) Энэ мэдүүлгийг түүний хохирогчоор өгсөн болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулан, шинжлэн судлаад түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд, анхнаасаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь нотлогдож байна гэж дүгнэв. Нөгөө талаас хохирогч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “*******д гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирлоо төлсөн гэж үзлээ. (Хэргийн 1 дүгээр хавтасны 25-28, 30-31 дүгээр хуудас)
17.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж, мөн энэ хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж тус тус заасан.
18.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Иймд энэ талаарх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:
1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, энэ хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.” гэж өөрчилсүгэй.
1.4.Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.УРТНАСАН ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ