Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/0033

 

2025       09           26                                    2025/ДШМ/0033                

                                                                                                                       

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,

                        прокурор Б.Очгэрэл (цахимаар),

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч (цахимаар),

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2502000000013 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ******* ажилтай, Ам бүл 5, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 7 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******).

 

2.Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “*******” ХХК-иас 6 ширхэг падаанаар 581,818,180  төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,181,814 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

3.Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэл нь шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж, шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэл эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн үнийн дүнг тодорхойлсон эдийн засгийн тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт баримтууд нь өөр өөр агуулга бүхий баримтууд биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээр заасны дагуу “*******” ХХК-ийн хуурамч баримт бичиг ашиглан төрд төлөх татвараа бууруулсан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн үнийн дүнг нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэгийн хүрээнд “*******” ХХК-ийн /5206952/ 2022 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн, татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан И баримтыг хуурамчаар үйлдэж, татвар төлөгчдийг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах боломж олгосон аж ахуй нэгж, байгууллагууд болон борлуулалтын хэмжээг тогтоосон мөрдөгчийн магадалгааг гаргасан. Мөн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Дээрх мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт баримтууд нь хоёулаа “*******” ХХК-ийн борлуулалт нь баталгаажаагүй, буцаалт гэсэн төлөвтэй байсантай холбоотой буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас баримт худалдан авсан аж ахуй нэгжүүд тэр дотроо “*******” ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн дүнтэй огт холбоогүй юм. Харин шүүхийн шийдвэрт дурдагдсан Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг нь  цахим төлбөрийн баримтын системд үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан, залруулсан мэдээлэл, татварын өрийн мэдээллийн талаар байна. Дээрх баримт нь шууд энэ гэмт хэргийн татвар төлөхөөс зайлсхийсэн үнийн дүнг тодорхойлох баримт биш бөгөөд Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн үнийг төрийн албан шаардлагын хүрээнд төрд нөхөн төлсөн талаарх баримт юм. Харин Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйл “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм”-д заасны дагуу тухайн татварын тайланд залруулга хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн объект буюу энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь төрөөс татвар төлөх талаар тогтоосон журам юм. Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нотлогдон тогтоогдоогүй буюу тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго”, 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдсан гэж үзэж байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэжээ.

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар аймгийн 7 дугаар багт бизнес хийгээд 20-30 жил болж байна. Анх бизнес хийж эхлэхдээ Бичигтийн боомтоос хүнсний ногоо болон цагаан будаа борлуулдаг байсан. Би “*******” ХХК-ийн хүмүүсийг танихгүй, харьцаж ч байгаагүй. Баагий гэх хүн хөдөө, орон нутгаар хатаасан жимс борлуулж явдаг байсан. Манайх контейнерийн 500 гаруй харилцагчтай. Тэд нартай 20-30 жилийн хугацаанд харьцахад нэг ч хүнийг танихгүй. Нэр, утасны дугаараар харьцаж бараагаа одоо болтол авсаар явж байна. Эдгээр олон НӨАТ төлөгч нараас ямар нь зөв, ямар нь буруу НӨАТ гаргаад байгааг мэдэхгүй. Үүнийг шүүхэд үнэхээр хэцүү байдаг. Зарим нь бүр өгдөггүй. НӨАТ-өө нэхэх юм бол 100 гаруй аж ахуй нэгжтэй муудаад, барааны сонголт болон татан авалтад сөргөөр нөлөөлдөг. Энэ асуудлаас болж 100 гаруй аж ахуй нэгжтэй муудсан. Орж ирж байгаа НӨАТ-ыг хаанаас хэн нь хийгээд байгааг шүүхэд хэцүү байсан. Татварын газраас 2022 онд алдаатай НӨАТ орж ирсэн гэх бичиг ирээд, бид засварлах талаар хүсэлт явуулсан байдаг. Уг хүсэлтийг хүлээн авч, засварлаад хүнсний НӨАТ-аар төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар татварын тодорхойлолтоор  “*******” ХХК бараг илүү (214,810) төгрөгийн илүү төлөлттэй харагддаг. Манай компани 2022 оны 07 дугаар сард татвар төлөгч болсон байдаг. Татвар төлөгч болохоос өмнө босго оноо даваагүй учраас бүртгүүлээгүй явж байгаад босго оноо давсны дараа бүртгүүлсэн. Үүнээс өмнө 400,000,000 гаруй сая төгрөгийн хүнсний худалдан авалтын НӨАТ манай дээр орж ирээд, татвар төлөгч болоогүй учраас нөхөн тооцохгүй гээд хэрэгсэхгүй болгож байсан. Хуулиар бол хүсэлт гаргаад нөхөн тооцуулж болох байсан. Татварын хуулийг мэдэхгүй учраас ийм асуудал гарсан. 

Манай программ 18,000,000 (арван найман сая) гаруй төгрөгийн акт тавиулсан байдаг. Манай ашиглаж байгаа программ нь алдаатай шидээд байсан. Программын алдаанаас болж тухайн өдрийн 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн орлогыг 8,000,000 (найман сая) төгрөгөөр өсгөсөн байдлаар алдаатай гаргадаг байсан. Энэ үед цагаан сарын ачааллын үе таарсан байсан тул өмнөх онуудаа программын компанид хэлээд устгуулчихсан байсан. Үүнийг засварлуулъя гээд амжихгүй, чадахгүй байсан учраас 18,000,000 (арван найман сая) төгрөгийн актаа хүлээн зөвшөөрөөд төлсөн байдаг. Манай программ одоо ч зөрүүтэй явдаг. Энэ тухай Татварын газарт хяналт тавиад өгнө үү гээд хүсэлт гаргасан байдаг. Татварын хууль, татварын талаар мэдлэг муу учраас 400,000,000 (дөрвөн зуун сая) гаруй төгрөгийг 2022 онд үхүүлсэн байдаг. Гэхдээ орж ирсэн НӨАТ-ыг хүнсний НӨАТ-аас нөхөж хийгээд, одоо татварын өргүй явж байгаа.

“*******” ХХК-ийн гэрээ, хэлэлцээр хийгээд татвараас зайлсхийе гэсэн зорилго байгаагүй. Тус компанийн хүмүүсийг танихгүй, харьцаж үзээгүй. Манай дээр борлуулалт хийж байсан Баагий гэх залуу л байсан. Харьцаж байсан эх үүсвэрүүдээ блок хийгээд, алга болсон. Тиймээс зохион байгуулалттай, зорилготой гэмт хэргийн шинжтэй зүйл хийгээгүй гэж үзэж байна гэв.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. “*******” ХХК-ийн хувьд “*******” ХХК-тай холбогдоод хуурамчаар анхан шатны баримтуудыг үйлдэж, мөнгө төгрөг авсантай холбоотой ямар ч баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаагүй. Гэмт хэргийн санаа сэдэл, зорилтын хувьд сая миний үйлчлүүлэгч “Би энэ хүмүүсийг танихгүй, урьд нь бараа авч байсан, баримт өгөөгүй хүнээсээ байнга баримт нэхэж байсны улмаас манай руу ийм баримт шивэгдээд, үүнийг хуурамч шивэлттэй гэдгийг мэдээд залруулсан…” гэж хэлсэн. Тухайн залруулга хийсэн огноо нь ******* гэх хүнийг яллагдагчаар татахаас өмнө байгаа. Аль хэдийн залруулга хийгээд, алдаа гарсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд Татварын газар нь хүлээж аваад явсан байгаа. Прокурор мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт хоёрыг л барих ёстой. Бусад баримт нь хамаагүй гэх зүйл ярьж байна. Мөрдөгчийн магадалгаа гэх баримтыг харвал 58,1 сая гэсэн байдаг. Үүний задаргааг өмнө хэлсэнчлэн Эрүүгийн цагдаагийн газар, Татварын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр албан бичиг бичээд тодруулж авахад 6 биш 5 баримт байна гэсэн хариу ирсэн. Энэ зургаан баримтыг Татварын ерөнхий газраас шаардахад 5 баримт бүхий 45,000,000 (дөчин таван сая) төгрөгийн үнийн дүнтэй баримт байна гэх үед хурал бол хийгдсэн байдаг. Мөрдөгчийн магадалгааг үгүйсгэж байгаа дараагийн зүйл нь шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн магадалгаа дээр гомдол гаргасан хүмүүсийн мөрөөр дахин шинжилгээ хийлгэх гээд шинжээч томилогдсон байгаа. Уг шинжээчийн дүгнэлтийн агуулга нь мөрдөгчийн магадалгааны 6 нь буруу байна гэсэн дүгнэлт гаргадаг. Мөрдөгчийн магадалгаа бол тал нь алдаатай байна гэдэг асуудал л яригдсан байдаг юм. Алдаа нь юу байсан бэ гээд харахаар, Татварын ерөнхий газраас ирсэн хариуг тодруулсан хэсэг байгаа. Энэ баримтуудыг нийлүүлээд үзэхээр 45 гаруй сая төгрөг гарч байгаа. Мөрдөгчийн магадалгаа нь 05 дугаар сараас 12 дугаар сарын 31-нийг хүртэл гэсэн огноотой байдаг. Гэтэл “*******” ХХК нь бол 07 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ төлөгч болсон байна. Яллах дүгнэлтэд НӨАТ-ын бичилттэй холбогдуулж оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр НӨАТ төлөгч болсноос хойш Татварын ерөнхий газраас тодорхойлж ирүүлээд байгаа 5 баримтын хүрээнд харахаар анхан шатны шүүх эдгээр баримтуудыг харгалзуулж үзээд, бие биеэ нөхсөн, харилцан хамаарал бүхий нотлох баримтууд байна гэж миний үйлчлүүлэгчийг цагаатгасан байгаа. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т "Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байгаа. Энэ 50,000,000 төгрөгт хүрэхгүй байгаа учраас гэмт хэргийн шинжгүй байна гээд цагаатгасан нь хууль ёсны, үндэслэл бүхий байна. Ийм учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэндээ 6 ширхэг баримтын падаан авч хэрэглэсэн нь хэрэг дээрээ байдаг. Албан ёсны шаардлага, мэдээллийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн залруулга хийсэн 3 ширхэг, 10 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг, нийтдээ 5 ширхэг падаанаар залруулга хийсэн байгаа. “*******” ХХК, “Гурван мандал” гэх эрхийн бичигтэй падаан тараадаг, шилжүүлдэг компаниудаас “*******” ХХК авсан байдаг. 2022, 2023 онд нийтдээ 19 ширхэг падаан авсан байдгаас 5 ширхэг падааныг нь залруулсан. Үлдсэн 14 ширхэг падааныг “” гэх компани авсан эсэх дээр тодруулга хийгдээгүй байгаа. Хариуцагч НӨАТ-ыг тайланд оруулахдаа мэддэггүй гээд ярьж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дээр уг компани, хуулийн этгээдийг байгуулсан захирал үйл ажиллагааныхаа бүх үйл явцад хяналт тавих ёстой, өөрийн хөрөнгө, хувьцааныхаа дүнгээр хариуцлага хүлээх ёстой гэж заасан байдаг. Мөн татварын тайлан болон санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлын өөрөө хариуцаж, үйл ажиллагаандаа тусгах ёстой байсан. Тийм учраас татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

          10.Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгэхгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

          11.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

          Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

12.Прокуророос шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “*******” ХХК-иас 6 ширхэг падаанаар 581,818,180 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,181,814  төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

13.Улсын яллагч шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцохдоо энэ зүйлчлэлээ дэмжиж, шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу шүүгдэгчийн үйлдэлд тухайн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ.

14.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал:

15.Мөрдөгчийн магадалгаанд “*******” ХХК-ийн 2022 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албаны мэдээллийн баазад тулгуурлаж, шалгаад “*******” ХХК-ийг 6 ширхэг падаанаар 581,818,180 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварыг 58,181,814 төгрөгөөр бууруулсан ” гэж дүгнэжээ. (Хэргийн 1 дүгээр хавтасны 32-58 дугаар хуудас)

16.Харин шинжээчийн дүгнэлтийн “Гурав.Дүгнэлт” хэсгийн 2.1-д дээр дурдсан мөрдөгчийн магадалгааг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Уг шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтад дурдагдсан асуудлаас 1,2,9,10,11,12 нь үндэслэлтэй, 3,4,5,6,7,8 нь үндэслэлгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн байна. (Хэргийн 1 дүгээр хавтасны 63-91 дүгээр хуудас)

Тодруулбал, шинжээчийн 97 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хавсралт “50 сая төгрөгөөс их дүнгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан байж болзошгүй нэр бүхий 23 аж ахуй нэгж, байгууллагад 23,128,112,622,00 төгрөгийн төлбөрийн И баримт үйлдэж, 2,312,811,077,00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан” гэснийг “ Үндэслэлтэй гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн буюу 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар тогтоосон “*******” ХХК 6 ширхэг падаанаар 581,818,180 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварыг 58,181,814 төгрөгөөр бууруулсан” гэсэн үйл баримтыг үндэслэлгүй гэж үзжээ.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй, зөв сэргээн, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх ба харин хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон эргэлзээ бүхий асуудлыг шүүхээс няцаан үгүйсгэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

18.Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтүүд нэг нь  нөгөөгөө үгүйсгэсэн, эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Нөгөө талаас “*******” ХХК-ийг “*******” ХХК-иас тайлагнасан 6 ширхэг падаанаар НӨАТ-ыг бууруулсан гэж дүгнэсэн нь Татварын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/77 дугаартай албан бичгээр няцаагдаж байна. (Хэргийн 1 дүгээр хавтасны 196-207 дугаар хуудас)

Татварын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/77 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024.11.12-ны өдрийн 10а-3/14418 дугаар албан бичгийн хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүдийн 2022-2023 онд цахим төлбөрийн баримтын системд үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан, залруулсан мэдээлэл, татварын өрийн мэдээллийг хавсралтаар гаргажээ.

Эдгээр баримтуудад 2022-2023 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны худалдан авалт болон залруулсан мэдээллийн 66-70 дугаарт тэмдэглэгдсэн 5 падааны нийлбэр дүн 454,545,454 төгрөг, НӨАТ 45,454,545,4 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын цахим төлбөрийн баримтын системд 2022-2023 онд “*******” ХХК-иас “*******” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй дээрх 5 падааны худалдан авалт бүртгэгдсэн хийгээд мөрдөгчийн магадалгаа болон яллах дүгнэлтэд дурдагдсан 6 дахь буюу 127,272,726 төгрөгийн баримтын талаарх ямар нэгэн мэдээлэл хэрэгт нотлогдон, тогтоогдохгүй байна.  

19.Үүнээс дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Эрдэнэсайхан нь хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “*******” ХХК-иас 5 ширхэг падаанаар 454,545,454 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 45,454,545,4 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож байна.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөс дээш татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдлээр илэрнэ.

Хэрэгт харилцан хамаарал бүхий нотлох баримтаар тогтоогдсон буюу 2022 онд “*******” ХХК-иас “*******” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн 5 падааны худалдан авалтын нийлбэр 454,545,454 төгрөг, үүнд ноогдох НӨАТ 45,454,545,4 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй буюу тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

21.Нөгөө талаас хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч *******ы үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж нотлогдон тогтоогдоогүй буюу тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч *******ы хувьд их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх субьектив санаа, зорилго, сэдэлтээр “*******” ХХК-иас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлуулан, хий бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Харин түүнд 2018 оноос бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, хамтран ажиллаж байсан 88233434 гар утастай “Баагий” гэгч этгээдээс “төлбөрийн баримт өгөөч” гэж шаардсанаас тухайн этгээд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3 падаанаар нийт 318,181,818 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 падаанаар нийт 136,363,636 төгрөг, нийт 454,545,454 төгрөгийн НӨАТ-ын шивэлт хийлгүүлсэн байна.

22.Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.” гэж заасны дагуу 2022 онд Татварын хэлтсээс “алдаатай НӨАТ-ын баримт орж ирсэн байна. Үүнийг залруул” гэсний дагуу “*******” ХХК нь хуульд заасан хугацаанд тайлангаа залруулсан байна.

23.Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээр дурдсан объектив, субъектив талын шинжүүд үгүйсэгдсэн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгахаар шийдвэрлэснийг холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                                    ШҮҮГЧ                                  Г.УРТНАСАН

                                    ШҮҮГЧ                                  Ц.ЭРДЭНЭЗУУ