Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 488

 

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Н.Ундрах,

            Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010992 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч А.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны шинэ эцэст иргэн Н.Ч-г зодож, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч А.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны шинэ эцэст иргэн Н.Ч-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Н.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед гэр рүүгээ явж байтал гэнэт араас нэг хүн миний  тулж явсан суга таяг руу өшиглөөд, намайг газар унахад “миний зүүн хөлний шилбэний орчимд 2-3 удаа дэвссэн, өшиглөсөн”. Тэгээд цагдаа ирээд дээрх хүнийг аваад явсан, намайг түргэн ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Миний зүүн шилбэ хугарсан. Би гэмтлийн эмнэлэгт 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орж тэндээ 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрүүдийн хооронд гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би 2 жилийн өмнө Дундговь аймагт уул уурхайд ажиллаж байгаад шороонд даруулаад баруун хөлийн дунд чөмгийг хугалж, дунд чөмгөө тайруулж хиймэл хөл хийлгэсэн бөгөөд суга таягтай явдаг байсан...гэх мэдүүлэг /хх-56-59/

- гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад Баянхошууны шинэ эцсийн автобусны буудал дээр зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу ахлагч Б.Г-н хамт 21 цаг 45 минутанд очиход Н.Ч-г Б.Б гэх эрэгтэй нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр зүүн хөлний шилбэн тус газарт нь өшиглөж хугалж гэмтээсэн байсан....гэх мэдүүлэг /хх-61-62/

- гэрч Н.С-н мөрдөн байцаалтад өгсөн:...Ч өөрөө хэлэхдээ 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхошууны эцэс дээр явж байхад нэг хүн унагаагаад хөлөн дээр нь дэвсээд хөлийг нь хугалсан гэсэн. Миний дүү 2017 оны 03 дугаар сарын үед хөдөө жоншны уурхай дээр ажиллаж байгаад баруун хөлөө хугалчихаад хагалгаанд ороод хөлөндөө хиймэл төмөр тавиулж байсан. Тэр залуу миний дүүгийн эрүүл хөл буюу зүүн шилбээр нь хугалчихсан болохоор одоо 2 хөл нь явж болохгүй хэцүү байдалтай байна...гэх мэдүүлэг /хх-63-64/,

- гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би Баянхошууны шинэ эцэс дээр нүүрс түлээ зардаг. 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой миний санаж байгаагаар 21, 22 цагийн орчим зүс таних Ч гээд залуу халамцуу миний ойролцоо сууж байсан. Тэгээд нэг харахад босоод хойшоо явж байхад “Өгөөж” хүнсний дэлгүүрийн хажууд байдаг самбарны хажууд нэг танихгүй залуу Ч-г “...согтуу пизда минь” гээд гараараа түлхэж унагаагаад Ч-н зүүн шилбэ орчимд нь тэр залуу баруун хөлөөрөө нэг удаа дэвсээд, 2-3 удаа нуруу орчимд нь өшиглөсөн.  Би очоод салгахад Ч-н зүүн хөлийн шилбэ орчим хугараад яс нь овойчихсон байсан. Ч таяг тулчихсан явж байсан ба нэг хөл нь гэмтэлтэй байсан байх, баруун хөл нь гэмтэлтэй юм шиг байсан. Гэтэл зүгээр хөлийг нь хугалсан...гэх мэдүүлэг /хх-65-66/

- гэрч Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн:...Би Баянхошууны эцэст байрлах “Өгөөж” худалдааны төвд лангуу түрээслэж кино сиди зардаг. 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед манай ах Ч ажил дээр Сочицэцэг эгчийг асуучихаад гараад явсан. Удалгүй гадаа нүүрс зардаг миний танил С гэдэг эмэгтэй над руу утсаар яриад ахыг чинь нэг хүн зодоод хөлийг нь хугалчихлаа гэж хэлсэн. Би ажлын гадаа гарч ирэхэд С хүнийг нь барьчихлаа гээд нэг залуу барьчихсан зогсож байсан. Ч ахын зүүн хөлийг шилбээр нь хугалчихсан байна гээд гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орж төмөр суулгаж хадуулсан. Маргааш өглөө нь цагдаа дээр ирэхэд Ч ахыг зодсон хүн нэрээ худлаа хэлээд явчихсан байна гэж ярьж байсан. Тэр залуу Цогтбаатар гэж байсан...гэх мэдүүлэг /хх-102-103/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №6184 дугаартай:…Н.Ч-ийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх, 2017-05-04-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-72/

- шүүгдэгч А.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр би хүн зодсоноо санахгүй байна. Би нилээн согтуу тасарсан байсан болохоор мэдэхгүй байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн байсан. Би жоохон ой тогтоолт муутай болохоор юм санахдаа муу байдаг...гэх мэдүүлэг /хх-95-96/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч А.Ц-н 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар хүндэвтэр ангиллын гэмт хэргээс гадна тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан, харин 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт  хэргээс гадна хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв гэж үзнэ. 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 300.000 төгрөг хүлээн авсан,  гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /х-128/ байх тул шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

  Шүүгдэгч А.Ц-н 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил байх ба уг 1 жилийн хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар тоолоход дууссан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

4.    Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.