Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/0025

 

 

2025            09           12                                      2025/ДШМ/0025                 

                                                                                                                        

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,

прокурор Х.Ууганбат,

                      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, С.Нарангэрэл,

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогч С.Түмэнжаргал нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн  2530001000109 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ. 

 

1. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Мөнххаан сумын 3 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ******* овогт ******* (РД: *******)

 

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас иргэн ******* өмчлөлийн 4 тооны эм хонь, 1 тооны хязаалан насны эр хонь нийт 5 тооны хонийг малын хашаан дотроос нь "Nissan Advan" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан, хулгайлсан,

мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас иргэн ******* өмчлөлийн 4 тооны эм хонийг малын хашаан дотроос "Nissan Advan" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан, хулгайлж, хохирогч ******* нийт 1,634,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Nissan Advan" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн автомашины үнэ 4,667,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаагүй ба миний хувьд шалгагдаж байх үеэсээ хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Охин 3 настай, бага хүү 2 сартай. Эхнэр Хулангийн биеийн байдал тааруу, эмчийн хяналтад байгаа тул ар гэрийн байдлыг харгалзан ялыг багасгаж өгнө үү гэжээ.

 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч ******* хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр Н.Хулан нь нялх биетэй, төрөхийн хүндрэл өгч эмчийн хяналтад байдаг. Гантөмөр нь өөрийн үйлдсэн хэргээ сэжигтнээр мэдүүлэг өгөх үеэс хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцож байгаагаа илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд *******ийн ар гэрийн байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, хохирлоо төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хохирогч С.Түмэнжаргал давж заалдах гомдолдоо: ******* нь миний хохирлыг төлж барагдуулж, намайг хохиролгүй болгосон тул Гантөмөрөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. *******ийн эхнэр Н.Хулан нь 2025 оны 06 дугаар сард төрсөн, 2 сартай нялх биетэй, биеийн байдал нь тааруу, хэвтрийн дэглэм сахиж гэртээ байдаг. Гантөмөрийн ар гэрийн байдал нь хүнд, хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

 

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: Мөрдөн байцаах болон прокурор, шүүхийн шатанд гэм буруугийн тал дээр маргаан гаргаагүй. Хоёр удаагийн үйлдлээр өөрийн үеэл ахынхаа хонийг авсан. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр захиран зарцуулах эрхтэй гэдэг байдлаар мэтгэлцсэн учраас, үүнийг прокурор, анхан шатны шүүх гэм буруу дээрээ маргасан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглээгүй гэж ойлгож байгаа. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, тодорхой хугацаагаар цагдан хоригдсон, энэ үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Өөр санал байхгүй гэв.

 

9.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* ял оногдуулахдаа түүнийг хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохиролд нь тохируулан шударга ёсны зарчимд нийцүүлсэн. Өөрөөр хэлбэл нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс хоёр удаагийн үйлдлээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хор хөнөөл болоод нийгэмд учруулах хэмжээ хязгаар их тул тухайн хүний үйлдэлдээ хандаж байгаа субъектив хандлагыг нь харгалзан ял оногдуулсан. Эрх зүйн онол болоод хууль хэрэглээний жишигт “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаарх эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт бөгөөд хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, энэ нь бодит байхуйц гэж ойлгоно. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Хүдэр шүүгдэгч *******ийн зөвшөөрөл болон түүний хүсэл зоригийн дагуу хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргасан тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны  шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын зүгээс гаргаж буй тайлбар үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          10.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогч С.Түмэнжаргал нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

12. Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас иргэн ******* өмчлөлийн 4 тооны эм хонь, 1 тооны хязаалан насны эр хонь нийт 5 тооны хонийг малын хашаан дотроос нь "Nissan Advan" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан, хулгайлсан,

мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас иргэн ******* өмчлөлийн 4 тооны эм хонийг малын хашаан дотроос "Nissan Advan" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан, хулгайлж, хохирогч ******* нийт 1,634,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:

 

12.1.Яллагдагч *******ийн “Би 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цагийн орчимд С.Түмэнжаргал ахын хөдөө гэр нь эзгүй, хүнгүй байгаа гэдгийг мэдээд өөрийнхөө машинаар ганцаараа очиж, хашаатай хониноос нь 5 тооны хонийг нь машиныхаа арын багаж хэсэгтээ хийгээд сумын төв рүү ороод ченж А.Ганзориг гэх хүнд нийт 1,010.000 төгрөгөөр зарж борлуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой эхнэр, охиныхоо хамт өвөөгийндөө даалуу тоглож байгаад С.Түмэнжаргал ахыг сумын төв рүү явсан тухай сонсож мэдээд эхнэртээ “Ойрхон айл руу явчхаад ирье” гэж хэлээд өөрийнхөө машинаар С.Түмэнжаргал ахын хөдөө гэр рүү очсон. С.Түмэнжаргал ахын гэрт хүн байхгүй, мал нь хашаатай байсан. Тэгэхээр нь би 4 эм хонь барьж аваад машиныхаа ард багажид хийгээд сумын төв рүү оруулж, А.Ганзориг ахад 1 хонийг нь 190,000 төгрөгөөр бодож борлуулсан. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. С.Түмэнжаргал ахын хашаатай хониноос 2 удаагийн үйлдлээр нийт 9 хонь хулгайлан авч зарж борлуулаад борлуулсан мөнгөөрөө покер тоглоод алдсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 127-130 дугаар хуудас)

12.2.Хохирогч ******* “2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой би Мөнххаан сумын төвд эхнэр, хүүхдүүдтэйгээ хоносон. Тухайн үед манай хөдөө гэрт хүн үлдээгүй, малаа хашаад үлдээсэн байсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө хөдөө гэр рүүгээ очиход хонь хашсан хашааны ам руу машин ухарч зогссон мөр байхаар нь хонио тоолж үзэхэд 4 хонь дутаад цагдаад мэдэгдсэн. Мөн өмнө нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр манай хонины хашааны ойролцоо машины мөр гарсан байхаар нь би хонио бүртгэхэд 5 тооны хонь дутаж байсан. Манайхыг эзгүй байх хооронд 2 удаа манай хониноос нийт 9 тооны хонь дутсан. Би *******ийг сэжиглэж байна. Хонь алдагдах үеэр ******* нь манай эхнэрээс намайг гэртээ байгаа эсэхийг сураад байсан гэсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй. ******* миний хохирлыг барагдуулсан. Надад 9 тооны эм хонь өгсөн." гэх мэдүүлэг (Хэргийн 52-59 дүгээр хуудас),

12.3.Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой нөхөртэйгөө хамт яваад Түмэнжаргал ахын хөдөө гэрийн гадаа очиж, зогссон. Тухайн үед Түмэнжаргал ахын гэрт хүн байгаагүй. Мал нь хашаатай байгаа харагдсан. ******* хашаатай байсан хонь руу нь машинаа ухрааж зогсоод 4 хонь ачсан. Тэгээд орой 22 цагийн үед Мөнххаан сумын урд байдаг мал нядалгааны газарт 4 хонио худалдан борлуулсан. 2025 оны 01 дүгээр сард би 7 сартай жирэмсэн, сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан учраас цагдаад болон С.Түмэнжаргал ахад айгаад хэлж зүрхлээгүй юм.” гэх мэдүүлэг (Хэргийн 68-74 дүгээр хуудас).

12.4. Гэрч “Би ******* гэх хүнээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4 тооны хонь худалдан авч, нийт 1,010,000 төгрөгийг Хаан банкны 5075705270 тоот данс руу шилжүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой *******өөс 4 хонийг нь 760.000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (Хэргийн 77-78 дугаар хуудас).

12.5.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (Хэргийн 5-11 дүгээр хуудас),

12.6.Мал, мах худалдан авсан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 21-24 дугаар хуудас),

12.7. *******, хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл ( Хэргийн 13-20, 29-41 дугаар хуудас),

12.8.Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2502040 дугаартай “Нийт 9 тооны хонины зах зээлийн үнэ цэнийг 1,634,000 төгрөг гэж үзлээ." гэх дүгнэлт (Хэргийн 87-92 дугаар хуудас),

12.9.Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2502092 дугаартай “2014/2019 онтой “Nissan advan” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 4,666,666 төгрөг гэж үзлээ” гэх дүгнэлт ( Хэргийн 100-106 дугаар хуудас) зэргээр хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

13.Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 133-141 дүгээр хуудас)

 

 

14. Мал хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын малыг шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авснаар хангагдана.  Найман бог эсхүл хоёр бод, түүнээс дээш мал хулгайлсныг олон тооны мал хулгайлсан гэж үздэг. “Машин механизм ашигласан” гэдэгт гэмт хэрэг үйлдэхдээ зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл ашигласныг хамааруулдаг.

Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газарт нутаглаж байсан иргэн ******* малын хашаан дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль буcaap "Nissan Advan" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2 удаагийн үйлдлээр нийт 9 тооны хонь хулгайлж, 1,634,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

         

15. Шүүгдэгч ******* нь бага насны 2 хүүхэдтэй, эхнэр Н.Хулан нь нялх биетэй, төрөхийн хүндрэл өгч эмчийн хяналтад байдаг болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Г.Амин-Эрдэнэ, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Г.Алтан-Од нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогч С.Түмэнжаргал нарын анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогч С.Түмэнжаргал нарын давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

 

1.Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2.Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

 

3.Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 116 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                  О.БААТАРСҮХ