Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 489

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Баттулга,

            Улсын яллагч Б.Энэрэл,

            Хохирогч Х.Р

            Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808003820462 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Х.Р “миний хүүхдүүдийг гуйлгачин гэж доромжиллоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар далан тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Л.М нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Р хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар далан тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч Х.Р мөрдөн байцаалтад өгсөн:...М бид хоёр 2006 оноос хамтран амьдарч байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би хотын төвд цэргийн алба хамт хаасан Ю таараад хамт манай гэрт ирсэн. Тэгээд хоол цай идчихээд 0.75 литр 1 шил архи хоёулаа хувааж уусан. 20-21 цагийн үед Ю явсан. Түүнийи гаргаж өгсөн. Гэртээ ирж байснаа санаад түүнээс хойш согтоод өөрийн ухаанаа алдчихсан байсан. Ухаан ортол ширээ дэрлээд суучихсан, түргэний эмч миний хамарт нэг юм үнэрлүүлээд байж байсан. Миний зүүн талын далны дээд орчимд хөндүүрлээд цус гарсан байсан ба эмч боолт хийсэн. Тэгээд цэргийн эмнэлэг дээр очсон. Миний ард зүүн талын дээд хэсэгт хатгагдсан шарх үүссэн байсан. Гэхдээ би өөрөө согтоод ухаанаа алдчихсан болохоор хэрхэн үүссэн эсэхийг мэдэхгүй байна. М архинаас 1-2 хундага татсан байсан болохоор гайгүй байсан. Тухайн орой Ю яваад М бид хоёр гэрт байсан. Надад гомдол санал байхгүй. Нэмэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-13-15/

            - Шүүхийн шинжилгээний үндэснй хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №2223 дугаартай:..Х.Р-н биед зүүн мөрөнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-21/

            - Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №620 дугаартай:...Х.Р-н биед тухайн үед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюул учруулаагүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-33-34/

            - гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуудлагын дагуу очиход М гартаа хутга барьчихсан Р-н далны орчим цус гарчихсан байсан. Би юу болсон талаар М-ээс асуухад манай нөхөр согтуу намайг хэл амаар доромжлоод байх нь хутга барьсан гараараа түлхэх шиг болсон тэгсэн хутгачихлаа гэсэн. Би хаанаас хутга авсан юм бэ гэхэд “би хоолоо хийж байсан юм, гаднаас Р согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан” гэсэн. Би М-ээс Р таныг зодож цохисон уу гэж асуухад “үгүй” гэсэн. Архи үнэртэх төдий л байсан. Ер нь бол эрүүл гэж хэлэхэд болно...гэх мэдүүлэг /хх-18-19/

             - шүүгдэгч Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчимд Х.Р цэргийн найзтайгаа ирсэн. Р найзтайгаа 1 шил архи уугаад дуусаад найзыгаа гаргаж өгнө гээд гарсан. Р орж ирэхдээ нилээн согтуу орж ирсэн. Тэгээд над руу агсам тавиад дайраад байхаар нь мах хөшиглөж байсан хутгаараа цохих шиг болтол цус гараад, би сандраад цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-27-30/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Л.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томъёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд /3.1.1. Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамтран амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна/ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч хохирогч нар нь хамтран амьдрагч болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй /хх-57/ гэжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний насны байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.     

            Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.М-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.М-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

            4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6.    Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.