Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/0026 

 

2025      09             12                                          2025/ДШМ/0026                

                                                                                                                        

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,

прокурор Х.Ууганбат,

                      шүүгдэгч *******,

                      шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан

хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 25*******00120097 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1985 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуульд жижүүр ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Түмэнцогт сумын 3 дугаар баг, 3 дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  эдгээр ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон ******* овогт ******* (РД: ЛЙ8502227),

 

2.Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3, 4 дүгээр багийн нутагт “Дарь” шатахуун түгээх станцаас “Баян-Овоо”-гийн 13-14 тоот хашааны урд талын гудамжны шороон зам хүртэл 2 километр зайд “Тоёота Хайлюкс” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг цэцэрлэгийн хойд талын шороон замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг 0.57 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч ******* урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 4 жил, 11 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 9 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

 

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт 4 жил 11 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээр тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргасан. ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр Түмэнцогт сумын цэцэрлэгт жижүүрийн ажилтай, ам бүл 2, өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Цалингийн зээл болон бусад зээл нь нийт 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. ******* хувьд 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө авах хүсэлтийг Түмэнцогт сумынхаа цэцэрлэгийн эрхлэгчид гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдвал ажил төрөлгүй болох, өндөр настай ээжийгээ асарч чадахгүй болох нөхцөл байдал тулгарч байгаа. Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. ******* нь нэг төрлийн хөнгөн хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Энэ хэрэгт холбогдсоноос хойш өөртөө дүгнэлт хийж байгаа, гэм буруудаа маш ихээр гэмшиж байгаа дээрх нөхцөл байдлыг онцгойлон харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялыг тэнсэн харгалзах арга хэмжээгээр сольж өгнө үү. ******* нь цаашид засарч хүмүүжих боломжтой гэжээ.

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж, ээжийгээ хүнд байдалд оруулсандаа харамсаж байна. Шүүх бүрэлдэхүүнээс нэг удаа харж үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

7.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: ******* хувьд хэрэгт цугларсан баримтаар 1 жилийн хугацаанд 5 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогддог. Шүүхийн зүгээс шүүдэгчийн хувийн байдал, нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдэж байгаа байдал,  өөрийнхөө гэм бурууг ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзаад 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Мөн өмнөх 2 удаагийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээрээ хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн. Тэр хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, 5 дахь үйлдэл дээрээ хорих ял шийтгүүлсэн. Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаагүй ч шүүгдэгчийн хувийн байдал, нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдэж байгаа байдал, согтолтын хэмжээ зэрэгт анхан шатны шүүх тохирсон шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          8.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

10. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт “Дарь” шатахуун түгээх станцаас “Баян-Овоо”-гийн 13-14 тоот хашааны урд талын гудамжны шороон зам хүртэл зайд “Тоёота Хайлюкс” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Түмэнцогт сумын цэцэрлэгийн хойд талын шороон замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг 0.57 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:

 

10.1.Яллагдагч ******* “2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед 95-77 ARP улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Түмэнцогт сумын төвөөс баруун хойд зүгт 16-17 км зайд байх адуун дээрээ найз Цагаанаатай таарсан. Тэнд бид хоёр 0,75 литрийн архи хувааж уучхаад сумын төв рүү шөнийн 23 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Тэгээд Баян-Овооны гудамж өнгөрөөд цагдаа нартай таарсан. Би тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон... Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Түмэнцогт сумын урд ирээд ганцаараа 0,5 литрийн пиво уусан. Тэгээд сум руу ороод би гэрийнхээ гаднаас өөрийнхөө “Даюун” маркийн мотоциклийг унаж яваад цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 38-39, 119-120, 137-138 дугаар хуудас), 

 

10.2.Гэрч ******* "2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Баян-Овоогийн 1314 тоот хашааны урд талын шороон зам дээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* нь согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамласан. Тэрээр согтуурал хэмждэг багаж үлээхээс татгалзсан тул сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч П.Сарнайцэцэгээр цуснаас биологийн дээж авхуулсан..." гэх мэдүүлэг (Хэргийн 10-11 дүгээр хуудас),

 

10.3. Гэрч "2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоогийн 1314 тоот хашааны урд талын шороон зам дээр Хайлюкс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, жолоочийн цуснаас биологийн дээж авхуулсан..." гэх мэдүүлэг (Хэргийн 14-15 дугаар хуудас),

 

10.4.Гэрч “2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Түмэнцогт сумын Цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад М.Ууган- Эрдэнэ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 0.57 хувийн согтолттой гарсан... ” гэх мэдүүлэг (Хэргийн 101-102 дугаар хуудас)

 

10.5.Гэрч “2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 0.57 хувийн согтолттой гарсан. ******* нь “Ундрах” дэлгүүрээс Цэцэрлэг хүртэл 1 км газар жолоо барьсан байсан... ” гэх мэдүүлэг (Хэргийн 105-106 дугаар хуудас)

 

10.6. Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн хаягтай цуснаас 2,4 промиль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (Хэргийн 22-23 дугаар хуудас),

 

10.7.Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (Хэргийн 6, 90 дүгээр хуудас),

 

10.8.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (Хэргийн 7, 91 дүгээр хуудас),

 

10.9.Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд (Хэргийн 92-98 дугаар хуудас),

 

10.10.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (Хэргийн 59-67 дугаар хуудас)

 

10.11.Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02/889 дугаар албан бичиг (Хэргийн 168 дугаар хуудас) зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

             

11.Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, захиргааны зөрчил, торгуулийн хуудасны бүртгэл, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 40-84, 121-128 дугаар хуудас)

 

12.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, түүний  амьсгал дахь спиртийн агууламж 0,57 хувь болон цусан дахь спиртийн агууламж 2,4 промиль байсан нь дээр дурдсан “согтуурсан” байдалд хамаарна. Шүүгдэгч ******* эдгээр үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл зөв байна.

 

13. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байхад шүүгдэгчийн биеийн байцаалтад ял шийтгүүлсэн гэж бичиж, алдаа гаргасан байх тул хасах нь зүйтэй юм.  

 

14.Шүүгдэгч ******* нь урьд энэ төрлийн зөрчил үйлдэж эрхээ хасуулснаас гадна энэ төрлийн эрүүгийн хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан атлаа дахин 2 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч ******* цагдан хоригдсон нийт 74 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                   Д.ГАНЗОРИГ

      О.БААТАРСҮХ