Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2026/00507

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******т холбогдох,

“Үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,420,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* эх ******* гудамжны тоотод хууль ёсоор газар эзэмшин амьдардаг юм. Манай эзэмшил газрын хил залгаа буюу манай газрын ертөнцийн зүгээр урд талд байрлах эзэмшил газрын эзэмшигч Э.*******тэй анх 2022 оны зун тус газрыг шилжүүлж авах талаар ярилцсан. Тухайн үед би Э.*******тэй тус эзэмшлийн газрыг нь өөрийн өмчлөлийн газраар солилцох талаар тохиролцсон юм. Э.******* хүлээн зөвшөөрсөн тул би өөрийн зардлаар Э.*******ийн эзэмшил газар дээр дараах төрлийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1. Гадна эко нойл 3,600,000 төгрөг,

2. Хашаа - 3 метрийн урттай, 1.8 метрийн өндөртэй, банзан хашаа нийт 27 ширхэг, 30 ширхэг модон шонгоор хийсэн 7,000,000 төгрөг,

3. Мод тарьж ургуулсан зардал - жимсний болон гоёлын мод 70 ширхэг буюу 3,000,000 төгрөг,

4. Газрын хянан баталгаа 250,000 төгрөг,

5. Газрын кадастрын зураг 70,000 төгрөг,

6. Тухайн газар нь хотгор, хонхорхойтой байсан учир тэгшлэх зорилгоор Хово маркийн тээврийн хэрэгслээр дүүргэх шороо зөөлгөсөн, авчирсан шороог тэгшлэх зорилгоор Ковш хөлслөхөд 1,500,000 төгрөг, нийт 15,420,000 төгрөгийн зардал гарсан. Гэвч одоо болохоор тохирсон ёсоор газраа надад шилжүүлэхгүй байгаа учир би түүний газар дээр хийсэн зүйлээ нэхэмжилж байгаа юм. Хэрэв өмнө тохирсон ёсоор газраа шилжүүлнэ гэвэл миний хувьд Э.*******тэй дахин ярилцаж, тохиролцоход татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.******* нь тухайн 3 дугаар баг, ******* эх 34- тоот эзэмшлийн газрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Хариуцагчаас  нэхэмжлэх зүйлгүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,420,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “...хариуцагчаас  нэхэмжлэх зүйлгүй болсон” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан гаргасан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,420,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,050 төгрөгийн 50 хувь болох 117,525 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын төсвийн орлогоос 117,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.******* /РД: /-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.ПАГМА