Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/0027

 

2025    09      26                                             2025/ДШМ/0027                

                                                                                                                         

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,

               прокурор Б.Цэгмэд,

                      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан

шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Б.Цэгмэдийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2530002430164 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Баруун-Урт сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа, шагналгүй, ******* овогт ******* (РД: *******)

2.Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, “Саруул” хотхон хүртэл авто замаар ******* улсын дугаартай “Тоёота Приус-40” маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттойгоор жолоодож, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 3 жилийн хугацаагаар тогтоож, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Хяналтын прокурор Б.Цэгмэд эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба үндсэн ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хэмжээнээс багасгаж 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шинээр оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан урьд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг дараагийн үйлдсэн нэг ижил төрлийн гэмт хэрэгт давтан оногдуулах, эсхүл өмнө нь оногдуулсан ялаас хөнгөн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулдаг сөрөг үр дагавартай. Шүүгдэгч ******* нь зөрчлийн болон эрүүгийн хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, шийтгэл оногдуулсаар байхад 3 сарын хугацаанд 3 удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь илэрч шалгагджээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн сүүлийн үйлдэлд нь үндсэн ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хэмжээнээс багасгаж буюу 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний удаа дараагийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, түүний хувийн байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт илтэд тохироогүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          6.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          8.Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхон хүртэл авто замаар ******* улсын дугаартай Тоёота Приус-40 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттойгоор жолоодож, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:

 

          8.1.Яллагдагч *******гийн “Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бид ын гэрт 0.75 литрийн архи 2-ыг уусан. Би гэр лүүгээ харих гэж, ******* улсын дугаартай машинаа бариад найз Э.ы гадаа очсон. “Саруул” хотхоноос хойшоо гарах үед намайг цагдаагийн алба хаагч нар зогсоож согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр түр саатуулсан. Намайг цагдаагийн газар аваачиж, үлээлгэхэд 3,03 хувийн согтолттой гарсан. Би архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (Хэргийн 37-39 дугаар хуудас),

          8.2.Гэрч ““Оюу" хүнсний дэлгүүрийн урд талын авто зам дээр ******* улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Приус-40” маркийн тээврийн хэрэгсэл таарсан ба жолооч ******* гэх залууг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн жолоочийг түр саатуулан драйгер багажаар үлээлгэн шалгахад 3,03 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 17-19 дугаар хуудас),

          8.3.Гэрч “ 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай найз ******* манайх руу машинтайгаа ирсэн. Бид дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад ын гэрт уусан. Орой болоод би гэр лүүгээ харьсан. , . нар уугаад үлдсэн. Маргааш нь би *******г согтуу машинаа барьж яваад цагдаад баригдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг (Хэргийн 21-22 дугаар хуудас),

          8.4.Гэрч Э.ы “Намайг очиход , , Батхүрэл гурав 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Бид дөрөв хамт сууж байгаад нөгөө шилтэй архийг нь дуусгаад дахиад 0.75 литрийн архи 2 ширхгийг хувааж уусан. Тэгсэн ******* гэр лүүгээ явлаа гээд орой 20 цагийн орчим гараад машинаа бариад явсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 25-26 дугаар хуудас),

          8.5.Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (Хэргийн 4 дүгээр хуудас),

          8.6. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 5-7 дугаар хуудас),

          8.7.Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  (Хэргийн 9 дүгээр хуудас),

          8.8.Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 11-14 дүгээр хуудас),

          8.9.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181 дугаартай шийтгэврийн хуулбар (Хэргийн 54-57 дугаар хуудас) зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон байна.

 

9.Хэрэгт авагдсан шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/631 дугаартай албан бичиг зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 44-90 дүгээр хуудас)

 

10.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, түүний  амьсгал дахь спиртийн агууламж 3.03 хувь байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарна. Шүүгдэгчийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл зөв байна.

 

11.Прокурор “Шүүгдэгчийн сүүлийн үйлдэлд нь үндсэн ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хэмжээнээс багасгаж буюу 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, эрх хасах нэмэгдэл ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хэмжээтэй адил буюу 1 жил 6 сарын хугацаагаар тус тус оногдуулсан нь түүний удаа дараагийн буюу 3 сарын хугацаанд 3 удаагийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, түүний хувийн байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт илтэд тохироогүй, ял хөнгөдсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

 

12. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* ял оногдуулахаас өмнө буюу 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг уг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсний дараа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгов.  

 

13. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хяналтын прокурор Б.Цэгмэдийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   О.БААТАРСҮХ