| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0637/З |
| Дугаар | 1012 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1012
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,
Нэхэмжлэгч: Б.Батням
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газрын алба;
Гуравдагч этгээд: Нийслэлийн тээврийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэст байрлах 40 м.кв газар эзэмших эрхийг иргэн Б.Батнямд шилжүүлэх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чулуунбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонбямба, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Батням миний бие өөрийн эцэг Т.Бямбаагийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэст байрлах 40 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд илэрхийлсэн.
Тус газрыг 2007 онд А.Цэрэнханд эзэмшиж байсан бөгөөд миний аав Т.Бямбаа 2012 онд уг газрыг худалдан авч эзэмших эрхийн гэрчилгээ авсан.
Манай аав 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барж, Б.Батням миний бие уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн өвлөхөөр 2016 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт гаргахад Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/219 дүгээр захирамжаар Нийслэлийн тээврийн газарт эзэмшүүлсэн газартай давхацсан тул хүсэлтийг хангах боломжгүй болохыг мэдэгдсэн.
Улмаар 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гаргахад дээд шатны албан тушаалтан, байгууллага эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн.
2011 онд А/219 дүгээр захирамж гарахад уг газар А.Цэрэнхандын эзэмшилд байсан. Иймд Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байгаа юм.
Одоогийн байдлаар манай байшин Улиастайн эцсийн буудлын хэвийн байдалд саад учруулахгүй байгаа бөгөөд хэрвээ саад учруулж, төлөвлөсөн ажилд нь тусгагдсан байсан бол Нийтийн тээврийн газар болон өмчийн харилцааны газар Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан үйл ажиллагаа явуулах байсан.
Нийслэлийн Засаг дарга, Нийтийн тээврийн газар, Баянзүрх дүүрэг болон Нийслэлийн өмчийн харилцааны газар, албан тушаалтны хариуцлагагүй шийдвэрийн улмаас газар эзэмших эрх маань зөрчигдөж, уг газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгөө баталгаажуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 219 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн автобусны буудлын эцэст автобусны эцсийн зогсоолын зориулалтаар 7038 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Нийслэлийн нийтийн тээврийн газарт эзэмшүүлсэн байна.
Гэтэл газар эзэмшүүлэхдээ тухайн газрын орчимд байрлан үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгжийн үл хөдлөх /мухлаг, дэлгүүр/-ийн доорх газрыг хамтад нь эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс Улиастайн автобусны эцсийн зогсоолд байршсан иргэний газрын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар албан бичиг ирүүлж байсан.
Иймд уг газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна” гэжээ.
Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Д.Бат-Ундрах шүүхэд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/117 дугаар захирамжаар иргэн Т.Бямбаад газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/219 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн эцсийн буудлыг Нийслэлийн Тээврийн газарт эзэмшүүлэхдээ иргэн Т.Бямбаагийн эзэмшил 40 м.кв газар болон бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцуулжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалт зөрчигдөж байгаа тул иргэн Т.Бямбаагийн эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Нийслэлийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/219 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны эцсийн зогсоолын зориулалтаар 7038 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Нийслэлийн тээврийн газарт эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Дээрх газрын давхацлын асуудлыг “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу газрыг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн шийдвэрлэхэд тус газраас татгалзах зүйлгүй болно.
Энэ тухай Өмчийн харилцааны газарт Улиастайн эцсийн зогсоолын талаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3/1010 дугаар албан бичгээр хүргүүлж байсан.
Иймд уг газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй тул иргэн Б.Батнямын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Батнямаас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/219 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, 0393199 дүгээр гэрчилгээ бүхий газрыг Б.Батнямын нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд даалгуулах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэст байрлах 40 м.кв газар эзэмших эрхийг иргэн Б.Батнямд шилжүүлэх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” гэж өөрчилсний дагуу дээрх шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар А.Цэрэнхандад эзэмшүүлсэн тус дүүргийн 10 дугаар хороо Улиастайн шинэ эцэст байрлах 40 м.кв газрыг мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/117 дугаар захирамжаар Т.Бямбаад 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан иргэн Т.Бямбаа А.Цэрэнханд нарын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, өргөдөл, Заса даргын захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэн Т.Бямбаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд 0393199 дүгээр гэрчилгээтэй дээр дурдсан газар эзэмших эрхийг Б.Батнямд өвлүүлж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/219 дүгээр захирамжаар Нийслэлийн тээврийн газарт автобусны эцсийн зогсоолын тохижилт, үйлчилгээний барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн автобусны эцсийн зогсоолд байршуулан 0.8 га газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож, барилга байгууламж барихыг зөвшөөрсөн бөгөөд уг захирамжийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна.
Нийслэлийн тээврийн газар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1309 дүгээр албан бичгээр 2007 оны 299 дүгээр захирамжаар иргэнд эзэмшүүлсэн газартай давхцсаныг хүлээн зөвшөөрч хасаж шийдвэрлэхэд татгалзахгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 219 дүгээр захирамжаар Нийслэлийн тээврийн газарт эзэмшүүлсэн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар А.Цэрэнхандад эзэмшүүлсэн газартай давхцаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасны дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар иргэнд эзэмшүүлсэн, нэхэмжлэгч Б.Батням өвлөн авсан газартай давхцуулан Нийслэлийн Засаг дарга 2011 онд Нийслэлийн тээврийн газарт газар эзэмшүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэст байрлах 40 м.кв газар эзэмших эрхийг иргэн Б.Батнямд шилжүүлэх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонбямба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4., 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батнямын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэст байрлах 40 м.кв газар эзэмших эрхийг иргэн Б.Батнямд шилжүүлэх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батнямд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН