Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 226

 

“С” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

 Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0128 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 201 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Ц.Иыг оролцуулж,

Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0128 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Иад холбогдуулан С ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 201 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0128 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4. Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт MNS 6777:2019 стандартын 3.10-д түргэн хоолны газрыг “хагас боловсруулсан бэлдцээр хязгаарлагдмал нэр төрлийн халуун хоол, ундааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг хоолны газар" гэж тодорхойлжээ.” гэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус стандартын 3.1, 3.2, 3.3, 3.8 болон 3.11 дэх хэсгийг анхаарч үзсэнгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

5. Учир нь, С ая тухтай дэлгүүр нь MNS 6777:2019 стандартын 3.10-т заасан тодорхойлолтод багтаахгүй, харин 3.8-т заасан “чанар, стандартын шаардлага хангасан хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр халуун хоол, ундаа, зуушийг бэлтгэн, худалдаалах зориулалтын хөргүүртэй лангуу, босоо ширээ бүхий үйлчилгээний цэг” гэх нэр томъёонд багтаж байгаа болно. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт MNS 6777:2019 стандартад ая тухтай дэлгүүр Түргэн хоолны хэсэгтэй гэсэн нэр томъёоны тодорхойлолт байхгүй, харин Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 тодорхойлсон болно. Иймд, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт MNS 6777:2019 стандартыг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.

6. Манай “С“ ХХК нь хүнсний үйлдвэрлэл явуулдаггүй, харин үйлдвэрлэгчээс бүрэн боловсруулалт хийсэн эрүүл ахуйн шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэл хэсэгт бичигдсэн байгаа болно. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг этгээд гэдэг нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг ойлгодог.

7. Гэтэл яагаад бүхэлд нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлийг хамааруулж ойлгож байгааг тайлбарлаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 156 дугаар тушаалын 6 дугаар бүлгийн 6.2-т “Шошгололт” гэсэн хэсэг байгаа. Тус хэсэгт “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-ийг гүйцэд боловсруулах аргачлалыг заасан байх ёстой гэж зохицуулсан байх бөгөөд энэ нь үйлдвэрлэгчээс гарч буй эцсийн бүтээгдэхүүнийг гэдгийг тодорхой харуулж байна. Учир нь эцсийн бүтээгдэхүүнд шошгололт хийдэг бөгөөд тус бүтээгдэхүүнийг халаах эсхүл халаахгүйгээр хэрэглэх боломжтой гэж ойлгож болох юм.

8. Харин шийтгэлийн хуудаст дурдсан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т заасан үйл ажиллагааны зохистой дадал нэвтрүүлээгүй гэдэг зүйл нь Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн боловсруулах технологи, шат дамжлагыг гардан хийж гүйцэтгэдэг этгээдэд хамаарч байхад хоёр шатны шүүх буруу тайлбарласан байна. Энэ нь хариуцагч байгууллагын захиргааны актыг гаргах, сонсох боломжийг хангахгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүхэд гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

9. Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсэг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны А/79 дугаартай тушаалын хавсралт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуйн, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.4-д “Хоолны газар нь /ресторан, кафе, баар, гуанз, түргэн болон явуулын үйлчилгээтэй, эмнэлэг, сувилал, сургууль, ясли, цэцэрлэг, оюутан сурагчдын дотуур байр/ Монгол улсын холбогдох хууль, стандарт, энэхүү үлгэрчилсэн дүрмийг дагаж мөрдөж ажиллана” гэж тодорхойлсон байх бөгөөд ая тухтай дэлгүүрийн түргэн хоолны хэсэгтэй дэлгүүрт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, тус үлгэрчилсэн дүрэм ая тухтай дэлгүүр эсхүл түргэн хоолны хэсэгтэй дэлгүүр гэсэн утга нэр томъёо байхгүй байх бөгөөд тус дүрэм нь хоолны газарт үйлчилгээний газарт хамаарах тайлбарлагдаж, тухайн газрууд дагаж мөрдөхөөр байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлэхийг шаардсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагыг хууль бус хэмжээн үзэж, хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

10. Гурав. Улсын байцаагч нь нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах ёстой байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-т Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг заасан байх бөгөөд 10.9.8-т “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;’’ -аар заасан байдаг. Үүний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1909001689 дугаартай Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг улсын байцаагч Ц.И авсан байх бөгөөд даалгаврыг хэрэгжүүлэх хугацааг 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тавьсан байна. Гэтэл даалгаврыг биелүүлэх хугацааг хүлээхгүйгээр №1909001689 дугаартай арга хэмжээ авах тухай даалгаврыг үйлдсэн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №006957 дугаартай шийтгэлийн хуудсыг бичсэн /нэг өдөр/ нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, заалтад нийцсэн эсэх, нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүйгээс шууд хариуцлага хүлээлгэх нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

11. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0128 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 201 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 66957 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Иргэн Б.Цаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн чанх урд байрлах С-ээс хотдог авч идэхэд дотор муухайрч, гүйлгэж байна. Хоол хүнсийг нь шалгуулах хүсэлттэй байна” гэсэн гомдол гаргасны дагуу, тус хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба шалгалтаар “С” ХХК-ийн С дэлгүүр нь хотдог үйлдвэрлэж худалдах үйл ажиллагаа явуулахдаа дээж авдаггүй, дээж авах хөргүүргүй, дээжийн тэмдэглэл хөтөлдөггүй зэрэг зөрчил илэрчээ.

14. Маргаан бүхий, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг “үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй” зөрчил гаргасан гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дүгээр зүйлийн 5.2-д заасныг үндэслэн, 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба тус компаниас энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан байна.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон дүрэм, стандартын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

16. Гомдол гаргагчаас “...С ая тухтай дэлгүүр нь MNS 6777:2019 стандартын 3.10-т заасан тодорхойлолтод багтахгүй, ...тус дэлгүүр хүнсний үйлдвэрлэл явуулдаггүй, зөвхөн үйлдвэрлэгчээс бүрэн боловсруулалт хийсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, шинжилгээтэй бүтээгдэхүүнийг худалдаалдаг онцлогтойгоор хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газраас ялгаатай” гэж маргасан нь үндэслэлгүй, дараах хууль, дүрэм, стандартын холбогдох зүйл, заалтуудад нийцээгүй байна.

17. Тодруулбал, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “үйлдвэрлэлийн зохистой дадал” гэдгийг  үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлд хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах арга, хэлбэрийг хуульчилсан бөгөөд 10 дугаар зүйлийн 10.1.2-т хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

18. Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын 4.2.4-д “ая тухтай дэлгүүр” гэдгийг өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, энэ стандартын 4.30-д заасан шаардлагыг хангасан түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй дэлгүүрийг ойлгохоор заасан бол, стандартын 4.30-д “түргэн хоолны үйлчилгээний хэсэг” гэж хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг тодорхой температурт халаах, халууныг тогтмол температурт барих, хадгалах, ердийн болон автомат ажиллагаатай төхөөрөмж, ширээ, сандлаар тоноглосон Wi-Fi орчин бүхий хэсэг гэж тодорхойлжээ. Мөн, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт MNS 6777:2019 стандартын 3.10-д түргэн хоолны газрыг “хагас боловсруулсан бэлдцээр хязгаарлагдмал нэр төрлийн халуун хоол, ундааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг хоолны газар” гэж тус тус тодорхойлсноор “С” ХХК-ийн СU ая тухтай дэлгүүрийг түргэн хоолны газрын үйл ажиллагааг явуулдаг буюу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж үзэх бөгөөд тэрээр өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

19. Мөн, түүнчлэн тус компанийн ая тухтай дэлгүүрийн үйлчилгээнд хэрэглэгдэх “хотдог” бүтээгдэхүүний технологийн заавраас үзэхэд, бүтээгдэхүүний орц болох гич соус, кетчуп соус, бяслаг соус, байцааны салат зэрэг боловсруулсан бэлдцээс гадна хагас боловсруулсан зайдсаар уг хоолыг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг байна. Гэвч тус дэлгүүр нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 400С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ” гэсэн заалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. 

20. Дээрх нөхцөл, байдлуудаас дүгнэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаас, гомдол гаргагч “С” ХХК-ийг “үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй” зөрчил гаргасан буюу хотдог нэрийн хоол боловсруулан худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн холбогдох стандарт, дүрмийг зөрчсөн гэж дүгнэн, торгуулийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дүгээр зүйлийн 5.2-т “...Хуульд заасныг зөрчиж, ...үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй бол ...хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

21. Иймээс нэхэмжлэгчийн “...С ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагаанд ...MNS 6777:2019 стандартыг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. ...шийтгэлийн хуудаст дурдсан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т заасан үйл ажиллагааны зохистой дадал нэвтрүүлээгүй гэдэг зүйл нь Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн боловсруулах технологи, шат дамжлагыг гардан хийж гүйцэтгэдэг этгээдэд хамаарч байхад хоёр шатны шүүх буруу тайлбарласан. ...улсын байцаагчийн шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, заалтад нийцсэн эсэх, нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүйгээс шууд хариуцлага хүлээлгэх нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

22. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0128 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 201 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                               ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА