Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ20176/00319

 

“И Зэт Си Өү Эн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05464 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар магадлалтай,

“И Зэт Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Мөнх-Эрдэнэд холбогдох,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 295.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны талбайн зөрүүд 28.400.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагч Ш.Мөнх-эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь Ш.Мөнх-Эрдэнэтэй 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 116 дугаар байрны 221 тоот 4 өрөө 145 м.кв талбай бүхий орон сууцыг 348.000.000 төгрөгөөр худалдан авахаар хоёр тал хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан. Гэрээний 1.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагч Ш.Мөнх-Эрдэнэд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний 2.1-д зааснаар хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны урьдчилгаа 100.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 248.000.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Гэвч үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлж гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн. Ш.Мөнх-Эрдэнэ нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 248.000.000 төгрөгөөс 197.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй. “И Зэт Си Өү Эн” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана, төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд алданги төлнө гэсэн. Тооцоо нийлсэн актаар Ш.Мөнх-Эрдэнэ нь 197.000.000 төгрөг, алданги 147.750.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ зөвшөөрч байсан. Иймд Ш.Мөнх-Эрдэнээс орон сууцны үлдэгдэл төлбөр 197.000.000 төгрөг, алданги 98.500.000 төгрөг нийт 295.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн Ким Сог Гюн гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй. Байрны талаар Үүрцайх, М.Бат-Очир гэдэг хүмүүстэй уулзан ярьж байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 25.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 75.000.000 төгрөгтэй тэнцэх ам.долларыг өгсөн. Тухайн үед Ж.Базарсад өмгөөлөгч байгаагүй бөгөөд би гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийгээгүй. Би 51.000.000 төгрөг төлсөн. Үүрцайх нь үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулж болно гэж амаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж лизингид хамруулж өгнө гэж хэлсэн. Анхнаасаа алданги тооцно гэж хэлсэн бол ийм өртөг өндөртэй байрыг авах хүсэл байхгүй байсан. Гэрээнд М.Бат-Очир гарын үсэг зурсан ба тэрээр “И Зэт Си Өү Эн” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэх итгэмжлэлгүй байсан. М.Бат Очирыг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдэгт эргэлзэж байна, харин анхнаасаа Үүрцайхтай тохирсон. Үүрцайхтай орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байхад өөр этгээд гэрээ бичиж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцээгүй. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгжээгүй, учир нь уг байранд орсон хэдий боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл шилжүүлж өгөөгүй. Нэр дээр шилжүүлээгүйгээс дараагийн төлбөрийг төлөх боломжийг олгоогүй. Хэрвээ худалдагч тал шилжүүлсэн бол банкнаас зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлөх байсан юм. Тэд намайг гэрээ цуцлая гэхэд өөрсдөө цуцлахгүй гэсэн, хугацааг сунгасаар байсан, бас зээл хөөцөлдүүлэх тохиролцооноосоо буцсан. Алданги, торгуулийн талаар бичгийн хэлбэрт оруулсан байгаа боловч энэ талаар яриагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж байсан. Би тэр хоёрыг байр зарж байгаа хүмүүс гэж ойлгосон. Нэхэмжлэгч тал “Гэрээ цуцлах эрхтэй” гэж өөрсдөө гэрээндээ бичсэн атлаа гэрээ цуцлах талаар огт санал гаргаж байгаагүй. Алданги зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр 197.000.000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “И Зэт Си Өү Эн” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй гэж үзэж байна. Учир нь энэ гэрээг анх Үүрцайх гэх хүн тухайн компанийн борлуулагч гээд 25.000.000 төгрөгийг авч тус компанид өгсөн байсан. Дараа нь 75.000.000 төгрөгийг Үүрцайх, М.Бат-Очир нарт хүлээлгэж өгсөн. Ингэхдээ худалдан авч буй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, банкны зээлд хамрагдах боломжтой гэсэн байдлаар эхний тохиролцоонуудыг хийсэн билээ. Байрны үнэ болох 348.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөгийг төлсөн. Мөн уг байр нь шинэ байр гэж худалдсан боловч өнөөдрийг хүртэл амьдран суухад тохь тухгүй хүйтэн, өнөөдрийн байдлаар засвар хийнэ хэмээн хана дулаалах, пар солих, цонх янзлах гэх мэтчилэн тоос шороотой хүндрэлтэй байдал дунд гэр бүл нялх хүүхдүүдийн хамт амьдарч байна. Их хэмжээний алданги хэмээх нэхэмжлэлийг өмгөөлөгч Ж.Базарсад нь компаниас зөвшөөрөлгүй бидний хэлцлийг өөрчилсөн. Гэрээний дагуу төлсөн 151.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаагүй бөгөөд нэхэмжлэлд гаргасан тайлбар гэж ойлгож болно. Гэрээний 3.6, 4.1 дэх заалтуудыг хүчингүйд тооцож өгнө үү. Уг байрны талбайн хэмжээ 145 м.кв гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бүртгэгдсэн боловч 133.15 м.кв болж талбайн зөрүү 11.85 м.кв-аар дутсан. Иймд талбайн зөрүү болох 28.400.000 төгрөгийг гаргуулж, үндсэн төлбөр болох 197.000.000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд  гаргасан  тайлбартаа: Ш.Мөнх-Эрдэнэ нь “И Зэт Си Өү Эн” ХХК-тай гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан. Хуулиар нэхэмжлэлийн шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх ёстой. Гэтэл бичсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Жил бүр 100.000.000 төгрөг төлж дуусгана гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Алдангийг гэрээнд заасны дагуу төлнө гэж өөрөө бичиж өгсөн байгаа. Гэрээний 3.6 дахь заалт нь гэрээ цуцлагдсан тохиолдолд хэрэглэх заалт юм. Хариуцагч 2014 оны 12 дугаар сард байранд орсон, тэрнээс хойш 1 жил төлбөрөө огт хийгээгүй. 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой байсан. Гэрээний 3.4-т худалдан авагч тус гэрээний 2.2-т заасан хугацаанд худалдан авагч талын нэр дээр шилжүүлэх ба өөрсдөө үл хөдлөх хөрөнгийн газарт очиж, Ш.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж хоёр тал тохиролцсон байна. Байрны зөрүү болох 11.85 м.кв-ын 28.400.000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулна гэж байна. Нэхэмжлэгч нь уг байрыг “Эко констракшн” ХХК-иас авсан бөгөөд уг байрыг барьсан компани нь биш. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Мөнх-Эрдэнээс 267.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн  56 дугаар  зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдох, 28.400.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах тухай хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.635.500 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 500.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.492.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 68.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 300.500 төгрөг, хариуцагчийн 650.000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэний хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/05464, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 135 дугаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч компани нь надад үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл надад шилжиж ирээгүй. Нэхэмжлэгч “И ЗЭТ СИ ӨҮ ЭН” ХХК-ны нэр дээр одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хэвээрээ байгаа. Үүгээр хэдийгээр миний бие нь уг байранд амьдарч байгаа хэдий ч, иргэний хуулийн 91.2.1-т зааснаар өмчлөгч нь гэж үздэг. “ЭКО КОНСТРАКШН” ХХК-ны-борлуулалтын менежер Үүрцайх, “И ЗЭТ СИ ӨҮ ЭН” ХХК-ны менежер Бат-Очир нар нь ямар нэгэн алдангигүй гэрээг байгуулсан бөгөөд, дээрхи нэр бүхий этгээдүүдтэй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд гэрээний 4.1-д алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор заасан нь хуулийн мөн зүйлд харшлаагүй байна. Иймд талууд алдангийн талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул хариуцагчийн,....алдангийн талаар тохиролцоогүй, гэх татгалзлал үндэслэлгүй байна.” хэмээн тохиролцсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ким Дэ Шик нь гэрчээр дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгөхдөө алдангийн талаар асуухад алдангигүй гэж хариулсан. Гэвч өмгөөлөгч нар нь үүнийг мушгин гуйвуулж орчуулгын алдаа байсан мэтээр үгүйсэж дахин гэрчээр асуулгаж өөрчлүүлсэн. Мөн түүнчлэн Базарсад өмгөөлөгч нь 4-5 удаа алдангийг үл маргах журмаар төлнө, хариуцана гэсэн баримтуудыг өөрөө хэлж бичүүлж байсан. Гэрчээр асуугдсан Ким Дэ Шикийн анхлан өгсөн гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Алданги болох 70.000.000 төгрөг, мөн түүнчлэн талбайн зөрүү болох 28.400.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

2. “И ЗЭТ СИ ӨҮ ЭН” ХХК-ны нэхэмжлэлтэй байрны асуудал яригдаж байгаа тул уг байрны талбайн зөрүүг ч тооцох ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх талбайн зөрүү болох 28.400.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөгүйд туйлын гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал мэргэшсэн өмгөөлөгчидтэй оролцсон. Иргэн намайг өмгөөлөгчөөр хангаж өгөөгүй ба миний эрхийг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагч Ш.Мөнх-Эрдэнээс орон сууцны үнэ 197.000.000 төгрөг, алданги 98.500.000 төгрөг нийт 295.500.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс алдангийг эс зөвшөөрч, “...гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, талбайн зөрүүд 28.400.000 төгрөг гаргуулж үндсэн төлбөрөөс хасч тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 116 дугаар байрны 221 тоот 4 өрөө 145 м.кв талбай бүхий орон сууцыг 348.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ орон сууцны үнэд 100.000.000 төгрөгийг төлж, үлдэх 248.000.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 28-ний дотор төлөхөөр харилцан тохирчээ /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/.

Хариуцагч гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний 4.1-т зааснаар худалдан авагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутам тооцож төлөхөөр тохирчээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хариуцагч нь орон сууцыг хүлээн авсан боловч 197.000.000 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул гэрээгээр тохирсон алданги төлөх үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 267.000.000 төгрөгийг хангахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 232.8 дах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, татгалзал, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч алдангийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч тэрээр татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, энэ тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн /хэргийн 2 дугаар хавтас 54 дүгээр тал/ боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй шалтгаанаа мэдэгдээгүй тул хариуцагчийн “өмгөөлөгчөөр хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнх-Эрдэний хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 650.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ