Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02166

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02166

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02729 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-д холбогдох

 

10 886 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурдаулет

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ТХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-тай ТГ-18/04/010 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани 400х1200 хэмжээтэй 550 ширхэг хэв хашмалыг 1 ширхэгийг нь 200 төгрөгөөр тооцон 30 хоногийн хугацаатай хариуцагчид түрээсэлсэн. Гэхдээ хариуцагч 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 87 хоногийн турш манай хэв хашмалуудыг түрээсэлсэн байдаг. Ингээд түрээсийн төлбөртөө хариуцагч тал нийт 9 570 000 төгрөг төлсөн.

Хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-ийн ажилчид нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрсдийн түрээслэн авсан нийт 550 ширхэг хэв хашмалуудыг манай байгууллагын хашаанд буцаан авчирч буулгасан. Уг хэв хашмалуудыг манай байгууллагын зүгээс шалгаж үзэхэд 448 ширхэг хэв хашмалууд нь эвдэрч, гэмтсэн байсан.

Бид эвдэрч, гэмтсэн хэв хашмалуудыг талуудын байгуулсан ТГ-18/04/010 дугаартай түрээсийн гэрээний хавсралтаар тохирсны дагуу нэг хэв хашмалыг 16 200 төгрөгөөр тооцон акт тавьсан. Уг актын дагуу хариуцагч тал бидэнд эвдэлсэн 448 ширхэг хэв хашмалуудын төлбөрт 7 257 600 төгрөг төлөхөөр болсон бөгөөд хариуцагч компанийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ганчимэг өөрийн биеэр хүрэлцэн ирж актан дээр гарын үсэг зурсан. Уг актын дагуу бид хариуцагчид хандаж удаа дараа бидний хэв хашмалыг эвдэлж, гэмтээсэн төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариу өгөөгүй.

Иймд хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК нь түрээсийн гэрээний дагуу хүлээн авч ашигласан 550 ширхэг хэв хашмалаас 448 ширхэгийг нь эвдэлж гэмтээсэн тул гэрээний хавсралтын дагуу тавьсан актаар тогтоосон 7 257 600 төгрөг, 2018 оны 9 дүгээр сараас хойш алданги 3 628 800 төгрөгийг нийт 10 886 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК нь ТХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №ТГ-18/04/010 дугаартай түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр манай байгууллага 400х1200 хэмжээтэй нийт 550 ширхэг хэв хашмалыг 1 ширхэгийг өдрийн 200 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Ингээд Ж.Ж.Э констракшн ХХК нь хэв хашмалыг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №ТГ-18/04/010 дугаартай гэрээнд түрээсийн гэрээний хугацааг 30 хоногоор тохирсон байсан ч гэрээний хугацааг сунгах тухай зохицуулалт тусгагдаагүй тул 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш буюу өмнөх гэрээний хугацаа дууссанаас хойш аман хэлцлийн дагуу үргэлжлүүлэн түрээсэлж байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ТХХК-д түрээсийн эд зүйл болох 550 ширхэг 400х1200 мм хэмжээтэй хэв хашмалыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн зөвшөөрлийн дагуу ТХХК-ийн өөрийн байранд тоо ёсоор нь буулгаж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Тухайн үед хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хэв хашмалын тоо болон чанарыг шалган хүлээн авахыг хүссэн боловч нэхэмжлэгч ТХХК нь баяр наадам дөхсөн, ажлын цаг дуусаж байна гэх шалтгааны улмаас түрээсийн эд зүйлийг өөрсдөө шалгаж аваагүй болно. Хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид нийт 9 570 000 төгрөгийг шилжүүлсэн, уг үнийн дүн нь хэв хашмал түрээсэлсэн нийт түрээсийн төлбөр юм.

ТХХК нь нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт болгож 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэх Ж.Ж.Э констракшн ХХК түрээсийн тооцооллын товчоо гэх баримтыг гаргаж өгсөн боловч тус баримт нь манай компанитай тооцоо нийлсэн акт биш юм. Тус тооцоо нийлсэн гэх актад түрээслүүлэгчийг төлөөлж нягтлан бодогч Л.Батчимэг гарын үсэг зурсан, буюу түрээслэгч талыг буюу Ж.Ж.Э констракшн ХХК-ийг төлөөлж тухайн үед манай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ганчимэг нь Б.Ганаа гэж таталгаж гарын үсгээ зурсан. Гэвч Б.Ганчимэг нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхгүй этгээд юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018 оны түрээсийн гэрээний тооцооны товчоо гэх төлбөр тооцооны акт нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Ж.Э констракшн ХХК-ийн зүгээс тус төлбөр тооцооны актыг хүчин төгөлдөр тооцохыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №ТГ-18/04/010 дугаартай гэрээг 30 хоногийн хугацаагаар байгуулсан ба түүнээс хойш бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид алданги шаардах хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-аас 7 168 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 718 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ТХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-аас 129 638 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдолдоо: ТХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгож 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэх Ж.Ж.Э Констракшн ХХК түрээсийн тооцооллын товчоо гэх баримтыг гаргаж өгсөн боловч тус баримт нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдээгүй болохыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг.

Мөн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн огноотой маргаан бүхий төлбөр тооцооны актад манай компанийг төлөөлж Б.Ганчимэг гарын үсэг зурсан байх ба Б.Ганчимэг нь компанийг төлөөлж ямар нэгэн төлбөр тооцооны актад гарын үсэг зурах, гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй этгээд юм. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх зохицуулалт байдаг боловч иргэн Б.Ганаа гэгчид компанийн зүгээс ямар нэгэн эрх олгосон итгэмжлэл олгоогүй болно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн огноотой 2018 оны, түрээсийн гэрээний тооцооны товчоо гэх төлбөр тооцооны акт нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Ж.Э Констракшн ХХК-ийн зүгээс тус төлбөр тооцооны актыг хүчин төгөлдөрт тооцохыг зөвшөөрөхгүй тул хүчин төгөлдөр бус байна.

Гэрч Б.Эрдэнэзулын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч тал нь хариуцагчийг байлцуулалгүйгээр хэв хашмалуудын байршлыг өөрчилж, нэг талыг байлцуулалгүйгээр акт үйлдсэн, хариуцагч талын төлөөлөл очиход хэв хашмалуудын байршлыг шилжүүлсэн, дахин акт үйлдэж хүлээлцэх боломжгүй байсан болох нь тогтоогдсон. Гэтэл Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг баримтлан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 168 000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02729 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Ж.Ж.Э констракшн ХХК-д холбогдуулан хөлслүүлсэн эд хөрөнгийн засварын үнэд 10 886 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, улмаар хөлслөгч Ж.Ж.Э констракшн ХХК нь 550 ширхэг хэв хашмал хөлсөлсөн үнэд 9 570 000 төгрөг хөлслүүлэгч ТХХК-д төлөх үүргээ биелүүлж, эд хөрөнгийг буцаан өгсөн үйл баримтад маргаангүй. Харин хүлээлгэн өгсөн 550 ширхэг хэв хашмалаас 448 ширхэг нь эвдрэлтэй байсан эсэх талаар зохигчид маргажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талд нотолгооны үүрэг хуваарилагдана.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хөлсөлсөн 550 ширхэг хэв хашмалаас 448 ширхэг нь эвдрэлтэй байсныг талууд тооцоо нийлж акт үйлдсэн гэх үндэслэлээр хэв хашмалын засварын зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь уг нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ ... хэв хашмалыг ТХХК-ийн хашаанд тоо ёсоор нь буулгасан, нэхэмжлэгчид тоо болон чанарыг шалган хүлээж авахыг хүссэн боловч тус компани нь баяр наадам дөхсөн, ажлын цаг дууссан шалтгаанаар шалгаж аваагүй, дараа манай компанийн зүгээс тухайн хэв хашмалын тоо, чанарыг шалгах гэхэд өөр газарт шилжүүлэн зөөсөн байсан, хоорондоо хүлээлцэж, тооцооны акт үйлдээгүй ... гэж тайлбарлажээ. Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн акт байгаа учир буулгах үедээ талуудын хүлээлцсэн актыг шүүхэд өгөөгүй гэж, гэрч Г.Эрдэнэзул хэв хашмалыг нэхэмжлэгч компанийн хашаанд буулгахад 50 орчим нь эвдрэлтэй байсан агуулга бүхий тайлбар, мэдүүлгийг өгсөн байна.

Анхан шатны шүүх энэ маргаантай асуудлаар талуудаас тодруулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02729 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 072 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД