Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/28

 

2025         09          12                                    2025/ДШМ/28                 

                                                                                                                        

*******од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Ууганбат,

                      шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

                               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2430003430094 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1. Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******, ******* овогт *******.

 

2. Шүүгдэгч ******* нь Иргэний агаарын тээврийн Миат компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн агаарын тээврийн газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг, мөн хуулийн 6.4 дэх хэсэгт заасан “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5 дахь хэсэгт заасан “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг тус тус зөрчиж,

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь “Баруун-Урт” нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа Иргэний нисэхийн ерөнхий газрын Өмч хамгаалах комисс нь тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам”-ын 4.5-т заасан “Байнгын зөвлөл нь эрх бүхий байгууллагаac шилжүүлэхээр шийдвэр гарсан хөрөнгийг байгууллагын даргын тушаалаар комисс томилон хүлээлцүүлэхэд дүгнэлт гаргах ба актлахаар шийдвэр гарсан эд хөрөнгийг ашиглах байдлаас шалтгаалан үнэ тогтоон худалдах, задалж сэлбэг, материал болгон ашиглах, худалдах болон задлах боломжгүй хөрөнгийг устгахаар шийдвэр гаргах ба худалдах, ашиглах хөрөнгүүдийн үнийг тогтоон, устгах хөрөнгийг комисс томилон устгуулах ажлыг зохион байгуулна” гэх заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.11-т “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгийг актаар хүлээлцэх, акталж данснаас хасах хөрөнгийг ангилж үнэ тогтоон хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдах, сэлбэг, материал болгон ашиглах, устгах хөрөнгийг устгалын акт үйлдэн данснаас хасах ажлыг зохион байгуулна” гэснийг зөрчиж,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж, “*******” ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Ж.Ганбаатар болон “Баруун-Урт” нисэх буудлын галч, харуул ажилтай *******, нартай худгаас “Ус ханган нийлүүлэх гэрээ” байгуулж худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор "Баруун-Урт" нисэх буудлын төсвөөс "*******" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар нийт 8,195,093 төгрөг шилжүүлэн авсан мөн тус худгаас "" ХХК-д ус ашиглуулан өөртөө ашиг олох санаа зорилгоор тухайн компаниас 6,318,000 төгрөг, нийт 14,513,093 төгрөгийг "*******" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг Төрийн банкны дугаарын дансаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:   Шүүгдэгч ******* овогт *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу *******оос гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 14,513,093 төгрөгийг гаргуулж Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт" нисэх буудалд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Х.Ууганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо
прокуророос шүүгдэгч *******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний
өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн
үйлдлээр үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татсан байх бөгөөд яллагдагчаар татаж
болохгүй хуулийн хугацаа өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл түүний гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татсан өдөр хүртэлх хугацааг тоолоход 6 жил 2 сар 23 хоног өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19
дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр шүүх *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн
үндэслэлтэй байна хэмээн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн төгссөн хугацаанаас бус гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн хугацаанаас эхлэн тоолж
эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцэхгүй
дүгнэлт хийсэн байна.

Учир нь прокуророос *******ыг Иргэний агаарын тээврийн МИАТ
компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/57
дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн агаарын тээврийн газрын даргаар буюу
нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх
хугацаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн өмчийн
хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч
хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж,
*******” ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн
зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Ж.Ганбаатар
болон “Баруун-Урт” нисэх буудлын галч, харуул ажилтай *******, Н.Мөнх-
Эрдэнэ нартай худгаас “Ус ханган нийлүүлэх гэрээ” байгуулж худгийг актлах
шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор “Баруун-Урт” нисэх
буудлын төсвөөс “*******” ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар нийт 8,195,093 төгрөг шилжүүлэн авсан, мөн тус худгаас “Эм Эл Цахиурт
Овоо” ХХК-д ус ашиглуулан өөртөө ашиг олох санаа зорилгоор тухайн компаниас
6,318,000 төгрөг, нийт 14,513,093 төгрөгийг “*******” ТББ-н Төрийн банкны
дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг
Төрийн банкны дугаарын дансаар зарцуулж өөртөө давуу байдал
бий болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татаж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 76 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл ******* нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж
байхдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2019
оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ус ханган нийлүүлэх” гэрээ (1-р хавтаст
 хэргийн 28-р хуудас), 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Ус ханган нийлүүлэх” гэрээ (1-р хавтаст хэргийн 27-р хуудас), 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ус ханган нийлүүлэх” гэрээ (1-р хавтаст хэргийн 26-р хуудас) хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн НБ23/01 дугаартай “Ус ханган
нийлүүлэх” гэрээ (1-р хавтаст хэргийн 25-р хуудас)-г тус тус байгуулах замаар бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий
болгосон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж
бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн  нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй ” гэж,

Мөн хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага  хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш
хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн  үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус хуульчилжээ.

шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн хугацааг  яллах дүгнэлтэд заасан хамгийн сүүлийн гэрээ буюу НБ23/01 дугаартай “Ус ханган нийлүүлэх” гэрээ (1-р хавтаст хэргийн 25-р хуудас)-г байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцвол үүний дараагийн өдрөөс буюу 2023 оны 21 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдэл нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ус ханган нийлүүлэх” гэрээ байгуулснаар эхэлж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн НБ23/01 дугаартай “Ус ханган нийлүүлэх” гэрээг байгуулах хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд түүний гэмт үйлдэл 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр НБ23/01 дугаартай “Ус ханган нийлүүлэх” гэрээг байгуулснаар төгссөн буюу үйлдэгдэж дууссан байна. Иймээс тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагаас эхлэн тоолох нь хуульд нийцэх юм.

            Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ. 

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь албан тушаалын хэрэг мөн үү? биш үү? мөн бол ямар учраас давуу байдал олгосон бэ? гэдэг талаар би анхан шатны шүүх хуралдаанд саналаа хэлж байсан. Нийтийн албан тушаалтан гэдэг бол төрийн албан хаагч юм. ******* нь тухайн үед төрийн албан хаагч мөн үү? биш үү? Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга уу? гэдэг талаар сүүлд би судалсан. Тухайн үед энэ байгууллага нь МИАТ компанийн харъя байгууллага байсан юм билээ. МИАТ компани бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нь хэн байх вэ? гэхээр МИАТ компанийн удирдах зөвлөлийн дарга нь байдаг. 2024 онд *******ыг ажлаа хүлээлгэж өгөхөд ажлыг нь авсан Х.Наранбаатар гэх хүн 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвших гэсэн боловч сонгуулийн хороо энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч байна гэж бүртгэхээс татгалзсан үндэслэлээр шүүхэд хандаж төрийн албан хаагч биш, нисэх буудлуудын салбарын дарга учир удирдах албан тушаалтанд орохгүй гэсэн албан бичиг өгсөн байсан. Би тэр албан бичгийг өнөөдрийн шүүх хуралдаанд авч ирэх гэсэн боловч бичгэн хэлбэрээр авч чадсангүй. Энэ нь нийтийн албан тушаалтан мөн биш эсэх талаар надад эргэлзээ төрсөн.

Хоёрдугаар асуудал бол давуу байдал олгосон гэх асуудал байгаа. Энэ хэрэгт яригдаж байгаа худгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн өмчийн хорооны 707 тоот тушаалаар байгууллагын өмчөөс хассан. Ажил байдлын тодорхойлолт дээр ******* нь тухайн байгууллагын өмчийг хасах эрх байхгүй. Төрийн өмчийн хороо шийдвэрээ гаргаж, Нисэхийн ерөнхий газрын тушаалаар байгууллагын балансыг данснаас хасдаг юм билээ. Үүнд *******ын оролцоо байхгүй.  2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 4 объектыг актлаад, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэр байгууллагын өмч биш болсон байдаг. Байгууллагын дэргэдэх өмч хамгаалах зөвлөл нь актлагдсан зүйлсийг устгах уу? зүгээр актлах уу? гэдгийг шийддэг байгууллага биш бөгөөд тухайн байгууллага доторх зөвлөл юм. ******* 3 удаа тухайн худгийг байгууллагын дэргэдэх өмч хамгаалах зөвлөлөөр шийдвэрлэ гэсэн бичиг явуулсан байдаг. Тухайн байгууллага одоо хүртэл хариу өгөөгүй. ******* өөрөө зарим жилд 2 удаа байгууллагын дарга солигддог, очсон бичиг хаана, хэнд байгаа нь мэдэгдэхгүй, би очих болгондоо энэ барилгын асуудлыг шийдэж өгөх талаар хэлдэг гэж ярьсан. Миний хувьд байгууллагын данснаас хассан тохиолдолд тухайн барилга байгууллагын өмч мөн үү? биш үү? гэдэгт эргэлзэж байна. 2016 онд акталж 2019 он хүртэл 4 жил тухайн худгийг ашиглаагүй. Акталсны дараа худгийн газрыг Баруун-Уртад шилжүүлсэн. Гэхдээ худаг нь байж л байсан. 4 жил худгаас ус авахад усны мөнгөө дийлэхгүй болоод ус ойжуулах нөхөрлөлөөс авч байсан. Байгууллагад нь ус маш  их хэрэгтэй. Учир нь 4-11 сар хүртэл онгоцны буудлын зурвасыг оготны устгал хийж нягтаршуулдаг юм билээ. Тэгэхээр үүнийг давуу байдал гэж үзэх үү? гэдэгт одоо хүртэл эргэлзээ төрч байна. Тухайн худгийг ******* 17,600,000 төгрөгөөр зассан талаар нотлох баримт гаргаж өгөхөд шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй гээд хүлээж аваагүй. Харин байгууллагаас худгийг зассан гэсэн баримт гаргаж өгөөгүй. ******* худгийг зассан мөнгийг олж авах гэж байгууллагадаа баримт өгч байсан. Байгууллагадаа өгөхдөө зах зээлийн ханшнаас 40 хувиар доогуур өгсөн. Давуу байдал олгосон үгүй нь үүн дээр бас харагдана. Байгууллага худгийг зассан бол тэр тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан, гаргаж өгөөгүй. Харин ******* зассан тухай баримтаа хавсаргаж өгсөн байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд ******* байгууллагадаа 500,000,000 сая төгрөгийн ашигтай ажиллаж зардлыг хэмнэсэн байдаг. Үүн дотор 4,600,000 төгрөгийн усны зардлыг хэмнэсэн. Хэмнэлт хийж байгааг давуу байдлаа ашигласан гэж үзэх үү? Энэ байгууллага нь тусдаа халаалтын зуухтай. Өвлийн үед тус халаалтын зууханд ус хэрэгтэй. Энэ байгууллагыг хөлдөөхгүйн тулд тухайн худгийг ашигласан. Ашиглахдаа тоног төхөөрөмжүүдийг би өөрөө сэлбэсэн гэж ******* хэлдэг. Би бодохдоо ******* тухайн худгийг ажиллуулахын тулд өөрөөсөө мөнгө гаргасан. Харин байгууллагадаа өгөхдөө зах зээлийн ханшнаас 40 хувиар доогуур нийлүүлж зөвхөн өртгөө авсан гэж ойлгож байгаа. ******* хэлэхдээ би сүүлийн 33 жил ажиллахдаа энэ байгууллагад сүүлийн 3 жилд 500,000,000 төгрөгийн хэмнэлт гаргасан гэж ярьдаг. Байгууллагын өмч хамгаалах комисс нь одоо хүртэл шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд тухайн худгийг одоо хүртэл байгууллага нь ашиглаж байгаа. Худгийг тухайн байгууллагын өмч үү? тоног төхөөрөмжийг сайжруулсан *******ын өмч үү? гэдэгт би эргэлзэж байна. Учир нь байгууллага данснаасаа хассан. Иймд давуу байдал олгосон гэх асуудалд миний зүгээс санал нийлэхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох анхан шатны шүүхэд гаргасан саналаа дэмжиж байна...”гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  9. Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнтэй нь холбогдуулан прокурор 2025 оны 03 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн байна.

 

10. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр шүүгдэгч *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэргийг үйлдэж эхэлсэн өдрөөс яллагдагчаар татсан өдөр хүртэл 6 жил 2 сар 23 хоног өнгөрсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн  үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тодорхой тусгасан бөгөөд яллах дүгнэлтэд дурдагдсан үргэлжилсэн гэмт үйлдэл нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан тул уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулан тооцохоор хуульд тусгасан гэж үзнэ. Тодруулбал: гэмт хэрэг үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татах тогтоол үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тоолоход нийт 1 жил 5 сар 13 хоног байх тул яллагдагчаар татаж болохгүй 5 жилийн хугацааг өнгөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатын бичсэн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

11. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх бусад тайлбар, саналд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй болно.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

             Нэг.Прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

             Хоёр.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

             Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

22.1

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ГАНЗОРИГ                   

                                   ШҮҮГЧ                                   Г.УРТНАСАН

                                           ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ