| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10837/И |
| Дугаар | 192/ШШ2026/00847 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2026/00847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.О-д холбогдох,
Түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж*******,
хариуцагч Б.О*******,
хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б*******,
гэрч Т.Х*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг оролцов.
/Нэхэмжлэгч А.Б*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б******* хариуцагч Б.О*******т холбогдуулан Түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б******* нь Б.О*******тэй харилцан тохиролцож, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрийг Б.О*******ийн хэлсний дагуу 07 тоотны байрны түрээсийн төлбөрийг 2021 оны 03 сараас 2024 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэл 57,495,000 төгрөгийг Б.О*******ийн өмнөөс түрээслүүлэгч Т овогтой Х*******гийн Хаан банкны 50218******* тоот дансанд төлсөн. Тухайн үед Б.О******* эгч нь зээлүүлсэн мөнгөө хасаад үлдэгдэл мөнгийг чинь удахгүй өгнө, чи түрдээ эгчийнхээ түрээсийн мөнгийг төлж байгаа гэж гуйхад нь би хэцүү үед мөнгө зээлүүлж тусалсан эгч юм чинь төлчих байлгүй дээ гэж итгээд түрээсийн мөнгийг төлсөөр байсан. Гэтэл Б.О******* нь 2025 оны 07 сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд зээлүүлсэн 18 000 000 төгрөгөө нэхэж өргөдөл гарган, бидний эвлэрлийг баталсан шүүгчийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 191/Ш32025/33706 дугаартай захирамж гарч шийдвэрлэсэн. Тухайн үед Б.О******* нь энийг ингээд шийдчихье, тэгэхгүй бол нөхөр уурлаад байна, ядаж нэг юм үзүүлэх хэрэгтэй байна гэж худал хэлээд эвлэрлийн гэрээ байгуулсныг сүүлд ойлголоо. Харин би Б.О*******ийн өмнөөс түрээсийн төлбөрт 57 495 000 төгрөгөө өгөөч ээ гэхэд Б.О******* төлөхгүй, чаддаг юм аваарай гэж хэлээд одоо утсаа авахгүй алга болсон. Иймд Б.О*******ийн өмнөөс түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөгийг Б.О*******ээс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О******* би 2020 оны 8 сарын сүүлээр А.Б*******ий фэйсбүүкт тавьсан “мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэх зарын дагуу анх холбогдож, бид албан ёсоор гэрээ хийж, би 18 000 000 төгрөгөө А.Б*******д зээлдүүлээд байранд нь нүүж орсон. Үүнээс би А.Б*******д байрны өмчлөгчийн лавлагаагаа аваад ирээрэй гэхэд “энэ байр манай эмээгийн байр байгаа юмаа, хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ хийчихье” гэснийх нь дагуу гэрээгээ хийж байсан юм. Миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, 11-р байрны 07 тоотын байранд амьдарч байх хугацаандаа ашиглалтын зардлуудыг бүрэн төлж байсан ба эдгээр зардлуудыг төлөөд эхлэх үед энэ байр Төрийн банкин дээр Л.М гэх хүний нэрээр гарч ирдэг байсан юм. Мөн Т.Х******* гэх хүнийг огт танихгүй бөгөөд А.Б*******д мөнгөө зээлүүлээд мөнгөнийхөө хүүнд нь түүний байранд суухаар тохиролцсон болохоос биш Т.Халиун гэх этгээдтэй түрээсийн гэрээний харилцаа үүсгэх нь байтугай, урьд өмнө нь ийм нэртэй хүний тухай сонсож ч байгаагүй болно. Мөн би өөрийнхөө өмнөөс А.Б*******ээр ямар нэгэн түрээсийн төлбөрийг түрдээ төлүүлнэ гэх үйл явдал огт болж байгаагүй юм. Харин ч би А.Б*******ээс өөрийн зээлсэн мөнгөө буцааж авахаар удаа дараа шаардсан боловч буцааж өгөхгүй байсан болохоор 2025 оны 5 сарын эхээр би байрнаас нь нүүж, байрыг нь албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэсэн ч тэрээр мөнгийг маань өгөхгүй байсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Тэрээр Эвлэрүүлэн зуучлагчийн товлосон уулзалтад оролцохдоо "надаас зээлсэн мөнгөө 2025.12.15-ны өдрийн дотор төлнө" гэж өөрөө биечлэн хүлээн зөвшөөрсөн болохоор тус шүүхээс 191/Ш32025/33706 тоот "Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" захирамж гаргасан. Хэдийгээр бидний тохиролцсон эцсийн хугацаа болоогүй байгаа ч А.Б******* нь надад өнгөрсөн 3 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй хирнээ одоо намайг хууль бусаар гүтгэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А.Б*******ий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.13-ны өдрийн 191/ШЗ2025/33706 дугаар шүүгчийн захирамж, 2025.08.01-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, 2025.07.25-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт, Т.С*******ын 54000******* тоот дансны хуулга, А.Б*******ий 3005 тоот дансны хуулга, 5008******* тоот дансны хуулга, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн. /2-39, 136-137, /
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэргийг ирүүлсэн. 42, 50-52, 129- 134,
5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч А.Б*******ий “Ж.Б”, хариуцагч Б.О*******ийн “B” гэх фэйсбүүк хаягийн 2020 оны 8, 9 сараас 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл харилцсан мессенжер чатанд үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, гэрчээр Т.Х*******г оролцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.О*******тэй 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18 000 000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон. Б.О*******ийн хүсэлтийн дагуу 07 тоот байрны түрээсийн төлбөрийг 2021 оны 03 сараас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 57 495 000 төгрөгийг түрээслүүлэгч Т.Х*******гийн Хаан банкны 50218******* тоот дансанд төлсөн. Тухайн үед Б.О******* эгч нь зээлүүлсэн мөнгөө хасаад үлдэгдэл мөнгийг чинь удахгүй өгнө, чи түрдээ эгчийнхээ түрээсийн мөнгийг төлж байгаа гэж гуйхад нь би хэцүү үед мөнгө зээлүүлж тусалсан эгч юм чинь төлчих байлгүй дээ гэж итгээд түрээсийн мөнгийг төлсөөр байсан. Гэтэл Б.О******* нь 2025 оны 07 сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд зээлүүлсэн 18 000 000 төгрөгөө нэхэж өргөдөл гарган, бидний эвлэрлийг баталсан шүүгчийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 191/Ш32025/33706 дугаартай захирамж гарч шийдвэрлэсэн. Б.О*******ээс түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөгөө өгөөч ээ гэхэд Б.О******* төлөхгүй, чаддаг юм аваарай гэж хэлээд одоо утсаа авахгүй алга болсон. Иймд Б.О*******ийн өмнөөс түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөгийг Б.О*******ээс гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...2020 оны 8 сарын сүүлээр А.Б*******ий фэйсбүүкт тавьсан “мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэх зарын дагуу холбогдож, албан ёсоор гэрээ хийж, 18 000 000 төгрөгөө А.Б*******д зээлдүүлээд байранд нь нүүж орсон. Бидний хооронд зээлсэн мөнгөнийхөө хүүнд уг байранд суухаар тохиролцсон. Би өөрийнхөө өмнөөс А.Б*******ээр ямар нэгэн түрээсийн төлбөрийг төлүүлсэн зүйл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч Т.Х*******гийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч А.Б******* хариуцагч Б.О******* нар 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18 000 000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан асуудлаар маргаагүй.
5.1 Дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хариуцагч Б.О******* нэхэмжлэл гаргаж, уг асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/33706 дугаар шүүгчийн захирамж, 2025.08.01-ний өдрийн Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх ба уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.2 Уг захирамжаар өргөдөл гаргагч Б.О*******, эвлэрэлд уригдагч тал А.Б******* нар харилцан ярилцсаны үр дүнд уригдсан тал 18 000 000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд: 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18 000 000 төгрөгөөр өргөдөл гаргагчид төлж барагдуулахаар өргөдөл гаргагчтай тохиролцов. Өргөдөл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөг дээр санал байхгүй” гэж талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-ийн 10/
6. Харин нэхэмжлэгч А.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан түрээсийн төлбөрийн маргаан бүхий асуудал үүссэн шалтгааны тухайд талууд зөрүүтэй тайлбар гаргаж, маргасан.
6.1 Хариуцагч Б.О******* нь 2020 оны 8 сарын сүүлээр А.Б*******ий фэйсбүүкт тавьсан “мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэх зарын дагуу холбогдож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, 18 000 000 төгрөгийг А.Б*******д зээлдүүлж, зээлийн хүүндээ Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороолол, 11-р байр, 07 тоот байранд амьдрахаар харилцсан тохиролцсон, уг байрыг А.Б******* нь өөрийн гэж тайлбарласан.
6.2 Нэхэмжлэгч тал “...зээлийн гэрээний хүүнд тухайн оронд сууцанд суулгахаар тохиролцсон зүйл байхгүй. Хариуцагч Б.О*******тэй түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, түүний хүсэлтээр 2021 оны 03 сараас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 57 495 000 төгрөг төлж байсан болох нь дансны хуулга, гэрч Т.Х*******гийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан.
7. Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороолол, 11-р байр, 07 тоот орон сууц нь нэхэмжлэгч А.Б*******ий болон түүний хамаарал бүхий этгээдийн байр биш болох нь түүнчлэн нэхэмжлэгч А.Б******* нь өөр этгээдээс түрээслэхээр авсан байрыг хариуцагч Б.Од түрээслүүлсэн болох нь гэрч Т.Х*******гийн “...уг байр нь манай хүргэн ах н.Мөнх-Одын байр бөгөөд зар тавьж, 2022 оны 8 сард А.Б*******д түрээслүүлсэн, энэ хүнийг танихгүй. Түрээсийн гэрээг би А.Б*******тэй байгуулж, байрыг хүлээлгэн өгсөн. Тухайн үед А.Б*******ийг өөрийг нь түрээсэлсэн гэж бодож байсан бөгөөд сүүлд 2025 оны хавар түрээсээ төлөхгүй, утсаа авахгүй болохоор нь байрандаа очтол настай ах, эгч байсан бөгөөд өөр хүмүүс амьдарч байгааг мэдсэн. Түрээсийн төлбөрийг эхний үед гайгүй төлдөг байснаа, сүүлдээ төлөхгүй нэхүүлж, эхэлсэн.” гэж мэдүүлсэн зэргээр тогтоогдож байна.
7.1 Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч А.Б******* нь хариуцагч Б.Оийн хэлснээр түрээсийн төлбөрийг түүний өмнөөс төлж байсан үйл баримт тогтоогдохгүйн дээр, дээрх зээлийн гэрээний хүүгийн төлбөрт тухайн орон сууцыг түрээслүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй.
8. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б*******ий хариуцагч Б.О*******ээс түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 425 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ