| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0749/э |
| Дугаар | 1274 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, нарийн бичгийн дарга: Б.Батням, улсын яллагч: М.Эрдэнэзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Учралгэрэл, шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт С.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806020770713 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С.Э, 1977 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ... төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, хувиараа хоол хийж зардаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,1999 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 17 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 435 дугаар ангид эдлэж байгаад 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг баривчлах ялаа эдлээд 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан, 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан.РД: ...,
Холбогдсон хэргийн талаар:
С.Э нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл хотхоны баруун талын оёдлын газрын хаалганы цоожийг эвдэн орж Ж.Т-н эзэмшлийн Utus маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч 128.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Сонсгож байгаа ял зүйл ангийг ойлгож мэдсэн. Тогтоолоор надад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2-р хороо нутаг дэвсгэр Шинэ айл хотхоны жижүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Ж.Т-н 42 инчийн Самсунгийн UTUS маркийн зурагтыг хулгайлан авч 372,000 төгрөгний хорирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж байгаа юм байна. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй сонсгож байгаа ял тохирохгүй байна. 2018 оны 03 сарын 07-ны өдөр мартын 8-ны урд өдөр байсан юм, таньдаг ах “Шинэ Айл” хотхонд үүдний харуул хийдэг Т ахтай уулзах гэж очсон. Уулзаад бас танил нэг ах таараад 2 шил архи уусан. Өдөр 12.00 цагийн орчим ууж эхлээд 14.00 цагийн орчим дууссан болов уу гэж санаж байна. Тэгээд байж байтал хохирогч Т гэх залуу Шинэ айл хотхоны жижүүр пүткэнд орж ирсэн. Орж ирээд удахгүй жижүүрийн ажлаа болих гэж байгаа гэж ярьсан. Би тэгэхээр нь өрөөгөөр чинь орж үзье гэж хэлсэн. Тэгээд сууж байтал нөгөө залуу гараад явсан. Тэгээд пүткэнд сууж байхад байрны оршин суугч гээд өвгөн орж ирсэн. Бас 1 шил архитай орж ирсэн. Тэр архийг нь хувааж уусан. Өвгөн бид хоёр тэндээс гарсан. Гараад өрөөг нь очиж үзье гээд тийшээгээ очсон. Орцоор ороод вакум хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Өрөө цоожгүй байсан. Тэгээд өрөөг нь үзсэн. Тэгчихээд 00 тусдаа байдаг үзчихээд гарсан. Буцаад харуулын байранд яваад очиход манаач ах тасраад унтаад өгсөн байсан. Би тэндээс гаръя гээд буцаад жижүүрийн өрөө рүү ороод зурагтыг нь аваад ганцаараа гарсан. Зурагтыг эрээн орны бүтээлэг байхаар нь ороосон. Тэгээд авч гараад би машинд суугаад 1000 оюутны байрны замын ард Сариг капитал ломбарданд аваачиж 150.000 төгрөгт тавьсан. Мөнгөө аваад архи ууж идээд дуусгачихсан. Орой нь очоод зурагтыг нь авсан гэдгээ хэлэх гэсэн чинь цагдаа сэргийлэх болчихсон байсан. Архи уучихсан болохоор маргааш уучлалт гуйж хэлье гээд маргааш нь очсон. Тэгээд хүнээр дуудуулж уулзаад хэлсэн. Ах нь ууж байгаад зурагтыг чинь аваад ломбарданд тавьчихсан байна. Ах нь одоо аваад өгье гэсэн. Тэгсэн чинь би мэдэхгүй цагдаад өргөдөл өгчихсөн хуулийн дагуу шийдэх байлгүй гэсэн. Тэгээд янз бүрийн юм яриад байхаар явсан. Сая цагдаад шалгагдаж байх хугацаанд зурагтыг ломбарднаас авч хураалгасан. Нутаг дэвсгэрийн цагдаагаа андуураад Баянзүрх дүүргийн цагдааг мэдэхгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээр хайгаад явсан. Сүүлд нь 1 сар гарангийн дараа Баянзүрхийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Ж мөрдөгч дуудахад очиж уулзаад Баянзүрхэд шалгагдаж байгааг мэдээд зурагтыг хүлээлгэж өгсөн. Тэр болтол ломбарданд зурагтын ломбардны хугацааг сунгуулаад яваад байсан юм. Зурагтыг би авахдаа ганцаараа уг байрнаас авсан. Өөр хүн авсан талаар мэдээгүй. Зурагтыг авах болсон шалтгаан нь хальт мульт зүс таних юм байна маргааш нь зурагтыг нь аваад өгчихье гэсэн санаатайгаар зурагтыг авчихсан юм. Надад өөр хулгайн хэрэг хийсэн үйлдэл байхгүй. Хаалгыг татсан чинь онгойчихсон. Онгорхой байсан. Тухайн үйлдлээ мэдэх ухаантай байсан. Бүх болсон зүйлийг мэдэж байгаа. /хх-ийн 57-58-рх/
Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 07-ны 13 цагийн орчим жижүүрийн байрнаасаа гараад Дэнжийн 1000 зах орж мах аваад 14 цаг орчимд буцаад ирсэн. Намайг ирээд үүдэнд зогсоход хаалганы завсар ангайчихсан байсан. Би хаалгаа цоожлоод явсанч, эвдлээд явсан байна ба миний шинээр аваад тавьсан зурагт байхгүй байсан, өөр зүйл алга болоогүй. SAMSUNG брэндийн хар өнгийн 42 инчийн зурагт байсан. Үнэлгээг нь сайн мэдэхгүй байна, одоогийн ханшаар 500,000 төгрөгөөр үнэлж байна. Намайг жижүүрийн байрнаас гарахад хашааны үүдэнд байдаг харуул Т нь харуулын байрандаа архи ууж байсан. Надаас чи хаачих гэж байгаа юм бэ? гэж асуусан ба зах явлаа гэж хэлсэн. Намайг буцаад ирэхэд Т архи хамт ууж байсан найзтайгаа хамт унтаж байсан. Манай байрны кодыг мэддэг юм. Өөр оршин суугчдаас өөр хүн мэдэх ёсгүй. Би Түвдэндорж авсан байх гэж бодож байна. Би С.Э-г танихгүй. Харин хулгайн хэрэг гарсаны дараа Мартын 8 өнгөрсний дараа 2 хоногийн дараа байсан санаж байна энэ хулгай хийсэн хүний эхнэр нь гэх эмэгтэй ирж уулзсан. Уулзаад цагдаагаас өргөдлөө аваачээ гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй тэртэй тэргүй цагдаа шалгаж байгаа. Шүүх цагдаа нь шийдэх байх гэж хэлээд хаячихсан юм. Хулгай хийсэн хүн өөрөө бас ирж уулзсан. Уулзахаар нь би цагдаа шийднэ биз гэж хэлсэн. Хулгай хийсэн хүн вакум цонхыг хүчтэй татаад цүүг нь салгаад орчихсон байсан. Би шүүх хуралд оролцохгүй. Гомдолгүй. Зурагтаа авчихсан учир хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 10, 54/ / хх-н 9-10/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-7/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Нөхөр маань 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гарч явсан. Тэр өдрөө ирээгүй. Оройхон нь 21 цагийн орчим ярьсан чинь халамцуу ярьж байсан. 03 сарын 08-нд ирээгүй. 09-ний өдөр 17 цагийн орчим утас нь холбогдсон. Тэгсэн чинь би харин архи уугаад 100 айлын тэнд орцны жижүүр залуугийн зурагтыг аваад ломбарданд тавиад тэр мөнгө төгрөгийг нь үрчихэж ээ гэж ярьсан. Би хувцсаа өмсөөд гэрээсээ гараад “Шинэ айл” гээд тэр байрных нь залуутай уулзсан гэж байсан. Нөхөр зурагтаа алдсан алдсан залууд ах нь зурагтыг чинь аваад ломбарднаас тавьчихсан байна гэсэн чинь уурлаад байна гэсэн чинь тантай юм ярихгүй гээд гүйгээд орчихсон гэсэн. Нөхөрт болохоор цуг архи уусан 2 хүнээ сэжиглэж байсан гэж хэлсэн юм байна. Тэгэж нөхрөө хүний зурагт авсан талаар мэдсэн. Зурагтыг аль ломбарданд байгаа талаар мэдэхгүй байна. Нөхөр С.Э нь 1977 онд Дархан Уул аймагт төрсөн. Хадам ээж Д нь Шарын голд амьдардаг. Хадам аав нас барсан. С.Э эхээс 4-лээ айлын том хүүхэд нь. Том дүү нь эмэгтэй хөдөө байдаг. Э гэдэг. Дарханд амьдардаг. Д нь эрэгтэй. Ээжтэйгээ шарын голд амьдардаг. Бага дүү нь М нь Шарын голд эрчим хүчинд ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэсэн. Би хаана юу хийж байгааг нь сайн мэдэхгүй байна. Нөхөртэйгөө 2000 онд танилцаж 2001 онд гэр бүл болсон. 2 хүүхэдтэй. Том хүүхдийг Б гэдэг. МУБИС-т оюутан. Бага нь “…” цогцолбор сургуульд 10 дугаар ангид суралцдаг. Нөхөр маань бүрэн дунд боловсролтой. Надтай танилцах үедээ Шарын голд уурхайд ажилладаг байсан. Дарханд хувийн үйлдвэрт ажиллаж байсан. 2011 онд Улаанбаатарт ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Хоол хийж зардаг. Зах, жижиг аж ахуйн нэгжүүдээр худалдаалдаг. Нөхөр маань зан аашийн хувьд жаахан хурдан түргэн ууртай. Цагаан цайлган зантай. Урд нь 2003 онд хүн цохисон гэсэн асуудалд холбогдож 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан. Сонирхдог зүйл гэвэл спорт сагс тоглох дуртай. Наймаагаа хийх дуртай. Надтай суухаасаа өмнө цэргийн алба Зүүн баянд цэргийн алба хаасан. Улсаас авсан гавъяа шагнал гэх зүйл байхгүй. Найз нөхдүүд нь гэвэл Ж Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг гэсэн. Утсыг нь мэдэхгүй. Ахуй амьдралын хувьд байнгын тогтмол орлоготой биш оюутан хүүхэдтэй өр зээлтэй. Тааруухан амьдралтай. Нөхөрт архаг хууч өвчин бол байхгүй гэжээ. /хх-ийн 12-13/
Гэрч Ж.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 08-ны орой би өглөө ээлж авахаар ирэхэд жижүүрийн байрны зурагт алдагдсан гэсэн зүйл яригдаж байсан. Тэгтэл хоол зардаг Б нь ломбардны бичиг барьчихсан өчигдөр байрны жижүүрийн байрны зурагтыг авчихсан байна авч өгөхөөс гэчихсэн ганцаараа явж байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яахаараа энд ирж хүний зурагт авч байдаг юм бэ би чамайг оруулахгүй чи өөрөө жижүүртэй уулзаж учраа ол өчигдөр энүүгээр бөөн юм болж байсан харуул ажлын байранд архи уусанаас ажлаас халагдсан байна гэж хэлсэн. Надад Б нь хэлэхдээ зурагтыг нь тавиад ломбарданд тавьчихсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Хулгайн хэрэг гарсан газар нь байрны жижүүрийн байрны өрөө юм. Би бол гадан харуулд ажилладаг юм. Би дотор жижүүрийг загнаж байсан. Гадна талдаа ногоон зүүдэг цоож зүүчихдэг. Тэр нь татахаар шүрүпээрээ сугараад гараад ирдэг цоож байсан. Жижүүр буцаагаад нүхээр нь хийчихдэг байсан. Би өөрийгөө байхгүй гэдгийг мэдүүлэх гэж байгаа юм шиг ногоон цоожийг зүүгээд орхичихдог юм гэж урд нь дотор жижүүрт хэлж байсан гэжээ. / хх-н 55-56/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: UTUS маркийн хулгайн хэрэгт алдагдсан зурагт нь миний зурагт байсан юм. Би өөрөө Шинэ айл байрны СӨХ-ийн даргын ажлыг хийдэг юм. Тэгээд Т-г ажилд ороход нь үзэж харах зүйл байхгүй байна гэхээр нь уг зурагтыг өгсөн. Одоо зурагт бол Т-н зурагт болсон. Зурагтыг би анх БНСУ-аас авч ирж байсан юм. Тухайн үед 500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг зурагт Самсунгийн зурагт биш. UTUS –ын зурагт юм байна лээ. Орцны жижүүрийн өрөөнөөс уг зурагт алдагдсан юм гэжээ. / хх-н 112/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2367 дүгнэлтэд:
1. Шинжилгээн ирүүлсэн 1,2,3,4,6,7,8,9,10,11,12,13 дугаартай гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 5 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэж буй 11, 12 дугаартай гарын мөр санд MN0000310027213, MN003120002884, MN000310022959 дугаараар 3 удаа бүртгэгдсэн С.Э-н зүүн гарын ядам хуруугаар, 13 дугаартай мөр С.Э-н зүүн гарын дунд хуруугаар, 7 дугаартай гарын мөр нь санд 19855 бүртгэлтэй Ж-н Т-н зүүн гарын чигчий хуруугаар, 8, 9 дугаартай мөр Ж.Т зүүн гарын дунд хуруугаар, 10 дугаартай гарын мөр Ж.Т-н зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна.
3. Шинжилгээнд тэнцэж буй 1, 2, 3, 4, 6, 10 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй. / хх-н 16-17/
Дамно хөрөнгө үнэлгээний газрын тайланд: Utus маркийн 32 инчийн зурагтыг 128.000 төгрөгөөр үнэлсэн байна./ хх-н 114-117/
С.Э-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-н 47-48/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-58/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 59-60/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 50-53/
Сариг ломбардны 1881 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-н 65/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 109-110/
С.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 66/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 67-76/ зэрэг болно.
С.Э нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл хотхоны баруун талын оёдлын газрын хаалганы цоожийг эвдэн орж Ж.Т-н эзэмшлийн Utus маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч 128.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд
Хохирогч Ж.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Намайг ирээд үүдэнд зогсоход хаалганы завсар ангайчихсан байсан. Би хаалгаа цоожлоод явсанч, эвдлээд явсан байна.Миний шинээр аваад тавьсан зурагт байхгүй байсан, өөр зүйл алга болоогүй. …Хулгай хийсэн хүн вакум цонхыг хүчтэй татаад цүүг нь салгаад орчихсон байсан. Би шүүх хуралд оролцохгүй. Гомдолтой. Зурагтаа авчихсан учир хүсэлт байхгүй. /хх-ийн 10, 54/
Гэрч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … хоол зардаг Б нь ломбардны бичиг барьчихсан өчигдөр байрны жижүүрийн байрны зурагтыг авчихсан байна авч өгөхөөс гэчихсэн ганцаараа явж байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яахаараа энд ирж хүний зурагт авч байдаг юм бэ би чамайг оруулахгүй чи өөрөө жижүүртэй уулзаж учраа ол өчигдөр энүүгээр бөөн юм болж байсан харуул ажлын байранд архи уусанаас ажлаас халагдсан байна гэж хэлсэн. Надад Б нь хэлэхдээ зурагтыг нь тавиад ломбарданд тавьчихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. / хх-н 55-56/
Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … UTUS маркийн хулгайн байрны СӨХ-ийн даргын ажлыг хийдэг юм. Тэгээд Т-г ажилд ороход нь үзэж харах зүйл байхгүй байна гэхээр нь уг зурагтыг өгсөн. Уг зурагт Самсунгийн зурагт биш. UTUS –ын зурагт юм байна лээ. Орцны жижүүрийн өрөөнөөс уг зурагт алдагдсан юм гэсэн мэдүүлэг / хх-н 112/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
С.Э нь хаалгыг онгойлгон орж зурагтыг авч ломбарданд тавьсан нөхцөл хэрэгт авагдсан гэрч Ж.У-н мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, уг зурагтыг 150.000 төгрөгөөр Сариг ломбарданд тавьсан ломбардны бичиг, хэргийн газраас С.Э-н гарын мөр олдсон зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчид зурагтыг хүлээлгэн өгсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.
С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хуульд заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсниййг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН