Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/48

 

2025/ДШМ/48

 

 

        

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Тулга

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жаргалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ

            Шүүгдэгч: А.А

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Ад холбогдох 2412003920079 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 200 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт А аймгийн Х сумын 0 дугаар баг, Д гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Аын А, /РД000000, /

 

Шүүгдэгч А.А нь насанд хүрээгүй хохирогч А.Мтэй хамт А аймгийн Т сумын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид суралцдаг бөгөөд урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэр дэх Төвийн орон сууцны 0-0 тоот дахь А.Мийн гэрт очиж түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар заамдаж сэгсрэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойн тус газарт нь өвдөгдөх зэргээр биед нь халдан зодож эрүүл мэндэд нь дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас А.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Аын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Агаас 15,185,000 / арван таван сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч А.Мд олгож, насанд хүрээгүй хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Шүүгдэгч А.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч А.А давж заалдах гомдолдоо ... Анхан шатны шүүхээс А.А намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Миний бие анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс шүүгдэгч А.А надаас 15.185.000 төгрөг гаргуулан хохирогч А.Мд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт Басхүү Имплант клиник шүдний эмнэлгийн нийт эмчилгээний зардал 14.810.000 төгрөгийн тодорхойлолт авагдсан боловч тухайн хохирол бодитой учраагүй, яг хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүйгээс гадна зах зээлийн дунджаас хэт өндрөөр шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн баримт хэрэгт байхгүй атал анхан шатны шүүх дээрх мөнгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч надаас хохиролд 15.185.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож хохирогч нь үүнтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Агийн ээж хохирлыг төлж өгнө, шүд хийлгэж өгнө гэхээр нь хүүхдээ хотруу явуулах болоход утасаа авахгүй байсан. Миний хүүхдийн ясан шүдийг авч хаячхаад хиймэл шүд хийлгэх болсонд гомдолтой байгаа. Шүд хийлгэхэд гарах зардлаас өөр зүйл нэхээгүй. Холбогдох баримт нь эхээрээ надад байгаа. Согтуу ирээд манай хүүхлийг зодож, хоёр дүүг нь айлгасан байсан. Би гомдолтой байна гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа...14.810.000 төгрөгийн эмчилгээ хийх шаардлагатай гэсэн тодорхойлолтыг анхан шатны шүүх үнэлж шийдсэн нь учир дутагдалтай байна. Уг тодорхойлолт нь канондсон хувь байсан. Ямар нэг нотариатаар батлуулаагүй. Эмчилгээ хийлгэх зардал нь зах зээлийн ханшаас өндөр гарсан. Хохирогч эмчилгээгээ хийлгээд дараа нь эмчилгээний зардлаа нэхэж гаргуулах ёстой. Миний үйлчлүүлэгч хохирогчтой хамт яваад эмнэлэгт үзүүлнэ гэж ярьсан боловч яг явах болохоор утсаа авахгүй алга болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоёр шүд гэж байгаа бол эмчилгээ хийх зардал дээр гурван шүд гэж зөрүүтэй гарсан байдаг. Хохирогч эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа хавсарган эмчилгээний зардлаа нэхэмжилбэл миний үйлчлүүлэгч төлөхөд бэлэн байгаа. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохиролд 15.185.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож хохирогч нь үүнтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдэж өгнө үү гэв.   

       

Шүүгдэгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хохирлыг багасгах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан шүүгдэгчийн гомдол, үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. А.М нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч ... нь  А.А, Б.А нар уг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж дүгнэн мөрдөгч Б.Ад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасныг прокурор 2024 оны ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

3. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох материалд цугларсан хохирогч А.М, яллагдагч А.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Б.Аийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн байх бөгөөд ингэж шийдвэрлэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

4. Гэтэл хохирогч А.М “Аг гэрээсээ гаргах зорилгоор түлхэж байхад А орж ирээд миний нүүр хэсэгт гараараа цохиод намайг хажуу талаас хоёр гарыг минь дараад тэврээд авсан. Аээс болж хөдөлж чадахгүй зогсож байхад А намайг гараараа олон удаа нүүр хэсэгт цохиж, миний толгойг барьж байгаад хөлөөрөө миний толгойруу өвдөглөсөн.” /хх 028/ гэж мэдүүлсэн байна.

5. Мөн тухайн үйл явдлыг хөндлөнгөөс харсан насанд хүрээгүй гэрч нар өөрсдийн харсан үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн байна.

6. Эдгээр хохирогч гэрч нарын мэдүүлгийн талаар прокурор, анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар  мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            8. Энэ хүрээнд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолосон эсэх” 1.7 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх” зэргийг хянах үүрэгтэй.

            9. Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон эсэхтэй шууд холбоотой.

            10. Хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай, бодитой тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх суурь зарчимд харшлах бөгөөд шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

            11. Мөн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 458 дугаар дүгнэлтэд 21-р шүдний булгарал, 11 дүгээр шүд тойрны үрэвсэл, ...А.Мийн биед дээд үүдэн 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдсон /хх 014/ гэсэн бол Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар эмчилгээний тодорхойлолтын асуумж, бодит үзлэг,  комьпютер онош хэсэгт А.Мийн 21 дүгээр шүд байхгүй, 11 дүгээр шүдийг тэмтрэхэд эмзэглэлтэй, 4 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй, 12 дугаар шүд  голомтот үрэвсэлтэй тул авч хиймэл яс нөхөж имплант суулгана. 21, 11, 12 дугаар  шүднүүдийн ормонд 3 имплант 3 бүрээс хийхэд 10,500,000 төгрөг ...нийт эмчилгээний  зардал 14,810,000 төгрөг /хх 056/ гэсэн байна.

            12. Гэтэл анхан шатны шүүх “Насанд хүрээгүй хохирогч шүдний эмчилгээ хийлгээгүй байгаа боловч түүний эрүүл мэнд, гоо сайхны байдалд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч А.Агаас 15,185,000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч А.Мд олгохоор шийдвэрлэсэн” гэж дүгнэжээ.

13. Шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

14. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болно.

            15. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” тухай зохицуулалт нь прокурор яллаагүй, шүүхэд шилжүүлээгүй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хязгаарлах зорилготой бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг шалгаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн асуудал болохгүйг дурдах нь зүйтэй.

            16. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

2.  Шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЭНХТӨР

 

                            ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА