Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 503

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            Улсын яллагч А.Ганзориг,

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 1808008040588 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” гэх нэртэй сэлбэгийн дэлгүүр дотор хохирогч Б.Б-тай “...эвдэрхий сэлбэг өгсөн...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүдэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” гэх нэртэй сэлбэгийн дэлгүүр дотор хохирогч Б.Б-тай “...эвдэрхий сэлбэг өгсөн...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүдэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Тэгш төвийн сэлбэгийн дэлгүүрт худалдагчийн ажил хийгээд байж байтал өмнө надаас консны аппарат худалдаж авсан нэг ах орж ирээд авсан аппаратаа буцаая аа ажиллахгүй байна гэсэн. Тэгэхээр нь аваад доторхыг нь үзсэн чинь солиод хуучныг тавьсан байхаар нь та өөрийнхөө хуучин пүршийг дотор нь солиод хийчихсэн байна буцаах боломжгүй гэж хэлсэн. Нөгөө ах “энэ хогоо ав гээд лангуу руу нөгөө аппаратаа шидээд энэ хогоо ав” гэхээр нь миний уур хүрээд “зайл пизда” гээд хэлчихсэн. Миний нүүр лүү цохисон ба нөгөө аппарат дотор байсан шингэн зүйл нь миний нүд рүү үсрээд орчихсон. Тэр ах гараараа нэг удаа миний баруун нүд рүү цохисон. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-11-13/

            - гэрч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн:...Нэг харахад ямар ч байсан нөгөө гаднаас орж ирсэн ах лангуу руу нөгөө сальникаа шидэж харагдсан. Тэгсэн Б нөгөө ахыг “эндээс зайл пизда” минь гээд хэлчихсэн.  Тэр ах Б-н нүүр лүү нь цохиж харагдсан. Б “чи яаж байгаа юм бэ, гээд нөгөө ахыг заамдаад авахаар” нь би очоод салгасан...гэх мэдүүлэг /хх-17-19/

            - гэрч Т.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сэлбэгийн дэлгүүрийн худалдагч гэх нэг залуу энэ ах намайг гараараа нүүр лүү цохихдоо баруун нүд рүү цохичихсон. Тэгээд энэ ах над руу дайраад байхаар нь би эндээс зайл гээд хэлчихсэн. Энэ ах намайг цохисон гэж хэлж байсан. Нөгөө цохисон гэх залуу нь өөрийгөө Б гэж байсан...гэх мэдүүлэг /хх-20-22/

            - гэрч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Манай хүүхэд Бөөрийнхөө нүдийг дарчихсан сууж байсан. Яасан юм бэ гэсэн чинь энэ ах миний нүд рүү гараараа цохичихлоо, тэгээд гарт нь байсан аппаратын шингэн нь нүд рүү үсэрчихлээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд манай нөхөр нөгөө залууг чи яаж байгаа юм бэ гэхэд “хүнд эвдэрхий юм зарчихаад буцааж авахгүй байснаас болоод маргалдаад би уурандаа нэг цохичихсон” гэсэн...гэх мэдүүлэг /хх-24-26/

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2384 дугаар шинжээчийн:...Б.Б-ын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-33/

            - Шинжээч эмч Н.Т-н мөрдөн байцаалтад өгсөн:...уг баруун нүдний гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2 дугаар сарын 06-ны өдөр үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-35-36/

            - шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...би “энэ аппарат чинь болохгүй байна, чи нэг үзээд өг” гээд Б-д үзүүлсэн. Тэгсэн тэр залуу үзчихээд ямар ч юм аваад ирсэн юм бэ, би яаж мэдэх юм бэ, бараг солиод муу юм авчирсан гэх утгатай үг хэлсэн. Тэгээд үзчихээд доторх сальникийг нь намайг сольсон байна гэхээр нь “за тийм зүйл болоогүй гэхэд” ойлгохгүй байхаар нь “за чи тэгвэл доторх сальникийн үнийг нь хасаад ав” гэхэд “тийм юм байхгүй”, эндээс зайл гээд ам руу салаавч өгөхөөр нь уур хүрээд “сальник барьсан гараараа баруун нүд рүү нэг удаа цохичихсон”...гэх мэдүүлэг /хх-71-74/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-80/ гэжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.    Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.