Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/45

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,

шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Дангаа овогт Ргийн Ад холбогдох эрүүгийн 1817001020035 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дангаа овогт Ргийн А /РД:ЗБ85082821/ Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Эко сүмбэр хотхоны 6-2 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд мэдээлэл зүйн багш ажилтай, дээд боловсролтой, мэдээлэл зүй, математикийн багш мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг,  ял шийтгүүлж байгаагүй гэх, 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Эко сүмбэр хотхоны 6-2 тоотод төрсөн хүү 8 настай Н.Бг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Эко сүмбэр хотхоны 6-2 тоот гэртээ төрсөн хүү Н.Бг /8 настай/ аавыгаа өмөөрлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоор нь буйдан мөргүүлэн түлхэн унаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Р.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б нь миний төрсөн хүү юм. Аав руугаа залгаад аав нь утсаа авахгүй байхаар нь аавыгаа өмөөрлөө гээд Бгийн хацар дээр нь 2 удаа алгадахад гар бариад босоод ирэхээр нь буйдан руу түлхсэн. Урьд нь хүүхдээ зодож байгаагүй. Хүүхдээ зодоод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан. 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Миний хувьд салсан нөхөртэйгөө харьцдаггүй. Хааяа хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьдаг. Сүүлийн үед холбоо барихгүй алга болсон. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолт гайгүй байсан. Болсон явдлыг санаж байгаа.  Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А нь хоёр хүүхэд өсгөсөн өрх толгойлсон ганц бие эх байгаа юм. Хэдий хүүхэд буруу зүйл хийсэн ч зодож цохиж болохгүй. Б нь цовоо сэргэлэн хүүхэд. Цаашдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулж хүүхэдтэйгээ ойр дотно харилцаж, хүүхдээ зодохгүйгээр эерэг зөв хүмүүжлээр өсгөх үүрэгтэй. Насанд хүрээгүй хохирогчийн толгой хэсэгт нь гүвдрүү үүссэн байгаа. Гэхдээ ямар нэгэн өвдөлт байхгүй. Одоо бие нь зүгээр болсон гэв.

 

1.3. Насанд хүрээгүй хохирогч Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эко сүмбэр хотхоны 6-2 гэртээ зурагт үзээд байж байхад ээж А, дүү Шижирбаяр нар гэрт орж ирсэн. Ээж архи уусан байдалтай байсан. Ээж намайг аав руугаа утсаар ярь гэж хэлэхээр нь би аавынхаа дугаар луу залгасан боловч холбогдохгүй байсан. Тэгсэн ээж аавыгаа өмөөрлөө гээд миний зүүн хацар луу нэг удаа алгадахаар нь би ээжийн гарыг бариад авсан чинь ээж намайг түлхэхэд би унахдаа гэрийнхээ буйданг толгойныхоо баруун хэсгээр мөргөөд унасан. Миний толгойны  баруун хэсэгт жаахан шалбараад овойсон байсан. Тэгээд би ээжийн дүү Ар эгч рүү утсаар яриад ээж зодоод байна гэж хэлсэн. Удалгүй гаднаас цагдаа орж ирсэн, араас нь Ар эгч ирсэн. Ээжийг цагдаа аваад явсан. Ар эгч дүү Шижирбаяр бид хоёрыг гэр лүүгээ аваад явсан. Аав, ээж хоёр салаад 4 жил болж байгаа. Миний ээж намайг анх удаа зодсон. Үүнээс хойш дахиж намайг зодоогүй, мөн дахиж архи уугаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

 

1.4. Гэрч Р.Ар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай эгчийн хүүхэд Б над руу утсаар яриад ээж намайг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эгч Агийн гэрт ирсэн чинь цагдаа ирсэн байсан. А эгч архи уусан байсан. Цагдаа нар А эгчийг аваад явсан. Би хоёр хүүхдийг нь аваад гэр лүүгээ явсан. Бгийн биед харагдах ил гэмтэл шарх харагдаагүй. Аг урьд нь хүүхдээ зодлоо гэж сонсож байгаагүй. Тухайн үед согтуу байсан болохоор нь яаж ч магадгүй гэж бодоод цагдаа дуудсан. Хааяа нэг архи уусан байдаг. Архи уухаараа айхтар зан ааш гаргаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

1.5. Гэрч Ц.Алд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 1, 2 дугаар багийн нутагт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 6-2 тоотод А гэгч согтуу хүүхдээ зодоод байна гэх дуудлагын дагуу очиход А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч, насанд хүрээгүй Бд газар дээр нь аюулын зэргийн үнэлгээ хийж хүүхдийг Агийн төрсөн дүү Ард хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

1.6. Гэрч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би хөдөөнөөс ирээд Агаар машин бариулаад гадуур ажил хөөцөлдсөн. Учир нь надад жолооны үнэмлэх байхгүй. Би гадуур ажлаа хөөцөлдөж дуусаад Агаар машинаа бариулаад гэртээ хүргүүлсэн.  А бид хоёр машинд байсан архинаас хэд хэдэн хундага уусан. А 3-4 хундага уусан байх. Ба миний машиныг хашаанд оруулж өгөөд явсан. А ээжийн гэрээс хүүхдээ аваад 19 цаг нэлээн өнгөрч байхад явсан. Архины ихэнх нь үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.7. Гэрч Р.Ба мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр найз Б хөдөөнөөс орж ирээд үнэмлэх байхгүй, машин бариад өгөөч гэхээр нь машиныг нь бариад гадуур ойр зуурын ажил хөөцөлдөөд явсан. Намайг ажлаас дуудаад байсан болохоор Б эгчийнхээ хүүхэд Аг дуудаад машинаа бариулаад явсан. Би ажил дээрээ байж байгаад орой нар шингэх үед Бын төвийн гэрт очсон. Бын машин хашааны гадна байсан. Машин руу шагайж харахад суудлын голд шилний талаар архи байсан. Намайг Бын гэр лүү ороход А, Б мөн хүүхдүүд нь байсан. Би Бын машиныг хашаанд нь оруулж өгсөн. Би бодохдоо машинд байсан архийг тэр хоёрыг хувааж уусан байж магадгүй гэж бодсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаар дүгнэлтэд: Н.Бгийн биед тархи доргилт, толгойн оройд баруун талдаа хуйханд цус хуралт, өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /х.х-ийн 25 хуудас/

 

1.9. Согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/

 

1.10. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулгүй зэргийн үнэлгээний маяг /х.х-ийн 7-8 хуудас/

 

1.11. Р.Агийн эрүүлжүүлэгдсэн бүртгэл, картын хуулбар /х.х-ийн 52-54 хуудас/

 

1.12. Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягтууд /х.х-ийн 65-74 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Р.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гарамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Гэрч Р.Ар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “А нь дөлгөөн даруу зантай, үг дуу цөөтэй хүн. Ажил төрлөө сайн хийдэг, гэр бүлдээ халамж анхаарал сайн, амьдрал ахуйгаа боломжийн хэмжээнд авч явдаг. Элдэв ааш зан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

2.3. Гэрч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Агийн хувьд 2 хүүхэдтэйгээ амьдардаг, амьдралаа боломжийн хэмжээнд авч явдаг. Зан байдлын хувьд даруухан үг дуу цөөтэй, элдэв ааш зангүй, хүнтэй эвсэг харьцаатай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

2.4. Гэрч Д.Сумъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Миний мэдэхээр эцэг, эх нь бололцооны хүмүүс байдаг гэсэн. Амьдрал ахуйн хувьд эцэг, эх нь дэмжээд явдаг гэж сонссон. Өөрөө ч амьдралаа боломжийн хэмжээнд авч явдаг. Зан байдлын хувьд даруухан зантай. Манай сургуульд мэдээлэл зүйн багшаар ажилладаг. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Хүний хувьд өө хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 43-44 хуудас/

 

2.6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Ажил байдлын тодорхойлолт, Бакалаврын диплом, багшийн үнэмлэхийн хуулбарууд  /х.х-ийн 42, 57-59 хуудас/

 

2.7. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 37, 61-62 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.Аг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Р.А нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрснийг, прокурорын саналыг тус тус харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дангаа овогт Ргийн Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА