2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/11316

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 04 191/ШШ2025/11316

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 44,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Гэрч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилаа төлбөрт шилжүүлсэн 44,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... №20221228-1 тоот Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр "******* *******" ХХК-ийн үйлдвэрлэдэг  брэнд бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги буюу нөхцөл байдлын шинжилгээ, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв болон эдгээр ажлын гүйцэтгэлийн хяналт хийлгүүлэхээр нийт 36,575,000 төгрөгөөр тооцон, 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 1 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөгийг хариуцагчийн Хас банкин дахь 5004018804 тоот дансанд шилжүүлсэн.

№20221228-3 тоот Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх" гэрээгээр "******* ******* ХХК-ийн үйлдвэрлэдэг  брэнд бүтээгдэхүүний ребрэндинг хийж, зах зээлд өрсөлдөх дахин байршуулах маркетингийн ажлыг нийт 89,000,000 төгрөгөөр тооцон, 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 1 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөрт 26,700,000 төгрөгийг хариуцагчийн Хас банкин дахь  тоот дансанд шилжүүлсэн,

Энэхүү 2 гэрээний төлбөрт нийт 44,700,000 төгрөгийг манай компани гэрээний дагуу дагуу шилжүүлсэн. Гэтэл "******* *******" ХХК нь №20221228-1 тоот Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх" гэрээний хувьд гэрээгээр тохиролцсон ажил болох  брэнд бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги буюу нөхцөл байдлын шинжилгээ, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө /медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв/-г 30 хоногт хийж гүйцэтгэх, гүйцэтгэлийн хяналт буюу дээрх ажлын төлөвлөгөөнд мониторинг, хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөх нь 60 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан ч эхний 30 хоногийн ажлын үр дүн болох ямар нэгэн мэргэжлийн шаардлага хангах, ашиглагдахуйц материалыг бидэнд ирүүлээгүй.

№20221228-3 тоот Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх" гэрээний хувьд, гэрээгээр тохиролцсон ажил болох  брэнд бүтээгдэхүүнийг ребрэндинг хийж, зах зээлд өрсөлдөх дахин байршуулах маркетингийн ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан ч огт материал ирүүлээгүй.

Дээрх хоёр гэрээт ажлыг үр дүнтэй болгох талаар хэд хэдэн удаагийн 2 талын маркетингийн албаны хамтын уулзалтыг зохион байгуулж, гэрээний хугацаа дууссан хэдий ч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж бидэнд ирүүлэхийг хүлээж байсан. Гэтэл ямар нэгэн материал ирүүлээгүй тул, талуудын хооронд байгуулсан №20221228-1 болон №20221228-3 тоот "Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх" гэрээний 6.4-д "талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирвал нөгөө тал учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэснийг үндэслэн гүйцэтгэгч талд урьдчилан төлсөн нийт 44,700,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулан ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Талууд харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20221228-1, 20221228-3 дугаартай Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан байдаг. 20221228-1 дугаартай гэрээний ажлыг бидний зүгээс бүрэн хийсэн гэж үзэж байгаа.

Дээрх гэрээгээр бидний зүгээс дараах ажлуудыг буюу  календарчилсан төлөвлөгөө,  Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө,  зураг авалтын төлөвлөгөө зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх ажлуудыг нийтэд нь 25,575,000 өөр үнэлж байгаа болно.

Захиалагч тал буюу ******* ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20221228-3 дугаартай гэрээний дагуу шаардаж байгаа 26,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.******* томилсон 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.******* томилсон 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл, дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч., Э.******* нарыг томилсон 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М. томилсон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, домч бор гэрээний хэрэгжилт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******ыг томилсон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, домч бор идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, хамтран ажиллах санал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******ыг томилсон 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 32,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 12,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ХХК-тай №20221228-1 болон №20221228-3 дугаартай Маркетингийн зөвлөх үйлчилгээний гэрээ тус тус байгуулж, урьдчилгаа төлбөрт нийт 44,700,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэж ирүүлээгүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 44,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас №20221228-3 дугаар гэрээний дагуу шаардаж байгаа 26,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин №20221228-1 дугаар гэрээний дагуу нийт 25,575,000 төгрөгийн ажлыг хийсэн тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №20221228-1, №20221228-3 тоот гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн  болон нэртэй бүтээгдэхүүний маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч №20221228-1 тоот гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх байна.

 

7. Нэхэмжлэгчээс №20221228-1 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөг, №20221228-3 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт 26,700,000 төгрөгийг тус тус 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч №20221228-3 тоот гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгээгүй бөгөөд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 26,700,000 төгрөгийг буцаан төлөх талаар маргаагүй.

 

8. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байх хэдий ч гэрээний зорилго, гол нөхцөлөөс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.

 

9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Ажил гүйцэтгэх гэрээ болон Хөлсөөр ажиллах гэрээ нь хоёулаа ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний үүрэгт хамааралтай боловч ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж бий болгосон ажлын үр дүн чухал байдаг бол хөлсөөр ажиллах гэрээний хувьд үр дүн чухал биш бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагаа буюу ажил үйлчилгээ үзүүлэх явдал чухал байдаг ялгаатай.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх №20221228-1 тоот гэрээний Хавсралтад зааснаар хариуцагч нь  бүтээгдэхүүн-ний нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратеги, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал төлөвлөгөө, маркетингийн төсөв гэсэн нийт 6 төрлийн ажлыг 30 хоногийн дотор 25,000,000 төгрөгөөр, төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлд мониторинг хийж төлөвлөгөөний дагуу хийхэд мэргэжлийн зөвлөгөө өгч чиглүүлэх ажлыг 2 сарын хугацаанд 10,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулжээ.

 

12. Хариуцагч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүргүүлснийг нэхэмжлэгч шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, талуудын хооронд маргаан үүссэн бөгөөд уг үйл баримтаас хойш дахин ажил, үйлчилгээ гүйцэтгээгүй гэсэн тайлбарыг зохигч гаргасан.

 

13. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг ямар тохиолдолд шаардлага хангасанд тооцох талаар гэрээнд тохиролцоогүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд ажлын үр дүн чухал биш учир хөлс төлөх үүрэгт нөлөөлөхгүй, тиймээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй гэх тайлбар нь хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

 

14. Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гэрээнд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан болох нь талуудын тайлбар болон Үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх боловч гэрээний Хавсралт (№1)-д заасан ажлаас Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө /хх 45-46/, Медиа төлөвлөгөө, Сошиал медиа төлөвлөгөө /хх 67-81/ хийх ажлыг гүйцэтгэж, харин нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратеги, маркетингийн төсөв гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

 

15. Өөрөөр хэлбэл, тухайн 6 төрлийн ажлаас 3 ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул тохиролцсон ажлын хөлс 25,000,000 төгрөгийн тал хувь болох 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

 

16. Дээрх үндэслэлээр №20221228-1 тоот гэрээний үүрэгт нэхэмжилсэн 18,000,000 төгрөгийн шаардлагаас 12,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,500,000 төгрөг болон №20221228-3 тоот гэрээний үүрэгт нэхэмжилсэн 26,700,000 төгрөг, нийт 32,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 32,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ