| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 134/2018/0040/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/46 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/46
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх х,эсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Г.Э-д холбогдох эрүүгийн 1817000670039 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 06-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж эгч дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Амины орон сууцны 6 тоотод оршин суух /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,...........тоотод түр оршин суух/, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Г.Э /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сет баарны гадаа иргэн Э.Ш-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сет баарны үүдний гадаа хохирогч Э.Ш-тай маргалдаж улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Г.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
...Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ өөрийн найзууд болох Э.Ш, А.Ч, Э.Б, Г.Б нарын хамт Сүмбэр сумын 2-р багт байрлах Сет бааранд сууж байгаад баарнаас гарч явах үедээ өөрийн найз болох Э.Ш-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
1.3. Хохирогч Э.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би урьд өдөр нь буюу 28-ны Хонхорын 11-р байранд найз Чи-ын гэрт найз Э-тай очиж хоносон. Маргааш нь буюу 29-ний өглөө 10 цагийн үед Б ирсэн. Тэгээд Э, Б, Б бид дөрөв 5-р сургуулийн дотуур байрны хашаанд сагс тоглохоор явсан. Тэгээд тэнд 13 цаг хүртэл тоглож байгаад Ч-ын гэр лүү буцах замдаа Б Андууд дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Соёрхол авсан. Тэгээд Ч-ын гэрт ирээд Ч-тай дөрвүүлээ нөгөө архиа хувааж ууцгаасан. Б сагс тоглож байгаад ажилтай гээд явчихсан. Тэгээд бид нар Б-ийн авсан архийг ууж дууссаны дараа Ч дэлгүүр лүү явж 0,75 литрийн Соёрхол архи нэг шилийг авчраад бид хэд хувааж ууцгаасан. Тэгээд Ч-ын гэрт байж байтал 18 цагийн үед Б ажлаасаа тараад Чинбатын гэрт ирсэн. Тэгээд бид нарт хоёр шил 0,75 литрийн Соёрхол архи авч өгснийг тавуулаа хувааж уучихаад 23 цаг болж байхад Сет баар луу явцгаасан. Бааранд ороод 8 шил пиво, нэг шил 0,75 литрийн Чингис архи авч ууцгаасан. Тэгээд баар хаах цаг болоод би баарнаас гарахад Б нэг танихгүй залуутай уулзаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б-аас хамт байсан хүнийх нь нэрийг асуугаад танай ах чинь юм уу гэсэн чинь Эараас гарч ирээд чи танихгүй хүнтэй юу яриад байгаа юм бэ гэхэд миний гараас татхад би газар унасан. Тэгэхээр нь би босч ирээд Э-тай маргалдсан. Э миний гараас барьчихаад тавихгүй байхаар нь би цааш түлхэхэд Эт миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Э-ын нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Э миний нүүр лүү дахиад 2-3 удаа цохиход хамт байсан Ч Б нар бид хоёрыг салгасан. Ч намайг салгаад, Э-ыг Б салгаад цээжээр нь тэврээд зогсож байх үед бид хоёр маргалдаж байхдаа би Э-ын цээж рүү нь хөлөөрөө жийсэн. Тэгтэл Э Б-өөс салаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиход би газар унаад хэвтэж байсан чинь Э ирээд цээж миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босоод Сет баарны үүдэнд байсан таксинд суугаад Э-ад хандаж ”чамд ахиж зодуулж чадахгүй шүү” гэж хэлсэн чинь Э араас ирээд машины хаалгыг нээгээд үснээс зулгаагаад бид хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд машины арын суудал дээр зууралцаж байх үед нэг хүн Э бид 2-ыг хамтад нь машинаас татаж унагасан. Хэн татаж унагаасныг мэдээгүй. Тэгээд Ч, Б нар бид хоёрыг салгаад би тэндээсээ шууд Цагаан усны 3-8 тоотод байдаг гэр лүүгээ алхаад харьсан. Нөгөө гурав хаашаа явсныг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
1.4. Гэрч А.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би тэр өдөр 11-р байрны 102 тоотод гэртээ байж байтал 13 цагийн үед найз Ш, Б, Э нар сагс тоглож байгаад ирлээ гээд манай гэрт ирцгээсэн. Тэгээд бид дөрөв манай гэрт эхлээд 0,75 литрийн Соёрхол архи хоёрыг хувааж ууцгаасан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад найз Б ажлаасаа тараад манай гэрт ирсэн. Тэгээд бид нарт хоёр шил 0,75 литрийн Соёрхол архи авч өгсөнийг тавуулаа хувааж ууцгаасан. Тэгээд бид нар манайхаас 23 цаг болох гэж байхад гараад Сет бааранд орцгоосон. Бааранд ороод 8 шил пиво, нэг шил архи авч уусан. Тэгээд баар хаах цаг болоход бид нар баарнаас гарцгаасан. Бид нарыг баарнаас гарахад Б түрүүлээд гадаа гарчихсан ТБ центр баарны урд ах нь гэх нэг залуутай уулзаад зогсож байсан чинь Ш нөгөө хоёр дээр очоод Балжиннямтай уулзаж байсан хүн рүү очоод “чи миний найзын ах мөн юм уу” гээд маргалдах гээд байхаар нь Энхбат Ш-ыг боль, чи танихгүй хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ гээд гараас нь татсан чинь Шинэбаяр газар унасан. Тэгээд босч ирээд Э-ын нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Э уурлаад Ши-ын зүүн шанаа хавьд нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Ш зөрүүлээд Э-ын баруун нүдний хажуу тал руу нэг удаа цохитол Э дахиад Ш-ын нүүр лүү нь 2-3 удаа гараарааа цохихоор нь Б бид хоёр Ш, Э нарыг салгаад би Ш-ын цээжээр нь тэврээд зогсож байтал Ш Э-ын цээж рүү нь хөлөөрөө жийсэн. Тэгтэл Э Б-өөс салангуутаа Ш-ын нүүр лүү дахиад нэг удаа гараараа цохитол Ш газар унасан. Э Ш-ыг газар хэвтэж байхад нь очоод цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Ш-ыг босгоод Сет баарны гадна байсан Зоригоо гэдэг хүний машинд суулгасан чинь Шинэбаяр Энхбатыг дуудаад “чамд дахиж зодуулж чадахгүй шүү гөлөг минь” гэж хэлсэн чинь Энхбат хүрч ирээд машин дотор хоорондоо барилцаж аваад нэг нэгийгээ үсдээд дараад байсан тэгээд нэг хартал тэр хоёр жолоочийн эсрэг талын арын хаалганы хэсэгт хоёулаа газар унчихсан байсан. Тэгээд Б бид хоёрыг салгасан. Ш гэр лүүгээ харилаа гээд явсан. Б, Э бид гурав манай гэр лүү явсан. Тэгээд гэрт очоод байж байтал унтаж байтал цагдаа нар ирээд бид гурвыг хүн зодсон байна гээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
1.5. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би тэр өдрийн өглөө 10 цагийн үед найз Ч-ын гэрт очсон намайг очиход Ч, ЭБа, Ш нар байж байсан Ч гэртээ үлдээд бид дөрөв 5 дугаар сургуулийн дотуур байрны гадаа сагс тоглохоор явсан тэгээд тэнд 13 цаг хүртэл тоглож байгаад Ч-ын гэр лүү буцаж байх замдаа би андууд дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Соёрхол архи авсан тэгээд Ш, Э бид гурав Ч-ын гэрт ирээд Ч-тай нөгөө архиа хувааж уусан. Б сагс тоглож байгаад ажилтай гээд явсан. Миний авсан архийг ууж дуусангуут Ч дэлгүүр лүү явж 0,75 литрийн Соёрхол архи 1 шил авчраад бид хэд ууцгаасан тэгээд 18 цаг өнгөрч байхад найз Б ажлаасаа тараад Ч-ын гэрт ирсэн тэгээд бид нарт хоёр шил 0,75 литрийн Соёрхол архи авч өгсөнийг 5-уулаа хувааж уусан тэгээд бид нар Ч-ын гэрээс 23 цаг болох гэж байхад гараад Сет бааранд орцгоосон бааранд ороод 8 шил пиво, нэг шил 0,75 литрийн Чингис архи авч ууцгаасан тэгээд баар хаах цаг болоход бид нар баарнаас гарцгаасан бид нарыг баарнаас гарахад Б түрүүлээд гадаа гарчихсан ТБ Центр баарны хашааны урд ах гэх нэг залуутай уулзаад зогсож байсан чинь Ш нөгөө 2 дээр очоод “чи одоо хэн юм бэ миний найзын ах нь мөн юм уу” гээд маргалдах гээд байсан тэгэхээр нь Э, Ш дээр очоод “болиоч чи танихгүй хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ наадах чинь Б-ын ах гээд байна шүү дээ болиоч” гээд цээж рүү нь гараараа түлхтэл Ш нөгөө хүнтэй маргах гээд байсан тэгэхээр нь баруун гараас нь татсан чинь Ш газар унасан тэгээд босож ирээд Энхбатын нуруу руу нь нэг удаа өшиглөсөн тэгтэл Энхбат уурлаад Шинэбаярын зүүн шанаа хавьд нь нэг удаа гараараа цохисон Ш зөрүүлээд Э-ын баруун нүдний хажуу тал руу нэг удаа цохисон Энхбат нь дахиад Ш-ын нүүр лүү нь 2-3 удаа цохисон тэгэхлээр нь Ч бид хоёр Ш, Э нарыг салгаад би Э-ыг цээжээр нь тэврээд зогсож байтал Ш Э-ын цээж рүү нь хөлөөрөө жийсэн тэгтэл Э миний гарыг тавиулангуутаа Ш-ын нүүр лүү нэг удаа гараараа цохисон чинь Ш газар унчихсан газар унангуут нь Э Ш-ыг цээж рүү нь нэг удаа өшиглөсөн тэгээд Ч Ш-ыг босгоод Сет баарны гадна байсан саарал өнгийн соната маркийн машинд суулгасан чинь Ш Э-ыг дуудаад “чамд нэг зодуулсан дахиж зодуулж чадахгүй шүү гөлөг минь” гэж хэлсэн чинь Э хүрч ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байснаа машин дотор бие биенийгээ үсдээд дараад байсан тэгэхээр нь жолоочийн эсрэг талын арын хаалгыг нээж байгаад нөгөө хоёрыг машинаас татаж буулгасан. Тэгээд тэр хоёрыг салгаад би Э, Ч нартай Ч-ын гэр лүү явсан. Ш тэндээсээ гэр лүүгээ явсан байх хаашаа явсан гэдгийг мэдээгүй.… гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.6. Гэрч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 03 дугаар сарын 29-ны шөнө 02 цагийн үед Сет баарнаас эхнэр Б-г ажлаас нь авахаар өөрийн эзэмшлийн Соната-5 маркын 1547 ГСА дугаартай машинтайгаа уг баарны баруун хойд талд зогсож байсан. Тэгээд машиндаа сууж байтал зүс таних нэг залуу орж таксинд явах уу гэхээр нь явна гэж хэлсэн. Нөгөө залуу миний машинд суух үед нэг хүнтэй маргалдаад байгаа бололтой “чи миний найз биш, чам шиг найзаар яадаг юм бэ, дахиж чамд зодуулж чадахгүй шүү” гэх мэтийн зүйл яриад машин дотор ороод суусан. Тэгтэл араас нь Э гэх залуу ирээд машины хаалга нээгээд тэр хоёр хоорондоо барилцаж авсан. Э нь машинд сууж байсан залууг буулгах гээд энгэрээс нь татаад байсан. Нөгөө залуу нь буухгүй гээд машин дотор тэр хоёр хоорондоо барилцаад машинаас гарахгүй байхаар нь би “та хоёр машинаас гарцгаа, битгий машинд хэрэлдээд бай, би таксинд явахгүй” гэж хэлээд байж байтал араас нь Ч гэх залуу ирээд тэр хоёрыг давхраар нь татаад машинаас буулгасан. Тэр үед баарнаас эхнэр Б гарч ирээд бид хоёр гэр лүүгээ явсан. Машинаас буусан хойно тэд нарын дунд юу болсныг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
1.7. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тэр орой Э, Ч, Б, Ш бид тав Хонхорт Ч-ын гэрт нь архи ууж байгаад 23 цагийн үед Сет бааранд ирж сууцгаасан. Тэгээд тэнд сууж байтал өөрийн танил ах болох Бгэдэг залуутай таарсан. Тэгээд бид хоёр тэндээсээ гараад ТБ центр баарны хашааны урд талд уулзаад юм яриад зогсож байсан. Тэр үед баар хаах цаг болчихсон байсан болохоор нөгөө хэд араас гарч ирсэн. Ш нь түрүүлээд бид хоёр дээр ирээд “наад хүн чинь юун хүн юм бэ” гэхээр нь би “миний таньдаг ах байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед Ш Бах бид хоёрыг маргалдаж байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэгтэл цаанаас нь Э, Ш-т чи зүгээр байгаа хүнийг яах гээд байгаа юм гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь би тэр хэдээс холдоод Б ахыг дагуулаад ТБ центрийн баруун талаар ороод төмөр замын байр луу явсан. Б ах бид хоёр төмөр замын 4 айлын байрны хажуунаас салаад явцгаасан. Байрных нь дугаарыг мэдэхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
1.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:
- Э.Шн биед зүүн нүдний дээд зовхинд, цээжинд зүүн хөхний орчмоор, зүүн эгэмний доод хэсэгт, зүүн мөрөнд, зүүн далны дотор өнцөгт, доод хэсэгт, баруун дал орчмоор, нурууны доод хэсгээр, зүүн шуунд цус хуралтууд, зүүн хацарт, зүүн талын 5,6 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал, духны зүүн талаар, зүүн нүдний гадна өнцөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/
1.9. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэлүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Э-ын хувьд нийтэч, нөхөрсөг зантай, хөгжилтэй, хурц ширүүн ааш авиргүй, хүнд тусархаг зантай хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглээд байдаггүй. Хааяа нэг баяр ёслолоор л тохируулж хэрэглэдэг. Тамхи татахаас өөр муу зуршилгүй. Э 2012 онд арван жилийн сургуулиа төгсөөд Их Засаг их сургуулийг 2016 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн… гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
2.2. Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Э нь Улаанбаатар хотод аав, ээжийн хамт амьдарч байгаад 2016 оноос эхлэн эмээтэйгээ амьдарч байгаа. Аав ээж нь Улаанбаатар хотод байдаг юм. Зан аашийн хувьд даруу төлөв зантай, хурц ширүүн ааш авиргүй, хүний үгэнд ордог. Архи дарс уугаад байдаггүй. Одоогоор эрхэлсэн ажилгүй, эгчийнхээ зоогийн газрын ажилд туслаад явж байдаг юм… гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
2.3. Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний хүү Э нь багадаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. 2012 онд арван жилийн сургуулиа төгсөөд 2016 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Миний хүүгийн хувьд хүнд тусархуу, сэтгэл зөөлөнтэй л хүүхэд, ямар нэгэн догшин ширүүн ааш авиргүй, түргэн уур уцааргүй гэж боддог. Э Улаанбаатар хотод аав, ээжтэйгээ амьдарч байгаад 2016 оноос эхлэн Чойрт эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний дүү Н-ын” Гоё амтат зоог”-ийн газарт туслаад явж байдаг. Архи дарс уугаад байдаггүй… гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэйсийнхэн овгийн Г Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ