| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025 09 17 2025/ДШМ/55
Б.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Т
Шүүгдэгч Б.А
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Агийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б-н А, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.А нь Хьюндай Соната-7 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, эхийнхээ тэтгэврийн зээлтийг чөлөөлж дахин зээл авч буцаан өгөх нэрийдлээр бодит байдлыг нуух замаар хохирогч Х.У-г төөрөгдөлд оруулан, хуурч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн тоот гэртээ байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны дугаартай дансаар дамжуулан хохирогч Х.У-с 8.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Х овогт Б-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймгийн газарт өдөрт 8 -аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоногггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.У нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “... Миний бие зуслангийг байшин барьдаг бригадад туслах ажилтан, тогоочоор ажилладаг тул нийтэд тустай ажил эрхлэх ялаар шийтгүүлсэн нь ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж цаашлаад ажлаа алдах нөхцөл боломж бий болж байх тул миний нийтэд тустай ажил эрхлэх ялыг торгох ялаар сольж шийтгэж өгнө үү. Эсхүл нийтэд тустай ажил эрхлэх 560 цагаас бодит хэмжээгээр багасгаж өгнө үү. Хохирогчийн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан болно ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А тайлбартаа: ... Торгох ялаар сольж өгч болох уу ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Агийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.А нь Хьюндай Соната-7 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, эхийнхээ тэтгэврийн зээлтийг чөлөөлж дахин зээл авч буцаан өгөх нэрийдлээр бодит байдлыг нуух замаар хохирогч Х.Уг төөрөгдөлд оруулан хуурч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн тоот гэртээ байхдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн дугаартай харилцах дансаар дамжуулан хохирогч Х.У-с 8.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Х.У-н ... 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугаараас үл таних эмэгтэй холбогдож “зээл авах гэсэн юм аа, та ямар нөхцөлтэй зээл олгодог вэ, би ээжийнхээ 8,300,000 төгрөгийн зээлийг чөлөөлөөд өөр банкинд 24 сарын хугацаатай өндөр зээл аваад буцаад төлөх гэсэн юм” гэж утсаар ярьж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тухайн эмэгтэй дахин миний гар утас руу залгаад дахин ээжийнхээ тэтгэврийн зээлийн талаар ярихаар нь би “Эрдэнэтэд зээл олгодог хүн байдаггүй юм уу” гэтэл “жижиг газар зээл олгох хүн олдохгүй байна, би нөхрийнхөө 2013 онтой Соната-7 загварын тээврийн хэрэгслээ барьцаанд өгье” гэхээр нь би бас барьцаатай бол учиртай байх гэж бодоод Орхон аймагт байсан өөрийн төрсөн дүү болох Б-г аймгийн багийн байрны гадаа уулзуулж Соната-7 загварын тээврийн хэрэгслийг нь үзүүлж харуулаад зээл олгохоор болж өөрийн Хаан банкны тоот данснаас А гэх эмэгтэйн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу 4,300,000 төгрөг, 4,000,000 төгрөгөөр нийт 2 удаагийн гүйлгээгээр 8,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд А гэх эмэгтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь манай дүү Б-д өгч үзүүлж харуулаад буцаан тухайн тээврийн хэрэгсэлдээ хийж түгжээд түлхүүрийг нь Б-д өгөөд “энэ тээврийн хэрэгсэл эндээ ингээд байрлаад байж байг мөнгөө буцааж өгөөд чамтай уулзаж түлхүүрээ аваад тээврийн хэрэгслээ буцаан авна” гэж хэлээд салсан байсан.
Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа манай дүү Б тээврийн хэрэгслийг нь очиж шалгахад тээврийн хэрэгсэл нь байхгүй болсон байсан талаар над руу утсаар хэлсэн. Би тэгээд Атай гар утсаар холбогдоход “ёстой уучлаарай Улаантолгой орох яаралтай ажил гараад аваад явчихлаа, одоо буцаад аваачаад тавилаа” гэхээр нь би “та нар чинь ямар найдваргүй хүмүүс вэ, илүү түлхүүр байгаа гэж хэлдэггүй юм уу” гэж таслаад тэрнээс хойш утсаа авахаа больж удахгүй өгнө гээд мессеж бичдэг болж өдийг хүрсэн. Би 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Агийн нөхөр гэх Г-той дугаарын утас руу нь залгахад машинаа зарах гээд Улаанбаатарт ирсэн байна гэж хэлсэн. Тэрнээс хойш нэг төгрөг шилжүүлээгүй худлаа ярьж алга болсон … гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн “... Би өөр хүмүүст өртэй, хүмүүс надаас өрөө нэхээд байсан учраас Х.У-с зээлсэн 8,300,000 төгрөгийг өрнүүддээ тарааж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг,
хохирогч Х.У-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, дансны хуулга болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэгдэж, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, бусад нотлох баримтыг үндэслэж, хянасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж хохирогч Х.У-с 8.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан Б.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь “… миний нийтэд тустай ажил эрхлэх ялыг торгох ялаар сольж шийтгэж өгнө үү, эсхүл нийтэд тустай ажил эрхлэх 560 цагаас бодит хэмжээгээр багасгаж өгнө үү. Хохирогчийн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан болно ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах эсхүл хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Агийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Агийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
С.УРАНЧИМЭГ