| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04185/И |
| Дугаар | 191/ШШ2025/11590 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/11590
2025 12 15 191/ШШ2025/11590
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******, РД://-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн ******* овогтой ******* миний бие 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн захирал М.******* өөрийн өмчлөлийн орон сууцаа нэг жилийн хугацаагаар, гэр бүлийн хүмүүсийг нь амьдруулах зориулалтаар Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г 1 сарын төлбөрийг 800,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үүрэг хангагдаж улмаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс дахин 1 жилийн хугацаагаар сунгаж, нэг сарын төлбөрийг 850,000 төгрөгөөр тохиролцож мөн энэхүү гэрээний үүрэг зохих ёсоор хангагдсан юм.
Уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 11-12 дугаар сард М.******* бид утсаар холбогдож, орон сууц хөлслөх гэрээг цаашид сунгах талаар ярилцаж, 1 сарын төлбөрийг тухайн үеийн зах зээлийн ханшийг харгалзан 1,100,000 төгрөгөөр харилцан тохиролцож, нэг жилийн төлбөрийг хагас жилээр нь 2 хувааж төлөх нөхцөлөөр тохиролцсон юм. Тухайн үед ******* нь орон сууц хөлслөх гэрээгээ шинэчилж хийгээд авчирч өгнө гээд явсан боловч өгөөгүй ч хөлслөгч орон сууцыг үргэлжлүүлэн ашиглаж байсан бөгөөд гэрээний дагуу М.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний урьдчилгаа төлбөр 1,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд дараа нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус төлж үүнээс хойш нэг ч төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Би төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба 2023 оны 06 дугаар сарын 17-нд очиж уулзахад ******* ******* ******* ХХК-ийн тамгатай цаасан дээр төлбөрийг нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн барагдуулна, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиодолд өдрийн алдангийг 0,5 хувиар тооцон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгоно гэж бичиж өгсөн боловч төлбөрөө өгөөгүй зугтаад нүүгээд явсан, сүүлийн үед надтай уулзахаас зугтаад утсаа авахаа больсон.
Би өөрийн хөлслүүлсэн байрандаа явж очиход иргэн Ж. гэдэг хүнд дамжуулан хөлслүүлсэн байсан.
Миний байранд амьдарч байгаа иргэн Ж.тэй уулзахаар түүний ажиллуулдаг барилгын материалын төвийн Тансаг шийдэл барилгын материалын худалдаа гэсэн хаягтай барилгын дэлгүүр дээр хэд хэдэн удаа очиж уулзан, түрээсийн мөнгөө нэхэхэд "******* ******* ******* ХХК-ийн захирал *******д мөнгө төгрөгөө өгсөн би чамд мөнгө өгч чадахгүй, байр чөлөөлөх боломжгүй гэж янз бүрийн тайлбар хэлээд одоо хүртэл миний байранд амьдарсаар байна. Би иргэн Ж.д миний байрыг чөлөөлж өгөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч миний байрыг чөлөөлж өгөхгүй байна.
Одоо М.*******гийн орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэглдэл нь 9,200,000 төгрөг байгаа бөгөөд одоог хүртэл төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй намайг хохироож байна.
******* ******* ******* ХХК-ийн захирал М.******* нь орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул орон сууц хөлслөх гэрээний 8.1.2-д зааснаар гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдвөл зохих төлбөрт 6,600,000 төгрөгийг, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангид 3,300,000 төгрөг, нийт 9,900,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулж, мөн миний байрыг дамжуулсан хөлсөлсөн иргэн г тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... ******* ******* ******* ХХК, М.*******гийн орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл болох 9,200,000 төгрөгийг, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангид 4,600,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... ******* ******* ******* ХХК-ийн захирал М.******* 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар орон сууцаа хөлслүүлэхээр тохирсон байтал Ж. нь ******* ******* ******* ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар гэрээ байгуулсан гээд миний байрыг чөлөөлж өгөхгүй амьдарсаар байгаад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байрнаас гарсан тул 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох 15 хоногийн түрээсийн төлбөр болох 550,000 төгрөгийг нэмж, нийт 14,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* ******* ******* ХХК-ийн захирал М.******* нь шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... ******* ******* ******* ХХК-ийн захирал М.******* нь шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,050 төгрөгийн тавин хувийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,050 төгрөгийн тавин хувь болох 169,025 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ