| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0060/Э |
| Дугаар | 742 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 742
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Мөнхзул, хохирогч С.Н, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Л.Батаа, гэрч Д.У, Б.Ү, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б.А, Т.Б, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 02055 0291 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалm:
1. А Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмээлт зах дахь мал нядалгааны газар ажилладаг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
2. Б, Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Эмээлт зах дахь мал нядалгааны газар ажилладаг, ам бүл тав, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
3. М Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмээлт зах дахь мал нядалгааны газар ажилладаг, ам бүл ес, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн С.Н-н хамар луу цохиж, газарт унаган өшиглөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн С.Н-н хамар луу цохиж, газарт унаган тал талаас нь гараараа цохиж, өшиглөж зодсоны улмаас хохирогч С.Н-н бие махбодод “тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугаралтай, хамрын зүүн хажуу хана хянганы цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, баруун дээд 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөн тэд хүнсний дэлгүүрийн өмнөх автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэхдээ агсамнан согтуурч, илтэд эрээ цээргүй, балмад авирлаж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нар шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэцгээв.
2. Хохирогч С.Н шүүх хуралдаанд: “...Би эхэлж цохисон зүйл огт байхгүй. Мөн хоёр хүнсний дэлгүүр хоёулаа гэрэлтэй байсан. Би машинтай ирж зогсоход А, Б, М гэх энэ хүмүүс байсан. Эхлээд Б, А нар байсан. Араас нь М гарч ирсэн. Машинаасаа буугаад тамхи татаад байж байсан чинь А “яасан том пизда бэ, юугаа хараад байгаа пизда вэ” гэсэн. Тэгээд энэ гурав гурвуулаа нийлж намайг зодсон. Тэр үед би юу ч яриагүй, би хэргийн талаар худлаа яриагүй, үнэн юм үнэнээрээ сайхан. Тэр гурав ирээд гурван талаас зодсон. Би архи дарс уудаггүй. Зодуулснаас болж толгой өвддөг, тонгойхоор нулимс гоождог болсон, гурван оёдол тавиулсан, шүд хөдөлсөн. Би гомдолтой байна. Шүүгдэгч нар одоогийн байдлаар гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэв.
3. Гэрч Д.У шүүх хуралдаанд: “...Манай нөхөр С.Н бид хоёр хамт машинаас буухад А, Б,М гэх энэ гурван залуу “юугаа хараад байгаа пизда вэ” гээд манай нөхрийг гурван талаас нь нүдсэн. А, Б, М гурав гурвуулаа л зодсон. Би салгах гэхээр нэг нь “наад гичийгээ алаад хаячих” гээд орилоод байсан. Тэр үед замаар машинтай явж байсан хүн “наад хүмүүс чинь хүн аллаа, цагдаа дуудаач” гэхээр нь би машинаас утсаа аваад цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудангуут энэ гурван залуу зугтаасан бөгөөд хамгийн сүүлд Т.Б зугтаахдаа тас хийтэл их дуутай өшиглөөд, зам хөндлөн гараад явсан. Би хойноос нь зам хөндлөн гарч машиных нь улсын дугаарыг харсан. Би “Оргил” дэлгүүрийн камерын бичлэг шүүлгэхэд тэдгээр гурван залуу дэлгүүрээс гарснаас хойш 4-5 минутын дараа миний орж байгаа бичлэг байсан. Тиймээс хэргийн үйл явдал 4-5 минутын хугацаанд өрнөж өнгөрсөн...” гэв.
4. Гэрч Б.А шүүх хуралдаанд: “...би болсон үйл явдлыг хараагүй, ахынхаа машиныг барьж явсан. Намайг гэртээ байхад А ах утсаар яриад “ах нь жоохон архи амсчихлаа, хүрч ирээд машин аваадах” гэсэн. Би гэрээс гарч эмээлт ороод, тэднийг авахад “Оргил дэлгүүр дээр оръё” гэсэн “Оргил” дэлгүүр лүү очоод би замын эсрэг тал буюу урд талд нь зогсож байсан. А ах, Б, М нар дэлгүүр орчихоод ойролцоогоор 5 минутын дараа буцаж ирээд Б-г гэрт нь хүргэж өгчихөөд явсан...” гэв.
5. Гэрч Н.Ү шүүх хуралдаанд: “...Ж.М бид хоёр цуг ажилладаг юм. Хугацааг нь санахгүй байна нэг орой би ажилдаа явж байгаад М-тэй “Оргил” дэлгүүрийн гадна таарсан. Би М-ийг “чи ажилдаа явахгүй юм уу” гэхэд “би ажилдаа очиж чадахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Бид хоёрыг юм ярьж байтал “Оргил” дэлгүүрийн үүдэнд хүмүүс хэрэлдэж эхэлсэн. Тэгээд М үлдээд би явсан...” гэв.
6. Хохирогч С.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед эхнэр У-тай хамт өөрийн эзэмшлийн ..-.. улсын дугаартай Тоёота марк-2 загварын автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Эмээлт дэх “Оргил” дэлгүүрийн урд зогсоод дэлгүүр лүү орох гэтэл үл таних гурван залуу “ямар том пизда бэ? нааш ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би цаашаа алхаад явж байтал махлагдуу, намхан, бор залуу ирээд миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн хажуунаас нөгөө хоёр залуу нь хүрч ирээд миний толгой руу гараараа цохиж унаган нүүр болон биеийн бусад хэсэг рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 09-10 дугаар хуудас),
7. Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн үед нөхөр С.Н-н хамт “Оргил” дэлгүүрээс тамхи авахаар машинаасаа буусан. Бид машинаа “Элбэг” дэлгүүр, “Оргил” дэлгүүр хоёрын хооронд байрлуулсан. Машинаас буугаад “Оргил” руу алхаж байтал гурван залуу зам дээр орилж байсан. Гартаа нэг ундаа, нэг шил архи барьчихсан байсан ба манай нөхрийг “чи юу хараад байгаа овоо пизда вэ” гэж хэлээд гурван талаас нь толгой түрүүгүй өшиглөж зодсон. Эхлээд хар хүрэм (куртик)-тэй залуу нүүр нүдгүй зодсон. Намайг салгах гэхэд саарал хүрэм (куртик)-тэй залуу 3 наад гичийгээ алаад хаячих” гээд гараа далайгаад байсан. Гэхдээ намайг цохиж зодоогүй. Замаар өнгөрч байсан машинтай хүн “хүн аллаа ш дээ, цагдаа дуудаач” гэхээр нь би машинаас утсаа авч, цагдаа дуудтал бүгд зам хөндлөн гараад зугтаасан. Манай нөхрийн хамраас цус гараад зүүн нүд нь хавдчихсан босож чадахгүй байсан. “Оргил” дэлгүүрээс камерын бичлэг үзээд хуулбарлан авсан. Зодсон хүмүүсийн дэлгүүрт ороод гарсан бичлэг байсан ба яг зодооны бичлэг байгаагүй. Учир нь дэлгүүрийн гадаах камер ажилладаггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 170 дугаар хуудас),
8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 13339 дугаартай “...С.Н-н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугарал, хамрын зүүн хажуу хана хянганы цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Эдгээр гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас),
9. Шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34, 35, 87 дугаар хуудас),
10. Шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарын урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснууд (хх-ийн 81, 82, 83 дугаар хуудас),
11. Шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн: ”...Н гэх залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. С.Н-н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү гүн цөмөрсөн хугаралтай, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөдий рүү гүн цөмөрсөн хугарал, хамрын зүүн хажуу хана хянганы цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтлүүдийг Т.Б бид хоёр учруулсан. Гэхдээ зууралдсан байсан учир хэн нь яаж хэдэн удаагийн үйлдлээр учруулснаа анзаараагүй....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64-65 дугаар хуудас),
12. Шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар өсгөн: ”...Би тэр залуугийн бие рүү нь гараараа хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас),
13. Шүүгдэгч Ж.М-ийн яллагдагчаар өгсөн: ”...Оргил гэх дэлгүүр лүү дахин архи авч уухаар бид гурав явсан. Тэгээд юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч С.Н-н бие махбодод учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэл болж байна.
Хохирогч С.Н нь “эрүүл мэндийн хохирлын улмаас учирсан хохирлоо хүлээн авсан, одоогоор нэмж нэхэмжлэх хохирлын баримт байхгүй, гэхдээ цаашид эмчилгээ хийлгэнэ” хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч Ж.М энэ хэрэгт бүлэглэн оролцоогүй бөгөөд найз Ү-тэй уулзаж байгаад ирэхэд нь хэрэг явдал болж өнгөрсөн байсан нь гэрч Б.Ү, шүүгдэгч Ж.М нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан хохирогч С.Н, гэрч Д.У, Б.Ү нарын мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлах аргаар үнэлээд шүүгдэгч Ж.М-ийг энэ хэрэгт бүлэглэн оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Тодруулбал, хохирогч С.Н-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...тэр гурван залуу гурвуулаа нийлж тал талаас цохиж, өшиглөж зодсон, миний хувьд худал мэдүүлэх ямар ч шаардлага байхгүй, үнэн юм үнэнээрээ сайхан...” гэсэн, гэрч Д.У-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...Б.А, Т.Б, Ж.М гэх энэ гурван залуу гурвуулаа нийлж манай нөхрийн толгой руу тал талаас нь өшиглөөд байсан...” гэсэн, гэрч Б.Ү-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...М-тэй тааралдсан “архи уучихсан болохоор ажилдаа очихгүй” гэсэн ... цаана Т байсан ... Оргил дэлгүүрийн үүдэнд чанга дуугаар ална шүү гэж байгаа нь сонсогдож байсан. Гэхдээ намайг харахад тэд хоорондоо зодолдоогүй байсан. Би М-тэй машинаасаа ярилцсан учир маргалдаж байгаа хүмүүст ойртож очоогүй. Би тэгээд л явчихсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн агуулгатай байгаагаас үзвэл гэрч Б.Ү-ийн мэдүүлэг нь хохирогч С.Н, гэрч Д.У нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэж чадахгүй байна.
Харин түүний мэдүүлэг эсрэгээр “Ү, М хоёроос холгүйхэн А, Б хоёр хохирогчтой маргаж байсан, Ү хүмүүс маргаж эхлэх үед явсан, хэргийн газар юу болсныг мэдэхгүй, мөн М хэрэг гарсан газарт үлдсэн” үйл явдал бүхий хэргийн нөхцөл байдлыг нотолж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагаанд ”...Оргил гэх дэлгүүр лүү дахин архи авч уухаар бид гурав явсан. Тэгээд юу болсныг санахгүй байна...” хэмээн мэдүүлж байсныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А, Т.Б нарын өмгөөлөгч нар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг гарах үед оройн 22 цаг өнгөрсөн байсан учир ойр хавьд өөр хүн байгаагүй, дэлгүүр нь цагийн хуваарийн дагуу хааж байсан учир үйл ажиллагаа нь алдагдаагүй. Мөн үйл явдал богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд орон зайн хувьд үзвэр, үйлчилгээний газар биш байх тул олон нийтийн газарт хамаарахгүй. Иймд энэ зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” хэмээн мэтгэлцэв.
Нийтийн хэв журам зөрчих гэдэг нь хүмүүсийн харилцааны цогц буюу нийтийн амгалан тайван байдал болон хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан эрээ цээргүй, балмад үйлдлийг хэлэх бөгөөд олон нийтийн газар нь зөвхөн үзвэр, үйлчилгээний газраар хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл, авто зам, гудамж талбай, дэлгүүр хоршоо болон тэдгээрт хамаарах орчны орон зайг олон нийтийн газарт мөн адил хамааруулна.
Тэдний нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангахаас гадна бусдад хүч хэрэглэж, гудамжинд гэмгүй байсан огт танихгүй хүнд шалтгаангүйгээр халдаж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэж үзэн мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь зөв байна.
Мөн өмгөөлөгч нар энэ хэргийг удтал үргэлжлээгүй тул нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзэхгүй хэмээн мэтгэлцсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан “танхайрах” гэмт хэргийн “бусдыг илтэд үл хүндэтгэсэн” гэх шинж нь гэмт этгээд танхайн шинжтэй халдлагаа удаан хугацаанд шаргуу үргэлжлүүлэх хэлбэрээр илэрдэг онцлогтой байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд энэ шинж хуульчлагдаагүй тул цаг хугацааны үргэлжлэлийг зүйлчлэл хийхэд хамаатуулж үзэхгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн харицулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, нэмж нэгтгэн эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь шүүхэд ирүүлсэн хэргийн үйл баримт төдийгүй зүйлчлэл болон хохирол, хор уршгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ж.М нь гэм буруугийн талаар, шүүгдэгч Б.А, Т.Б нар нь зүйлчлэлийн талаар тус бүр хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж, шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан тул тэдэнд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журам үйлчлэхгүй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А, Б, М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А, Т.Б, Ж.М нарт тус бүр хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Б-д нэг жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.М-д нэг жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, гуч хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг Б.А-д 2 (хоёр) жил 1 (нэг) сараар, Т.Б-д 1 (нэг) жил 7 (долоо) сараар, Ж.М-д 1 (нэг) жил 1 (нэг) сараар тус бүр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Н нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын улмаас цаашид эмчилгээний зардал гарвал гэм хороо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А, Т.Б, Ж.М нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ШҮҮГЧ Б.БАТАА