Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/56

 

 

 

 

 

 

  2025       09         17                                             2025/ДШМ/56

 

 

Б.С, З.Я нарт

холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Э.Г

Шүүгдэгч                                                     Б.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Н.М, А.Т

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч З.Яын өмгөөлөгч А.Т, шүүгдэгч Б.С нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.С, З.Я нарт холбогдох  эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н С, Монгол Улсын иргэн,

 

С овогт З-н Я, Монгол улсын иргэн,

 

     Б.С нь 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   аймгийн    сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “W” баарны үүд хэсэгт хохирогч Т.М-г бүжгийн талбайд сэнс булаацалдсанд өсөрхөж, гарч явахад нь араас нь үсдэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

З.Я нь тухайн үед хохирогч Б.Сийг найз Т.М-г нь үсдэж унагааснаас үүдэн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.С, З.Я нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овогт Б-н С, С овогт З-н Я нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, З.Я нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.С, З.Я нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, З.Я нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Яаас 2.474.050 төгрөгийг гаргуулж хохирогч, шүүгдэгч Б.Ст олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас мэс заслын төлбөр 3.500.000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.М-н нэхэмжилсэн эм тарианы мөнгө 250.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,

 

Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Яын өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:

 

“... З.Яын үйлдэл нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба довтолгооны эсрэг хийгдсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

 

Нөхцөл байдлын хувьд сэнс булаацалдсаны дараа үйлчилгээний газрыг орхин гарч явсан хүн рүү согтуугаар бодит довтолгоон хийж байгаа явдалд дүгнэлт хийсэнгүйгээр Б.С, З.Я нарыг адилтган 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан “Шударга ёсны зарчим”д нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.

 

Тухайн хэрэгт Б.С мөн хохирогчоор орсон бөгөөд сэтгэл санааны хохирол болон гэм хорын хохирол 2.474.050 төгрөгийг З.Яаас гаргуулахаар мөн шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн хувьд Б.Сийн бодит довтолгооноос болж З.Я гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч биедээ гэмтэл авсан, хохирогч Т.М-н биед хөнгөн гэмтэл учирсан ба Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас баталсан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах аргачлалын 1.3-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл Б.С нь өөрөө гэмт хэрэг үйлдэж байх явцдаа гэмтэж байгаа явдалд сэтгэцийн хор уршгийг гаргах нь мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Шударга ёсны зарчим”д нийцэхгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан атны шүүхийн 2025 оны 06 сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянан үзэж З.Яд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо:

 

“... миний бие тухайн хэрэг учрал болсон өдөр бусадтай хэрүүл маргаан үүсгэж улмаар маргалдан Т.Мн үснээс зулгаах үйлдэл хийсэн. Энэ үед үсдэлцээд зууралдаж байхад З.Я нь миний дээрээс үсэрч үүрэх маягтай түлхээд ороод ирсэн бөгөөд яг энэ үед Т.М бид хоёр түлхэгдээд ханаралдаад унасан. Унасны дараа би хөлөөрөө сарвалзах хөлөө савах үйлдэл хийсэн боловч хэн нэгнийг онож биед нь хүрээгүй, энэ нь хяналтын камерын бичлэгнээс миний шар өнгийн гутал хүн оноогүй өшиглөөгүй болох нь тодорхой харагддаг.

Гэтэл шүүх намайг Т.М-н биед хөнгөн гэмтэл учруулсан байна гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, харин эсрэгээрээ Т.М-н биед учирсан гэх гэмтлүүд нь бүгдээрээ бүхэлдээ нийтдээ хөнгөн гэмтэлд хамаарна гэж шүүх хуралдаанд шинжээч мэдүүлсэн.

Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс үзвэл би уг гуя, хөл, тохой, өвдөгний цус хуралтыг бүхэлд нь уруулсан байж буруутай болох ёстой гэж бодож байна. Гэтэл би Т.М-н хөл, гуя руу огт өшиглөөгүй, цохиогүй, мөн дээрээс нь тохой болон өвдөгний цус хуралтыг унах үед үүсэх боломжтой гэж шинжээч мэдүүлсэн. Мөн хяналтын камерын бичлэгнээс үзвэл Т.М бид хоёрыг зууралдаад З.Я миний араас тэвэрч үсэрч ирснээр Т.М бид түлхэгдэн унасан. Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.С надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С тайлбартаа: ... Би үстсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч үйлдэл хийхгүй, чих рүү дайрч эхэлсэн. Үснээс зулгаасан дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: ... З.Яд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Шүүгдэгч Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хэсгийг дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийг үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

     Шүүгдэгч Б.С нь 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн     сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “W” баарны үүд хэсэгт хохирогч Т.М-г бүжгийн талбайд сэнс булаацалдсанд өсөрхөж, гарч явахад нь араас нь үсдэж унагаан, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

     хохирогч Т.М-н  “... баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь үл таних нэг эмэгтэй баарны сэнс булаацалдаж өөр лүүгээ татаад байхаар нь би “эгчээ энэ чинь олон нийтийн өмч шүү дээ” гэсэн чинь уг эмэгтэй сэнсийг цохиж газар унагаасан. Би ямар нэгэн зүйл хэлэлгүй бүжиглээд зогсож байсан чинь найз Яыг тухайн эмэгтэй үснээс нь зулгааж доошоо дарчихсан байх үед хажуугаас нь бас нэг эмэгтэй орж ирээд Янжкааг дарчихсан байсан. Би очиж тухайн хоёр эмэгтэйн үснээс нь зулгааж татаж салгасан чинь нэг эмэгтэй нь бас миний үснээс татаж байгаад салсан. Ингээд маргалдахаа болиод тухайн хоёр эмэгтэйг баарны хамгаалагч нар баарны бүжгийн талбайгаас гаргасан.

     ... Янжка бид хоёр ширээн дээр сууж байгаад гарья гэж хэлээд гараад явж байсан чинь шатаар буухын өмнө миний ардаас үснээс татах шиг болсон, эргээд харсан чинь түрүүний бүжгийн талбай дээр маргалдсан эмэгтэй байсан. Уг эмэгтэй миний үснээс татаж газар унагааж миний дээрээс дарж хоолойг боох шиг болсон. Энэ үед хүмүүс салгах гэсэн чинь тухайн эмэгтэй үснээс тавихгүй зуураад хоолойг боогоод, хөлөөрөө миний гуя, өвдөг хэсэг рүү өшиглөсөн. Босоод харсан чинь зөндөө олон эмэгтэйчүүд байсан ба миний үснээс татсан гэх эмэгтэйн чихнээс нь цус гарчихсан “миний чихийг хэн ингэчих вэ” гээд орилоод байсан. “Намайг яагаад үсдэж байгаа юм бэ” гэсэн чинь урдаас орилоод байсан. Ингэж байж байгаад гараад явсан … гэсэн мэдүүлэг,

 гэрч Ж.С-н ... баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг харсан чинь найз Я, М нар үл таних хоёроос гурван эмэгтэйтэй маргалдаж үсдэлцэж байхаар нь очсон чинь тэнд байсан хүмүүс салгасан. Ингээд би тэр хоёрыг гарахаар нь хамт дагаж гарч явж байгаад харсан чинь М газар уначихсан нэг эмэгтэйтэй зодолдож байсан … гэсэн мэдүүлэг,

 хохирогч Т.М-н эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 695 дугаартай: "...  зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт,

гэрч Б.О-н “… маргалдсан гэх хоёр охин хажуугаар өнгөрөөд явсан чинь С нь тэр хоёр охины араас нь очиж нэг охины үснээс нь зулгааж хоёулаа газар унасан чинь хамт явсан нэг охин нь Сийн дээр нь хэвтэж байгаад чихнээс нь хазсан … гэсэн мэдүүлэг,

 хяналтын камерт үзлэг хийсэн тухай “... хяналтын камерын бичлэгийн 00 цаг 37 минут 19 секунтын үед Т.М З.Я, Ж.С нар нь баарны шат руу алхаад явж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... 00 цаг 37 минут 28 секунтын үед Б.С нь Т.М З.Я, Ж.С нарын араас очиж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... Б.С нь Т.М З.Я, Ж.С нарын араас очиж Т.М-н үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... Б.С нь Т.М-н үснээс татаж байх үед нь З.Я нь Б.Сийн үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... З.Я нь Б.Сийн үснээс нь татаж газар унагааж дээр нь дарж байгаа, Т.М газар унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ...Т.М, З.Я, Б.С нар нь газарт хоорондоо зууралдаж байгаа тэдгээрийг хүмүүс салгаж байгаа дүрс бичлэг харагдаж байна ... ” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

              шүүгдэгч З.Я нь тухайн үед Б.Сийг найз Т.М-г нь үсдэж унагааснаас үүдэн чихийг нь хазаж, эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

              хохирогч Б.Сийн “... Бааранд ороод бүжиглэсэн ба бүжиглэж байх үедээ бааранд байсан сэнсний хажууд зогсоод бүжиглэж байсан чинь үл таних хоёр эмэгтэй хажууд ирж бүжиглэж байхдаа сэнсийг өөрсөд рүүгээ татаж үлээлгэсэн, ингэхээр нь би буцаагаад өөр рүүгээ татсан. Энэ үйлдэл 4-5 удаа үргэлжилсэн. Би сэнсийг нь аль алиндаа хүрэлцээгүй байж байхаар гэж бодоод цааш нь түлхчихсэн. Ингээд бүжиглээд зогсож байсан чинь түрүүний хоёр эмэгтэй урд ирээд юм яриад байсан. Яг юу ярьж байгааг нь сонсогдоогүй. Энэ үед уг хоёр эмэгтэйн нэг нь найз Д-г түлхсэн, найз Д буцаагаад түлхсэн чинь тэр хоёр охин Д-г үсдэж барьж авахаар нь би тэр хоёрыг бас үсдэж барьж авсан. Ингээд үсдэлцэж байхдаа газар байх үед хүмүүс бид нарыг босгож салгахаар нь би гараа тавьсан чинь миний үснээс татаад тавилгүй, намайг зодож, өшиглөсөн...

              ... Ингээд салаад Д, О бид гурав баарны үүд хэсэг рүү гараад зогсож байгаад Д буцаж орсон. Ингээд О бид хоёр зогсож байсан чинь түрүүний охид бид хоёрын хажуугаар зөрж өнгөрсөн. Би араас нь очиж нэг охиныг нь үснээс нь татсан чинь хамт явсан нэг охин нь миний чихнээс хазаж хоёр гурван удаа зулгааж татсан. Энэ үед тэр хавиар явж байсан хүмүүс ирээд салгасан чинь миний чихнээс цус гарч байсан …” гэсэн мэдүүлэг,

 

              гэрч Б.О-н “…С, Д хоёр бүжгийн талбай дээр хажуу талынхаа охидтой маргалдаж байгаа харагдсан. Энэ үед нэг охин нь Д-ны үснээс татаж байсан. Энэ үед би очсон чинь Д, С болон хоёр танихгүй эмэгтэй нар газар унасан нэг нэгнийхээ үснээс зулгааж байсан … маргалдсан гэх хоёр охин хажуугаар өнгөрөөд явсан чинь С нь тэр хоёр охины араас нь очиж нэг охины үснээс нь зулгааж хоёулаа газар унасан чинь хамт явсан нэг охин нь Сийн дээр нь хэвтэж байгаад чихнээс нь хазсан … гэсэн мэдүүлэг,

 

              Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаартай " Б.Сийн биед баруун чихний дэлбэнд шарх, баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх Баруун чихний дэлбэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй ..." гэсэн дүгнэлт,

 

     хяналтын камерт үзлэг хийсэн тухай “... хяналтын камерын бичлэгийн 00 цаг 37 минут 19 секунтын үед Т.М З.Я, Ж.С нар нь баарны шат руу алхаад явж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... 00 цаг 37 минут 28 секунтын үед Б.С нь Т.М З.Я, Ж.С нарын араас очиж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... Б.С нь Т.М З.Я, Ж.С нарын араас очиж Т.М-н үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... Б.С нь Т.М-н үснээс татаж байх үед нь З.Я нь Б.Сийн үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ... З.Я нь Б.Сийн үснээс нь татаж газар унагааж дээр нь дарж байгаа, Т.М газар унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ...Т.М, З.Я, Б.С нар нь газарт хоорондоо зууралдаж байгаа тэдгээрийг хүмүүс салгаж байгаа дүрс бичлэг харагдаж байна ... ” гэсэн тэмдэглэл,

    анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Сийн “...Уг өдөр З.Я миний чихнээс хазсан нь үнэн ... Би Т.М-н араас нь очиж үснээс нь зулгаасан нь үнэн ... Би араас нь очиж үснээс нь зулгаахад З.Я өөдөөс дайраад намайг газарт унагаасан. Тэр үед би үснээс нь зулгаасан байсан тул Т.М надтай хамт газарт унасан. З.Я миний дээрээс хэдэн минут босоогүй, гар, чихнээс хазсан. Чихнээс 2, 3 удаа зулгааж татаад хазаад байсан. Хүмүүс ирээд салгасан, босож ирэхэд миний чихнээс цус гоожсон ...гэсэн мэдүүлэг,

              шүүгдэгч З.Яын өгсөн: “... Тухайн өдөр би хоёр найзын хамт бааранд ороод байж байсан. Тэгж байхдаа багынхаа хоёр найзтай таараад үүд рүү гарч хоёр найзыгаа гаргаж өгчхөөд буцаад орж ирэхэд Т.М эмэгтэйчүүдтэй сэнс булаацалдсан зогсож байсан. Тэгээд бид нар маргалдсан. Явъя, гаръя гээд хоёр найзтайгаа шатаар буух гээд юм яриад явж байхад Т.М гэнэт алга болсон байсан. Би Т.М байхгүй байна гээд эргэж харахад өөр эмэгтэй Мн үснээс зулгаасан байхаар нь би тэр хоёрыг салгах гээд тухайн эмэгтэйн үснээс нь зулгаасан. Тэр хоёрыг салгах явцдаа тэр эмэгтэйд гэмтэл учруулсан байж болзошгүй гэдгээ анхны мэдүүлгээсээ эхлээд хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлгүүдийг сонсох явцад хэд хэдэн удаа чихнээс нь хазсан, бугалгаас нь хазсан гэж байна. Хэрвээ тийм зүйл болсон бол шүдний ором үүсэх ёстой. Чихнээс нь хэд хэдэн удаа хазаж, цус гаргасан бол миний ам, ядаж хувцас ч юм уу цус болох ёстой. Тухайн үед тийм зүйл болоогүй. Магадгүй тухайн үед ноцолдож байх явцад цохигдсон байдал үүссэн байж магадгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа … гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

              Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 

              Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг зэрэг бүхий л нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С, З.Я нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдэнд ял хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч З.Яын өмгөөлөгч А.Т “З.Яын үйлдэл нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба довтолгооны эсрэг хийгдсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсныг шүүх анхаарч үзсэнгүй ... З.Яд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч

 

хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх энэхүү нөхцөл байдал үүсэхгүй.

Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцдоггүй бөгөөд шүүгдэгч З.Я нь тухайн үед Б.Сийг өөрийн найз Т.М-г нь үсдэж унагаалаа гэх шалтгаанаар Б.Сийн чихийг нь хазаж, эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

              Мөн шүүгдэгч Б.С нь “... надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тус тус агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх боловч дээр дурьдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэвэл хохирогч Б.С, хохирогч Т.М нарын биед учирсан хөнгөн хохирол нь өөр бусад хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэж үзэх, тэдгээрийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С болон шүүгдэгч З.Яын өмгөөлөгч А.Т нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Яын өмгөөлөгч А.Т, шүүгдэгч Б.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАЯРХҮҮ

 

                        ШҮҮГЧИД                                                                 Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ