Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00939

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00939

 

 

Б.Янжингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00199 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Янжингийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Билгүүнд холбогдох

 

55 000 000 төгрөг гаргуулах, сургалтын төлбөрийг жил бүр төлөхийг хариуцагчид даалгах тухай хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Янжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Янжингийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: О.Билгүүнтэй 2009 онд гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Хонгор, 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Тэргэл нарыг төрүүлсэн. Бид 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Хонгорыг эцэг О.Билгүүний, хүү Б.Тэргэлийг миний асрамжид тус тус үлдээхээр шийдвэрлэсэн. 2016 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1255 дугаар шийдвэрээр охин Б.Хонгорыг би өөрийн асрамжид авсан. Гэрлэлт цуцлах үед нөхөр О.Билгүүн надад жийп автомашин авч өгнө, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, харж хандаж байна гэж бичгээр бичиж өгөөд О.Билгүүн нь хүүхдүүдийн жил бүрийнх нь сургалтын төлбөр төлж байх, мөн хүүхдүүд зөөх машин авч өгнө гэж тохирсон учир би гэрлэлт цуцлах үедээ орон сууцны болон эд хөрөнгийн маргаангүй гэж хэлсэн. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөөрэй гэтэл мөнгө байхгүй, чадахгүй, аав л хариуцна биз гэсэн юм хэлсэн. Бид нарыг гэрлэлтээ цуцлуулж байхад манай хүүхдүүд сургуульд ороогүй байсан. О.Билгүүн нь охин Б.Хонгорыг Орчлон сургуульд оруулсан. Эхний 2 жилийн төлбөрийг төлж байгаад энэ жилээс эхлэн төлөхөө больсон. Манай хүүхдүүд сэтгэл санааны хувьд хэцүү байсан учраас сургуулийг нь солихыг хүсээгүй. Хүү энэ жил мөн Орчлон сургуульд орсон. Өмнө нь Орчлон сургуулийн бэлтгэлд явсан. Энэ жил аав нь төлбөр өгөхгүй гэхээр нь эгчийг нь арай хямдхан хувийн сургуульд өгсөн. Би ажил хийхгүй хүүхдүүдээ сургуульд нь зөөгөөд хүүхдүүдээ анхаарч байгаа учраас надад хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх боломж байхгүй. Бид гэрлэлтээ цуцлуулахын өмнө 2015 оны 8 дугаар сард эд хөрөнгийн асуудлаар тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан гаргахгүй, чамд хүүхдүүдийг зөөх унаа авч өгнө, сургалтын төлбөрийг жил бүр төлж байна гэж О.Билгүүн хүсэл зоригоо илэрхийлээд бичгээр гаргаж өгсөн. Гэр бүлийн маргаан шийдэгдсэний дараа О.Билгүүн хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх асуудал дээр маргаж, машин авч өгнө гэсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор өөрийнх нь бичиж өгсөн бичгийн баримтыг үндэслээд нэхэмжлэл гаргасан. Иймд О.Билгүүнээс 55 000 000 төгрөгийг гаргуулж, жил тутам охин Б.Хонгор, хүү Б.Тэргэл нарын сургалтын төлбөр төлж байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Билгүүний тайлбарт: Миний бие нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийг нийтэд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хүүхдүүдийн сургалтын төлбөртэй холбоотой өөрт оногдох хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэмжийг би сар бүр төлж байгаа. Одоогийн байдлаар хүү Б.Тэргэлийн сургалтын төлбөр болон хичээлийн хэрэгслийн төлбөр гэж  2 750 000 төгрөгийг ээж Б.Янжин болон сургуулийн дансруу шилжүүлсэн. Миний хувьд сард 800 000 төгрөгийн цалинтай. Үүний 600 000 төгрөгийг гар дээрээ авдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин Б.Хонгор, хүү Б.Тэргэл нарыг ямар сургуульд суралцаж байгаагаас үл хамааран сургалтын төлбөрийн 50 хувийг жил бүр төлөхийг хариуцагч О.Билгүүнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч О.Билгүүний хүүхдүүдийг сургуульлд зөөхөд зориулагдах дунд оврын жийп автомашин өгөх талаар амласан амлалтыг баталгаажуулсан О.Билгүүний өөрийн гараар бичиж өгсөн баталгаа, түүний ярианы бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байхад шүүх автомашин нэхэмжилсэн 38 000 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх О.Билгүүн нь монгол улсын хилээр гарч гадаадад зорчиж байгаа талаар хариуцагчийг ээж Уянгын тайлбар, нэхэмжлэгчийн хариуцагчийн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хурлын тов мэгдэгдсэнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Янжин нь хариуцагч О.Билгүүнд холбогдуулан 55 000 000 төгрөг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүр төлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үзлэг хийх журмыг зөрчсөн байна.

Шүүх хариуцагчийн оршин суух Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Оргил стар хотхон, 59-46 тоот хаягаар хуралдааны тов мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн байх боловч шуудангийн 36 дугаар салбараас хаягаар очиход эзэнгүй гэх үндэслэлээр илгээмжийг буцаажээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчид цахим шуудангаар хурлын тов мэдэгдэх тухай хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул хариуцагчид шүүх хуралдааны тов хүргэгдээгүй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй.

Хариуцагч О.Билгүүний хүүхдийн төлбөр төлж, автомашин авч өгөх тухай ярианы бичлэг хийсэн Си Ди /CD/-г нэхэмжлэгч тал нотлох баримтаар шүүхэд өгчээ. Тухайн Си Ди /CD/-д авагдсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэлд уг үзлэгийг хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг тодорхойгүй байхын зэрэгцээ уг ажиллагааг явуулсан гэх шүүгч гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх хуулийн боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 183/ШШ2018/00199 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ