| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0039/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/48 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Нямбилэг |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/48
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Х.Ганболд, шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,
нарийн бичгийн дарга Л.М,
иргэдийн төлөөлөгч Ц.М,
улсын яллагч Э.Н,
хохирогч З.Э, түүний өмгөөлөгч Э.С,
шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч С.Г,
шинжээч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Шод холбогдох эрүүгийн 1817000000001 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Бийн Ш /РД:ЕЙ66031215/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1966 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 58 тоотод оршин суух, “Эрин зууны холбоос” ХХК-нд жолооч, туслах ажилтнаар ажилладаг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг, 1 дүгээр цэцэрлэгийн урд талын тоглоомын талбайн хашааны зүүн урд хэсэгт иргэн У.Итой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газарт түлхэж унагах, нүүрэн тус газарт нь өшиглөж унагах зэргээр гавал тархины гэмтэл учруулан зодсоны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрхний дутагдлаар 2017 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө нас барсан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14-15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах, 1 дүгээр цэцэрлэгийн хашааны зүүн урд хэсэгт У.Итой маргалдаж улмаар харилцан зууралдан түүнийг газарт хоёр өвдөг дээрээ сөхрөх үед нь нүүрэн тус газарт нь өшиглөн хойш нь савж унаган гавлын ясны цус хуралт, хугарал бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэрээсээ 8 цагт гараад 6 дугаар байранд найзындаа очих гээд явж байтал Уламбаяр гэх хүн цонхоороо ороод ир гэж дуудсан. Соёлоо гарч яваад таван залуутай орж ирээд бид нар хоёр шил 750 граммын Ерөөл архи хувааж уусан. Тэгээд найзындаа орох гэтэл хүн байхгүй байсан. Би гэртээ байж байгаад дэлгүүрт ирэхэд эхнэр дээшээ явлаа гээд таксинд суухад нь би хамт суугаад Балдан засаг захын хажууд буусан. Би Балдан засаг захын дэлгүүрээс пиво авч Нокиа чойр дэлгүүр орох замдаа пиво ууж дуусгасан. Нокио Чойр дэлгүүрийн хашаанд найзындаа байж байгаад 1 дүгээр цэцэрлэгийн хажуугаар гараад хот явдаг таксины зогсоол дээр ирэхэд Энхээ байсан. Энхээтэй юм ярьж байгаад саадны хажуугаар чигээрээ явж байхад хохирогч өөдөөс ирж байсан. Хохирогч зөрөхдөө миний шанаанд нэг удаа цохисон. Би эргэж хараад чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг цохиход яадаг юм бэ пизда минь гэж хэлээд өөдөөс дайрсан. Би айж сандрахдаа өөрөөсөө түлхэхэд хойшоо нэг удаа, урагшаа хоёр удаа алхаж найгаж байгаад хоёр өвдөг дээрээ сөхөрч суухаар нь би сандрахдаа нүүр хэсэгт ам, хамрыг нь тааруулж өшиглөхөд нуруугаараа толгойны дагз хэсгээр дээшээ харж унасан. Би харъя гэж бодоод холдож байгаад харахад босохгүй байхаар нь очиж харахад нүд нь хөдөлж байсан. Санаа зовоод алгадаад сэрээгээд зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Би босгох гээд өргөхөд хамраас нь цус гарахаар нь арчиж өгсөн. Эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад үзүүлэхгүй гэсэн. Талийгаач өөрөө нусаа нийгээд боссон. Би машин дотор суугаад эргэж харахад босоод явж байсан. Би их согтоогүй байсан, болсон явдлыг санаж байгаа. Хоригдож байсан учраас ажил явдалд нь оролцож чадаагүй, хохирол төлбөр барагдуулна, маш их харамсаж байна гэв.
1.2. Хохирогч З.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2017 оны 12 дугаар сарын 29-нд болсон. Тухайн өдөр хүү 3 цагт гэртээ ирэхэд нь би өдрийн хоолонд цуйван хийгээд гэртээ байж байсан. Талийгаач хүү маань орж ирэхдээ хувцас нь шороо, цус болсон, дээд уруул нь сэт цохигдсон байхаар нь чи яасан юм бэ гэхэд би хүнтэй зодолдсон гэж хэлсэн. Хүү маань бүх хувцасаа тайлж унтдаг. Тухайн өдөр гадна талын өмд цамцаа тайлаад миний зассан оронд очоод хэвтсэн. Би хоол идэх үү гэж асуухад хоол идэхгүй толгой өвдөөд байна гэж хэлсэн. Орон дээрээ сууж байхаар нь би яасан бэ гэж асуухад миний толгой өвдөж байна гээд толгойны баруун талын хэсгийг гараараа илээд байхаар нь би өвчин намдаах эм уулгаж оронд нь хэвтүүлсэн. Тэгээд эргэж өрөөнд нь орж харахад толгойныхоо баруун дээд хэсгийг илээд босоод суусан байсан. Би шөнө 12 цагийн үед босож бие засахдаа өрөөнд нь орж харахад их хүчтэй хурхирч байсан. Би хамрыг нь чимхэхэд хурхиралт нь зүгээр болохгүй байсан. Өглөө өрөөнд нь орж харахад эвгүй гараа дараад унтсан байхаар нь яасан юм бол гээд очоод харахад бие нь хөрчихсөн, сайн ажиглаад харахад амьсгалахгүй болсон байсан. Тэгээд би сэргийлэх дуудсан. Талийгаач гэрт орж ирээд шууд унтсан, эргэж гараагүй, гэртээ хүнтэй муудалцаагүй. Талийгаач өглөө 10 цагийн үед толгойгоо угаагаад гарсан. Дух нь шалбарсан байсан. Манай хүү архи уухаараа агсам согтуу тавьдаггүй, ирээд унтдаг, надтай болон ахтайгаа маргадаг зүйл байхгүй. Сонин зан гаргадаг зүйл байхгүй. Оршуулгын зардалд хэрэгт өгсөн баримтын дагуу 12 187 486 төгрөг нэхэмжилж байна гэв.
1.3. Гэрч Ш.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн үед Баийн гэрт очиход Ганбаа, Т, Бат, Шинээ, И, Алт нар нэг шил архи уугаад дуусаж байсан. Тэгээд 20 минутын дараа Ид гаднаас орж ирээд хоёр шил архи уусан. Баийн гэрт ямар нэгэн муудалцаж маргалдсан зүйл болоогүй...15 цаг өнгөрч байхад талийгаач би согтоод байна харьж амарлаа гээд ганцаараа гараад явсан. Би удалгүй 10 минутын дараа Баийн гэрээс гараад өндөр худгийн арын засмал дээр очиход талийгаач замын цаад талд нүүрээрээ газар унасан бололтой Ш ах очсон талийгаачийг босгож байгаа харагдсан. Намайг замын цаад талаас харахад нүүр ам нь халтар болсон, хамар орчим нь цустай харагдаж байсан. Тэгэхээр нь би замын цаанаас талийгаачийг чи явж чадах юм уу, Баийн гэрт очиж унтах юм уу гэсэн чинь зүгээр зүгээр гээд босож ирээд харьж унтлаа гээд хуучин авто тээврийн газрын хашааны зүүн талаар хойшоо чиглэлтэй явж байсан. Би хойноос нь харж зогсож байгаад такси бариад гэр лүүгээ явсан. Талийгаач засмал замын цаад талд шороон дээр унасан байсан. Засмал замаас 2-3 алхмын зайтай газар унасан байсан. Талийгаач нэлээн согтуу байсан. Талийгаач урьд нь унаад духаа шалбалсан гэж байсан. Талийгаачийн духны зүүн хэсэгт шалбарсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69-70 хуудас/
1.4. Гэрч Т.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 55 минутын үед дугуй Дэлгүүрээс хүнсний зүйл худалдан аваад гарсан. Тэгээд өөрийн 34-07 ГСА улсын дугаартай саарал өнгийн Тоёота Ипсум маркийн автомашинтай уулзвараар эргээд төв зам руу явж байтал манай сүмд явдаг Ш өндөр улаан худгийн хойд талд ганцаараа зогсож байсан. Цаана нь нэг хүн газар унасан харагдсан. Би зогсоод Шыг хаашаа явах талаар асуусан чинь хонхор луу гэртээ харих гэж байна гэхээр нь суулгаад хүргэж өгсөн. Шыг суух үед би тэр газар унасан байгаа хүний талаар Шоос таньдаг юм уу гэж асуусан чинь танихгүй, согтуу хүн байна, босгох гээд гэртээ харь гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд байна явъя гэсэн. Би Шыг суулгаад хөдлөхөд замынхаа өндөр улаан худаг талд нэг залуу зогссон нөгөө унасан хүн рүү юм хэлээд ч байгаа юм шиг, эсвэл такси барих гээд байгаа ч юм шиг харагдсан. Би Шыг хонхорт 15 дугаар байрны хамгийн урд талд зогсоод буулгасан. Ш нь тухайн үед хар бараан өнгийн куртиктэй байсан. Шын царайд айсан, сандарсан, цочсон зүйл анзаарагдаагүй. Ярианы өнгөнд ч тийм зүйл байгаагүй. Түүнээс архи үнэртэх нь үнэртэж байсан. Нэг их согтуу байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 73-74, 78 хуудас/
1.5. Гэрч У.Ид мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баийнд Б, Бат, Алт, Ба, манай дүү И бид хэд нийлж архи ууцгаасан. Биднийг архи уугаад байж байхад Б орж ирээд гарч байгаа харагдсан. Сүүлд Н орж ирж байсан. Архи ууж байгаад би согтоод 13 цагийн үед л байх гараад шууд гэр лүүгээ алхаад харьсан. Нэг мэдэхэд гэртээ жижиг өрөөндөө унтаж байсан. Манай талийгаач дүү И миний хажууд газраар унтаж байсан...Би шөнө 00 цагийн үед сэрэхэд миний архи гарсан байсан. Миний хажууд дүү хурхираад унтаад байсан. Ээж том өрөөнд ганцаараа унтаж байсан. Би босож бие засаад эргэж хэвтээд зурагт үзэж байгаад 03 цаг өнгөрөөд унтсан. Намайг 03 цаг өнгөрөөд унтахад дүү хурхираад л унтаад байсан. Би өглөө 09 цаг болж байхад сэрээд хувцсаа өмсөөд гэрээсээ гараад урьд өдөр нь архи уусан айлдаа очсон. Намайг өглөө сэрэхэд дүү шөнө унтаж байсан газраа унтаж л байх шиг байсан. Хурхирахгүй байсан. Шөнө намайг унтаж байгаад 00 цагийн үед сэрээд харахад түүний хамар уруулаас нь цус гараад хатчихсан байсан. Уруул нь язарсан байх шиг байсан. Мөн талийгаач дүүгийн зүүн нүдний дээд хэсэгт нас бардгийн өмнөх өдөр шалбарсан байсан. Намайг асуухад яагаа ч үгүй л гэж байсан. Миний дэргэд бол хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Талийгаач бид хоёр хоорондоо маргалдсан, муудсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 76-77 хуудас/
1.6. Гэрч А.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би Итой 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэрийнх нь үүдэнд уулзаад өндөр худгийн ард байдаг Ба гэдэг залуутай гэрийнх нь урд таарсан. Ба Дугуй дэлгүүрээс Монгол стандарт нэртэй 0,75 литрийн архи аваад Баийн гэрт Ганбаа ахтай дөрвүүлээ ууж байхад гаднаас Шинээ, Т нар орж ирсэн. Би нэлээн согтсон ба гаднаас Н орж ирж байгаа харагдсан. Би согтоод 13 цагийн үед хонхор луу гэртээ харьсан. Итой уулзахад дух нь шалбарсан байсан. Өглөө 09-10 цагийн үед уулзахад өчигдөр шөнө согтуу явж байгаад шургаж унаад духаа халцалсан гэж ярьж байсан. Хүнтэй маргалдаж муудсан талаар яриагүй. Уруул нь сэтэрсэн байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67 хуудас/
1.7. Гэрч Д.Ба мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө намайг гэрт байхад 08 цагийн үед Ганбаа ганцаараа ирсэн. Бид хоёр гэрээс гарч Дугуй дэлгүүр ороод 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад гэртээ буцаж ирээд архиа уугаад байж байхад Ид, Н хоёр ирсэн. Дараа нь Б, Т хоёр орж ирсэн. Түүний дараа нь Болдоохой /И/, шпол Баяраа нар орж ирсэн...И манай гэрт хүнтэй муудаагүй, манай гэрт хүмүүс муудалцаагүй. И хэнтэй явсныг мэдэхгүй. Би 2 шил Хараа архийг уугаад тасарсан байсан. Иын дух нь халцарсан, уруулаа сэтэлсэн гэсэн үү, хазсан гэсэн үү хоорондоо яриад байсан. И 15 цагийн үед явсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62 хуудас/
1.8. Гэрч Г.Алт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө эрт Ид, шар Баяраа бид гурав гудамжинд зогсож байгаад архиа хувааж уугаад Баийн гэрт очиход Ганбаа, Н, И, Ш, Б, Бат нар байсан...И бид нар хоорондоо муудсан зүйл огт байхгүй. Иын толгойн зүүн хэсэгт халцарчихсан байсан бөгөөд асуухад согтуу гэр лүүгээ явж байгаад унасан гэж хэлсэн. Хүнд зодуулсан гэж яриагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63-64 хуудас/
1.9. Гэрч Г.Бат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэрээсээ гараад Алт, Шинээ, Ид бид 4 Баийн гэрт орсон. Баийн гэрт Ба, шар Ганбаа, шпол Баяраа нар архи уугаад байж байсан. Бид нар увуулж цувуулаад 3 шил архи ууж байхад И гаднаас ганцаараа орж ирсэн шиг санаж байна. И Баийн гэрт хүнтэй маргалдаж муудалцаагүй. Баийн гэрт орж ирэхэд дух нь шалбарсан байсан ба урьд өдөр нь харуулдаж унаад духаа шалбалсан гэж байсан. Зүүн нүдний дээд талдаа лент наасан харагдсан, хүнтэй маргалдаж муудсан талаар яриагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 65 хуудас/
1.10. Гэрч Н.Га мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Баийн гэрт орсон. Ба бид хоёр гараад дэлгүүр орох гээд зогсож байхад Б, Идука /Ид/-ын дүүтэй хамт ирсэн. Намайг Баийн гэрээс гарахад Н, Төөгий, Алт, Идука дүүгийн хамт, Шинээ, Т, Б нар үлдсэн. Намайг байхад Баийн гэрт муудалцаж маргалдсан зүйл болоогүй. Баийн гэрт Н ганцаараа эрүүл байсан. Иын дух нь халцарсан харагдсан, уруул нь зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 71 хуудас/
1.11. Гэрч Г.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед Баийн гэрт Ганбаа ах, Б, И, Ба нар 0,75 литрийн архи ууж байсан. Ганбаа Батд архи авч өгөхгүй бол болохгүй гээд надад 20 000 төгрөг өгсөн ба би мөнгийг нь авч яваад 0,75 литрийн Ерөөл архи, Кола ундаа авч ирсэн. Н архи уугаагүй. Талийгаач И гэгээтэй байхад гэр лүүгээ явж унтлаа гээд гарсан, араас нь удалгүй Н гарсан. Би харанхуй болж байхад Баийн гэрээс гарсан. И хүнтэй маргалдаж муудаагүй. Иын духанд нь жоохон шалбарсан байсан. Урд өдөр нь явж байгаад унасан гэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 72, 2-р х.х-ийн 142 хуудас/
1.12. Гэрч З.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Ба гэдэг залуугийн гэрт ороход гэрт нь И, Б, Ба, Ид, Н, хөдөөний дээлтэй залуучууд 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи уугаад байж байсан. Би тэд нарт 1 шил 0,75 литрийн архи авч өгөөд тэр архинаас нэг татаад 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Иын дух нь шалбарсан, уруул нь улайсан байсан. Би духаа яасан юм гэж асуухад урьд өдөр нь гэр лүүгээ явж байгаад газар шургаж унасан гэж байсан. Бид хоёр маргалдаж муудсан асуудал байхгүй. И бид хоёр бол ам мурийж үзээгүй найзууд байгаа юм” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 75, 2-р х.х-ийн 141 хуудас/
1.13. Гэрч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “МАН-ын байрны гадна баруун хойд дээд буланд байрлах хяналтын камерыг шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 08 минутад МАН-ын байрны хойд талд байрлах 97 дугаар байрны орц руу хар өнгийн хувцастай, гуйвж дайвсан явдалтай эрэгтэй хүн урд талаасаа ирээд орж байгаа харагдсан. Бичлэгийг флаш дээр хуулбарлаж авсан. Би бичлэгийг хуулаад компьютерт таниулж үзээгүй. Шууд Ган дэд хурандаад өгсөн. Хуулагдаагүй байна гэхээр нь МАН-ын байран дээр очиж дахин хуулж авах гэтэл МАН-ын байрны бичлэг нь устсан байсан. Тухайн өдөр би цагдаагийн хэлтсийн жижүүрийн арын өрөөнд байрлах хяналтын камерыг мөн шүүж үзсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 55 минутын үед Өндөр худгийн арын засмалын хойд талд Петровисын клонкын баруун талд 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдаж нэг нь нөгөөгөө газар унаган зодож байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Дээрх 97 дугаар байр луу орж байсан хар хувцастай эрэгтэй хүн нь камерын бичлэгт зодуулаад газар унан хэвтэж байгаад хойд зүг рүү чиглэн явсан хүн мөн байсан. Би тэр хүнийг хувцсаар нь таньсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 79 хуудас/
1.14. Гэрч Л.Ган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “МАН-ын байран дээр очиж гадна орчны камерыг шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 08 минутад МАН-ын байрны хойд талд байрлах 97 дугаар байрны орц руу хар өнгийн хувцастай, гуйвж дайвсан явдалтай эрэгтэй хүн урд талаасаа ирээд орж байгаа харагдсан. Уг хүнийг харахад талийгаач И мөн болохыг би таньсан. Бичлэгийг флаш дээр хуулбарлаж авсан боловч хуулагдаагүй байсан. Ойролцоох айл өрхүүдээр биечлэн явж сурвалжилга хийж ажиллахад талийгаачийг тухайн өдөр явж байсан болон хүнтэй маргалдаж муудаж байсныг харсан үзсэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 80 хуудас/
1.15. Гэрч Б.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дэнжид гэртээ байж байгаад өдөр найз Баийнд очиход гэрт нь миний таних, танихгүй нийлсэн 7-8 хүн байсан. Тэр хүмүүс архи ууцгаасан халамцуу согтуу байх шиг байсан. Н ганцаараа эрүүл байсан. Тэгээд намайг сууж байхад Б, И, Ид нар гаднаас 2 шил архитай орж ирсэн. Түүнийг нь гэрт байсан хүмүүс бүгд хувааж уусан. Би тэднийд 1 цаг орчим л болсон байх. Архи ууж байхад хоорондоо маргалдаж муудсан, зодолдсон асуудал гараагүй. Архи ууж байхад Иын хувцас, цамцны энгэр цус болсон зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 139 хуудас/
1.16. Гэрч С.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай байрны Баяндэмбэрэл, Сосорбурам бид 3 талийгаачийнд нэг байрны хүмүүс гэдэг утгаараа орсон. Талийгаачийг орой ирсэн, унтаж байгаад сэрээд толгой өвдөөд байна гэж ярьж байсан л гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 148 хуудас/
1.17. Шинжээч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмтэл аваад тухайн үед эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. Гавлын ясны хугарлаар цус хуралт их, хугарлын зузаан нь 2 см байсан. Гавал дотор цусан хураа үүсэж гавал дотор баруун талд аль нэг судас хагарч цус алдаж тухайн алдагдсан цус тархиа дарж нас бардаг. Тэгэхээр тархи дарагдаад амьсгал зүрх судасны дутагдал үүсэх хүртэл гэмтэл авсан хүн нь амьд явах боломжтой. Толгойны баруун талд чихний хэсэгт гэмтэл учирсан байсан. Энэ гэмтэл нь зөвхөн толгойны баруун талаараа унахад үүсэх боломжтой. Толгойны дагз хэсгээр болон бусад газарт хүч үйлчлэхэд тухай гэмтэл үүсэхгүй. Толгойн хуйханд өөр гэмтэл байгаагүй. Чамархай нь нимгэн яс учир гараар цохиход ч гэмтэл үүсэх боломжтой. Урдаас нь өшиглөж толгойны баруун талаараа газар савж унахад энэ гэмтэл үүсэх боломжтой гэв.
1.18. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар дүгнэлтэд: У.Иын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавалын ясны баруун чамархай, суурь ясыг хамарсан хагас саран хэлбэрийн хугарал, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн суурь хэсгийн зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эдийн няцрал, баруун чамархай хэсгийн хуйхны цус хуралт, баруун чамархай хэсгийн гавалын ясны хальсны цус хуралт, баруун талын чамархай дагзны заагаарх хуйхны өнгөц няцрал, цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсгээр, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун сарвууны эрхий долоовор хурууны салаанд, зүүн хавирганы нумаар, зүүн ташаан толгойн дээд хэсгээр, зүүн гуяны дотор хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд хуучин цус хуралт, духанд дарагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун чамархай, дагзны заагаарх хуйхны өнгөц няцрал, баруун чамархай хэсгийн хуйхны дотор хэсгийн цус хуралт, баруун чамархай хэсгийн гавалын ясны хальсны цус хуралт, гавалын ясны хугарал, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн суурь хэсгийн тархины няцрал, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины няцрал гэмтэл нь хоорондоо холбоотой мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, амь насанд аюултай бөгөөд нас баралтад хүргэжээ. Дээрх гэмтэл нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй байжээ. Дээд уруулын няцарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Доод уруулын дотор салстын цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зүүн хөмсөгний дээд хэсгээр, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл юм. Баруун сарвууны эрхий долоовор хурууны салаанд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зүүн хавирганы нумаарх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зүүн ташаан толгойн дээд хэсгээрх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зүүн гуяны дотор хэсэгт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зүүн нүдний дээд зовхинд хуучин цус хуралт нь нас барахаас 3-5 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Духны дарагдалт нь нас барах үед буюу нас барахаас өмнөх агшинд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цусанд 4,2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. У.И нь О/I/ бүлгийн харъяалалтай цустай байна. Талийгаачид урьд нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. У.И нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрхний дутагдлаар нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /1-р х.х-ийн 123-126 хуудас/,
1.19. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1091 дүгээр дүгнэлтэд: ХГҮ-ээр бэхжүүлж авсан гэх газрын хөрсний дээж дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахмад М.Ө гэжээ. /1-р х.х-ийн 147 хуудас/,
1.20. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1093 дугаар дүгнэлтэнд: Талийгаач У.Иын өмсөж явсан гэх хар өнгийн ноосон малгай, шаргал өнгийн ноосон цамц, хөх жинсэн өмд, хар өнгийн өвлийн куртик дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахмад М.Ө гэжээ. /1-р х.х-ийн 155 хуудас/
1.21. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 650 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн шаргал цамцанд гарсан цооролт, цэнхэр жинсэн өмдөнд гарсан гогдолт хуучин эдэлгээний явцад байна. Цэнхэр жинсэн өмдөнд гарсан ханзралт шинээр гарсан байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.
Дүгнэлт гаргасан: Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Г гэжээ. /1-р х.х-ийн 156 хуудас/,
1.22. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 47 дугаар дүгнэлтэд: Б.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Ш нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.Ш нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Ш нь өөрийнхөө үйлдлийг мэдэн, удирдаж чадаж байсан байна. Б.Ш нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ш нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. Б.Ш нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Шод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Дүгнэлт гаргасан: Комиссын дарга Д.Д, гишүүн Б.С, илтгэгч Я.Г гэжээ. /1-р х.х-ийн 161-162 хуудас/
1.23. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр дүгнэлтэд: Б.Шын биед зүүн эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /1-р х.х-ийн 166 хуудас/
1.24. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 009/002 дугаар дүгнэлтэд: Куртикний баруун ханцуйн залгаас оёдол суганы уулзвар хэсгээс хойш 5,7 см зайд 3 см хэмжээтэй ханзарсан байна. Уг ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Д гэжээ. /1-р х.х-ийн 171-172 хуудас/,
1.25. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 863 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг татаж томруулах боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Б гэжээ. /1-р х.х-ийн 184 хуудас/,
1.26. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 6-21 хуудас/
1.27. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 26-29 хуудас/
1.28. Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 31-52 хуудас/
1.29. Цогцост гадна үзлэг, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 136-140 хуудас/,
1.30. Хэргийн газрын план зураг /1-р х.х-ийн 147-148 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Шыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч С.Г нь гэм буруугийн дүгнэлтдээ яллах дүгнэлтэд тусгасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, У.Иын үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэдэг үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, У.Иын гэртээ харьсан замын маршрутыг тогтоохоор гаргасан хүсэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох дүрс бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Ш нь У.Итой гудамжид таарч ялимгүй зүйлээс шалтаглан өөр хоорондоо маргалдаж зууралдан улмаар шүүгдэгч Б.Ш нь У.Иыг газарт өвдөг дээрээ сөхөрч суусны дараа нүүрэнд нь өшиглөсөн үйлдэл гаргасан байна. Хэдийгээр шүүгдэгч Б.Ш нь У.Иыг хүч хэрэглэхээр заналхийлэн ирэхэд нь айсан гэх боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Шыг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдсан гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн шинжээч Л.Жыг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилж, хууль сануулж дүгнэлт гаргуулсан байна. Шинжээч Л.Ж нь мэргэжлээрээ 13 жил ажиллаж байгаа ахлах зэрэгтэй шинжээч, хэргийн оролцогч нартай ямар нэгэн байдлаар хувийн харьцаатай, садан төрлийн холбоотой гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтээ тайлбарласан тул түүний гаргасан дүгнэлтэнд эргэлзэх үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, У.И нь зодуулсны дараа аль чигт явсан болон хэдэн цагт гэртээ орсон нь хохирогч З.Э, гэрч Ш.Н, Б.М, Л.Ган нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул дахин маршрутыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ш нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ У.Иыг толгойны дагз хэсгээрээ хойш савж унасан гэх боловч түүний 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн “нүүрэн тус газарт нь баруун хөлний өлмийн дээд хэсэг буюу гуталтай хөлөөрөө өшиглөхөд тэр залуу арагш баруун талаараа хошуулдаж толгойгоороо газарт унасан”, “талийгаач яг ар дагзаараа газарт унаагүй баруун чихний ар хэсгээр газарт савж унасан” гэсэн мэдүүлгээр /1-р х.х-ийн 199-204/ үгүйсгэгдэж байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Шод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч З.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолтой байна. Хохиролд оршуулгын зардалд 12 187 486 төгрөг нэхэмжилсэн байна гэв.
2.2. Гэрч Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Ш нь 1974-1982 оны хооронд ерөнхий боловсролын сургуульд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1982-1984 оны хооронд Чойрын Геологийн ангид өрмийн туслах ажилтнаар ажиллаж байгаад 1984-1987 онд 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд хуучин ажиллаж байсан Геологийн ангид өрмийн мастераар ажиллаж байгаад 1996 онд ажлаасаа гарсан. 1996 оноос хойш ажилгүй байж байгаад 5 дугаар сургуульд гурван жил жижүүрээр ажилласан. Түүнээс хойш эрхэлсэн ажилгүй байж байгаад Чойр Налайхын засмал зам тавих төсөлд хамрагдаж 1 жил гаруй хугацаанд жолоочоор ажилласан. “Эрин зууны холбоос” ХХК-тай Ш нь жолооч, туслах ажилтнаар ажилладаг. Хувийн зан байдлын талаар янз бүрийн муухай ааш авир этгээд зангүй, гэр бүл хань ижилдээ анхаарал халамж сайн тавьдаг, гэр бүлдээ хатуу ширүүн ханддаггүй, гэрийн бүхий л ажлыг хийдэг. Нийтэч зантай, хүнд тусархуу, найз нөхөд олонтой, тэднийхээ дунд нэр хүнд сайтай. Тамхи татдаг, архи байнга уудаггүй, хааяа уухаараа агсам, согтуу тавьдаггүй унтаад өгдөг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 89 хуудас/
2.3. Гэрч Ш.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай аав Ш нь эхнэр хүүхдүүддээ халамж анхаарал сайн тавьдаг, гэр орны ажил төрлийг бүгдийг нь хийгээд ач, зээ нараа хараад гэртээ байдаг. “Эрин зууны холбоос” ХХК-нд жолооч, туслах ажилтнаар ажилладаг. Биднийг бага байхаас өдийг хүртэл гэр орондоо агсам согтуу тавих, гэр бүлтэйгээ муухай харьцах зүйл байгаагүй. Гэртээ эв найрамдалтай байдаг. Архи уух нь уудаг, уухаараа агсам тавиад байдаггүй. Ер нь уугаад хүнтэй маргалдаж, муудаж байхыг нь би мэдэхгүй. Уг нь хэрэг хийхээр хүн биш. Бидний амьдралыг өдий зэрэгт хүргэсэн амьдралын минь ноён нуруу болж явдаг хүн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 90 хуудас/
2.4. Гэрч Ж.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Намайг Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхад Ш нь манай сургуульд жижүүрээр ажилд ороод 2002 онд ажлаасаа гарсан. Ажлаас гарах шалтгаан нь эхнэр нь Замын ангид ороод ар гэрээ, 3 хүүхдээ харахаар гарсан. Тэднийх манайхтай нэг байранд 18 жил болж байна. Хүүхдүүд нь хичээл, сурлагадаа сайн, авьяаслаг хүүхдүүдтэй. Би түүнийг сайн аав гэж үздэг. Саяхан манай охин үнэтэй утсаа тэдний орцны гадаа сандал дээр тавиад мартаад орхисныг Ш олоод эхнэртээ өгөөд охинд минь утсыг нь буцаагаад өгсөн. Үүнээс үзэхэд хүн чанартай, ашиг хонжоо хардаггүй зөв сэтгэлтэй хүн байгаа юм. Хүн алахаар харгис хэрцгий хүн биш” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 101хуудас/
2.5. Гэрч О.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Ш бид хоёр 1978-1982 оны хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийг нэг ангид сурч төгссөн. Ш нь 5 дугаар ангидаа манай суманд шилжиж ирж сурч байсан. Ш нь сургуульд сурч байхдаа урлагийн авьяастай, спортлог, анги хамт олондоо нэр хүнд сайтай, нийтэч, аливаа юмыг зохион байгуулж явдаг, нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Амьдрал дээр гараад ч Шын багын сайхан чанар нь хувираагүй өрөвчхөн, хүнд тусархуу, алиа хошин зантай, гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал халамж сайтай хүн. Ер нь хүнтэй маргалдаж байхыг нь би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 106 хуудас/
2.6. Гэрч М.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би бага ангийн багшаар нь 3 дугаар анги төгстөл нь ажилласан. Ш нь бага ангидаа сурлага сайтай хүүхэд байсан. Урлаг, спортын авьяастай, дуу дуулдаг, аливаа нийтийг хамарсан ажилд идэвхитэй оролцдог, сэтгэн бодох чадвар сайтай, математикийн хичээлд дуртай хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 118-119 хуудас/
2.7. Гэрч Х.Н, Я.М, Б.Б, Б.Н, Б.У, Г.Б, Б.Т, Т.Б, Д.О, С.Э, Н.О, Я.О, Б.Б, Б.Э, Д.Үү, Ж.П, Ш.Э, Н.Оч, Г.Б, Д.Э, Ш.Г, Ш.Ц нар нь /гэр бүлийн хамааралтай болон найз нөхөд, танил харьцаатай хүмүүс/ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Б.Ш нь хувийн зан байдлын хувьд уурлаж уцаарлаад байдаггүй, янз бүрийн ширүүн, муу ааш араншингүй, цайлган цагаан сэтгэлтэй, инээж цалгисан зантай, марзан алиа хошин, хүмүүсийг инээлгэж байдаг, элдэв янзын ааш авир гаргаад байдаггүй, агсам согтуу тавьдаггүй, төлөв даруу зантай, наргианч бусадтай нийтэч нөхөрсөг, цэвэр нямбай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, гэр бүл хань ижилдээ халамж анхаарал сайн, ажилсаг хүн. Хааяа нэг архи уух нь уудаг, уухаараа агсам согтуу зангүй. Шыг ийм хэрэгт холбогдсонд маш их гайхаж байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 91-100, 106-117, 120-121 хуудас/
2.8. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын тодорхойлолт, тушаалуудын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р х.х-ийн 235, 237, 239, 241, 244-245, 2-р х.х-ийн 22-24, 25-28 хуудас/
2.9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 231 хуудас/
2.10. Хохирлын тооцооны баримтууд /2-р х.х-ийн 40-88 хуудас/,
2.11. Б.Шод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримтууд /1-р х.х-ийн188-190, 207-229, 2-р х.х-ийн 118-124, 166-170 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Шыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирлоо төлсөн зэргийг харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ: шүүгдэгч Б.Шыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдэл зүйлчлэл дээр маргаантай, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй болно.
Шүүгдэгч Б.Шын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 157 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Сэжигтэн Б.Шын мэдүүлгийг дуу-дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг CD-ыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эд мөрийн баримт 1817000000001, Хас 1, 10 минут” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг, “Утаснаас татаж хуулсан бичлэг, эд мөрийн баримт 1817000000001” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,
шүүгдэгч Б.Шоос хураан авч эд мөрийн баримтаар тооцсон хоншоор хэсгээр хар өнгөтэй, уландаа “Flsrst” гэсэн бичигтэй, хөх цэнхэр өнгийн үслэг дотортой, 42 размерийн хүрэн өнгийн эрэгтэй хүний өвлийн нэг хос гутлыг, хөх цэнхэр өнгийн дөрвөлжилж ширсэн оёдолтой, малгайтай, энгэр хэсэгтээ цахилгаантай, 4 ширхэг хар өнгийн 3 см диаметртэй товчтой, баруун зүүн талдаа 2 халаастай, халаас бүрт бор шаргал өнгийн 2 см диаметртэй төмөр товчтой ногоон дотортой, хормой болон ханцуйны төгсгөл хэсэгт давуун эмжээртэй эрэгтэй хүний куртикийг, хөх цэнхэр өнгийн хөндлөн ширж оёсон оёдолтой, баруун болон зүүн талдаа цахилгаантай, 2 халаастай, зүүн халаасны доод хэсэгт гурвалжин хэлбэртэй хүрэн өнгийн “Canada” гэсэн бичиглэл бүхий шошготой, ар талдаа 2 ширхэг цахилгаантай халаастай, 130 см урттай хөвөнтэй өмдийг шүүгдэгч Б.Шод олгож,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 27 см урт, 22 см өргөн, доод үзүүр хэсгээр 1 см хэмжээтэй саарал өнгийн оруулгатай, доод хэсгийг 8 см дээш эргүүлсэн саарал өнгийн оруулгатай, гадна талдаа хэсэг газруудад улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан хар саарал өнгийн ноосон малгай, гурвалжин захтай, захны ар дээд хэсгийн дотор талд цагаан өнгийн 1х5 см хэмжээтэй “Verchant” гэсэн бичиглэл бүхий шошготой, энгэр хэсэгтээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан шаргал өнгийн ноосон цамц, 98.5 см урт, 40.5 см өргөн, урд болон ар талдаа тус бүр 2 халаастай, ар талын баруун халаасны дээд хэсэгт шаргал өнгөөр “Boss” гэсэн бичигтэй, улаан хүрэн өнгийн давуун дээр “jeans” бичиглэл бүхий бор өнгийн шошготой, 6 ширхэг түдүүлтэй, 1 ширхэг товчтой, 10.5 см урттай шаргал өнгийн цахилгаантай, баруун болон зүүн шуумагны ар болон урд хэсэгт хэсэг газруудад хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн дотортой, 72 см урт, 63 см өргөн, урд хэсэгтээ 2 ширхэг халаастай, халаас тус бүрийн дээд хэсэгт хөндлөн цахилгаантай, хажуудаа 2 ширхэг халаастай, босоо захтай, дотор талдаа хөндлөн “Hilfiger” гэсэн бичиглэлтэй, “Tommy Hilfiger” гэсэн бичиглэл бүхийн гурвалжин шошготой, зүүн энгэрийн гадна болон дотор талд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан хар өнгийн өвлийн куртик, хэргийн газрын хөрснөөс илрүүлж бэхжүүлж авсан хүрэн улаан өнгийн мөр бодис, задлан шинжилгээ хийх үед дээж авсан 9 ширхэг хумс, Б.Шоос дээж авсан 2 ширхэг хумс зэргийг тус тус устгахаар шийдвэрлэлээ.
Хохирлын тооцоо:
1. Хохирогч З.Эээс нийт оршуулгын зардалд 12 187 486 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн 5 608 524 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
2-р хавтаст хэргийн: 44 талд 84 800 төгрөг, 50 000 төгрөг, 46 талд 60 000 төгрөг, 49 талд 649 000 төгрөг, 50 талд 133 000 төгрөг, 52 талд 118 600 төгрөг, 97 500 төгрөг, 86 000 төгрөг, 109 800 төгрөг, 53 талд 110 000 төгрөг, 195 700 төгрөг, 235 000 төгрөг, 195 000 төгрөг, 54 талд 78 200 төгрөг, 55 талд 180 000 төгрөг, 56 талд 5 600 төгрөг, 28 700 төгрөг, 57 талд 43 536 төгрөг, 114 600 төгрөг, 58 талд 2 000 төгрөг, 7 950 төгрөг, 5 000 төгрөг, 7 800 төгрөг, 59 талд 56 580 төгрөг, 63 талд 32 363 төгрөг, 6 050 төгрөг, 16 182 төгрөг, 3 000 төгрөг, 64 талд 6 950 төгрөг, 65 талд 139 500 төгрөг, 66 талд 23 500 төгрөг, 15 450 төгрөг, 67 талд 400 000 төгрөг, 29 400 төгрөг, 11 600 төгрөг, 63 700 төгрөг, 68 талд 8 100 төгрөг, 199 660 төгрөг, 48 000 төгрөг, 69 талд 4 200 төгрөг, 5 000 төгрөг, 70 талд 72 400 төгрөг, 35 900 төгрөг, 79 300 төгрөг, 240 000 төгрөг, 71 талд 5 500 төгрөг, 11 600 төгрөг, 72 талд 36 400 төгрөг, 94 000 төгрөг, 400 000 төгрөг, 73 талд 24 850 төгрөг, 27 000 төгрөг, 74 талд 118 600 төгрөг, 58 800 төгрөг, 11 000 төгрөг, 95 000 төгрөг, 75 талд 29 400 төгрөг, 84 000 төгрөг, 11 600 төгрөг, 77 талд 11 600 төгрөг, 1 000 төгрөг, 1 000 төгрөг, 78 талд 16 000 төгрөг, 79 талд 11 600 төгрөг, 36 400 төгрөг, 81 талд 92 990 төгрөг, 35 400 төгрөг, 82 талд 1 000 төгрөг, 117 823 төгрөг, 171 540 төгрөг, 83 талд 8 800 төгрөг, 1 000 төгрөг, бүгд 5 608 524 төгрөг болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Шоос дээрх 5 608 524 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба өмгөөлөгч С.Ганбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирлыг төлөхөөр завсарлага хүссэний дагуу шүүх хуралдааныг завсарлахад 5 610 000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд 5 608 524 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг,
Харин 2-р хавтаст хэргийн: 44 талд 3, 45 талд 6, 46 талд 4, 47 талд 6, 48 талд 2, 54 талд 5, 55 талд 1, 56 талд 4, 57 талд 2, 58 талд 2, 59 талд 2, 60 талд 1, 61 талд 4, 62 талд 5, 64 талд 2, 65 талд 3, 69 талд 4, 71 талд 1, 73 талд 2, 76 талд 3, 77 талд 3, 78 талд 2, 80 талд 2, 81 талд 1, 83 талд 4 баримт тус тус харагдахгүй тодорхойгүй, хэдэн төгрөгөөр юу авсан болох нь мэдэгдэхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч З.Эийг 6 578 962 төгрөгийн гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дахин нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шод оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын цагдан хоригдсон 157 /нэг зуун тавин долоо/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц
- сэжигтэн Б.Шын мэдүүлгийг дуу-дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг CD-ыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эд мөрийн баримт 1817000000001, Хас 1, 10 минут” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг, “Утаснаас татаж хуулсан бичлэг, эд мөрийн баримт 1817000000001” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,
- шүүгдэгч Б.Шоос хураан авч эд мөрийн баримтаар тооцсон хүрэн өнгийн өвлийн нэг хос гутал, хөх цэнхэр өнгийн куртик, хөх цэнхэр өнгийн хөвөнтэй өмд зэргийг тус тус шүүгдэгч Б.Шод олгож,
- эд мөрийн баримтаар тооцсон хар саарал өнгийн ноосон малгай, шаргал өнгийн ноосон цамц, хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн өвлийн куртик, хэргийн газрын хөрснөөс илрүүлж бэхжүүлж авсан хүрэн улаан өнгийн мөр бодис, задлан шинжилгээ хийх үед дээж авсан 9 ширхэг хумс, Б.Шоос дээж авсан 2 ширхэг хумс зэргийг тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Э нь 6 578 962 төгрөгийн гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дахин нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Б.Ш нь хохиролд 5 610 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Х.ГАНБОЛД
М.ЭНХМАНДАХ