Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02165

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02165

 

 

 

Б.Г -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02304 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Г -гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б- ТӨААТҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г -

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г - шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б- ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаал, мөн оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/45 тоот тушаалуудаар ажлаас үндэслэлгүй халагдаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00782 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1939 тоот магадлалаар тус тус ажилд эгүүлэн тогтоолгосон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг хохироож байна. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Б- ТӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг Б- УТҮГ гэсэн байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаартай тогтоол гарч Б- ТӨААТҮГ болгож, УТҮГ-ыг хассугай гэсэн тогтоол гарсан гэжээ. Б.Г -гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Б- УТҮГ-ын даргаас өгсөн нэхэмжлэлийн дагуу энэхүү хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа тул ТӨААТҮГ-т холбогдуулж гаргаж байгаа нэхэмжлэлд хариу тайлбар гаргах боломжгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд хавсаргаж өгсөн баримтуудаас харахад ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалд Б- ТӨААТҮГ-т гэж байх бөгөөд цалин олговор нөхөж гаргуулсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос харахад Улсын төсөвт байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрт өөр өөр гаргаж байгаа мэт ойлгогдож байна. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчаар яг ямар байгууллагыг татсан, ямар шаардлагыг хэнд холбогдуулж гаргаад байгаа тодруулах нь зүйтэй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б- төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 330 856 төгрөгийг гаргуулж Б.Г -д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж энэ талаар нэхэмжлэгч Б.Г -гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б- төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 219 728 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 212 243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат давж заалдах гомдолдоо: Хариуцагч Улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон бөгөөд хэргийн материалтай танилцах талаар хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан анхан шатны шүүх хуралдааны дэг зөрчигдсөн.

Хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй. Өөр регистрийн дугаар, хуулийн этгээдийн бүртгэлтэй төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт хэргийг хариуцуулж шийдвэрлэсэн. Хуулийн этгээд өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний эрх зүйн чадвар үүснэ. Нэхэмжлэгч улсын төсөвт үйлдвэрийг хариуцагчаар татсан атал өөр эрх зүйн хэлбэртэй хуулийн этгээдэд хэргийг хариуцуулж шийдвэрлэсэн талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хариуцагч байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон байсан 2019 оны 6, 7, 8 дугаар сарын цалинг дахин давхардуулан олгуулахаар хохиролтой шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийг улсын төсөвт үйлдвэрийн газарт 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б/125 дугаартай тушаалаар ажилд авч 6,7,8 дугаар цалинг бүрэн олгосон бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх бололцоогүй, хэрэгтээ танилцаагүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Г - нь хариуцагч Б- ТӨААТҮГазарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Г -гийн Б- ТӨААТҮГ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхээр гаргасан гомдол, нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01483, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаартай шийдвэрүүд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1939, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дүгээр магадлалууд, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00726 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. /хх12-25, 38-43,50-52/

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь дахин шүүхэд хандан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 864 265 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэх үндэслэлээр татгалзаж байх бөгөөд энэ нь давж заалдах гомдлын нэг үндэслэл болсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай 186 дугаар тогтоолоор Б- улсын төсөвт үйлдвэрийн газрыг, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт тул нотлох шаардлагагүй. Харин хариуцагч тал нэр өөрчлөгдсөнөөр байгууллагын эрх, үүрэг өөрчлөгдсөн гэдгийг баримтаар нотлоогүй тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс хариуцагчийн шүүх эрх зүйн байдлыг тодруулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 6,7,8 дугаар сарын цалинг олгосон гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн, хүсэлт шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зуржээ. /хх64/ Мөн хариуцагчийн хэргийн материалтай танилцах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2019/12484 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн байх тул хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД