| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0042/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/49 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/49
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ч,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Жы Бд холбогдох эрүүгийн 1817000970036 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Жы Б /РД:УП89011676/ Улаанбаатар хотод 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 30 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, маркшейдер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2013 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Хаялага нуурын дэргэд П.Гын нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Хаялага нуурын дэргэд П.Гыг автомашинд нь суулгахаар явах үедээ түүнтэй маргалдаж нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэртэйгээ хамт Бээжин рүү аялалаар явах гэж байсан. Тэгээд “Шивээ-Овоо” ХК-нд хамт ажиллаж байсан Нийн гэрт очоод байж байтал Г гаднаас нэг том пивотой орж ирсэн. Нийн гэрт нэг шил архи, нэг том пиво хувааж уугаад Н эхнэр хүүхэдтэйгээ, би эхнэртэйгээ Хаялага нуур луу хорхог хийж идэхээр явсан. Гэтэл араас Г эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Гадаа хүйтэн байсан болохоор явах гээд Гын эхнэр манай нөхрийг гаргаад ирээч гэж гуйсан. Би Гыг сугадаад машин руу оруулах гэтэл Г халамцуу байсан болохоор чи намайг яагаад явуулах гээд байгаа юм гээд цохихоор нь би зөрүүлээд мөргөсөн. Миний буруу байгаа болохоор гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Согтуу байсан болохоор ийм хэрэг хийсэн байна. Дөнгөж эхнэр аваад удаагүй байхад хүн цохихоор нь хүнд зодуулж байгаа юм шиг харагдахгүй гэж бодоод цохисон. Миний буруу гэв.
1.2. Хохирогч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Чойрт хувийн ажлаар явж байсан чинь хамт Шивээ-Овоогийн уурхайд ажилладаг байсан Н над руу залгаад Бээ ирсэн байна, чи манай гэрт хүрээд ирэх үү гэхээр нь би эхнэр хүүхдүүдээ үлдээгээд 2,5 литрийн савлагаатай 1 пиво аваад очсон. Намайг орох үед Бээ, Н хоёр 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи уугаад дуусах гэж байсан. Бид гурав миний авч ирсэн пивог нэмж уугаад дуусаж байсан чинь Бээ, Н хоёр хэдүүлээ Хаялага нуур луу гарч мах шарж идье, бид хоёр уух юм авсан байгаа, чи мах авчих гэсэн. Би зах орж мах аваад Хаялага нуур луу очиход Н, Б хоёр эхнэр хүүхдүүдээ дагуулаад Хаялага дээр ирсэн байсан. Тэгээд бид нар махаа шараад 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи ууж байсан чинь гадаа сэрүүн болоод эхнэр, хүүхдүүд даараад байна явъя гэхээр нь би явах гээд Бтэй хамт машин руугаа алхаад машины хаалга онгойлгосон чинь Б миний шүд рүү нэг удаа мөргөхөд нь би газар унасан. Би босоод ирсэн чинь Б урдаас дайрахаар нь заамдалцаад авсан. Бид хоёр нэг нэгнийгээ хий цохиж байтал эхнэр хүүхдүүд ирээд салгасан. Б намайг мөргөснөөс өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Миний үүдэн 1 шүд хугарч, 2 шүд хөдөлсөн. Эмнэлэгт үзүүлсэн чинь хөдөлсөн хоёр шүдийг нь тогтоох арга байхгүй гээд авсан. Би зодуулах үедээ их согтоогүй байсан, тухайн үед болж байсан үйл явдлыг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 4-7 хуудас/
1.3. Гэрч Х.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Шивээ-Овоо” ХК-д хамт ажилладаг байсан Б Улаанбаатар хотоос эхнэрийнхээ хамт 13 цагийн үед манай гэрт ирээд сууж байтал Г миний гар утас руу залгаад 2,5 литрийн савлагаатай пивотой манай гэрт ирсэн. Гыг манай гэрт ирэхэд Б бид хоёр 0,75 литрийн Соёрхол нэртэй архи уугаад талд нь орж байсан. Бид гурав үлдсэн архиа, пивотой хувааж уугаад эхнэр хүүхдүүдээ аваад Хаялага нуур луу явж мах шарж идэхээр болсон. Б бид хоёр эхнэр хүүхдүүдээ аваад түрүүлээд Хаялага руу явсан. Хаялага дээр очоод гадаа сэрүүхэн байхаар нь Хаялага нуурын баруун хойно баригдаж байсан байшинд манаачтай нь уулзаж ороод пиво уугаад сууж байтал Г эхнэрээ дагуулаад мах аваад ирсэн. Би манаачийн гэр лүү махаараа хорхог хийх гээд явсан. Намайг манаачийн гэрт байхад гэнэт гадаа хүмүүс шуугилдахаар нь харахад Г, Б нар хоорондоо зодолдож байсан. Г, Б хоёрын эхнэрүүд нь гарч ирээд тэр хоёрыг салгахаар нь би Гыг машинд нь суулгаад эхнэрт нь өгөөд явуулсан. Гын үүдэн шүд унасан байсан. Бий хамраас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/
1.4. Гэрч Э.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Нийн найз Б эхнэр Болор-Эрдэнийн хамт амарч яваа гээд манай гэрт ирсэн. Н, Б хоёр нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи задлаад байж байтал гаднаас Г орж ирээд тэр гурав архийг хувааж уугаад бид нар Хаялага явахаар болсон. Б эхнэртэйгээ манай нөхөр бид хэд түрүүлээд Хаялага дээр очоод суучих байшин байна уу гэсэн чинь харуул нь нэг байшинд оруулж өгсөн. Г эхнэр хүүхдээ дагуулаад бид нарын араас ирсэн. Би гараад машиндаа сууж байсан чинь Бий эхнэр Б манай машинд орж ирсэн. Бид хоёр юм яриад сууж байсан чинь Г, Б хоёр байшин дотроос нэлээн согтуу гарч ирсэн. Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад гэнэт зодолдоод эхлэхээр нь би Болороод танай нөхөр Гтай зодолдоод байна, чи гарсан нь дээр байх гэж хэлээд Болороог гаргасан. Мөн манай нөхөр Н гарч ирээд тэр хоёрыг салгаад Гыг машинд нь суулгаад явуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/
1.5. Гэрч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр хүүхдүүдтэйгээ хамт Чойрт явж байхад манай нөхөр Г хамт ажиллаж байсан Н, Б нар эхнэр хүүхдүүдтэйгээ Хаялага руу гарах гэж байна хоёулаа очъё гээд бид хоёр мах аваад очсон. Н эхнэртэйгээ бас нэг залуу, хүүхэн нар Хаялага дээр баригдаж байгаа байшинд ороод суучихсан байсан. Г, Б, Н нар нэг шил архи задлаад уусан. Би гадаа машинд хүүхдүүдтэйгээ суугаад дотогшоо ороогүй. Тухайн үед Н байшингуудын ойролцоо байрлах айлд хорхог болгохоор явсан байсан. Би хүүхдүүд даараад байхаар нь Гт явъя гэж хэлээд машиндаа сууж байтал Г нөгөө залуутай хамт гарч ирээд машин руу чиглээд алхсан. Г, тэр залуу хоёрыг машины урдуур гараад хаалга руу ойртох үед нь би хаалга нээх гэтэл тэр залуу Гыг мөргөөд унагаасан. Н гарч ирж салгаад би Гыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/
1.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би нөхөр Бий хамт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот орохоор яваад өглөө 10 цаг өнгөрч байхад Чойрт ирээд урьд нь Бтэй хамт ажиллаж байсан найз Нийн гэрт орж хоол идээд сууж байсан чинь Н нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд Б тэр хоёр хуваагаад ууж байхад гаднаас хамт ажиллаж байсан гээд нэг залуу 2,5 литрийн пиво бариад орж ирсэн. Тэр гурав ууж сууж байгаад Хаялага гэдэг газар очиж мах шарж идье гээд явахаар болсон. Н эхнэр хүүхэдтэйгээ, Б бид хэд түрүүлээд уг газар луу явсан. Сүүлд орж ирсэн залуу нь араас мах аваад эхнэр хүүхдээ дагуулаад ирсэн. Бид нар нэг байшинд сууж байтал Н махаар хорхог хийх гээд манаач айлынх руу явсан. Нийн эхнэр У бид хоёр даараад байхаар нь машиндаа орж ирээд сууж байсан чинь байшингаас Б Гыг түшээд гарч ирсэн. Б Гыг машинд нь суулгах гэсэн чинь суухгүй гээд маргалдаад байх шиг болохоор нь би машинаас буугаад очсон чинь Бээ Гыг чи хоёр гурван хүүхэд дагуулаад, яв гэсэн чинь Г явахгүй байсан. Тэр хоёр маргалдаж байгаад Г Бийг цохиод авахаар нь би Бийг тэврээд боль битгий зодолд гэсэн. Г Б хоёрыг маргалдаад байхаар нь би Нацагаа гээд орилсон чинь Н гарч ирээд тэр хоёрыг салгасан. Сүүлд харсан чинь Гын амнаас цус гарсан, Гын эхнэр Бийг чи шүдийг нь цохисон байна шүү дээ гэж байсан. Тэр хоёр нэлээн согтсон байсан. Г хөл дээрээ тогтож чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
1.7. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр П.Гын биед үзлэг хийхэд баруун дээд 1 дүгээр шүд унасан, оромноос цус гарсан, зүүн дээд 1, 2 дугаар шүд бүх чиглэлд ганхалттай байсан. Үүнийг үндэслэн П.Гын биед баруун дээд 1 дүгээр шүдний, зүүн дээд 1, 2 дугаар шүдний уналт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. П.Гын унасан шүдэн дунд хиймэл шүд байгаагүй. Шүдний уналт гэмтэл нь тухайн хүндээ зовиур өгдөг, хурдан хугацаанд эдгэрдэггүй шалтгаанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Гол нь насанд хүрсэн хүний шүд эргэж хэзээ ч ургахгүй. Заавал хиймэл, өөр материалаар орлуулан оронд нь суулгах шаардлага гардгаараа онцлогтой. Нэг шүд унахад хөдөлмөрийн чадварын 5% насан туршид нь алдагдана гэж журамлагдсан. Энэ хүний шүд дахиж ургахгүй тул насан туршдаа хөдөлмөрийн чадвар алдагдана. Харин шүд унасны дараа буйланд үлдэж байгаа ором нь 28 хоногийн дотор эдгэрнэ. Энэ гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалт нь 15%-аас илүүгүй байгаа нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж байгаа юм. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд нь 28 хоногоос доош хугацаанд эдгэрдэг нь гэмтлийн хувьд хурдан хугацаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
1.8. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133 дугаар дүгнэлтэд: П.Гын биед баруун дээд 1 дүгээр шүдний, зүүн дээд 1, 2 дугаар шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1 дүгээр шүдний, зүүн дээд 1, 2 дугаар шүдний уналт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулна.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 19 хуудас/
1.9. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтэд: Ж.Бий биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 23 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч П.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Надад иргэний журмаар нэхэмжлэх нэхэмжлэл байхгүй. Б миний биед учирсан бүх хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7 хуудас/
2.2. Гэрч Х.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Б их хөгжилтэй, хүнд тусархуу залуу. Ер нь хүнтэй маргалдаж мууддаггүй, хүний арга эвийг олоод явж байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/
2.3. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай нөхөр Б их хөгжилтэй, зөөлөн сэтгэлтэй, хүн их тусархуу хүн. Ер нь хүнтэй муудаж, маргалддаггүй, хүний арга эвийг олоод явж байдаг. Согтууруулах ундааны зүйл аль болох хэрэглэхээс татгалздаг. Уух үедээ өөрийнхөө хэмжээнд тааруулаад их согтохгүйгээр унтаад өгдөг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 43-44, 47-50 хуудас/
2.5. Хохиролд 3 600 000 төгрөг төлсөн тухай баримт /х.х-ийн 55 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Бы хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА