| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0628/Э |
| Дугаар | 741 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 741
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Т.Отгонтөгс (томилолтоор), шүүгдэгч Б.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч З.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02007 0701 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Б, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2. Б.А, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 106 дугаар сургуулийн орчимд Э.Нямгэрэлийн гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэж бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 96-2а тоот хашаанд бариастай байсан хохирогч Х.Б-ийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 106 дугаар сургуулийн орчимд Э.Н-ийн гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэж бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.Б, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 96-2а тоот хашаанд байсан хохирогч Х.Б-ийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг буулгаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан...” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...хохирогч Н-с эхэлж цаг асуусан. Н сонсохгүй болохоор нь “ахын дүү цаг хэд болж байна” гээд мөрөн дээрээс нь барьсан, харсан чинь чихэвч зүүсэн байсан. Би Н-ийн мөрөн дээр нь гараа тавих үед тэрээр надад гар утсаа өгчихөөд айсан царайтай яваад өгсөн. Би хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй. Би хохирогчийн гар утсыг 160,000 төгрөгөөр зарж, зарим хэсгээр нь өрөө төлж, үлдсэнийг нь үрээд дуусгасан. Хулгайлах гэмт хэргийн тухайд хэлэх зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2.Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.
3.Хохирогч Э.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...106 дугаар сургуулиас гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү автобусны буудал руу явж байтал араас нэг хүн баруун гараараа миний хэсгээр боож зүүн гараараа миний зүүн гарт байсан гар утсыг нь булааж аваад яваад өгсөн. Тэгж явахынхаа өмнө “араас хөөвөл ална шүү" гэж хэлээд явсан. Тэр явахдаа баруун зүгт зугтаж алга болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 136 дугаар хуудас),
4.“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай “...самсунг галакси А5 загварын гар утас-200,000 төгрөг...”гэсэн дүгнэлт (хх-ийн 162 дугаар хуудас),
5.Шүүгдэгч Б.Б-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр охиноос цаг асуусан чинь сонсохгүй байсан. Тэр охиныг харсан чинь чихэвчтэй байсан болохоор миний дуудсаныг сонсоогүй байх. Би тэр хүүхдийн гарт байсан самсунг маркын ягаан өнгийн гар утсыг нь булааж авсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр 15-ны өдөр “Теди төв” дээр гар утас авдаг хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 158 дугаар хуудас),
6.Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 69-1 тоот хашаанд байрлах гэрээ цоожлоод “Нарантуул” зах руу ажлаа хийхээр явсан юм. Гэтэл 15 цагийн үед миний төрсөн дүү Х.О ........ дугаараас залгаад “ахаа танай гэрийг чинь хүмүүс буулгаж байна, энэ хүмүүсээс асуусан чинь энэ гэрийг зарсан гэж байна, та гэрээ зарсан юмуу” гэхээр нь “би юу гэж гэрээ зардаг юм бэ“ гэж хэлсэн. Наад хүмүүсээ бариад ав гэсэн чинь “2 хүн нь хашаа даваад зугтаасан, эмэгтэй хүн нь байна” гэсэн. Тэгээд манай дүү Х.О цагдаа дуудаж уг гэрийг хулгай хийж байсан хүмүүсийг бариулсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас),
7.Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад “Сутай зах”, дараа нь 5 буудал орчихоод 17 цагийн үед гэртээ буцаж ирсэн чинь манай хашааны хаалга онгорхой байсан. Би гайхаад хашаандаа орсон чинь огт танихгүй 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Тэгсэн чинь 2 эрэгтэй нь намайг хараад шууд хашаа даваад зугтаасан. Би нөгөө эмэгтэйг нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр эмэгтэй “надад ямар ч хамаагүй, би энэ гэрийг худалдаж авч байгаа хүн байна” гэж хэлж байсан. Тэгээд байж байхад гаднаас хашаанд портер машин орж ирсэн. Би гайхаад юун машин бэ гэж хэлсэн чинь гэр худалдаж авах гэж байгаа хүн байна гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас),
8.Гэрч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Л-тэй хамт хувиараа монгол гэр авч зардаг юм. Тухайн үед 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Фэйсбүүкээр зар үзэж байгаад “5 ханатай монгол гэр яаралтай хямд зарна” гэсэн зарын дагуу 80687191 гэсэн дугаар луу залгасан. Тэгээд “та гэрээ хэдээр зарах гэж байгаа юм бэ” гэж асуухад “800.000 төгрөгөөр зарна, авах хүнд нь сайн яриад өгнө” гэсэн. Би найз Л-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 69-1 тоотод очиж 20 орчим насны 2 залуутай уулзахад “энэ Бидний гэр байгаа юм, бид хөдөө явах гэж байгаа болохоор яаралтай мөнгөний хэрэг гараад хямд зарах гэж байна, 500,000 төгрөгөөр шууд өглөө” гэхээр нь би уг гэрийг худалдаж авахаар болсон. Тэгээд Лхагвасүрэн гэр ачиж явах машин олж ирэхээр явсан. Харин би гэр зарах гэж байсан 2 залуутай хамт гэрийг буулгаж дуусаж байсан чинь гэрийн эзний дүү гэх хүн хашааны хаалгаар ороод ирсэн юм. Гэтэл гэр зарах гэж байсан 2 залуу шууд хашаа даваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),
9.Гэрч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э гэр зарах гэж байсан 2 залуутай гэрийг буулгаад үлдсэн. Би гэр ачиж явах машин олоод удалгүй буцаад очтол гэрийн эзний дүү гэх залуу ирсэн байсан. Нөгөөх гэр зарах гэж байсан 2 залуу байхгүй болохоор нь би Э-с асуусан чинь “дөнгөж сая хашаа даваад зугтаасан” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),
10.“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай “...Монгол таван ханатай гэр-1,500,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хх-ийн 137 дугаар хуудас),
11.Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас),
12.Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 84 дүгээр хуудас),
13.Шүүгдэгч Б.Б, Б.А нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 23, 24 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бодитой тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзвэл Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйллийн 1 дэх хэсэгт заасан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүгдэгч Б.А шүүх хуралдааны үед яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Харин шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Н-д хүч хэрэглээгүй бөгөөд хохирогч өөрөө надад утсаа өгчихөөд яваад өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ нь хохирогч Э.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...араас нэг хүн баруун гараараа боож, зүүн гараараа миний зүүн гарт байсан гар утсыг булааж аваад явсан. Тэгж явахдаа “араас хөөвөл ална шүү" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 136 дугаар хуудас) болон Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн өөрийнх нь мэдүүлгээр няцаагдсан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримт шинжилсний дараа “би өөрийн үйлдсэн хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд, Б.А-ийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Мөрдөн байцаалтын явцад хохирогч Э.Н “гар утсны төлбөр болох 200,000 төгрөгийг Б.Б-ээс авсан” гэж, хохирогч Х.Б “5 ханатай монгол гэрээ буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б, Б.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б, Б.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Энх-Амгалангийн дүгнэлт: “...миний үйлчлүүлэгч нар хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд өр зээлийн асуудлаас болж хохирогчийн гар утсыг авсан гэдэг. Мөн би буруутай гэдгээ мэдүүлсэн. Б бол боловсролгүй, мөрдөн байцаалтын шатанд хууль зүйн туслалцаа авч чадаагүй, Б-ийн ар гэрийн байдал хүнд зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх шүүгдэгч Б.Б, Б.А нарыг гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирч болох байсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг оролцоо, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэхэд үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан талаараа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны үед хүлээн мэдүүлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлсэн журмыг давхардуулан хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Б.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд, А-ийг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан “цагдан хорих”, шүүгдэгч Б.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА