| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2024/0328/Э |
| Дугаар | 2025/ДШМ/58 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/58
2025 09 17 2025/ДШМ/58
Ц.Мт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Т
Шүүгдэгч Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.В, Г.Н
Хохирогч Н.М
Хохирогчийн өмгөөлөгч Х.О /цахимаар/
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.О, Л.А
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.В, Г.Н нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Мт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овогт Ц-н М, Монгол Улсын иргэн,
Ц.М нь “Э” Төрийн өмчит хувьцаат компани болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх явцдаа, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын багт байрлах “Э” төрийн өмчит хувьцаат компанийн хашаанд гагнуурын ажлыг Ж.Б-р хөлсөөр гүйцэтгүүлэхдээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтуудыг, мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т заасан “Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна” гэснийг биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас Ж.Б шороонд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Ц-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Шүүгдэгч Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-д зааснаар шүүгдэгч Ц.Маас сар бүр 369.875 төгрөг гаргуулж 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн С.М-г суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгуулж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д зааснаар Ц.М /О ХХК/-иас 168.684.840 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 762,417,478 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт иргэний хариуцагчаар “Э” ТӨХК-ийг татсаныг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногт тооцон эдлэх ялаас хасч,
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хамгаалалтын төмөр малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, аймаг сум баг “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо:
“... Өмгөөлөгч бид анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж оролцоогүй бөгөөд хууль хэрэглээний хувьд хохирлыг үндэслэл бүхий оновчтой тогтоолгох, иргэний хариуцагч нарын хуульд заасан эрх үүрэгт холбогдох хариуцлагыг тодотгон ялгамжтай тогтоолгох байр сууринаас хүсэлтээ нээлттэй илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” нэг талыг баримталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх иргэний хариуцагчаар “Э” Төрийн өмчит хувьцаат компанийг татсан нь оновчтой хууль зүйн үндэслэл бүхий байсан ч түүнийг иргэний хариуцлагаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байгаа нь эргэлзээ төрүүлж, процессын зөрчил гаргасан гэж дүгнэхэд хүргэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт: Хэрэгт иргэний хариуцагчаар “Э" Төрийн өмчит хувьцаат компанийг татсаныг хэрэгсэхгүй болгосугай гэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн нь “Э” Төрийн өмчит хувьцаат компаниас хэд хэдэн хууль, дүрэм, журмыг зөрчсөн эс үйлдэхүйд холбогдуулан хууль зүйн дүгнэлт гаргаагүй, иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг дурдаагүй нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж эргэлзээ төрүүлж байна.
Иргэний хариуцагч “Э” Төрийн өмчит хувьцаат компани нь дараах эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мэдсээр байж хуулиар хүлээлгэсэн үүргийг гэрээгээр гүйцэтгэгч хуулийн этгээдэд шилжүүлсэн зэрэг дараах зөрчил гаргасныг иргэний хариуцагч “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөлөгч нарын шүүх хуралдааны явцад өгсөн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох баримтуудаас харж болно. Эрх зүйн актын зөрчлөөс дурдвал:
“Э” Төрийн өмчит хувьцаат компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулсан гэрээндээ гэрээний үнийн дүнгийн холбогдох хэсгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулахаар тусгаж, төсөвт зардалд тусгайлан байршуулж өгөх ёстой байсан ч тусгаж өгөөгүй, гэрээнд хяналт тавиагүй нь гэрээний үүргийн зөрчил, эс үйлдэхүйд холбогдох хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дахь хэсэгт “Аж ахуй нэгж байгууллагаас дотоод хяналт тавих” тухай нарийвчлан зааж өгсөн бөгөөд гэрээний 4.1, 4.4, 4.5, 5.4 дэх заалтуудад тус тус зааж түүнчлэн тус гэрээнд холбогдуулан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг өгч, түүний 3.3 дахь хэсэгт станцын төлөөлөгчийн ажиглалт дор гүйцэтгэх гэсэн атлаа гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19Б дугаартай тушаалын хавсралт болох “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 2.7-д “Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулан шаардлагатай санхүүжилтийн зардлыг тооцож гаргасан байна.
Уг журмын 2.7-д заасан зардалд барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна дараах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгахаар зохицуулсан. 2.8.1-д “Барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох, хашлагын хамгаалалт”, 2.9-д “Барилгын ажлын талбай түүний гаднах эродэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэгх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ.
2.9.1 “Барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар бүрт, 2.9.2. “Дотоод хяналтаар зөрчил илэрсэн тухай бүрт, 2.9.4 “Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт”, 2.9.6 “Үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарах бүрт”, 6.2.5 хэрэв гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагааны явцад аюулгүй ажиллагаатай холбогдох зөрчил гарсан тохиолдолд үйл ажиллагааг шууд зогсоож, зөрчлийг арилгуулах, холбогдох байгууллагад хандах, 6.2.6 ... цаашлаад санхүүжилтийг зогсоох зэрэг арга хэмжээ авах эрхтэй гэж тус тус үүргийг зайлшгүй хийж гүйцэтгэхийг захиалагч буюу “Э” Төрийн өмчит хувьцаат компанид үүрэг болгосон байхад
анхан шатны шүүх зөвхөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний заалтыг үндэслэн дүгнэлт өгч уг харилцаанд удирдлага болговол зохих тусгайлсан эрх зүйн актын холбогдох зохицуулалтад үндэслэн хууль зүйн дүгнэлт гаргахгүйгээр “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн гэм буруу тогтоогдоогүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна.
Шүүгдэгч Ц.М /О хязгаарлагдмал хариуцлагатай компани/-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг нас барагчийн дундаж цалингийн хэмжээгээр тооцон 168.684.840 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь “Үйлдвэрлэлийн ослын акт тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж тодорхой заасан байхад шууд Хөдөлмөрийн хуулийн 125.1 дүгээр зүйпийг удирдлага болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн.
Мөн тус дүрмийн Гуравдугаар бүлгийн 3.2-д “Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно” гэж тодорхой заасан бөгөөд зөвхөн “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс бие даан үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь эргэлзээтэй байдлыг бий болгож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бидний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж “Э” Төрийн өмчит хувьцаат компаниас зарим хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “ ... Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийн, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Харин шүүгдэгч Ц.Мт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ хүрээ хязгаарыг тодорхой зааж өгөлгүй хэт ерөнхий байдлаар, өргөн хүрээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг' хүлээлгэх эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулж байхын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийг буюу Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хязгаарлалтыг тогтоож буй шийтгэлийн төрөл юм.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М тайлбартаа: ... Эрүүл мэндийн байдлаас болоод зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н тайлбартаа: ... бид гэм буруу дээр маргаагүй хохирол төлбөрөө төлчихсөн ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.В тайлбартаа: ... Шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг буюу иргэний хариуцагчтай холбогдох ослын акттай холбогдуулан тогтоосон хохиролтой холбоотой асуудал дээр тодотгол хийх үндэслэл бүхий шийдвэр гаргах нь зүйтэй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.М тайлбартаа: ... Гайтай тэр өдрийн тэр хариуцлагагүй ажиллагаанаас болж хань минь хорвоод амьдрах хүний сайхан амьдралаа үүрд алдчихсан бидэнд маш хүнд байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... миний хувьд Г.Н өмгөөлөгчийн ял хариуцлагыг бас өөрчлүүлэх санал гаргаж байна. Ял хариуцлагыг өөрчлөхүйц үндэслэл тогтоогдохгүй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А тайлбартаа: ... манай компанийн хувьд бол иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О тайлбартаа: ... гүйцэтгэгч компани нь өөрсдөө эрсдэлийн үнэлгээгээ хийх ёстой гэсэн дүрмийн заалт байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.В, Г.Н нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал буюу шүүгдэгч Ц.М нь “Э” Төрийн өмчит хувьцаат компани болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн хашаанд хийж гүйцэтгэх явцдаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтууд, мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т заасан “Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна” гэснийг тус тус биелүүлээгүйн улмаас “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөлсөөр ажиллаж байсан Ж.Б 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шороонд дарагдаж, амь нас нь хохирсон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ... 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй ... гэж заасан нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
Учир нь: Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан
ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялд хамаарах хэдий ч анхан шатны шүүх түүний оршин суух газрын нутаг дэвсгэрийг заалгүй орхигдуулснаас гадна
давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Мт оршин суух газар буюу аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, энэ талаарх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй бөгөөд харин хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн,
эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Маас сар бүр 369.875 төгрөг гаргуулж С.М-г суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгуулж, мөн Ц.М /О ХХК/-иас 168.684.840 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мт олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,
мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “Хууль ёсны өвлөгч” гэж нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хамаарахаар тус тус заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь “... нөхөр Ж.Б-тай 2010 онд танилцаад 2013 онд гэрлээд нэг гэрт орсон ... бид хоёрт хууль ёсны эхнэр нөхрийн лавлагаа байгаа ... ” гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас /2 дугаар хх 43/, С-н М-н төрсний гэрчилгээний хуулбар / дугаар хх 158/ зэрэг нотлох баримтууд хавсаргагдсан байх хэдий ч шаардах эрхийн үндэслэл болох амь хохирогч Ж.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ буюу түүнтэй адилтгах баримт болон тэдгээрийн ам бүлийн тодорхойлолт /ам бүл 5 эсэх/ зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл: Нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээдийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмж болон цалингийн зөрүү, мөн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор зэргийг шүүгдэгч Ц.Маас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон цалингийн зөрүү, мөн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.В, Г.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” Төрийн өмчит хувьцаат компанийг иргэний хариуцагчаар татсан байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус компаниас хохирол, хор уршиг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хэрэгт иргэний хариуцагчаар “Э” ТӨХК-ийг татсаныг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасныг буруутгах үндэслэлгүй байх ба мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх /гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй зэрэг/ үндэслэл тогтоогдоогүй тул тэдгээрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-д зааснаар шүүгдэгч Ц.Маас сар бүр 369.875 төгрөг гаргуулж 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн С.М-г суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д зааснаар Ц.М /О ХХК/-иас 168.684.840 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 762,417,478 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон цалингийн зөрүү, мөн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
С.УРАНЧИМЭГ