Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1068

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ю.С*******

Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*******л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие анх Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дүгээр тушаалаар Нийслэлийн нийгмийн даатгалын газарт архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдож, улмаар Төрийн албан хаагчийн сонгон шалг*******алтад тэнцэж, мөн газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар томилогдож, төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2012 оны 09 дүгээр сард хүүхэд асрах чөлөө авч, улмаар 2015 оны 12 дугаар сард ажилдаа эргэн орох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.З*******д удаа дараа хандсан боловч ажил хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүрч байна.

Мөн энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандаж өргөдөл гаргахад тус ерөнхий газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.З*******д албан бичгээр Ю.С*******ыг ажилд эгүүлэн томилохыг үүрэг өгсөн боловч тэрээр мөн л биелүүлээгүй юм.

Иймд миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилдаа эргэн орж чадалгүй 9 сарын нүүр үзэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон, ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн нийгмийн даатгалын газарт Эрүүл мэндийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Ю.С******* нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлэн хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “...эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно”, 106 дугаар зүйлийн 106.1-д “ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж тус тус заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах 2 жилийн чөлөө олгосон.

Ю.С******* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин хүүхэд төрүүлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөлдөө чөлөөний хугацааг дурдаагүйгээс хүүхэд асрах чөлөөг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн чөлөөг дахин олгож, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 1В-д заасны дагуу хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг байгууллага нь Засгийн газраас тогтоосон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож нийгмийн даатгалын санд төлж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг тооцож өгөх боломжгүй юм. 

Ю.С******* нь ажилдаа орох талаар албан ёсоор бичгээр хандсан өргөдөл тус газарт хандаж гаргаагүй бөгөөд хүүхэд асрах чөлөөний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу ажлын байраар хангах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ю.С*******аас гаргасан “Ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар архив бичиг хэргийн ажилтан ******* овогтой С*******ыг эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар шилжүүлэн томилжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Ю.С*******ын 2012 оны 12 дугаар сарын 25 болон 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлүүдээр тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн нийгмийн даатгалын газрын зохион байгуулалтын бүтцийг, гуравдугаар хавсралтаар орон тоо, албан тушаалын жагсаалтыг тус тус баталжээ.

Уг тушаалаар Нийслэлийн нийгмийн даатгалын газрын зохион байгуулалтын бүтцийг дарга, дэд дарга, Тамгын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэстэй байхаар өөрчилж нэхэмжлэгч Ю.С*******ын ажиллаж байсан Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн буюу операторын орон тоо хасагдсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох талаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэх хүсэлтэд хариу өгөөгүй  учир Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад өргөдөл гаргасны дагуу ерөнхий газрын дарга 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дүгээр албан бичгээр Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад Ю.С*******ыг ажлын байраар хангаж ажиллуулах талаар мэдэгджээ. 

Хуулийн дээрх заалтаас үзвэл хүүхэд асрах чөлөөтэй байсан эхийн орон тоо хасагдсан бол ажил олгогч өөр ажил олж өгөх үүрэгтэй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дүгээр албан бичгээр ажлаар хангах талаар мэдэгдсээр байхад ажил олж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй буруутай бөгөөд нэхэмжлэгчийг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна. 

Иймд Ю.С*******ыг ажилд эгүүлэн тогтоох буюу өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Цалинг тухайн үед эрхэлж байсан ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу ТЗ-5-1 дүгээр шатлалаар бодон, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дүгээр албан бичиг гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцон 8 сар 20 хоногийн цалин 4553984 (дөрвөн сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян дөрвөн) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4.,106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ажилгүй байсан хугацааны цалин 4553984 (дөрвөн сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян дөрвөн) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ю.С*******д олгож, нэхэмжлэгч Ю.С*******ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ю.С*******ыг ажилд эгүүлэн тогтоох буюу өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.С*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН