Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0426

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0388 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн давж заалдах гомдлоор, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0388 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, 47.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: нэхэмжлэгч компани Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д "хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ", 18 дугаар зүйлийн 18.1.9-д "татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй байсан" гэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Татварын ерөнхий хуулийн /тухайн үед мөрдөгдөж байсан/ 75 дугаар зүйлийн 75.1.2-д "энэ хуулийн 13.5-13.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгох", 75.1.6-д дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татварын улсын байцаагч албаны үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгох, 75.1.6.3-т шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх" гэж заасны дагуу татварын алба холбогдох хариуцлагыг авах хууль зүйн бүрэн зохицуулалт бий. Гэтэл дээрх үндэслэлээр татварын улсын байцаагч нарын компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд актыг гардуулсан үйлдлийг зөвтгөх боломжгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д "шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ" гэж заасан. Бид нэхэмжлэлдээ актын доторх агуулгын талаар гомдол гаргаагүй бөгөөд харин актыг гардуулахдаа хууль бус хууль зөрчиж эрхгүй этгээдэд гардуулсан нь хууль зөрчсөн гэж гомдол гаргасан. Татварын ерөнхий хууль болон холбогдох багц хууль, дүрэм, журамд актыг гардуулахдаа төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан тохиолдлыг зохицуулсан эрх зүйн баримт алга. Тэгвэл компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д "Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна", 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасан. Тэгэхээр хуучин захирал Г.Ганбаярын компанийг төлөөлөх эрх 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хүчингүй болж энэ өдрөөс хойш компанийг төлөөлсөн бүхий л үйл ажиллагаа нь хууль бус юм. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:

14.3.1. татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан;

14.3.2. татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн мөрдөгч, прокурор, шүүгчид уг зөрчилд нь холбогдох асуудлаар;

14.3.3. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад улсын татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан" гэж заасан бөгөөд аливаа нэг мэдээлэл авахаар очиход татварын алба гаргаж өгдөггүй билээ. Хэн нэгэн этгээд компанийн нэр бариад очиход бичиг баримтыг нь шалгалгүйгээр ямар ч баримт бичиг гаргаж өгдөггүйтэй адил татварын улсын байцаагч нар хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэлгүй тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд компанийн нууцтай холбоотой баримтыг өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт:..хариуцагч нар "Г.Цолмонд гардуулаагүй, тухайн үед Г.Ганбаяр нь өөрийгөө гүйцэтгэх захирал гэж танилцуулаад бүх баримтаа гаргаж шалгуулсан, тамга тэмдгээ дарж гарын үсэг зурсан" гэж тайлбарласан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганбаяр гарын үсэг зурсан эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ... гэжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Ганбаяр гарын үсэг зураагүй ба актыг Төмөрболд гэх этгээд гарын үсэг зурж гардан авсныг мэдсэн. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж актыг гардаж авсан хүнийг тодруулах шаардлагатай бөгөөд үүнийг тодруулаагүй цагт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж чадахгүй хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18 өдрийн 128/ШШ2018/0388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 тоот актыг нэхэмжлэгч “У” ХХК нь “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны байгууллага албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасны дагуу тухайн маргаан бүхий акт нь Төрийн хяналт шалгалтын хууль, Татварын ерөнхий хууль, Компанийн тухай хуулиудыг зөрчиж үйлдэгдэж, компанийг төлөөлөх эрхгүй этгээд Г.Г-т гардуулсан нь илт хууль зөрчсөн” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9Д/2933 дугаар албан бичгээр “...хий бичилттэй падаан ашигласан “У” ХХК-ийн санхүүгийн баримтад хяналт, шалгалт хийхийг” Татварын ерөнхий газарт мэдэгдсэний дагуу Хан-уул дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын хэлтсийн даргын томилолтоор татварын улсын байцаагч Д.Н, А.Т нар нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны санхүүгийн баримтад хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.4-т заасантай нийцсэн байх төдийгүй хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч “У” ХХК-д төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагч Д.Н, А.Т нар нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд холбогдуулан нийт 8 264 737 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “У” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон нь тодорхой байхад маргаан бүхий актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн 7.13-д “Акт дүгнэлт нь татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ТХШАЭ-ийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох боловч татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал акт, дүгнэлтийн талаар хаана, ямар гомдол гаргаж болохыг тайлбарлан...” гэж заасан нь акт хүчин төгөлдөр байх нөхцөлийг болон татвар төлөгчийг гомдол гаргах эрхээр хангаж байгаа явдал юм. Хэдийгээр нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Г-н компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон, хариуцагчаас маргаан бүхий актыг түүнд танилцуулж, гардуулсан байх боловч энэ нь актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь, “илт хууль бус акт” гэдэг нь засах боломжгүй илэрхий, ноцтой алдаатай актыг хэлэх бөгөөд маргаан бүхий актыг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдэд танилцуулж, гардуулсан гэх асуудал нь шийдвэр гаргах ажиллагааны зөрчил болохоос “илт хууль бус алдаа”-нд тооцогдохгүй.

Нөгөөтэйгүүр, хариуцагчаас татварын хяналт шалгалт хийх явцад Г.Г нь өөрийгөө компанийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдэгдээгүй, актыг танилцуулах болон гардуулах үед компанийн тамга, тэмдгийг хэрэглэсэн, мөн дээр дурдсан  журмын 8 дугаар зүйлийн 8.1-д “Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, ...өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харьяалах татварын албанд бүртгүүлнэ” гэж заасан үүргээ нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь биелүүлээгүй атлаа “...компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд компанийн нууцтай холбоотой баримтыг өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон, төлөөлөх эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш компанийг төлөөлсөн бүхий л үйл ажиллагаа хууль бус” гэж хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

 

Хэдийгээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4 дэх заалтуудыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль гэж алдаатай бичсэн, мөн талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад маргааны үйл баримтад хамааралгүй Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримталсан нь буруу байх тул залруулсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Татварын ерөнхий хуулийн 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 47 дугаар зүйлийн  47.2, 47.4, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3[1]-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 230013832 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

 


[1] 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3