Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/50

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга О.М,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бүтэн шангас овогт Нгийн Эад холбогдох эрүүгийн 1817001040041 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бүтэн шангас овогт Нгийн Э /РД:ЕЙ63072371/ Увс аймгийн Өлгий суманд 1963 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 4-7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн техникч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Н.Э нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нефт баазын баруун талд иргэн Т.Өтай маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нефт баазын баруун талд Т.Өтай автомашинаас пиво авсан гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж, мөргөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Т.Өыг цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул прокуророос санал болгосон ялыг биелүүлэх боломжит хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

1.2. Хохирогч Т.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ухнын хонхор гэх газраас хөдөө гэрээс Чойр луу бензин авахаар өөрийн эзэмшлийн 63-61 ГСА улсын дугаартай Мицүбиши Айртрек маркийн автомашинтайгаа саахалт айлын Э, Тнарын хамт ирсэн. Бид гурав бензинээ аваад дэлгүүрээс Ерөөл нэртэй 0,75 литр, 0,5 литрийн 2 шил архи, мөн Т2 савтай пиво авсан. Тэгээд буцаад гэр лүүгээ явах замдаа Э ах айлаар орж хүн асууна гээд танихгүй айлд ороход 2 эрэгтэй хүн байсан. Тэнд бид гурав 0,75 литрийн Ерөөл архиа Э гэдэг залуутай хувааж уугаад замдаа ороод явж байтал танил Батням, дүү Бтай хамт  мотоцикль нь эвдэрсэн гээд зогсож байсан. Бид хэд нэг шил архиа задлаад сууж байтал Алагаа хажуугаар мотоцикльтой 3 адуу хөөгөөд өнгөрөхөөр нь Тдуудаж уулзаад машинд байсан хоёр савтай пиво алга байна гэхэд Э ах авсан юм болов уу авсан бол хүний юмыг өг гэж хэлэхээс гээд явсан. Тэгээд бид тавыг сууж байтал Алагаа Эыг мотоцикльтой сундалж ирсэн. Э бууж ирээд та нарын пивог би авсан юм уу гэснээ миний уруул дундуур гараараа цохиод авахаар нь би бостол дахиад нүүрэн дунд мөргөхөд хамраас цус гараад би доошоо тонгойгоод цусаа цэвэрлэхэд Эыг цааш нь авч яваад Алагаа мотоцильтой сундлаад явсан. Э надад уурлах шалтгаан байгаагүй. Би пивоны талаар яриагүй, тэгээд ч минийх биш. Би Этай маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Одоо биеийн байдал зүгээр, хамрын хавдар буугаагүй байгаа. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/

 

1.3. Гэрч З.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ах Батням Баянтал сумаас манайд ирээд хөдөөнөөс мотоцикль авна хамт явъя гэсэн. Замд мотоциклийн гинж нь мултраад засах санаатай сууж байтал хажууд ойрхон харагдаж байсан айлаас улаан машинтай 3 эрэгтэй хүн бид хоёр дээр ирсэн. Тэр гурав машинаас нэг шил архи гаргаж ирээд бид нар уугаад сууж байтал Э гэдэг ах нэг хүнтэй мотоцикльтой ирээд бидний архинаас уух үедээ Өтай муудалцаад сууж байхад нь нүүр лүү нь цохисон. Тэгээд босоод зогсох үед нь Өын нүүр лүү нь дахиад мөргөсөн. Бид нар салгахад Эыг хамт ирсэн мотоцикльтой хүн нь аваад явсан. Тэр хоёроос өөр хоорондоо маргалдаж муудалцсан хүн байгаагүй. Э л ирээд шууд Өын нүүр лүү нь цохиж, мөргөснөөс өөр зодоон цохион болоогүй. Э ирээд Ө луу би чиний машинаас пиво хулгай хийсэн юм уу гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/

 

1.4. Гэрч Т.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай саахалт айлын Ө, Тнар машинтай ирээд намайг Чойр хамт явъя гэсэн. Бид гурав төмөр замын гармын цаана машинаа орхиод такси дуудаж дэлгүүр орж ажлаа амжуулаад бензин аваад гэр лүүгээ явсан. Замдаа Э гэдэг айлд нэг шил архи задалж уугаад тэднийхээс гараад замд ортол хоёр залуу мотоцикль нь эвдэрсэн бололтой сууж байсан. Тэр хоёр залууг Төмөрсүх, Ө хоёр таньдаг юм байна лээ. Тэнд нэг шил архи задлаад уух үед Э Өын нүүр лүү нь мөргөхөөр нь бид хэд салгасан. Тэр хоёроос өөр хоорондоо маргалдаж муудалцсан хүн байгаагүй. Э л ирээд шууд Өыг мөргөснөөс өөр зодоон болоогүй. ТЧойроос 2 литрийн савтай хоёр пиво авснаа таксинд мартаж буусан байсан. Түүнийгээ Эыг авсан гэж санаад дүү Алагаа нь бидний хажуугаар мотоцикльтой өнгөрөх үед нь хэлснээс болж Э ирээд Өыг сууж байхад нь чи намайг пивоны хулгайд хардлаа гээд нүүр лүү нь мөргөсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

 

1.5. Гэрч Ц.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэбаатар, Ө бид нар Өын машинтай Чойр хамт явсан. Бид гурав төмөр замын гармын цаана машинаа орхиод такси дуудаж Чойрын төв рүү дэлгүүр орж ажлаа амжуулаад бензин аваад гэр лүүгээ явах замдаа Э гэдэг айлд нэг шил архи задалж уугаад тэднийхээс гараад замд ортол миний таньдаг Батням гэдэг залуу мотоцикль нь эвдэрсэн бололтой сууж байсан. Тэнд нэг шил архи задалж уух үед Э, Өтай муудалцаад уруул хавьд нь гараараа цохиод босоход нь мөргөхөөр нь бид хэд салгасан. Тэр хоёроос өөр хоорондоо маргалдаж муудсан хүн байгаагүй. Э л ирээд шууд Өыг нүүрэнд нь цохиж, мөргөснөөс өөр зодоон болоогүй. Би Чойроос 2 литрийн савтай хоёр пиво авснаа Чойрт таксинд мартсан байсан. Түүнийгээ Эыг авлаа гэж хэлэхэд Э Өтай чи намайг пивоны хулгайд хардлаа гээд зодоон гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

 

1.6. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Т.Өын биед үзлэг хийхэд хамрын нуруу тэгширсэн хавантай, хамрын нуруунд тод хөх ягаан цус хуралттай, 2 нүдний доод зовхиор тархсан, хамрын үзүүрт зулгаралттай, доод уруулын дотор салстад язарсан гэмтэл учирсан байсан. Уг үзлэгийг үндэслэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Гарын аясаар түлхэх үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Цохих, мөргөх үед үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар дүгнэлтэд: Т.Өын биед доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын нуруу, 2 нүдний доод зовхиор цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 49 хуудас/

 

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 8-12 хуудас/ зэрэг болно.

 

            Иймд шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч Н.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Т.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Миний бие зүгээр байгаа учир надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

2.2. Гэрч Н.Г, Д.О нар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Э нь миний том ах байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хааяа хөдөө дүү Бямбажавынд очиж мал ахуйд нь тусалдаг. Архи байнга уугаад байдаггүй, согтуудаа мөрөөрөө л байдаг, ямар нэгэн хэрүүл гаргаад байдаггүй. Дуугүй талдаа хүн, улсад 18 жил ажилласан ч ар гэрийн гачигдлаар гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/

 

2.3. Гэрч Д.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Э нь миний нөхөр байгаа юм. Архи байнга уугаад байдаггүй, согтуудаа мөрөөрөө л байдаг. Гэр бүл дотроо хэрүүл маргаан үүсгэдэггүй, зан төлөвийн хувьд дуугүй талдаа хүн. Цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан. Хүнтэй харьцахдаа зөв талаас нь хэлж ярьж харьцдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 53-54 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүтэн шангас овогт Нгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА