Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

  2025        09          25                                              2025/ДШМ/59

 

 

Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Ц.Л

Шүүгдэгч                                                       Л.Б

Хохирогч                                                       М.М

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Л-н эсэргүүцлээр шүүгдэгч Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Л-н Б, Монгол Улсын иргэн,

 

Ө овогт С-н А, Монгол Улсын иргэн,

 

 Б овогт О-н Ө, Монгол Улсын иргэн,

 

Б овогт Б-н Б, Монгол Улсын иргэн, 1

 

О.Ө Б.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, Л.Б, С.А нартай бүлэглэн      аймгийн Б   сумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд хохирогч Б.Н-г өмдний тэлээнээс шатны уруу чирч газарт унагааж, нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж доошоо тонгойж байх үед нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, О.Ө, С.А нартай бүлэглэн        аймгийн        сумын         багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд хохирогч М.М-н нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.Н-н нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж газарт унагаж, хөлөөрөө нэг удаа хүзүү хавьцаа өшиглөж, доошоо тонгойх үед нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж гараараа толгой чамархай хэсэгт нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Ө, Б.Б, Л.Б нартай бүлэглэн       аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд хохирогч М.М-н нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч С.Лг толгой болон нүүрэн хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Нг толгой болон нүүрэн хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Ө, Л.Б, С.А нартай бүлэглэн   аймгийн        сумын        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд хохирогч Б.Н-н нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд хүндэвтор хохирол санаатай учруулсан, хохирогч С.Л-н толгойн ар хэсэг рүү 7-8 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О.Ө, Л.Б, Б.Б, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Л-н Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Т овогт Л-н Б, Ө овогт С-н А, Б овогт О-н Ө, Б овогт Б-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Л-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ө овогт С А, Б овогт Б-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ө, Л.Б,  Б.Б, С.А нарыг тус тус 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Б.Б нарыг тус тус 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 мянган төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3,600,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.А, Б.Б нарт 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Ө, Л.Б, С.А, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-н 18 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Н иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б баарны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:

“... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ” гэж, 2 дахь хэсгийн 2.2-д “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, 2.4-д “Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, 2.5-д “... Шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” зэргийг тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэлээ “шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Л-г зодоход оролцоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх зааснаар өөрчлөх үндэслэлтэй байна” гэж зөрүүтэй байдлаар дүгнэжээ. Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт “Л.Б нүүр лүү цохисон, бусад нь цохиж зодоогүй” гэж мэдүүлсэн байхад хохирогч С.Л-г зодоход шүүгдэгч Л.Б оролцоогүй гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд “Шүүгдэгч С.А, Б.Б нар бүлэглэн хохирогч С.Л-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.Б нь хохирогч М.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн баримтуудаар тогтоогдсон байна” гэж дүгнэхдээ шүүгдэгч нарын зарим хэргийг хэрэгсэхгүй болгох яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь “Шшүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Л.Бийг Б.Б, О.Ө, С.А нартай бүлэглэж хохирогч М.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ

бусад шүүгдэгч Б.Б, О.Ө, С.А нар хохирогч М.М-г зодоход оролцсон үйлдэл, оролцоог дүгнээгүй,

мөн хохирогч С.Л-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахад шүүгдэгч Л.Б, О.Ө нарын хамтран оролцоо байгаа эсэх, эдгээр шүүгдэгч нарын зарим хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-д “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, 2.5-д “... Шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгахаар заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэж байна.

Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллаглагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Б тайлбартаа: ... Эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.М тайлбартаа: ... Сэтгэл санааны хохирлоо барагдуулна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Л-н эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.

Гэтэл прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Л.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт ... яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол ... зэргийг тусгана” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх ... зэргийг тусгана” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл прокурор яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх болон тогтоох хэсэгт яллагдагч О.Өыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий 3 яллагдагч нартай бүлэглэн ... хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дурьдсан атлаа

түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл түүнийг яллаж байгаа “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх гэмт хэргийн талаар огт тусгаагүй,

яллагдагч С.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий 3 яллагдагч нартай бүлэглэн хохирогч М.Мөнхтуулын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч С.Л-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан

түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхдээ яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгтээ дурьдсан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж /1 дүгээр хх 231/-ийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгалгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч О.Ө, Л.Б, Б.Б, С.А нарыг яллаж байгаа гэмт хэргийн агуулга, учруулсан хохирол зэргийг тус тусад нь тодорхой, ойлгомжтой тусгалгүйгээр тэдгээрийг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж ерөнхийд нь хамтатган зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Хуульд заасан дээрх шаардлагад нийцээгүй прокурорын яллах дүгнэлтийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэлгүйгээр шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүгдэгч О.Ө, С.А нар нь урьд ял шийтгүүлж байсан гэх боловч энэ талаарх нотлох баримтууд /шийтгэх тогтоолын хуулбарууд болон ялыг эдэлж дууссан эсэх/ хавтаст хэрэгт авагдаагүй, дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ач холбогдолтой бөгөөд тэдгээрийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтад тооцогдох атал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэснийг дурьдав.

 

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэлээ “шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Л-г зодоход оролцоогүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

Учир нь: Прокуророос Л.Бийг бүлэглэж ... М.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж ... Б.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атал анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд тусгаагүй, тогтоогдоогүй үйлдэл буюу “хохирогч С.Л-г зодоход оролцоогүй “ гэж /2 дугаар хх 40/ дүгнэсэн,

 

мөн шүүгдэгч О.Өт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасанчлан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.М нь “...10.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан ... сэтгэцийн хор уршигт 18.000.000 төгрөг нэхэмжилнэ ... нүдний болон хамрын хагалгаа хийлгэх шаардлагатай, нүдний хагалгаа нь 3.000.000 төгрөг, хамрын хагалгаа нь 7.000.000 төгрөг гэж байсан ...” гэж мэдүүлжээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх түүний гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Хавтаст хэрэгт хохирогч М.М, Б.Н нарын эрүүл мэндэд учирсан хохирол болон тэдгээрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээч нарын дүгнэлт авагдсан, хохирогч нар нь нүд, хамрын хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн байх боловч нүдний хагалгаа, хамрын хагалгаа хийлгэх буюу мэс засал эмчилгээ хийлгэх зардлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх хохирогч М.М-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 6 хувиар буюу 5.940.000 төгрөгөөр, хохирогч Б.Н-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 2 хувиар буюу 1.980.000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 7.920.000 төгрөг шүүгдэгч нараас гаргуулахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь 10.000.000 төгрөгийг хохирогч М.М, Б.Н нарт төлсөн гэсэн үндэслэлээр шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.М, Б.Н нар дээрх гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардлын талаарх баримтаа бүрдүүлэн энэхүү хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Ө, Л.Б, Б.Б, С.А нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Ө, Л.Б, Б.Б, С.А нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ