Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/52

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х. овогт М.М-д холбогдох эрүүгийн 1817000710042 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 27-нд Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-нд шатахуун түгээгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Х. овгийн М.М /РД:........./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч М.М нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шивээ-Овоогийн уурхайгаас Шивээговь сум руу явдаг сайжруулсан шороон зам дээр 27-49 ГСА улсын дугаартай Тоёота Аксио маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган зорчигч Д.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч М.М нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шивээ-Овоогийн уурхайгаас Шивээговь сум руу явдаг сайжруулсан шороон зам дээр 27-49 ГСА улсын дугаартай Тоёота Аксио маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган зорчигч болох хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч М.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 04-р сарын 02-ны 16 цаг өнгөрч байхад Шивээ-Овоон нэгдүгээр хаалган дээрээс нөхөр А-ийн эзэмшлийн 27-49 ГСА улсын дугаартай Тоёото Аксио маркын тээврийн хэрэгсэл жолоодоод хамт ажилладаг Б.Ү, Ц.Э, Д.Д, үйлчлэгч Б нарын хамт Шивээговь сум явахаар зассан шороон замаар явсан. Миний хажууд Б.Ү сууж явсан ба миний ар талд Д, түүний хажууд Б, Э нар явсан. Тэгээд нилээн явж байгаад овгор даваад уруудаад явж байгаад жолооныхоо хуваарилалтыг хажуу талын шороог цохиод нэг мэдэхэд машин дээшээ харсан байсан. Тэгээд хойно сууж явсан Э машинаас гараад Д, Б нарыг машинаас гаргасан. Ү өөрөө хаалга онгойлгоод гарсан. Би бүс зүүсэн байсан учир тээгэлдээд гарч чадахгүй байсан ба Э миний хаалгыг онгойлгоод намайг гаргасан. Тэгээд байж байхад Хөдөлмөр хамгаалалын инженер Г.Д ирээд Д-ын бие нилээн зовиуртай байсан учир Д, Б нарыг Шивээгийн эмнэлэг авч явсан. Тэгээд уурхайн үйлчилгээний машин ирэхээр нь машинаа босгуулсан юм. Тэгээд байж байхад А цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М-г танина садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим ажил тараад пост дээр М-ийн цагаан саарал өнгийн суудлын машинд суугаад уурхайгаас хөдөлсөн. Машиныг М жолоодоод хажууд нь Ү суугаад, би М-ийн хойд талд суугаад, миний хажууд Б эгч, түүний хажууд Э суугаад явсан. Тэгээд уурхайгаас Шивээговь сум ордог хусдаг замаар явж байхад М  хурдтай яваад байхаар нь харсан чинь 80-90 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл гэнэт машин шарвасан ба нэг мэдэхэд би машины хойд талд жолоочийн суудал дээр эрүү тээглэчихсэн эвхэрсэн байдалтай байж байсан. Тэгээд Э намайг хаалга онгойлгоод намайг гаргасан ба миний нуруу өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Би машинаас мөлхөж гарсан. Тэгээд манай уурхайн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер Д машинтай ирээд Б эгч бид хоёрыг Шивээговь сумын эмнэлэгт авчирсан. Тухайн үед эмнэлгийн эмч нар намайг үзээд өвчин намдаах тариа хийгээд яаралтай онош тодруул гэж Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд би нурууны зураг авахуулаад Улаанбаатар хот яв гээд хувийн машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлсэн. Миний сээр нуруу гэмтсэн баруун талын завж язарсан байсан. Мн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар хэвийн байсан. Одоо миний нуруу байнга өвдөнө, босож явж чадахгүй хамаагүй удаан явж чадахгүй байна хэвтрийн дэглэм барьж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

1.4. Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой 16 цагийн үед ажлаасаа буугаад Шивээговь сум руу явах унаа хайгаад харуулын байранд байж байсан чинь “шатахуун түгээх станцын түгээгч нар Шивээ явах гэж байна та нар явах уу” гэхээр нь би тэгье гэж хэлээд суусан тухайн үед машиныг М жолоодоод, Ү урд талын суудалд суугаад, жолоочийн ард талд Д суугаад, би Д-ын хажууд суугаад миний хажууд буюу Үнэнбаярын ард талд Д суугаад бид нар Шивээговь сум руу явсан. Би замд утсаар ярих гээд утсаа оролдоод явж байсан чинь машин гэнэт шарваад нэг мэдсэн чинь онхолдчихсон байсан. Машин дотроос Д бид хоёр машины хойд салхины шилний хагархайгаар гарсан. Тухайн үед сандраад бусад нь яаж гарсныг хараагүй. Тэгээд бид нар машинаас гарч ирчихээд байж байтал инженер Д ирээд Д бид хоёрыг аваад Шивээговь сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би утсаа оролдоод явж байсан болохоор хурдтай явж байсныг нь анзаараагүй. Осол болох үед үзэгдэх орчин хязгаарлах ямар нэгэн хүчин зүйлийн нөлөө байгаагүй. М согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний нуруу хатгуулж өвдөөд байна, баруун талын бөөр өвдөж байна өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна ямарч байсан хойд талын салхины шил хагарсан байсан тэр шилээр Д бид хоёр машинаас гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Б.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай шатахуун түгээх станцын түгээгч нар сар бүрийн ажлын эхний өдөр цуглаж сард хийсэн ажлын тайлангаа хийж нягтлан бодогч нарт хүлээлгэн өгдөг юм. Тэгээд бид нар уурхай дээр сууж тайлангаа гаргацгаасан юм. 16 цагийн үед Шивээговь сум руу явахаар Мийн нөхрийн эзэмшлийн Toyato-Axio маркын авто машинтай Шивээ-Овоо ХК-ний уурхайн урд талын зогсоолоос хөдлөөд Шивээговь сум руу явсан тухайн үед Мягмарсүрэн тээврийн хэрэгсэл жолоодоод би урд талын суудалд суугаад, жолоочийн ард талд Д суугаад, хажууд нь Б суугаад, миний ард талд Энхсүрэн суугаад хөдөлсөн. Тэгээд явж байсан чинь нэг өөд газар луу машин нэг эвгүй хоёр тал руугаа шарваж байсныг санаад байгаа юм. Нэг мэдсэн чинь машин дээшээ хараад зогсчихсон байсан. Тухайн үед машин хэд эргэсэн талаар сайн санахгүй байна. Тэгээд машинаас дөнгөж гарч ирээд байж байтал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер Д машинтай ирээд Б, Д хоёрыг аваад эмнэлэг рүү явсан. Бид нарыг байж байх үед Н ах уурхайн ээлжийн машинтай ирээд машин босгож байсан. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь анзаараагүй. Осол болох үед үзэгдэх орчин хязгаарлах ямар нэгэн хүчин зүйлийн нөлөө байгаагүй. Бид нар өдөржингөө ажил дээр хамт байсан. М осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний толгой жоохон хавдсан байна өөр гэмтэл байхгүй надад тэр талаар мэдэх зүйл байхгүй урд хойд талын салхины шил нь хагарсан дээвэр хэсэг нь хонхойсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай шатахуун түгээх станцын түгээгч нар сар бүрийн эхний ажлын өдөр цуглаж сард хийсэн ажлын тайлангаа хийж нягтлан бодогч нарт хүлээлгэн өгдөг юм. Тэгээд бид нар өнөөдөр уурхай дээр сууж тайлангаа гаргацгаасан юм. Тэгээд 16 цагийн үед Шивээговь сум руу явахаар М-ийн нөхрийн эзэмшлийн Тoyоtа Аxio маркын авто машинтай Шивээ-Овоо ХК-ний уурхайн урд талын зогсоолоос хөдлөөд Шивээговь сум руу явсан. Тухайн үед М тээврийн хэрэгсэл жолоодоод Ү урд талын суудалд суугаад, жолоочийн ард талд Д суугаад, хажууд нь Бсуугаад би Б-ийн хажуу талд суугаад явцгаасан. Тэгээд Шивээговь сум орох нэлээн дөхчихсөн явж байсан чинь нэг өөд газар луу өгсөж гарч ирээд буцаад уруудсан чинь машин нэг эвгүй шарваад эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь машин дээшээ хараад онхолдчихсон байсан. Тухайн үед машин хэд эргэсэн талаар сайн санахгүй байна. Тэгээд машинаас дөнгөж гарч ирчихээд байж байтал хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Д машинтай ирээд Б, Д хоёрыг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд бид нарыг байж байх үед ээлжийн жолооч Найдандорж ах уурхайн ээлжийн машинтай тэнд явж таараад машин босгож өгсөн. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Осол болох үед үзэгдэх орчин хязгаарлах ямар нэгэн хүчин зүйлийн нөлөө байгаагүй. М осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

1.7. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би орой 16 цагийн орчим Шивээговь сумаас Шивээ-Овоогийн нүүрсний уурхай руу очихоор явж байтал уурхай руу явдаг хуссан зам дээр машин онхолдсон байдалтай замаас гарчихсан нэг хүн нь машинаас зайтай хэвтэж байхаар нь зогсоод юу болсон талаар асуусан чинь манай уурхайд шатахуун түгээх станцын түгээгч ажилтай М машинтайгаа онхолдчихсон байсан. Тэгээд би газар хэвтэж байсан Д гэх хүүхнээс босож чадахаар байна уу гэсэн чинь үгүй гэж хэлэхээр нь бусад хүмүүсийн бие нь ямар байгаа талаар асуугаад гайгүй гэж хэлэхээр нь би хүнд байгаа хүнийг чинь аваад явлаа шүү гэсэн чинь тэнд байсан хүмүүс за гэж хэлсэн. Тэгээд Д-ыг өргөж машиндаа суулгасан чинь бас нэг хүүхэн бие нь өвдөөд байна гээд машинд суусан. Би тэр хоёр хүнийг Шивээговь сумын эрүүл мэндийн төвд 16 цаг 25 минутын орчим авчирч өгсөн. Намайг очиход шаргал өнгийн AXIO маркын авто машин замын зүүн хэсэгт гараад ертөнцийн зүгээр баруун зүг рүү хараад дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Д газар хэвтчихсэн бусад хүмүүс нь босоод зогсчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

1.8. Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М.М-г танина, садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр амбулаторийн үзлэг хийж байхад 19 цагийн орчим зам тээвриййн осолд орсон гээд М, Э, Ү нар ирсэн. Тэгээд би өөрөө үзээд үзлэг хийгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүл гэж зөвлөгөө өгөөд явуулсан, М-ийн зүрхний цохилт олширсон, зүрх дэлссэн байсан тул зүрхний цохилт бууруулах зорилгоор 1 удаа валидол өгсөн. Ү-ын даралт ихэссэн байсан учир даралт бууруулах эм өгсөн. Э-ийн биеийн байдал зүгээр байсан учир ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. М, Э, нарын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Ү-ын духны баруун дээд хэсэгт үл мэдэгдэм хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхад 16 цагийн орчим гаднаас зам тээврийн осолд орсон, машин унасан гээд 2 эмэгтэй хүнийг нэг залуу машинаар авчирсан. Тэгээд би анхны түргэн тусламж үзүүлээд үзсэн ба Д-ыг үзэхэд нуруу хөлдлөхгүй өвдөлт ихтэй байсан. Өвдөлт намдаах эмчилгээ буюу тарамдол тариа булчинд тарьж, нуруунд бэхэлгээ хийж Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт би өөрөө авч явж хүргэж өгсөн. Б-ийн даралт ихэссэн, хэвлий нуруу бага зэрэг өвдөлттэй байсан учир даралт буулгах, өвдөлт намдаах тариа хийгээд хамт Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч үзүүлсэн. Д-ын доод уруул хазагдсан, уруул цустай байсан. Өөр тэр хоёрын биед ил харагдах шарх сорви байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч Ж.Ам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М.М нь манай эхнэр байгаа юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 27-49 ГСА улсын дугаартай Axio маркын машинтай эхнэр М-ийн хамт Чойрт ирсэн. Би хуралтай болоод үлдсэн ба эхнэр М-ийн дүү О над руу утсаар яриад М эгч уурхайн  зам дээр машинтайгаа унасан байна гэж хэлсэн. Тэгээд би Чойроос Шивээговь ороод хүний машинтай зам тээврийн осол болсон газар ирэхэд машинд явж байсан хүмүүс эмнэлэг рүү явсан байсан. Миний машин уурхайн хуссан замын урд талд байсан. Миний машины урд шил, хойд талын салхины шил хагарсан. Жолооч талын хаалганы шил хагарсан таазны хэсэг жоохон цөмөрсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

1.11. Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М-г танихгүй. Намайг ажил дээрээ байж байхад эмнэлгээс 102 дугаарын утас руу “машинтай онхолдож зам тээврийн осолд орсон хүмүүс ирсэн байна” гэж хэлэхээр нь би замын зохицуулагч Ө-д хэлчихээд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 102 дугаарт дуудлага өгсөн. Өөр уг осолтой холбоотой асуудлыг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

 

1.12. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:

- Тоёота Аксио маркын 27-49 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлтэй. Жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.2 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

- Тоёота Аксио маркын 27-49 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмэнд заасан тээврийн хэрэгслийн тогтоосон хурдыг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй байна.

- Уг осол нь Тоёота Аксио маркийн 27-49 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс шалтгаалан гарсан гэх үндэслэлтэй байна.

- Шинжилгээний явцад асуултанд тусгагдаагүй илэрсэн нөхцөл байдал байхгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч: Цагдаагийн дэд хурандаа С.Б гэжээ. /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

1.13. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаартай дүгнэлтэд:

- Б.Ү биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/

 

1.14. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай дүгнэлтэд:

- Д.Д-ын биед сээрний Th12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

1.15. Шинжээчийн 2018 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай дүгнэлтэд:

- С.Б-ийн биед аюулхай, баруун далны орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018.04.02-нд өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

- Аюулхай, баруун далны орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

1.16. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаартай дүгнэлтэд:

- Ц.Э-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 67 дугаар хуудас/

 

1.17. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаартай дүгнэлтэд:

- М.М-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 70 дугаар хуудас/

 

1.18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

 

1.19. М.Мягмарсүрэнгийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

1.20. Ашид билгүүн ХХК-ний авто машины үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч М.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Эмчлүүлж хагалгаанд орсон зардал баримттай нь 873,491 төгрөг баримтгүй нь 1,905,753 төгрөг нийт 2,751,304 төгрөг нэхэмжилнэ мөн одоо баримтгүй нь 1,905,753 төгрөг нийт 2,751,304 төгрөг нэхэмжилнэ. Мөн одоо эмчилгээнд цаашид гарах зардал болон эмчилгээ хийх байх хугацаандаа акттай байх хугацааны цалингийн тал зардалаа нэхэмжилнэ. Би нийт 5,000,000 сая төгрөг М-ээс нэхэмжилж байна. М надад бэлэн 500,000 төгрөг өгсөн. Уг мөнгөний 150,000 төгрөгийг манай хамт олон өгсөн гэсэн. М 350,000 төгрөгийг өөрөөсөө өгсөн гэсэн. Мөн 100,000 төгрөгөөр 2 удаа 200,000 төгрөг надад шилжүүлэн өгсөн манай байгууллагаас тусламж гэж 2,000,000 төгрөг өгсөн гэж анх би ойлгосон. Уг мөнгийг М буцааж төлнө гэсэн тэгэхээр М надад эмчилгээний зардал нийт 2,550,000 төгрөг өгсөн гэсэн үг. Би М-ээс одоо нийт 2,450,000 төгрөг нэхэмжилж байна байна миний эмчилгээний зардалыг төлөхгүй бол надад гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М-тэй шатахуун түгээгчээр 1 жил ажиллаж байна. Хүнд тусархуу үг дуу цөөтэй. Зарчимч, ажил төрөлдөө сайн. Ар гэр ахуйдаа халамжтай. Хамт олны дунд нэр хүнд сайтай нийтэч хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Эхнэр бид хоёр машинаа дундаа ундаг учраас нэхэмжлэхгүй. Мягмарсүрэн бид хоёр 2007 онд анх танилцаж гэр бүл болсон. Бид хоёр 9 болон 6 настай хоёр хүүхэдтэй. Манай эхнэр Шивээ-Овоо ХК-д түгээгчээр ажилладаг. Манай эхнэр бусадтай найрсаг харьцаатай гэр бүлдээ халамжтай, амьдрахын төлөө явж байгаа хүн байгаа юм. Хамт олны дунд нэр хүндтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

2.4. Гэрч М.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

М нь манай төрсөн эгч байгаа юм. Манай эгч М 1979 онд Дундговь аймгийн Луус суманд төрсөн. 1986 онд Луус сумын сургуульд ороод 8 дугаар анги төгсөөд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр арван жилийн сургуулийг төгссөн. 2000-2004 оны хооронд Мандах бүртгэл дээд сургууль төгсөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төсвийн нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлэж байсан. Одоо Шивээ-Овоо ХК-д түгээгчээр ажиллаж байгаа. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай эгч Мягмарсүрэн нь төлөв даруу зантай, хүнтэй нийтэч, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хийж байгаа ажлаа дуустал нь хийдэг хамт олны дунд нэр хүнд сайтаа хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/

 

2.6. Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 100-107 дүгээр хуудас/

 

2.7. Хохирол төлсөн баримт /хх-ийн 110 дугаар хуудас/

 

2.8. Эвлэрлийн гэрээ /хх-ийн 114-115 дугаар хуудас/

 

Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Шүүгдэгч М.М хохирогч Д.Д нар нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ хийж, тус гэрээнд хохирол болох 2 450 000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч М.М-ийн зүгээс 6 дугаар сарын 30-ны 1 450 000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, үлдсэн 1 000 000 /нэг сая/ төгрөгийг 7 дугаар сарын 20-ны дотор хохирогч Д.Д-д нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ээс 2 450 000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.Мягмарсүрэнгийн В ангилалын 344099 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-д буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харнууд овгийн М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мягмарсүрэнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ээс 2 450 000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.М-ийн В ангилалын 344099 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-д буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАНДАХ