Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01311

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01311

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01114 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ворм энержи ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон алдангид 171 230 561 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бүүвэйбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус газар нь Ворм энержи ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр АЧА/12/02/03Б дугаартай үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч тал болох Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар 194 766 000 төгрөг төлөх, нийлүүлэгч тал болох Ворм энержи ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1300 тн үртсэн шахмал түлшийг захиалагчид нийлүүлж, хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Тус газар гэрээний нөхцлийн дагуу 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 152 889 340 төгрөгийг Ворм энержи ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд Ворм энержи ХХК-ийн захирал П.Бүүвэйбаатар 152 889 340 төгрөг хүлээн авсны дараа 15 904 491 төгрөгийн үнэ бүхий 106 тн 160 кг түлшийг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний талууд 2014 оны 05 дугаар сард төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл хийсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сард багтааж, нийлүүлээгүй түлшний үнэ болох 136 984 449 төгрөгийн төлбөрийг буцаан төлж барагдуулах үүргээ захирал П.Бүүвэйбаатар биелүүлээгүй байна. Гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 136 984 449 төгрөг, алданги 34 246 112 төгрөг, нийт 171 230 561 төгрөгийг хариуцагч Ворм энержи ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ворм энержи ХХК-ийн тайлбарт:... Нийслэлийн агаарын бохирдлын газраас шахмал түлш буюу шинэ үйлдвэрийг дэмжих тендер зарлагдаж гэрээ байгуулсан. Манай компани тендерийн нөхцлийн дагуу гэрээгээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт өгөх ёстой байсан. Худалдан авсан тоног төхөөрөмжөө акт үйлдэж улсын өмчид хүлээлгэж өгсөн. Дараа нь 1300 тн түлш нийлүүлэхээр гэрээ байгуулсан боловч зуны улиралд нэхэмжлэгч хамтран ажиллаагүй, удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Яагаад эрсдэлд орсон бэ гэхээр тоног төхөөрөмжөө Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас өгсөн мөнгөөр худалдан авсан, бидэнд өөр мөнгө байхгүй, санхүүжилт байхгүй учраас хичээж түлшээ хийсэн боловч хадгалах агуулах сав байхгүй гээд аваагүй. Манай байгууллага танай түлшийг худалдан авах санхүүжилт байхгүй цуцлагдсан тул өөрсдөө гадагш нь борлуулж мөнгөө төл гэсэн албан бичгийг өгсөн. Тэгээд энэ талаар очиж уулзахдаа би төөрөлдсөн байдалтай байсан учраас авсан юм чинь өгнө гэсэн утгатай мөнгө төлж барагдуулах хэлцэл хийсэн нь үнэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай байгуулсан гэрээний 6-д түлш бүрэн нийлүүлсний дараа тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Санхүүжилт удаа дараа хүсч байсан боловч шийдэж өгөөгүй. 2014 оны 04 дүгээр сард үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ворм энержи ХХК-аас 171 230 561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд Нийлүүлэгч нь1300 тн үртсэн шахмал түлшийг 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 сарын 28-ны өдрийн дотор захиалагчид нийлүүлж хүлээлгэн өгнө" гэж заасан. Гэтэл хариуцагч тал гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй зөвхөн тоног төхөөрөмж оруулж ирэн суурилуулахад биш нийслэлийн гэр хорооллын утааг бууруулахын тулд үртсэн шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд нийлүүлэх зорилготой гэрээ байгуулсан. Уг тендерийн бичиг баримтад болон талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, цагдаад П.Бүүвэйбаатарын гэрчийн мэдүүлэг, Прокурорын газрын 525 дугаар тогтоол, шүүх хуралдаанд хариуцагчийн мөнгийг буцаан төлж барагдуулах хэлцэл хийсэн нь үнэн гэдгийг илэрхийлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд заасныг хариуцагч биелүүлээгүй. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн үгийн шууд утгыг анхаарахаас гадна гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах, талуудын нэгдмэл санааг тодруулах, харилцан илгээсэн баримт бичиг зэргийг анхаараагүй. Энэхүү гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ биш бөгөөд "Ворм энержи" ХХК-аас тоног төхөөрөмж худалдан аваагүй, үртсэн шахмал түлш нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээ юм. Шүүх талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зорилго юу болохыг тодорхойлж чадаагүй. Гэрээний хавсралтад заасан техникийн тодорхойлолт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасантай нийцсэн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар нь хариуцагч Ворм энержи ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 136 984 449 төгрөг, алданги 34 246 112 төгрөг, нийт 171 230 561 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрлэлийг дэмжих, түлш нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 1 300 тонн үртсэн шахмал түлшийг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийлүүлэх, нэхэмжлэгч нь 194 766 000 төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээснээс 152 889 340 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь уг санхүүжилтээр үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг угсарч, суурилуулан, 106 тн 160 кг шахмал үртсэн түлш нийлүүлсэн болох нь талуудын гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцэх акт, төлбөрийн хүсэлт, үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 24-29/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох 1 300 тн үртсэн шахмал түлшийг нийлүүлээгүй гэж, хариуцагч нь санхүүжилтээр шилжүүлсэн 152 889 340 төгрөгөөр үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан, нийлүүлж, үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

Талуудын тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлах, 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан дүгнэх ёстой.

 Хариуцагч Ворм энержи ХХК-ийн үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд төслийг гүйцэтгэгч нийслэлийн төсвөөс авах санхүүжилтээр үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэр байгуулан, авсан санхүүжилтээ 1 300 тн түлш нийлүүлэх замаар төлөх гэснийг, гэрээний 4, 6 дугаар зүйлд түлшийг үйлдвэрлэн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасантай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, нийлүүлэгч нь захиалагчаас авах санхүүжилтээр үртсэн шахмал түлшний шинэ үйлдвэр байгуулахад зориулан тоног төхөөрөмж худалдан авч, уг санхүүжилтийг 1 300 тонн түлш нийлүүлэх замаар буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. /хх 6, 28-29/

Хариуцагч нь санхүүжилтийн хариу төлбөрийг нэхэмжлэгчид 1 300 тонн үртсэн шахмал түлш нийлүүлэх замаар буцаан төлөх, өөрөөр хэлбэл, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 300 тонн үртсэн шахмал түлш нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтын хувьд зохигчид маргаагүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар дутуу нийлүүлсэн үртсэн шахмал түлшний төлбөрийн үлдэгдэл болох 136 984 449 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Харин хариуцагч үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан, нийлүүлж, үүргээ биелүүлсэн гэж маргаж байгаа нь зохигчдын гэрээний зорилго, нөхцөлтэй нийцэхгүй байна. Гэрээний 6-д түлш бүрэн нийлүүлэгдсэний дараа үртсэн шахмал түлшний тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэж, техникийн тодорхойлолтод ...тоног төхөөрөмжийн өмчлөлийн харъяаллыг гэрээгээр зохицуулна гэж заасан байх бөгөөд уг тоног төхөөрөмж нь хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэхээр зохицуулсан ба хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан санхүүжилт болох 152 889 340 төгрөгийн хэмжээнд тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан өөрийн эзэмшилдээ авсан учраас түүнийг уг тоног төхөөрөмжийн өмчлөгч болсон гэж үзнэ.

Талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээгээр 194 766 000 төгрөгийн санхүүжилт олгохоос 152 889 340 төгрөг буюу санхүүжилтийг бүрэн олгоогүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тэрээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдсан байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ворм энержи ХХК-аас 136 984 449 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 246 112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ