2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/02804

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 25 191/ШШ2026/02804

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Хариуцагч Ж.*******

Хариуцагчийн өмгөөлөгч О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.*******д 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  улсын дугаартай аяллын чиргүүлийг 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Чиргүүлийн үнэнд 65,000,000 төгрөгөөр  улсын дугаартай автомашин, 35,000,000 төгрөгт бараа материал нийлүүлэхээр харилцан тохиролцож нэрийг нь шилжүүлэн өгсөн. Гэвч хариуцагч Ж.******* нь гэрээнд тохиролцсоны дагуу шилжүүлэх ёстой автомашин болон барааг одоог хүртэл шилжүүлээгүй. Тухайн чиргүүлийг бусдад худалдан борлуулсан. Төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон байсан автомашиныг нь хариуцагчийн зээлийн төлбөрт банк бус санхүүгийн байгууллагаас хураан авсан тул гэрээний дагуу авсан төлбөр байхгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрт 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд М.*******тай 2023.10.14-ний өдөр гэрээ хийсэн ба энэ хийсэн гэрээ нь миний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй. Хамтран амьдрагч Ч.ын гуйлтын дагуу хийгдсэн гэрээ юм. Би нэхэмжлэгчийг танихгүй, иргэний үнэмлэхтэй явсан тул гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Худалдах, худалдан авах гэрээний хуулбар,

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ч.ын бичгээр гаргасан тайлбарууд,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Авто тээврийн үндэсний төвөөс 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн  улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, гэрээ, өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтууд,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь гэрээг хамтран амьдрагч Ж.ын нэрийн өмнөөс гарын үсэг зурж байгуулсан, өөрөө тээврийн хэрэгслийг худалдан аваагүй үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасанд үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6.1 М.*******, Ж.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний 2.1-т гэрээний зүйл:  арлын дугаартай,  улсын дугаартай, Conqueror8 UEV маркийн, саарал өнгийн, 2021 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай, хэвийн чанар, иж бүрдэлтэй тээврийн хэрэгслийг худалдах, 3.1-т 100,000,000 төгрөгөөр худалдах, 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: Урьдчилгаа 65,000,000 төгрөгт тооцож HINO PROFIA автомашиныг 2023.10.16-нд шилжүүлж өгөх ба үлдэх 35,000,000 төгрөгт бараа материал нийлүүлэхээр талууд тохиролцов, 3.3-т Төлбөрийг төлж дуусгахаас өмнө тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлнэ. Нэр шилжинэ, 3.4-т 2023.10.14-ний өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө, 42-т Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг худалдагчид төлөх үүрэгтэй гэж тус тус тохиролцжээ.

 

6.2 Дээрх гэрээнд зааснаар чиргүүлийн төлбөрт хариуцагчаас шилжүүлэхээр тохиролцсон 13-43 УНЕ улсын дугаартай HINO PROFIA маркийн тээврийн хэрэгсэл-ийн талаар нэхэмжлэгч тал ...төлбөрт авахаар тохиролцсон боловч банк бус санхүүгийн байгууллага зээлийн төлбөрт хураасан, нэхэмжлэгчид шилжиж ирээгүй...төлбөрт хүлээн аваагүй гэж, хариуцагч Ж.******* нь шүүх хуралдаанд ...мэдэхгүй, миний эзэмшилд ийм тээврийн хэрэгсэл байгаагүй ..ачааны автомашин байсан...ад шилжүүлж өгсөн... гэж тус тус тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар дээрх тээврийн хэрэгсэл нь ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, урьд 2023.08.12-2023.11.09-ний өдрийн хооронд Ж.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, хариуцагчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан болох нь тогтоогдож байна.

 

6.3 Гэрээний зүйл  арлын дугаартай, улсын дугаартай, Conqueror8 UEV маркийн, саарал өнгийн, 2021 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслийн тухайд эзэмшигч нь П., урьд өмчлөгч нар нь 2023.10.04-2023.10.26-ны өдрийн хооронд М.*******ын, 2023.10.26-2023.10.31-ний өдрийн хооронд Ж.*******гийн, 2023.10.31-2024.04.04-ний өдрийн хооронд М.ын, 2024.04.04-2024.05.14-ний өдрийн хооронд Х.ын өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Ж.******* нь өөрийн өмчлөлийн  улсын дугаартай HINO PROFIA маркийн тээврийн хэрэгслийг  улсын дугаартай, Conqueror8 UEV маркийн тээврийн хэрэгслийн үнэ 100,0000,000 төгрөгийн төлбөрийн 65,000,000 төгрөгт тооцуулж төлөхөөр тохиролцож, гэрээний зүйл чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгэж, шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

6.4 Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл үндэслэлээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан-аар хэлцлийг бичгээр хийсэнд тооцох тул зохигчийн хоорондын хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний нөхцөлийг талууд бичгээр харилцан тохиролцсон гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудын эрх, үүргийг заасан.

 

Ж.******* нь худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсанд болон гэрээний нөхцөлийн талаар тохиролцсонд маргаангүй боловч өөрийн хүсэл зориг биш, хариуцах этгээд нь хамтран амьдрагч Ч.а гэж татгалзсан.

 

Шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулсан хэлцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан хэрэгт авагдсан гэрээ, төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон тээврийн хэрэгсэл нь хариуцагч Ж.*******гийн өмчлөлийн хөрөнгө байсан, худалдан авч буй чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслийг М.******* нь хариуцагч Ж.*******гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн зэргээс үзэхэд хариуцагчийн хүсэл зориг биш байсан гэж үзэх үндэслэлгүй, дээрх үйл баримтыг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь тогтоогдож, хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөр төлсөн талаар баримтгүй тул Иргэний хуульд зааснаар төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч талаас Ч.ын гэх Миний бие М.*******аас авсан. Хамтран амьдарч байсан Ж.*******гийн нэр дээр гэрээ хийсэн. Машин 70 сая төгрөгт тооцож өгсөн...30 сая төгрөгт материал өгч чадаагүй...би хариуцна гэх тайлбарыг бичгээр гарган өгсөн боловч уг тайлбар нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх үнэлэх боломжгүй.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч тал хариуцагчаа тодорхойлох эрхтэй байдаг ба энэ эрхээ хэрэгжүүлж гэрээний талаар Ж.*******г тодорхойлсон. Ч.а хариуцна гэх тайлбартай холбоотойгоор нэхэмжлэгч М.******* болон Ч.а нарын хооронд хэлцэл хийгдсэн баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6.7 Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******гаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгох нь зүйтэй.

 

Харин Ж.*******, Ч.а нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн бол, түүнтэй холбоотойгоор хариуцагчийн хохирлоо шаардах эрхийг энэ шийдвэр хязгаарлахгүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******гаас 100,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА