Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/53

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Л.М,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д. овогт Аийн Эд холбогдох эрүүгийн 1817001090044 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д. овогт Аийн Э /РД:......../ Дорноговь аймгийн Мандах суманд 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ........ тоотод оршин суух, хөлсөөр мал малладаг, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч А.Э нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Тэрэгт гэх газар иргэн Ж.Мтай маргалдан түүний зүүн суга болон хэвлий тус газар хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч А.Э нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Тэрэгт гэх газар Ж.Мтай бөх барилдаж улмаар маргалдан түүний зүүн суга болон хэвлий тус газар хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 сарын 24-нд манай найзууд Дорноговь аймгаас манай гэрт ирсэн. Маргааш өглөө нь босоод 3 шил архи уугаад гадаа Мтай барилдаж байгаад ойролцоо газардаад хэн хэн нь унаагүй гээд маргалдсан. Гэрт орж муудах үедээ айлгах санаатай хутга бариад суг, хэвлий хэсэгт нь нэг нэг удаа хатгахад М гараад явсан, би хойноос нь гараад ирэхэд нөгөө хэд эмнэлэг аваад явсан. Би буцаж гэрт ороод унтсан. Би гэрийн шүүгээнээс хутга авсан. Хохирогчид эмчилгээний төлбөр 350 000 төгрөг өгсөн. Бид эвлэрсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Ж.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 8 жилийн нэг ангийн О, Л, Эр нарын хамт Чойрт нэг ангийн Эгийн гэрт ирж хоносон. Маргааш нь  босоод архи ууцгаасан. Тэгээд гадаа гараад барилдах үедээ Э бид хоёр муудсан. Нэг мэдэхэд Э гэрийн зүүн талаас гал тогооны хавиас хутга авч гэрт хутгалсан. Намайг тэр хэд эмнэлэгт авчирсан юм. Барилдаж байхдаа л муудсан, яг ингэж тэгэж муудсан гэх зүйл байхгүй, бүгд согтуу байсан. Миний хувьд ухаан санаа орж гараад их согтсон зарим зүйлийг санаад зармыг нь санахгүй байна. Э намайг хутгалах үед Л, Эр хоёр байсан. О машин дотор унтаж байсан. Миний биед учирсан зүүн суганы арын шугамаарх хөндий нэвтрээгүй шарх, хэвлийн хананд хөндий нэвтрээгүй шарх гэмтэл нь найз Эгийн хутгалсанаас болж үүссэн гэмтэл” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-19 хуудас/

 

1.3. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр М 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр гэрээсээ хүнтэй уулзана гээд гараад явсан. Маргааш нь гэртээ ирж хоноогүй болохоор нь утсаар хаана байгааг нь асуухад ангийнхаа хүүхдүүдтэй явж байна гэсэн. Өчигдөр л Чойр луу ангийнхаа залуучуудтай яваад Э нь манай хүнийг хутгалсан байна. Энэ хоёрын хувьд багын нэг анги, нэг сумын хүүхдүүд байгаа юм. Урд нь хамт зөндөө л ууж идээд явдаг байсан. Ингэж муудалцаж байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

1.4. Гэрч Г.Эр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 8 жилийн нэг ангийн хүүхдүүд болох М, О, Л нартай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгаас Чойрт байдаг нэг ангийн хүүхэд болох Эгийнд ирсэн. Маргааш нь Дорноговь буцахаар болж Эгийн хашаанд О, Л бид гурвыг машинд сууж байхад гэрээс М араас нь Э нар гүйлдээд гараад ирсэн. Мын гэдэс, хэвлий орчмоос цус гарч байхаар нь шууд эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Бид хэд хоорондоо барилдаан зохион байгуулахад Э, М нар би хаясан, чи унасан гээд маргалдаад байсан. Зодоон цохион болоогүй. Тэр хоёр гэр лүү ороод удалгүй хутгалсан асуудал гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/,

 

1.5. Гэрч Ч.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би найз, М, О, Эр нарын хамт тэдний нэг ангийн хүүхэд болох Эгийнд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгаас Чойрт ирээд бид тав Эгийнд архи ууж хоносон. Маргааш нь хоол хийж идсэний дараа архи задалж гэрийн гадаа уусан. Би жолоо барьж буцах байсан болохоор архинаас тэгтлээ уугаагүй, манай хэд бүгд согтсон. Бид хэд хоорондоо барилдахад М, Э хоёр чи хаясан, унасан гээд маргалдаад дахин дахин барилдаж байгаад тэр хоёр гэр лүү орсон. О машины арын суудал дээр унтсан байсан, Эр бид хоёр юм яриад машин дотор сууж байтал гэрээс М, Э хоёр гарч ирсэн. М энэ намайг хутгалчихлаа гэхээр нь тоглож байна гэж бодтол үнэхээр Мын хэвлий хэсэг нь цус болсон байсан. Би цамцыг нь сөхөж хараад машинд суулгах гэж байтал Эгийн хамар хашааны М гэдэг хүн энд юу болоод байна гээд Мыг хутгалуулсаныг мэдээд миний машиныг бариад бид хэдийг суулгаад эмнэлэг явсан. Э гэртээ үлдсэн. Гэрт хутгалсан байх, гэрт тэр хоёроос өөр хүн  байгаагүй. Намайг цамцыг нь сөхөж харахад хэвлий, гэдэс, мөн зүүн суга хавиас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/

1.6. Гэрч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 8 жилийн нэг ангийн хүүхдүүд болох М, Эр, Л нарын хамт 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Дорноговь аймгаас Чойрт Эгийнд ирсэн. Тэр өдрөө бид тав Эгийнд архи ууж хоносон. Маргааш нь Дорноговь буцахаар болсон. Би Эгийн хашаан дотор машины арын суудал дээр унтаж байгаад сэртэл М хутгалуулчихлаа эмнэлэг явж байна гэсэн.  Э би хутгалчихлаа гэж байсан. Түүнээс би юу болсон талаар мэдээгүй. Бид нар хоорондоо ганц нэг барилдаан хийсэн, маргаж муудсан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

 

1.7. Гэрч Ц.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Сүмбэр сумын 4 дүгээр баг Тэрэгтэд манай саахалт Хашбатын морины жүчээнд хүмүүс шуугилдаад байхаар нь яваад ортол Хашбатын морийг малладаг Эгийнд найз нар нь гээд хэдэн согтуу залуучууд ирсэн байсан ба намайг очиход нэг залуу нь Э намайг хутгалчихлаа гэж байсан. Гэдэс хавиас нь цус гарч байхаар нь би тэр залууг мөн хоёр залуугийн хамт эмнэлэгт хүргэж өгсөн. Бүгд гэрийн гадаа согтуу байцгаасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 159 дүгээр дүгнэлтэнд: Ж.Мын биед цээжинд зүүн суганы арын шугамаарх хөндий нэвтрээгүй шарх, хэвлийн урд хананд хөндий нэвтрээгүй шарх, зүүн нүдний зовхинд, зүүн бугалганд, зүүн шуунд цус хуралтууд, хэвлийд, баруун далны орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд зүүн суганы арын шугамаарх болон хэвлийн хөндий нэвтрээгүй шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 04 дүгээр сарын 25-нд үүссэн байх боломжтой. Цээжинд зүүн талдаа суганы арын шугамаарх хөндий нэвтрээгүй шарх, хэвлийн урд хананд хөндий нэвтрээгүй шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, хэвлийн зулгаралт, баруун далны зулгаралт гэмтэлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тус тус хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 40 хуудас/

 

1.9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-6, 7-10 хуудас/

 

1.10. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 11-13 хуудас/ зэрэг болно.

 

            Иймд шүүгдэгч А.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч А.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 2.1. Хохирогч Ж.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Э бид хоёр хар багаасаа нэг нутаг усанд амьдарч, нэг ангид 8 жил хамт сурсан, үй зайгүй найзууд. Миний бие Эгээс  нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

2.2. Гэрч Э.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний бие нь Этэй 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 3 хүүгийн хамт амьдарч байна. Манай нөхөр Э 2014 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймагт хөлсөөр айлын адуу, мал хариулж хардаг ажилтай. Э нь байнга архи дарс уугаад байдаггүй, омголон догшин зан авиргүй, даруухан, хүний өөдөөс бараг үг дуугардаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

 

2.3. Гэрч Д.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Э нь 2008 оноос хойш манай адууг маллаж байна. Сард тогтмол 800 000 төгрөгийн цалин хөлс төлдөг, мөн дээр нь урамшуулал цалингийн 25 хувиар бодож байнга өгдөг. Э нь надтай нэг нутгийн хүн учир багаас нь мэддэг. Ажилд их хичээнгүй, зан төлөвийн хувьд төлөв даруухан, архи дарс хэрэглээд байдаггүй залуу учир би их дэмжиж гэр оронд нь тусалж явдаг. Э манай компанид тасралтгүй 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар итгэл алдаж буруу зөрүү зүйл хийж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 43-44 хуудас/

 

Шүүгдэгч А.Эг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Эг нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 8 см, цагаан шаргал өнгийн 12 см урттай бариултай хутгыг шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дээд сэтгэлтэн овогт Аийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Эг нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 8 см, цагаан шаргал өнгийн 12 см урттай бариултай хутгыг шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БАТТУЛГА