| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2408 01480 1072 |
| Дугаар | 2025/ДШМ/1132 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/1132
2025 09 23 2025/ДШМ/1132
Г.Л-, Д.Ч-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
хохирогч Ж.О-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1780 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар эсэргүүцэл болон хохирогч Ж.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ч-, Г.Л- нарт холбогдох 2408 01480 1072 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х- овгийн Д-ын Ч-, ..........., /РД: ........./,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;
2. Б- овгийн Г-ын Л-, ..........., /РД: .........../;
Цагаатгагдсан этгээд Д.Ч- нь Г.Л-, 12 нас 10 сар 12 хоногтой байсан буюу насанд хүрээгүй Г.Т- нартай бүлэглэн “хүүхэд дээрэлхэж зодлоо” гэх шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13 дугаар гудамжны **** тоотод оршин суух иргэн Ж.О-ийн эзэмшлийн **** УАТ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын авто машины урд талын салхины шил, ар талын гупер, **** УНТ улсын дугаартай “Hyundai Greace” загварын автомашины голын хаалга, дээвэр, Микро автобусны урд талын салхины шил, амбаарын нүүрэн хэсэг, Монгол 5-н ханатай гэрийн цагаан бүрээс брезент зэргийг чулуу шидэх идэвхтэй үйлдлээр хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 2.355.000 төгрөгийн хохирол учруулсан,
цагаатгагдсан этгээд Г.Л- нь Д.Ч-, 12 нас 10 сар 12 хоногтой байсан буюу насанд хүрээгүй Г.Т- нартай бүлэглэн “хүүхэд дээрэлхэж зодлоо” гэх шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13 дугаар гудамжны **** тоотод оршин суух иргэн Ж.О-ийн эзэмшлийн **** УАТ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын авто машины урд талын салхины шил, ар талын гупер, **** УНТ улсын дугаартай “Hyundai Greace” загварын автомашины голын хаалга, дээвэр, Микро автобусны урд талын салхины шил, амбаарын нүүрэн хэсэг, Монгол 5-н хантай гэрийн цагаан бүрээс, брезент зэргийг чулуу шидэх идэвхтэй үйлдлээр хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 2.355.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ч-, Г.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-, Г.Л- нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцож цагаатгаж, шүүгдэгч Д.Ч-, Г.Л- нарт холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн 2408014801072 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Ч-, Г.Л- нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, энэ хэрэгт Г.Л- 10 хоног цагдан хоригдсон, Д.Ч- цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди-г хавсаргасан ирүүлсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх тогтоолдоо дүгнэхдээ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ гэсэн атлаа хохирогч Ж.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч Г.Л-ыг чулуу шидэхийг харсан гэж мэдүүлсэн гэж тусгаад үгүйсгэхдээ насанд хүрээгүй гэрч Н.Б-ын “... Л- ах, Ч- ах, Т- гурав зөрүүлж чулуу шидсэн. Тэгээд тухайн айлын үүднээс зугтсан ... Тэгсэн чинь 11 орчим насны жоохон эрэгтэй хүүхэд нь Ч- ах руу заагаад энэ ах чулуу шидсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч Э.Э-ын: “...11 орчим насны жоохон эрэгтэй хүүхэд нь Ч- ах руу заагаад тэр манай машины шилийг хагалсан хүүхэд байна би яг харсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
2. Анхан шатны шүүхээс, хэрэг үйлдэх үедээ 12 настай буюу насанд хүрээгүй Г.Т-ийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн насны шалгуурыг хангаагүй учир яллагдагчаар татагдаагүй боловч насанд хүрээгүй гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар ашиглаж байгааг учир дутагдалтай гэж үзлээ...” гэж түүнийг огт яллагдагчаар татаагүй мэтээр шүүхийн цагаатгах тогтоолд тусгаж түүний гэрчээр өгсөн “...бид нар зугтаж байгаад эргэж хараад би, Л- ах, Ч- ах нарын хамтаар зөрүүлж чулуу шидсэн...” гэх мэдүүлгийг үгүйсгэж бичсэн нь хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон байдлыг харгалзан үзээгүй байдаг. Учир нь, Г.Т-г Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2408014801072 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр зарим яллагдагчид холбогдох хэргийг буюу Г.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан байхад шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
3. Хэргийн эд мөрийн баримт болох 5 ширхэг DVD буюу камерын бичлэгт гэрч Ц.Ц- нь 4-5 хүүхэд байсан гэж ярьдаг бөгөөд тухайн камерын дүрс бичлэгт тухайн үед байсан бүх хүүхдүүдийн дүрс бичигдсэн, холбогдох мэдүүлэг тайлбарыг бүх хүүхдүүдээс авч хэрэгт хавсаргасан. Дээрх хүүхдүүд буюу гэрч Н.Б-, Э.Э- нарын мэдүүлгээр Г.Т-, Г.Л-, Д.Ч- нар л чулуу шидсэн болох нь тогтоогдсон байдаг. Гэвч тухайн хэргийн хувьд хохирогч Ж.О- нь хүүхдүүдийг зодсон гэх асуудлаар түүнийг цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа хийгдсэнтэй холбоотой цагдаагийн алба хаагчтай маргаан үүсгэсэн, мэдүүлэг өгөхдөө 7-8 залуучууд байсан гэж мэдүүлсэн боловч Г.Л- /22 настай/, түүний найз Д.Ч- /23 настай/ нараас бусад нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан болох нь тогтоогдсон. Мөн хохирол хор уршиг тухайн цаг хугацаанд үүссэн болохыг хохирогч Ж.О-, гэрч Ж.А-, Ц.Ц- нарын өгсөн мэдүүлгээр нотлогдсон буюу чулуу шидсэний улмаас тухайн цаг хугацаанд эд хөрөнгө гэмтэж хохирол учирсан байна. Анхан шатны шүүхээс, шүүгдэгч нарын гэмт үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байхаас гадна тухайн гэмт хэргийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийнхүү шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь заалтад зааснаар “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1780 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ж.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн өмчийн хашаандл 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ байж байхад хэсэг бүлэг залуучууд хашааны орчим ирж, труба, том том чулуу шидэж, миний эд хөрөнгийг эвдэж хохирол учруулсан. Машины шил, урд, ард буфер гэх мэт зөндөө зүйлс эвдэж, хохирол учруулсан. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн цагаатгасан шийдвэрийг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед эд хөрөнгө сүйтгэж, хагалж байсныг олон хүн харсан. Аав, ээж, дүү нар болон би өөрөө ч хохирол учруулсныг харсан ба залуучууд хүртэл мэдэж байгаа. Миний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Д.Ч-, Г.Л- нарыг 12 нас 10 сар 12 хоногтой байсан буюу насанд хүрээгүй Г.Т- нартай бүлэглэн “хүүхэд дээрэлхэж зодлоо” гэх шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13 дугаар гудамжны **** тоотод оршин суух иргэн Ж.О-ийн эзэмшлийн **** УАТ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын авто машины урд талын салхины шил, ар талын гупер, **** УНТ улсын дугаартай “Hundai Greace” загварын автомашины голын хаалга, дээвэр, Микро автобусны урд талын салхины шил, амбаарын нүүрэн хэсэг, Монгол 5-н хантай гэрийн цагаан бүрээс брезент зэргийг чулуу шидэх идэвхтэй үйлдлээр хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 2.355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээр тогтоогдсон хүмүүсийн мэдүүлгүүдээс аль хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн, аль мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгааг, мөн ямар мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Тухайлбал, хэрэгт авагдсан хохирогч Ж.О-ийн “... Би гэрээс гаралгүй байж байтал гадаа манай ээж та нар хашаанаас гараач, ёо гээд дугартал хүн байна уу, ална, тална гээд гэрийн гадаа хүмүүс орилолдоод байхаар нь би гэрээсээ гараад хартал манай гэрээс хойш амьдардаг залуучууд байсан. Тухайн залуучууд учир зүггүй гартаа чулуу бариад тухайн чулуугаа бид нар руу шидээд 2 метр урттай труба төмөр шидээд байхаар нь би цагдаа дуудаарай гээд орилтол тухайн залуучууд манай хашааны хаалгаар чихэлдээд гарцгаасан. Тухайн залуучууд манай хашаанаас гараад явах замдаа чулуу шидсэн, мөн үл таних 1 залуу над руу труба төмрөөр намайг цохих гэж хэд хэдэн удаа хий цохиж байгаад труба төмрөө над руу шидчихээд зугтаагаад яваад өгсөн. Тухайн үл таних залуугийн над руу шидсэн труба төмөр намайг оноогүй. Тухайн үед 7-8 залуучууд байсан. Тухайн залуучуудаас Ч-, Л- гэх хоёр залууг танина, тухайн хоёр залуу нь манай гэрийн ойролцоо амьдардаг юм. ...” гэсэн /1 хх 108-109/ мэдүүлэг нь гэрч Ж.А-гийн “... Цагдаа нар дуудлагаар ирээд манай төрсөн ах О- уулзаж болсон асуудлыг хэлээд байх шиг байсан. Би тухайн үед шоконд орсон байсан болохоор гэрээсээ гараагүй. Би тухайн хүүхдүүдийг огт танихгүй. Тухайн чулуу шидсэн гэх хүүхдүүд 18-27 орчим насны 7-10 орчим залуу байх шиг байсан. Юунаас болж манай хашаа руу чулуу шидсэн эсэхийг би мэдээгүй. Тухайн хашаа нь манай төрсөн ах О-ийн эзэмшлийн хашаа байгаа юм. ...” гэсэн /1 хх 249-250/ мэдүүлгээс ямар байдлаар зөрүүтэй байгаа талаар үндэслэлээ заагаагүй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг тодруулан, уг гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болох хэргийн үйл баримтыг тогтоох ажиллагааг хийгээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй гэж үзэв.
Үүнээс гадна, хөрөнгийн үнэлгээний тайлангаар /2 хх 15-18/ хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт гарсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, амбаар, гэрийн цагаан бүрээс, брезент, Приус 30 автомашины арын гупер зэрэгт гэмтэл хэзээ үүссэн, уг гэмтлийн аль хэсгийг /бүхэлд нь эсхүл зарим хэсгийг/ хэрхэн яаж үнэлсэн зэрэг ойлгомжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох зорилгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1780 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч-, Г.Л- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотой прокурор Г.Лхагвасүрэнгийн эсэргүүцэл болон хохирогч Ж.О-ийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1780 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Г.Л-, Д.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР